"Ж.Ёндон генерал шигээ дайчин генерал болно" гэх хэнээ офицер болгоны тархинд  суучихсан юм уу гэсэн сэтгэгдэл армид байхад минь надад төрсөн юм. Цаад генералынхаа дайчин давшингуй, сүрлэг хийморлогийг тэд ам булаалдан ярьдагсан. Миний анхлан ойлгосноор бол, манай дарга нарын яриагаар бол Ж.Ёндон гэдэг нь рапорт командыг сүрлэг өгдөгөөрөө эхлээд алдаршжээ. "Рапорт Ёндон" гэх хоч нэртэй болсон ба нэг ёслолын үед сүрлэг рапорт өгөөд шууд л "Алтан гадас" ч гэл үү төрийн одон хүртэж, домог болжээ. Бас их гоё ёсолдог гэж шагшигдаж, ёслохыг нь харах гэж хуйлардаг шахуу байв. Харин би тэр рапорт, ёсолгоонд нь огтоос уярсангүй. Ер нь генерал болно гэдэг тэр үед цэрэг хүн бүрийн мөрөөдөл байсан байх. Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг цэрэг биш гэж нэг нэртэй жанжны хэлсэн үг бас байдаг юм гэсэн. Харин би үүнийг мөрөөдөж явсангүй.

Чин үнэнийг хэлэхэд Хятадтай эрийн чадал, зэвсгийн хурцыг шалгаж байлдаад бид ялаад Өвөр Монголыг чөлөөлөөд, Цагаан хэрмийн дэргэд хүрнэ гэх үлгэр домогт би огт итгэхгүй байснаас миний халагдах хүслэн бүр ч хөглөгдсөн юм. Яг үнэнээ хэлэхэд цэргээс халагдах бэлтгэлийг би цэрэгт татагдсан тэр цаг мөчөөс эхлэн хийсэн юм. Бүр цөхрөлтгүй, олон хувилбараар шүү. Санасандаа хүрч сарвайснаа авч чаддаг төрөлхийн эр зоригоо энэ дээр л сориоод үзье гэж эхнээсээ л шийдлээ.

Эхэндээ би чимээгүй л дотроо бодоод явлаа. Ямар ч л гэсэн 3 жил нь гүйцэг. Цэрэгт гоожуур байх хугацаагаа офицероор, тэгэхдээ бүр хотын төвд штабт гүйцээж байгаа нь аз гэх хүн олон таарч, бүр атаархдаг ч байлаа. Харин би баярлаж ач холбогдол өгсөнгүй. Нэгэнтээ соёл-гэгээрлийн барааны нярав, жижүүрээс өөр хийх ажилгүй, энд тэнд зарагдаж явдаг надад "Улаан од" сонин сайхан боломж гаргаад өглөө. Тэр сонины орон тооны бус тоймч болж аваад "Дэслэгч Д.Баярхүү" нэрээр тойм, тайлбар өгүүлэл маш олныг туурвиад өөртөө ажил олоод авлаа. Армид офицероор 3 жилийг туулахдаа "Улаан од", "Утга зохиол, урлаг", заримдаа "Үнэн", "Хөдөлмөр", "Залуучуудын үнэн", хааяа "Улаанбаатарын мэдээ" зэрэг төвийн сонинуудыг эзэгнэж, бичиж туурвих авьяасаа нээв. Гарынхаа шууг янгинатал, хэдэн хуруугаа мойтол бичдэг байлаа.

Хор найруулах маягийн ажил ч хийж эхэллээ. Тэр нь тийм хорлонтой юм биш л дээ. Өөрийгөө илтгэж таниулах, лоббидохыг хэлж байна. Манай офицерууд одон медаль, цол, академи гэж амьдралаа төлөвлөдөг бол би хэзээ нэгэн цагт эндээс явж далд орно хэмээн төлөвлөдөг боллоо. Харин хэрхэн яаж? Тэр үед армиас офицерыг халдаг хоёр зам байж. Гэмт хэрэг үйлдээд хөөгдөх, нөгөө нь өвчин тусаад цэрэгт тэнцэхгүй болоод халагдах. Энэ хоёр бүрдээгүй бол дор хаяж 25 жил зүтгэх ёстой. Ийм тэнэг хуулийг сөрөөд үзье гэж би эргэлтгүй шийдлээ. Заавал 25 жил болдог хуулийг анх удаа сөрж, бүр дуулиантайгаар давж гарсан хүн нь (түүхнээ гэж томруулаад ч яахав)  ер нь би болох байх шүү.    

