Харвард ба Монгол: Монгол хэл, уран зохиолын хичээлийг нь харьцуулахуй
Манай хуучны сургах арга нь Лигети, Пеллио, Руднев нарын заадаг аргатай төстэй, хэл зүй заагаад дараа нь уншуулах гэхээсээ илүү уншиж үзэж байж өөрөө тэр эхээс хэл зүйг ажиглаж мэдэх авах дэс дараалалтай, өөрөөр хэлбэл одоогийн бидний сургалтаас яг эсрэг чиглэлтэй байсан ажээ.
(Франсис Вүүдмэн Кливезийн номын санг сурвалжилсан судалгааны аяллын цуврал тэмдэглэл №5)
Их эрдэмтний номын санд сууж байхдаа монгол хэл, уран зохиол, түүхийн хичээлдээ хэрэглэсэн эх бичиг, шалгалтын асуулт зэргийг нь олж үзээд, Монгол улсад адил эрдмийг судалж буй оюутнууд, ижил хичээлийн хөтөлбөртэй харьцуулан үзье хэмээн бодов. Ингэж харьцуулснаар цаадуул юуг сонирхоод байна, бид юу чухалчлаад байна гэдгийн ялгааг харах, цаашилбал барууны монгол судлаачдаас бид юугаараа илүү, юугаараа дутуу байгаагаа үнэлэх боломж гарах юм.
Юуны өмнө дурдахад, Монгол судлалаар амлаж, монгол хэлийг анх сурахдаа гадаадын монголч эрдэмтэд ихэвчлэн сонгодог монгол бичгийн утга зохиолын эх уншиж эхэлсэн байдаг билээ. Үсэг хийгээд хэл зүйг бол хичээлээр биш, өөрсдөө бие даан сурдаг, харин бичгийн хэлний бусад нарийн ширийнийг мөнөөх эхийг унших явцдаа багштайгаа зөвлөн ярилцаж, мөн л өөрсдөө эх дотроосоо ажиглан, гаргаж авдаг байж.
Николас Поппе анх монгол хэл сурсан тухайгаа “Дуртгал”-даа: “Руднев багш өөрийнхөө бичсэн монгол хэл зүйн номыг өгөөд ‘Сайн унш, тэгээд чадлынхаа хэрээр тогтоогоод яг нэг долоо хоногийн дараа ир!’ хэмээн явуулсан юм. Цаг алдмааргүй байсан тул би ч шууд л эхлэв. Хэл зүйг нь нухацтай үзэж, цагаан толгой сурлаа. Долоо хоногийн дараа ирэхэд Руднев багш харин надад тун хэцүү эх өгөөд, уншиж орчуулахыг хүсэв. Би одоо ч нэрийг нь санаж байна. ‘Зайдан хар эр үхэрт хөвгүүний тууж’...” хэмээн дурджээ.
Франсис Кливез монгол хэлийг Пол Пеллиогоор заалгахдаа анх “Гэсэрийн тууж” уншиж байсан бол төвөд хэлийг “Усны шасдир”, согд хэлийг Вэссэнтарагийн Жаатака (цадиг), тохар хэлийг анагаах ухааны судар, хятад хэлийг Хоу хан шу хэмээх бичиг уншиж сурсан ажээ.
Хар Дорж багш Лайош Лигетид шавь орж монгол хэл үзэхдээ Үлгэрийн далайн “Махасвадийн үлгэр”, “Өлөгчин барсад биеийг өргөсөн ханхүүгийн үлгэр”, Шидэт хүүрийн “Илжгэн чихт хааны үлгэр” зэргийг уншсан бол Төвөд хэл сурахдаа мөн Лигети багштайгаа Субашидыг хагас жил уншсан хэмээн үүнийг бичээчид хуучилж байв.
