Ерөнхийлөгч АТГ-д очсон нь тохиолдол биш!
Тангараг өргөсөн даруйдаа шүүх, прокурор, АТГ-ын удирдлагын бүтэц рүү гар дүрдэг, өөрийн хүнийг тавих гэж зүтгүүлдэг өмнөх Ерөнхийлөгч нарынхаа үйлдлийг үргэлжлүүлэхгүйгээр бүрэн эрхийнхээ тэн хагасыг туулсан нь Ерөнхийлөгчид өгөх сайн үнэлгээ ч энэ удаагийн сонгуулийг зүгээр хараад суух хэмжээний сонирхол У.Хүрэлсүх шиг улстөрчид төрөхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Авлигатай тэмцэх газарт ажиллажээ. Сонгуулийн ил, далд сурталчилгаанд дуниартсан нийгмийн уур амьсгал дунд Улсын Ерөнхийлөгч нь авлигачдыг “ангуулчилдаг” байгууллагад очсон нь тийм ч шинэ бас содон мэдээ биш. Харин улс төр талаасаа сонирхолтой бөгөөд хамгийн анхаарал татах сэдэв. Нэгдүгээрт, тэр Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш анх удаагаа АТГ-т ажиллалаа. Хоёрдугаарт, оймсыг нь гозолзуулсан, гутлаа тосолж, зангиагаа зүүгээд очсон, нүүрсний хэргээр мэдүүлэг өгсөн зэрэг иргэний статустай зорьдог өмнөх дүр зургийг эс тооцвол бүрэн эрхийнхээ хугацаанд эл газрын үйл ажиллагаатай танилцсан Төрийн тэргүүн үгүй, бараг байхгүй. Улс төрийн хүрээнд гэж зориуд онцолсны шалтгаан энэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд тааллаараа оролцохоос эхлээд аливаа арга хэмжээнд очих нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон халдашгүй бүрэн эрх ч сонгууль болохоос сар гаруйн өмнө Төрийн байгууллын нэгдүгээрт эрэмбэтэй улстөрч Авлигатай тэмцэх газарт ажилласан нь албан мэдээ төдийхнөөр хэмжигдэх зүйл мэдээж биш. Харин сонгуульд оролцох нам, эвслийн дотоод уур амьсгалд нэр дэвшигчдээ тодруулах процесс эрчимтэй явж эхэлсэн энэ цаг үед Ерөнхийлөгч нь АТГ-д “гэнэтийн айлчлал” хийж, авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоох учиртайг онцгойлон захиж, бүх талаар дэмжихээ илэрхийлсэн нь жирийн нэг үйл явдал бус харин улс төрийн өрөг дээрх давхар нүүдэл юм.
Өөрөөр хэлбэл, 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлэх нэр дэвшигчдийн жагсаалтад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг оруулахгүй байх урьдчилсан сануулгыг зориуд АТГ-ын индрээс өгсөн байхыг үгүйсгэхгүй. Угаас авлигын хэргийн үйл явцтай холбоотой мэдээллийг Хуулийн бодлогын зөвлөхөөрөө дамжуулж авах, эсвэл АТГ-ын удирдлагыг өрөөндөө дуудаж сонсох бүрэн эрх Ерөнхийлөгчид хангалттай бий. Гагцхүү авлигыг таслан зогсоох, түүнтэй тэмцэх тусгайлсан чиг үүрэгтэй тус байгууллага Ерөнхийлөгчийн захиасыг хэрхэн биелүүлэх, дэмжлэгийг хэрхэн авах эсэх нь нийгэмд гэхээсээ улс төрд сонирхолтой.
1.
Анхны дарга нь амиа алдаж, удаахь нь шүүхээр ял таслуулсан зэргээр удирдлагын түвшинд хэврэг явсан 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Н.Ганболд, Б.Хурц нарыг нэр дэвшүүлж, томилуулснаар уг бараан түүхэнд хэсэгтээ цэг тавьж байв. Гэвч тийм байсангүй. Улстөрчдийн өрсөлдөгчөө намнах, үгэнд орохгүй бол хорьдог гол “зэвсэг” нь АТГ өөрөө болж хувирав. Гэрээсээ оймстойгоо “шүүрүүлсэн” Н.Энхбаярын баривчилгаа, Ерөнхий сайд болсон үеэсээ ойр тойрныхоо хүмүүсийг нэг нэгээр нь “шүд сугалуулж”, эцэстээ огцорсон Н.Алтанхуягийн жишээ дээрх тодотголыг бодитой харагдуулах нэг шалтгаан. Аль, аль нь улс төрийн оролцоо байсан уу гэвэл байсан.