Гурван жил нь гүйцэх 1983 он гараад би зориг шулуудлаа. Армид 3 жилийг туулахдаа би төвийн гол сонинуудад нэн идэвхтэй бичиж хэдийнээ дээдсийн анхааралд өртсөн байжээ. Ялангуяа "ХАЧА-Маоизмын зэвсэг", "Хятадын арми, засгийн эрхийн төлөө тэмцэл" хэмээх цувралуудыг бичсэн амжилтыг маань надаас өөр давтсан, тэр сэдвийг хөндсөн  хүн одоо ч хүртэл алга байна. Улс төрийн газрын шугамаар Хятадын цэрэг-улс төрийн  асуудлаар гурван (“Хойд Хятад, Баруун хойд Хятад"; "БНХАУ-ын ӨМӨЗО"; "ХАЧА-ийн Бээжин, Ланьжоугийн  цэргийн тойрог" хэмээх товхимолууд.  Энэ амжилтыг маань давтсан, тэр сэдвүүдийг зэрэг зэрэг хөндсөн  хүн одоо ч хүртэл алга байгаа болов уу) товхимол тэр үед хэвлүүлээд байлаа. Энэ давуу талаа ашиглая хэмээн шийдлээ.

МРТУХ-ны 1 дүгээр орлогч дарга Н.Мятав гэж буянтай буурал миний амьдралыг эргүүлэх эхлэлийг гэнэт тавив аа. Нэг өдөр Мятав дарга маань ээжээр минь дамжуулж намайг дуудууллаа. Би ч ганзага хоосонгүй гэдгээ илтгэхээр бичсэн гол нийтлэлүүдийнхээ хайчилбарыг багцлаад нэг том хавтас дүүрэн юм бариад очлоо. Яг тэр талаар ярилцах гэж дуудуулсан байсан тул харин ч би тэгж очсон нь зөв болж таарав. Намайг сонинд юм бичдэг болохоор тэгж дуудсан хэрэг, аз боллоо. Миний хайчилбаруудыг авч үзээд намайг ихэд магтаж байна, тэгээд эргээд дуудах байх шүү гээд явууллаа. Тэр уулзалтын бараг маргааш нь болов уу Мятав гуай МРТУХ-ны дарга Л.Зантав дээр орж ярилцжээ. Тун удалгүй, нэг өглөө жижүүрээс бууж ирээд гэртээ цайгаа ууж суутал Зантав даргын нарийн бичгийн дарга Рэнцэндаваа гэж авгай утасдаж намайг дуудаж байна гэдэг юм байна. Би ч офицер хувцсаа солилгүй санд мэнд төв шуудангийн 3-р давхарт гүйхээрээ  хүрлээ. Энэ бол 1983 оны 1 дүгээр сарын 10-дын хавьд болов уу.

-    Чамайг цэргээс чөлөөлүүлэн авч эндээ тоймчоор ажиллуулмаар байна. Чи аль байгууллагын харьяат вэ? Хэний дансны хүн бэ? Бид хааш нь хандах вэ гэж үгийн зөрөөгүй л түс тас асуулаа.

Миний дотор уужраад хэрхэн баярласнаа үгээр энд илэрхийлэхийн аргагүй. Түнэр харанхуйг гэрэлтүүлэх шиг л болсон байх. Би ч ном ёсоор нь хариуллаа. Хүчлэхгүй бол армийг дийлэх хэн ч байхгүй шүү гээд бас хэлээд авлаа.