Гадаад улсад монгол хэлийг сурч буй эрдэмтэн мэргэд бол насанд хүрсэн хойноо үзэж буй, ухамсартай оюутнууд, харин Монгол улсад монгол хэл бичиг үзэж эхэлж байгаа хүүхэд залуус бол бага насныхан байх учраас хуучны уран зохиол, шашин номын эх үзэхэд хүнддэх нь тодорхой. Гэвч манай хуучны эрдэмтэн мэргэд бүр багаасаа монгол бичиг үзэхдээ эгээ л гадаадын монгол судлаачдын адилаар сонгодог монгол бичгийн томоохон эх барьж сурдаг байснаа дурссан нь буй. Жишээлбэл Цэндийн Дамдинсүрэн гуай монгол бичиг сурсан тухайгаа: “Миний эцэг Цэнд... намайг төрсөн жил Ханд гэдэг бага эхнэрийг аваад өөр газар гэр барьж, өөр айл болсон гэдэг... Тэгээд Ханд эхнэрээс хүүхэд гарсангүй тул намайг эхээс салгаж гэртээ аваачсан юм. Чухам хэдэн онд намайг гэртээ аваачсаныг мэдэхгүй. 10 гаруй настай байсан. Тэгээд монгол бичиг зааж, уншуулж бичүүлж сургав. Монгол үсгийн дүрэм, хэлний зүй гэдгийг огт заасангүй. Эцэг өөрөө ч тийм зүйл мэддэггүй байсан бололтой...Манай эцэг Цэндийн гэрт нэг авдар шахам хуучин ном судар байдаг сан. Түүнийг би бүгдийг уншиж үзсэн юм. Заримыг нь тоочвол: “Үлгэрийн далай”, “Ноён хутагтын сургаал”, “Цаасан шувууны үлгэр”, “Аршааны дуслын тайлбар” (Номтын Ринчений орчуулга), “Тоовагийн гэгээний сургаал”, “Ушаандар хааны тууж”, “Буман цагаан лусын судар” (Лүнбум гарбо), “Очроор огтлогчийн тус эрдэм”, “Чойжид дагинын тууж”, “Нэг үсгийн эрдэм хэмээх сургаал”, Элдэв ерөөлийн түүвэр”, “Галын тахилгын судар”, “Чулууны бичиг” (Хятадаас орчуулсан бололтой), “Тус тусын сайн журмыг хичээх бичиг” хэмээх манж хэлнээс орчуулсан сургаал, “Хав, муур, хулгана гурвын үлгэр”, “Болор толь” боть түүх, “Гиргир хааны намтар” хэмээх сургаал, Манжийн хаадаас гаргасан Монголын хууль, Монгол олон аймаг хошуудын данс, тус орны дотор байсан өртөө харуулын зураг, Өртөөний дүрэм зэрэг болно....” хэмээн бичжээ.
Үүнээс үзэхэд манай хуучны сургах арга нь Лигети, Пеллио, Руднев нарын заадаг аргатай төстэй, хэл зүй заагаад дараа нь уншуулах гэхээсээ илүү уншиж үзэж байж өөрөө тэр эхээс хэл зүйг ажиглаж мэдэх авах дэс дараалалтай, өөрөөр хэлбэл одоогийн бидний сургалтаас яг эсрэг чиглэлтэй байсан ажээ.
Миний бие өнгөрөгч Арван сард Нью-Хампшир муж дахь Франсис Кливезийн номын санд зочилж, Харвардын их сургуульд монгол хэл бичиг, түүхийн хичээл заасан материал, сургалтын хэрэглэгдэхүүн, ялангуяа төгсөлтийн шалгалтынх нь асуултыг олсон юм. Үүнийг Монгол улсад адил мэргэжлээр төгсөж буй оюутнуудын шалгалтын асуулттай харьцуулан үзье.