Хүний, өөрийн намын оролцоо, бас захиалгатайгаар хилс хэрэгт холбогдуулан хорьж, шүүхээс ял сонссон гэдгийг Н.Энхбаяр одоо ч хэлдэг. Шинэчлэлийн Засгийн газар яагаад огцорсон шалтгаан намын дотоод зодоон, ялангуяа тухайн үеийн Ерөнхийлөгчөөс шууд хамааралтай байсныг Н.Алтанхуяг өөрөө гарч ирээд ил зарласан, өнөөг хэр нь ярьдаг. Түүнийгээ “Шударга бус хонгил” гэж нэрийдсэн нь өдгөө улс төрд брэнд шахуу уншлага болжээ.
Улсын Ерөнхийлөгчөөс буусан даруйдаа намынхандаа жийгдэж, орон зайгүй болтлоо буланд шахуулсан Н.Энхбаяр, Үндсэн хуульд заасан дөрвөн жилийнхээ тэн хагаст хүрээд танхимаараа огцорсон Н.Алтанхуяг хоёрыг улс төрийн өширхөл нь нэгтгэдэг ч уналтын цэг нь адилхан АТГ руу чиглэж, тэндээс хамаарч байсан нь хуанлийн хуудаст үлдсэн хусаад ч арилахааргүй үнэн.
2.
Хошууч генерал Б.Хурц дэд даргын суудлаасаа шууд тагнуул руу буурь сэлгэж, Н.Ганболд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр АТГ Х.Энхжаргал хэмээх ээлжит нэгэн даргатай болсон нь 2016 он. Энэ үед төмөр замын гэх хэрэг АТГ-ын түвшинд өндрөө авсан ч тусыг олоогүй. Хариуцлага тооцсон албан тушаалтан ч гараагүй. Эсрэгээрээ төмөр замын хэрэг тойрсон асуудлаар өөрийг нь бүтэн жилийн турш “холгосон” Х.Энхжаргалыг Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараагаас чөлөөлөх санал гаргасан ч УИХ, тэр дундаа спикерээр ажиллаж байсан М.Энхболд халгаагаагүй юмдаг. Гэсэн ч Х.Баттулга улс төрөө дуусгавар болгохыг хүсээгүй.
Өөрийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр АТГ, прокурор, шүүхийн удирдлагыг өөрчлөх төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар Х.Энхжаргал үүрэгт ажлаасаа бууж, шинээр томилгоо хийсэн нь одоогийн дарга З.Дашдаваа. Үүнд нь тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн оролцоо бас тохироо явсан гэсэн үг. Хуулиараа АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь Ерөнхий сайдад шилжсэн ч томилгооны процесс талаасаа Төрийн тэргүүний нөлөө өнөөг хүртэл байсаар байгааг үгүйсгэхгүй. Гол нь, М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд суудлаасаа “ховхрох” дургүй явсан Х.Энхжаргалыг чөлөөлж, орных нь хүнийг томилсноос хойших хугацаанд улс төрд юу өрнөснийг энд бичих нь илүүц.
Гурван ч Ерөнхий сайдыг хорьж, араас нь хэд хэдэн нэр дэвшигчийг сурталчилгаа эхэлсэн байхад шил даран хорьсон нь ердөө дөрөвхөн жилийн өмнө, 2020 он. Энэ удаагийн сонгуулийн өнгөн дээр ч хэн нэгнийг саатуулж, хорих асуудал гарахгүй гэсэн баталгаа өнөөдөртөө байхгүй.
3.
Бусад даргыгаа бодоход хоёр Ерөнхийлөгч, хоёр ч парламентын нүүрийг үзсэн Тэргүүн комиссар З.Дашдаваагийн бүрэн эрхийн хугацаанд хэд хэдэн томоохон хэргүүд илэрсэн үү? илэрсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, “Хөтөл”-ийн цемент шохой, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хувьчлал, “Дубайн гэрээ, “Нүүрсний”, “Ногоон автобусны” гэгдсэн, их наядаар хэмжигдэх хохиролтой хэргүүдийг бусад газартай хамтран эцэслэж, шүүхэд шилжүүлснийг ч энд тодотгох нь зүйн хэрэг. Энэ өнцгөөс АТГ ажлаа сайн хийж байгаа юу? гэвэл тийм.