Ингээд МРТУХ-нд улс төрийн тоймчоор авч ажиллуулъя гэсэн утга бүхий эелдэг үгтэй албан тоотыг 1983 оны 1 дүгээр сарын 17-ны хавьд бил үү БХЯ, Армийн улс төрийн газар руу явуулжээ. Албан бичиг явсныг дуулаад би бараг сайн дураараа халагдчих шахлаа. Сайндаа л 2-3 сар хүлээнэ биз, тэгээд зуны хувцас тавьж олгохын наана явчих биз хэмээн дотроо төлөвлөлөө. Халагдахааас хойш нормын хувцас нэмж авч улсыг хохироогоод яах юм гэж бодож суулаа.  

Миний цэргээс халагдсан түүх гэж панфлет роман болчихоор их түүх ингэж эхэллээ.  Чухам одоо уншигчдад үнэмшигдэх эсэхийг мэдэхгүй. Тэр тухай зах сэжүүрээс нь хүүрнэж байна. Нөгөө бичиг ч ном журмаараа армийн дээд командлал дээр очжээ. Тэгэхэд л би генералуудын анхааралд өртсөнөө сая олж мэдлээ. Соёл-гэгээрлийн барааны нярав, бодит ухуулга, гараашийн  жижүүрээр бүтэн гурван жил дагнуулчихаад сая л тэд гэнэт ухаарчээ. Ухаарал нь туйлшрал болж цаашаа даамжрав. МРТУХ-ны даргын албан бичгийг хогийн саванд хийхийн наагуур болоо биз бодвол. Улс орны батлан хамгаалахад чухал үүрэгтэй боловсон хүчнийг урвуулан авч, улс орны батлан хамгаалахад хохирол учруулах гэлээ гээд нэг хэсэг хардаж сүржигнэв. Болзошгүй дайсан – Хятад довтлоод ороод ирэхэд дэслэгч Баярхүү генералаас дээгүүр залрах юм  гэнээ. Ерөөсөө энэ чухал нөхрийг Батлан хамгаалах зөвлөлийн дарга маршал Ю.Цэдэнбал дээр оруулж шийднэ гээд л Улс төрийн газрын дарга Ж.Балжинням гуай саарал ордон руу гүйсэн юм байх. Миний нэр усыг яг Цэдэнбал дарга дээр авч ороод ярьсныг би мэдэхгүй. Ямар ч л гэсэн өндөр авах нь авсан юм байна.

Нөгөө нэг мартагдсан Баярхүү чинь гэрэл гэгээнд гэнэт гарч ирэв ээ. Юу гэвэл:
 
-    Хойшоо Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академид явуулж өгье. Армийн улс төрийн газарт эхлээд  шилжүүлж ажиллуулъя!  

Ингэж манай Б.Баатар хурандаа намайг ятгаад миний уярлыг олж үзсэнгүй. Тэр бол мэдээж Баатар хурандаагийн сайхан санаа байгаагүй. Дээрээсээ шийдвэртэй болоод л намайг ятгасан нь тэр байх. Зориуд тэгж хэлүүлээ биз.  Ингэж ятгахын сацуу МРТУХ-г муулахаа ч мартсангүй.

-    Тийшээ зүглээд шал дэмий. Юугаа хийдэг юм. Би огт дэмжихгүй гэж байна.

Тэрээр бас:
 
-    Чи армиас халагдвал их хохирно доо, жил алдана, цол завсардана, одон медаль завсардана гэж ирээд л, амьд жишээ татаад л ятгалаа. Амьд жишээ нь манай хэлтэст ажиллаж асан ахмад Мижиддорж гэнээ. Тэрээр халагдаад ХИД-т боловон хүчин хийж байгаад тэндээсээ халагдаад армидаа эргээд очсон чинь цол, удаан жилийн нэмэгдэл, одон медалийн хугацаагаа алдчихсан, тэгээд их харамссан юм гэв.  

Ер нь намайг гуриатаад эргээд ирнэ гэж бараг л хүлээж байсан юм болов уу, олонхи нь.  Нэгэнт бичиг очоод нууц задарсан тул би ч ил цагаандаа гарлаа.