Монгол хэл бичгийн хичээлдээ “Чингисийн эр хоёр загалын тууж”, “Хав муур хулгана гурвын үлгэр”, Д. Нацагдоржийн “Миний нутаг” найраглал зэргийг сургалтын материал болгон ашиглаж, галигийг нь үйлдэн, хадмал орчуулга хийж заадаг байсан нь гар бичмэлээр үлджээ. Монгол хэл, уран зохиол гэсэн тусгай хоёр хичээл үгүй, уран зохиолын эхийг уншихдаа хэл зүй, үгийн гарлын тайлбар хийн тайлбарлаж байсан нь сонирхолтой байна. Монгол судлалыг сонгосон оюутнууд нь цөөхөн учраас Монголын түүхийн хичээл заахдаа ч Ил хаадын захидлууд, хад чулууны хийгээд сүмийн бичээсүүд, “Галдан бошготын тууж”, “Убаши хунтайжийн тууж” зэрэг түүхэн холбогдолтой унших сэдвийг сонгоод, мөн өмнөхийн адилаар галиглан орчуулж хэрэглэсэн нь хичээлийн интеграци гэлтэй юм.
Сурах бичгийн хувьд Энэтхэг-Европын хэл шинжлэлийн онолын үүднээс бичсэн монгол хэл зүйн анхны бүтээл болох Яков Шмидтийн “Монгол хэлний зүй” (1931) ,Александр Бобровниковын “Монгол хэлний зүй” (1935)–гээс эхлээд Европын бусад судлаачдын бүтээлүүд бүрнээрээ, “Хэлний чимэг” тэргүүтэй уламжлалт монгол хэл зүйн ном судар, мөн Г. Д. Санжеев нарын латин үсэгт суурилсан монгол хэлний сурах бичиг , Эрдэнэбатхааны бүтээл “Монгол бичгийн сургалтын материал”зэрэг ном байгаа тул Кливез өрнө дорнын хэл шинжлэлийн дэгийг хослуулан, харьцуулан заадаг байжээ гэсэн дүгнэлтэд хүрэв.
Ингээд Кливезийн оюутнуудаасаа авсан шалгалтыг танилцуулахаасаа өмнө Монгол хэл, уран зохиолын ангийг Монгол улсад төгссөн оюутнуудаас улсын шалгалтдаа ямар асуулт авч байсныг нь асууж, бяцхан судалгаа цуглуулга хийсэн юм. Үе үеийн оюутнуудын улсын шалгалтын асуултаас сонирхуулбал:
Монгол хэл – Уран зохиол хамт:
Билет 23 (1990 он)
1. Өгүүлбэрийг гишүүдээр задлан зур.
2. Б. Явуухулан "Би хаана төрөө вэ?" шүлгийн 3-р бадгийг яруу тод унших
3." Хос тогоруу" өгүүллэгийн агуулга, үзэл санаа, дүр.
(1993 он)
- Жангар туулийн уран сайхны онцлог.
- Өгүүлбэрийн гол гишүүд, онцлог, хэл зүйн хэлбэржилт
- “Эмч нар” жүжгийн агуулга, дүр.
Уран зохиол дангаар:
Билет 37 (2011 он)
- Ч. Чимэдийн намтар, уран бүтээл
- Хуульч Сандагийн намтар, уран бүтээл (уран унших)
- Х. Сампилдэндэв, Ш. Гаадамба “Монгол ардын аман зохиол” номын тухай
Билет 30 (2012 он)
- “Чингисийн эр хоёр загалын тууж”-ийн агуулга, үзэл санаа, дүр, уран сайхан.
- “Онгод” ба “Ид” хэмээх ойлголтуудын тухай (Зигмунд Фрэйд)
- Нэн шинэ үеийн хүүрнэл зохиолын төлөв, хандлага.
Монгол хэл дангаар:
2004 он
- Холимог нийлмэл өгүүлбэр
- Авиа зүй гэж юу вэ, ангилал.