Гэхдээ Авлигын төсөөллийн индексээр жил бүр ухарсаар өдгөө 180 орноос 121-т жагсаж буй нь түүний бодлого зангидаж байгаа ажлын үзүүлэлтийг өөлөх гол шалтаг. Төрийн сайд, УИХ-ын гишүүд тэргүүтэй албан тушаалтнууд хавсайдаж Хөгжлийн банкийг тоносон асуудлыг холбогдох хуулийн хүрээнд шүүхэд шилжүүлсэн ч тэн хагасынх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон нь асуудал мөн үү? мөн. Хамгийн дуулиантайгаар эхэлж, үргэлжилж, түрүүчээсээ шүүхээр дэнслүүлсэн нүүрсний хулгайн хэрэг байна. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг гэсэн хоёр гол дүр тодорч, ял ногдуулснаас өөрөөр хариуцлага тооцсон хүн байгаагүй олон нийтийн хүлээлтэд хүрээгүй.
Угтаа бол асуудал дэгдсэн цаг үеэс уг хэрэгт шууд болон шууд бусаар хамааралтай 17 хүнийг хэн зарласан? Авлигатай тэмцэх газрынхан өөрсдөө зарласан. Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга явсан нөлөө бүхий улстөрчид тэнд нь багтсан уу? багтсан. Өнөөдөр тэднээс хэн нь хариуцлага хүлээв? Хэн нь ч хүлээгээгүй. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг гэсэн хоёр хүн дээр фокуслаж, фокусласаар дууссан.
“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөлтэй холбоотой асуудал шүүхэд шилжсэн ч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, өнөөх нь хилийн чинад руу оргож, бусгаснаас өөрөөр ахиц гарсангүй. Ерөөс хууль шүүхийн байгууллага нь улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчилж, өмгөөлж, хаацайлж ирсний хариулт нь Монгол Улс Авлигын индексийн төсөөллөөр 121 болтлоо ухарсан үзүүлэлт. “Хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээж ажиллана” хэмээх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үг хүчгүйдэж, бүр бүдгэрч буйн үндсэн шалтгааны нэг нь энэ. Тиймээс л авлигын гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд тохирох ял шийтгэлийг оногдуулж байх нь шударга ёсны зарчим гэдгийг АТГ-ын комиссаруудад биечлэн хэлсэн байж таарна.
Ганц үнэн гэвэл УИХ-ын сонгуулийн ээлжит цикл бүрд үйл ажиллагаа нь идэвхжиж, хэн нэгэн улстөрч, нэр дэвшигчдийг “онилдог” нь АТГ-ын гэм биш зан. Зан гэхээсээ Төрийн тамга атгасан улстөрчдийн тогтоосон жим нь тийм. Өнөөгийн Ерөнхийлөгч ч энэ жимээр алхах уу, эс алхах уу? гэдэг сонголтынхоо өмнө тулж ирсэн нь АТГ-д очсоноор ийн тодорлоо. Лав л жирийн нэг тохиолдол биш гэсэн үг. Төрийн тэргүүний захиасыг яаж албажуулах, түүндээ хэрхэн дэмжлэг авах нь АТГ-ын, Тэргүүн комиссар З.Дашдаваагийн мэдэх асуудал, үүнийг цаг хугацаа л харуулна.
Гэхдээ сонгууль бол сонгууль. 126 гишүүнтэй нэн шинэхэн парламентад төлөөний хүмүүсээ багтаах, түүгээрээ дамжуулж дуу хоолойгоо хүргэх, санаачилсан хуулийн төслөө зүтгүүлэх нь үе үеийн Ерөнхийлөгчийн ой тоонд хадагдаж ирсэн зүйл. Хэд хэдэн Зөвлөх, ойр шадарлаж явсан хүмүүс, ер нь Ерөнхийлөгчийн “шошго”-той бүхэн томсгосон тойргуудад ажиллаж, сонгогчдод танигдах гэж хэрэндээ л хичээж эхэлсэн нь үүний илрэл. Тангараг өргөсөн даруйдаа шүүх, прокурор, АТГ-ын удирдлагын бүтэц рүү гар дүрдэг, өөрийн хүнийг тавих гэж зүтгүүлдэг өмнөх Ерөнхийлөгч нарынхаа үйлдлийг үргэлжлүүлэхгүйгээр бүрэн эрхийнхээ тэн хагасыг туулсан нь Ерөнхийлөгчид өгөх сайн үнэлгээ ч энэ удаагийн сонгуулийг зүгээр хараад суух хэмжээний сонирхол У.Хүрэлсүх шиг улстөрчид төрөхгүй нь хэн бүхэнд ойлгомжтой.
UZEG.INFO