ҮЗЭМЧИН МОНГОЛЫГ Л ҮЗЭМЧИН МОНГОЛ ГЭХГҮЙ ЮМ БОЛ ЯМАР ҮЗЭМЧИН МОНГОЛЫГ ҮЗЭМЧИН МОНГОЛ ГЭХ ЮМ БЭ?

-фельетон-

  Армений радиогоор шууд асуулт хариулт дамжуулж байна.
      -Октябрийн баяраар Москвагийн Улаан талбайд автомашин тарааж байгаа гэж Правда сонинд бичсэн нь үнэн үү?
-Үнэн үнэн. Гэхдээ зарим юмыг тодруулах ёстой. Октябрийн биш Майн, баяраар биш хамаагүй өдөр, Москвад биш Ленинградад, Улаан талбайд биш Невийн өргөн чөлөөнд, Автомашин биш унадаг дугуй, тарааж байгаа биш хурааж байгааг, Правда сонин биш Голос америка, бичсэн  биш ярьсан юм.
Зөвлөлтийн онигоо


Болж байгаа олон юмны учрыг олдоггүй ээ. За даа, болоод өнгөрсний нь ухаарч байсан биш дээ. Би ер нь тэнэг хүн байгаа юм. Үүнийг ер нуудаггүй боловч амьдралынхаа туршид хариулсан, бөглөсөн түм буман асуулт, анкет дотор “тэнэг эсэх” гэсэн асуулт нэг ч таараагүй учраас үнэнээ хэлэх боломж өдий хүртэл гарсангүй. Эхлээд тэнэгээсээ жаахан ичдэг байсаан, нуух юм биш. Гэтэл манай ард түмэн эрт дээр үеэс “Тэнэг хүн тэг дундуур нь” хэмээн сургаж ирснийг дуулаад их урам орсон доо. Эмээ маань  “дээр үед сэхээтний төөрөгдөл” гэж аюултай юм гарч байсныг ишлэн байж, ухаантай байхын аюулыг сэрэмжлүүлдэгсэн. Нээрээ “сэхээтний төөрөгдөл” л гэж байснаас “Тэнэгийн төөрөгдөл” гэж байгаагүй болохыг МАХН-ын түүх хэлээд өгнө л дөө. Тун удалгүй 1990-ээд онд МАХН ч өөрөө “Төв ёсны үзэл” гэдгийг сонгож “тэнэг нам тэг дундуур нь” явах боломжтойг хэлж өгсөөн.

Гэтэл сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлын тэг дундажийг олоход тэнэг байх ч багадаад эхэллээ. Эхлээд МАХН маань нэрээ чулуу болгож байгаа нь энэ гээд МАН болчихов. Гэтэл улсын гурав дахь огцорсон ерөнхийлөгч Н.Энхбаяр дэргэдээ нам байгуулж түүнийгээ МАХН гэж нэрлэв. (Цаашид ажлаа өгсөн ерөнхийлөгч нарыг ингэж дуудаж хэвшихгүй бол зарим нь огцорсон гэдгээ өөрөө ч ойлгохгүй  хүний өөрийн толгой эргүүлэх болов. Иймд П.Очирбатыг монгол улсын анхны огцорсон ерөнхийлөгч, Н.Багабандийг монгол улсын хоёр дахь огцорсон ерөнхийлөгч хэмээн дуудаж хэвших нь танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой  гэсэн санал дэвшүүлж байна. Ингэхгүй бол П.Очирбат гуай нэг өдөр Монгол улсын нэгдүгээр ерөнхийлөгч гээд эхэлбэл яана. Н.Багабанди бас улсын хоёрдугаар ерөнхийлөгч гээд унавал юу болох вэ? Иймээс дээрх санал хичнээн ач холбогдолтой нь ойлгогдоно) Ингээд аль нь жинхэнэ жогорхой болохыг мэдэж чадахаа байлаа.

Эхлээд МАН ч жинхэнэ МАХН юм байх гэж бодож байв. Гэтэл МАН-ыг байгуулсан Бодоог, жанжин Сүх нь нухчихсан баримт гараад ирэв. Хэсэг иргэд “манай улсын ууган нам МАН-ыг байгуулсан Бодоогийн хөшөөг хотын төвд байгуулъя” гэсэн санал гаргаад зодуулах дөхөв. Гэтэл тэд “намыг байгуулсан хүн гэхээсээ илүү байгуулагчийг нухсан хүн нь чухал” хэмээн зөрсөөр Д.Сүхбаатарынхаа хөшөөг нээлээ. 