- Өгүүлбэрийг гишүүдээр ялган зурах дасгал
2002 он
- Баймжийн тухай
- Хамтрахын тийн ялгалын утга, үүрэг
- Авиа ижилсэх ондооших ёс
Одоо харин Харвардын их сургуулийн монгол хэл, уран зохиолын хичээлийн төгсөлтийн шалгалтын асуултыг авч үзье. Энд нэг зүйлийг анхааруулахад, миний бие хоёр улсын сургалтын тогтолцоо, хичээлийн агуулгын аль нэгийг нь сайн муу гэж тодорхойлох зорилго агуулаагүй, гагцхүү харьцуулан харж, аль тогтолцоо нь юуг илүүтэй анхаардаг болохыг л гаргахыг хичээсэн хэрэг юм шүү. Заавал нэг нь нөгөөтэйгөө адил байх албагүй, улс бүр, сургууль бүр өөрийн гэсэн боловсролын бодлого агуулгатай байх нь зүйн хэрэг билээ.
Харвардын их сургуульд 1949 оны 5 сард, бичгээр авсан төгсөлтийн шалгалтынх нь материалыг үзвээс:
1.Газан хааны 1302 оны захидлыг орчуулж, хэл шинжлэлийн тайлбар бич – 30 минут бэлдэнэ.
2.Саган сэцэний 1662 оны бүтээлээс “Тогоонтөмөр хааны гэмшил”-ийн 1-ээс 11-р мөр хүртэл (тэндээс... эрдэнэ Дайду минь) орчуулж, хэл шинжлэлийн зүүлт тайлбар үйлд – 30 минут бэлдэнэ.
3.Жаруудын Сангба тайжийн 1892 оны захидлын 1-11 болон 27-р мөрийг орчуулж, хэл шинжлэлийн тайлбар хий – 30 минут бэлдэнэ.
4.Монгол хэлний авиа зүйн судлалд Монголын нууц товчооны ач холбогдлыг хэлэлц – 15 минут бэлдэнэ.
5.Монгол хэл аялгуудыг жагсаан бичээд, дуртай хоёроо сонгон, авиа зүйн онцлогийг нь харьцуул – 15 минут бэлдэнэ.
6.(a)Дараах судлаачдыг тодорхойл: Котвич, Мостарт, Поппе, Рамстедт
(b) Тэдний Монгол судлалын ажлыг товч тайлбарла – 15 минут бэлдэнэ.
7.13-15 дугаар зууны үеийн Монгол хэлний соёлын түүхийг товч тэмдэглэ – 15 минут бэлдэнэ
8.Эртний хэлэн дэх үгийн эхний h > 0 үгүй болсон хувьслын нөлөө холбогдлыг Харьцуулсан Алтай хэл шинжлэлийн хүрээнд дүгнэн бич – 15 минут бэлдэнэ.
9.(a) (b) хоёрын аль нэгийг сонгоно уу!
(a) Та “Урал-Алтайн онол”-д итгэдэг үү? Итгэдэг бол яагаад? Үл итгэдэг бол яагаад?
(b) Монгол, Түрэг, Хятад болон бусад өөрийнхөө мэдэх бусад хэлний тооны нэрсийг авч үзээд, хэл шинжлэлийн холбоо хамаарлыг тогтоох шалгуур болгон тайлбарла.
Мөн нэлээд хожуу, лавтайяа Ц. Дамдинсүрэнгийн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой” бүтээл гарснаас хойш авсан өөр нэг шалгалтын даалгавар хадгалагдаж буйг толилуулбаас:
“Чингисийн хоёр эр загалын тууж”-ийн Дамдинсүрэнгийн “Монгол уран зохиолын дээж зуун билиг” дэх хувилбарыг (60-68-р тал) Антоон Мостартын “Textes oraux ordos”-т орсон (226-235-р тал) хувилбартай бүтэц болон хэл шинжлэлийн үүднээс харьцуул – Гурван цаг бэлдэнэ гэжээ.