Бурхан минь, одоо хөөрхий энэ намын дарга Сү.Батболдыгоо намын нарийн Сүхбаатар (Бодоог алаагүй нь) нухчихлаа гэхэд өөртөө хөшөөтэй үлдэх нь байна шүү дээ. Эртүүд намын баярынх нь орой, намын төв байрных нь тэнд буу пижигнээд унахаар юм юм л бодогдсон шүү. 

Ингээд харахаар   манай  “огцорсон гурав дахийн” байгуулсан МАХН  чинь Д.Бодоогийнхоо талд байгаа, жинхэнэ МАН-ын орон суурин юм биш үү? Тэд Бодоогийн зөв гээгүй боловч Бодоог алсан нь зөв гэхгүй байгаа нь найдлага төрүүлж л байна.

Сүхбаатарыг (Намын даргын аав биш) социализмын үеэс дангаар нь судалсаар доктор, шинжлэх ухааны гавъяат ажилтан болсон О.Пүрэв гуай түүнийг үзэмчин хэмээх монголын нэгэн ястан болохыг олж тогтоожээ. Монгол үндэстэн олон ястнаас бүрэлдэх ба жишээлэхэд, ерөнхийлөгч Элбэгдорж захчин монгол, МАН-ын өмнөх  хоёр дарга С.Баяр, Н.Энхбаяр нарын  эмээ буриад монгол гм гм.  
Гэтэл Сүхбаатарыг үзэмчин монгол гэхээр “Сүхбаатар хятад биш” гэсэн кампани өрнүүлсэн төдийгүй үүнийхээ нотолгоо болгож Дамдин гуайн гэргий Ханд гуайн угийн бичиг, удам судрыг гаргаж ирлээ. Тэр нь сайхан бахархам түүхтэй, сайхан ахмад настан ажгуу.   МА намын генсектэйгээ ижил нэртэй төдийгүй ижил мэргэжилтэй болж таарав. Гэтэл энэ асуудлаар хурал хийлгэсэн МА намын нэг нарийн нь бас Сүхбаатар нэртэй болоод ирэв. Намын даргынх нь овог Сүхбаатар.   Ингэж тааруулаад байна уу, даапаалаад байна уу ойлгохоо байчихлаа. Толгой эргээд зогссонгүй, манай Дашринчин сэтгүүлч “анхны” Сүхбаатарын аав Дамдин нь эхнэр Хандынхаа удмын хүн болохыг баталсан баримт олчихож гэж хар дарж ч байх шиг.

Дээр нь зарим хүн миний олигтой тэнэг бишийг гайхан, нарийн яривал энэ хөшөө чинь чиний яриад байгаа Дам.Сүхбаатарын(Ардчилсан хувьсгалын зүтгэлтэн Дарь.Сүхбаатараас ялгахын тулд ингэж тэмдэглэв) хөшөө биш, Хүрэлсүхбаатарын хөшөө. Хөшөөний хавтан дээрх хуучин монгол бичиг нь зэрвэс харахад, хуучнаараа “Бидний улс...” гэж эхэлж байгаа мэт. Харин цааш нарийвчлан уншихаар “Бидний улс...ыг та удирдаад байна уу? Танай авгай удирдаад байна уу” гэсэн алдарт афоризм нь байгаа гэх юм.

 Уул нь юманд дараалал гэж байдагсан. Саяхан МАН-ын даргын ойн илтгэлийг чагнаж суугаад МАХН цагаатгах ажлыг 1936 онд эхэлсэн гэхийг дууллаа. Түүхчид хэлмэгдүүлэлтийг 1937 онд эхэлсэн гэдэг. Эхэлж цагаатгаад, дараа нь хэлмэгдүүлсэн болж таарах нь. Таминь, Цагаатгах ажлын комиссыг бушуухан тараахгүй бол араас нь яаж ч мэдэх нь байна. Дээр нь цаадуул чинь “бүтээснээсээ илүүг бүтээнэ” ч гэх шиг аймаар юм яриад байх боллоо.

Өө, бас нэг юм ойлгоогүйгээ хэлэхээ мартах нь байна. МАН-ын дарга 1930-аад онд ард иргэдээ буудсан асуудлаар уучлал гуйх нь гуйж. Гэхдээ хэлмэгдүүлж, хэлмэгдүүлчихээд, “хэлмэгдэхээс хамгаалж чадаагүйг минь соори” гэх аястай юм хэлчих шиг боллоо. Таныг зодсон хүн маргааш нь ирээд “Өчигдөр чамайг зодуулахаас хамгаалж чадаагүйг уучилчих юм байгаа биз” гэвэл ямар вэ?
Тэнэг байхад ч хэцүү болж. Юмны гол нь тэг дундаа байхаа больчихож...