Үүнээс дараах ялгааг ажиглав:
- Бид орчин цагийн монгол хэл болоод орчин үеийн уран зохиол, өнөөгийн зохиолчдын намтрыг илүүтэй анхаардаг бол тэд харин түүхэн хэл шинжлэл, сонгодог монгол бичгийн хэл, бичгийн дурсгал, хуучны утга зохиолыг илүү судалдаг ажээ.
- Бид монгол хэл, уран зохиол хэмээх хоёр тусгай хичээл болгон нарийвчлан судалдаг бол тэдний хувьд энэ нь нэг л зүйл (нэг хичээл, нэг судалгаа), уран зохиолын эхийг судлахдаа хэл шинжлэлийн тайлбар давхар хийдэг уламжлалтай байна.
- Яг адил эхийг судлаад гүйцэтгэх даалгаврын ялгааг нь харахад бүр ч сонирхолтой. Адилхан “Чингисийн эр хоёр загалын тууж” уншсан оюутнуудаас манайхан агуулга, үзэл санаа, дүр, уран сайхан хэмээх дөрвөн зүйлийг асуусан бол Харвардын их сургууль эдгээрийг чухалчилсангүй, харин Дамдинсүрэнгийн “Зуун билиг”-т орсон эх, Мостартын “Ордос аман зохиол”-д орсон эх хоёрын бүтцийн ялгааг нь тодорхойлж, хэл шинжлэлийн үүднээс харьцуул хэмээжээ. Зөвхөн энэ зохиол бус, ерөөс 13-р зуунаас хойших уран зохиолын талаарх асуулт бүрдээ манайхан уран сайхан, үзэл санаа, дүр зэргийг голчлон асуудаг бол Харвард болон барууны монгол судлалын сургуулийнхан харин бүтэц, техникийн тал, хувилбаруудын ялгаа, эх дэх үгийн утга, гарал, хэл шинжлэлийн тайлбарыг хэл хэмээсэн байх ажээ.
Эцэст нь ахин хэлэхэд энэхүү ялгааг үзүүлэхдээ миний бие аль нэг нь сайн гэж хэлэх гээгүй, гагцхүү манай шинэ залуу монгол судлаачид Барууны монгол судлаач нартай эрдмийн яриа хөөрөө, маргаан мэтгэлцээн үүтгэвэл тэд юуг илүү мэддэг, өөрсдөө бид харин юугаараа давуу вэ гэдгээ харах, дүгнэх боломж олгох л гэснийх юм.
Жишээ нь манай залуус “Чингисийн эр хоёр загалын тууж”-ийг уран сайхны талаас нь, болон хоёр загалын дүр хэнийг төлөөлөн илтгэж буй талаар тайлбарлан ярихдаа хүрвэл Барууны ямар ч судлаачаас илүү гарч чадна. Гагцхүү тэд зөрүүлээд таны ярьж байгаа энэ өгүүлэмж “Зуун билиг”-ийнх байна, Мостартын олсон хувилбарт энэ бий юү хэмээвээс тийм хувилбар байдаг эсэхийг заалгаагүй ч байж мэдэх юм. Түүнчлэн тэд Тогоонтөмөр хааны гэмшил, Газан хааны захидал, Дөрвөлжин үсгийн дурсгалуудаас эш татаж, заримыг нь бүр цээжээр хэлж чадах боловч Явуухулан, Дашбалбар, Лодойдамба гэж сонсоо ч үгүй явах тохиолдол бий. Орчин цагийн уран зохиолын мэдлэгээрээ манайхан мэдээж илүү.
Франсис Вүүдман Кливезийн заасан монгол хэл , уран зохиолын хичээл, шалгалтын материалаас товчхон танилцуулахад ийм байна.
Багш
Багш
багш
Оргил
Оргил
Багш
Багш
Багш
Зочин
Д.Оюунгэрэл
Ганаа
Ихзаяа
МУИС-ийн багш
Оюунцэцэг
Зочин
Зочин
Зочин
Лхагий
зочин
SS