-    Үгүй ээ, зүгээр л намайг суллаад явуулчих. Би МОНЦАМЭ-д очиж тоймч хийе ээ. Явуулаад л аль. Цол, одон тэмдэг, академи надад хэрэггүй ээ. Хожим амаа барихгүй ээ. Хохирсон ч армид ирж Та нарт дараа удахгүй ээ!

Ийм сайхан боломжоос (Улс төрийн газарт ажиллах, академид явах)  татгалздаг ямар тэнэг толгой вэ гэх хүн ч олон гараад ирлээ. Зарим нь саваагүйтээд миний хэтийн зорилгыг асууж, бүр авах цалинг ч сонирхож байна. Миний хэтийн зорилго гэж нуух юм юу байхав. МОНЦАМЭ-д сайн ажиллаад хойшоо коммунист намын дээд сургууль, болж өгвөл Дипломатын академид суралцана. Түүнийгээ ч хэлээд тавьчихав. Лениний академиасаа тэр хоёр нь илүү дээр, ирээдүйтэй гэж сөргүүлж ч үзэв. Тэд гайхаад л, эргэлзээд л. Төсөөлөх шинж алга аа.    

Намайг тал талаас мөн ч их ятгасан даа, би ч тэс хөндлөн зөрсөөр л, цэргээс халагдах хүсэл минь бүр ч бадраад, тэд маань сүүлдээ наддаа дайсагнаж эхлэв ээ. Эхэндээ хаашаа явах гэж хөөцөлдөж байгааг ойлгоогүй бололтой, арай ч явчихгүй байлгүй гээд тайван байцгааж байснаа миний асуудал юу юугүй саарал ордон руу явсныг мэдмэгцээ дайсны албанд зүтгэх гэж байгаа аятай нүд үзүүрлэж эхлэв ээ. Ер нь л эх орноосоо урвах дөхжээ, заримынх нь нүдээр бол.

-    Энэ Баярхүү гэж залины нөхөр цэргийн албыг офицероор, тэгэхдээ бүр хотын төвд сайхан хаачихаад бултах гэж байна. Энэ нөхрийг Зүүнбаянд ротын улс төрийн орлогчоор, эсвэл ангийн ухуулах ажлын зааварлагчаар хөөж явуулъя.

Энэ мэргэн санааг Улс төрийн газрын орлогч хурандаа Ц.Дашзэвэг, тасгийн дарга хошууч Д.Батхүү нар гаргажээ. Намайг шоглох шахсан гэж би дээр нэг өгүүлж байсан даа. Тэр хоёр нөхрийг. Тэдний саналыг Ж.Балжинням дарга нь арай дэмжээгүй байх. Эрхбиш шүүх прокурорт ажиллаж байсан иргэний боловсролтой хүн тул зарчмаа мэднэ.

-    Энэ муу Баярхүү юу юм бэ? Офицероос халаад цэрэг болгоод гурван жилийг нь цэргээр гүйцээлгэ. Офицер байхдаа эдэлж хэрэглэсэн нормын хувцасыг нь  эргүүлж төлүүл. Муу залины хүүдийг алаад өг!  

Энэ мэргэн санаа мөн Улс төрийн газрын орлогч Ц.Дашзэвэг, тасгийн дарга Д.Батхүү нарынх. Тэр хоёр ч өмдөндөө шээх нээ. Миний асуудал өндөр авах тусам тэр хоёр маань адтай сэтгэж байгаа гэдэг нь. Тэр хоёрыг тэнэглэх тусам миний адрах гэж бас дийлдэхээ болилоо. Хэн нь дийлэхээ үзье гэсэн шиг өнгөрч байгаа мөч бүхэн үнэтэй болж, үхэх сэхэхээ үзэх тулаан эхэллээ. Надаас өөр хүн бол шантраад үхчихмээр, эсвэл хэл үггүй тэр Лениний академид нь алга болохоор л үйл явдлууд ар араасаа өрнөлөө дөө.     

Хэрэв өгөө аваа ярих гэж байгаа бол тэр эдэлж хэрэглэсэн нормын хувцас, өгсөн  цалинагаас чинь илүү миний залуу насны хайран сайхан 3 жил 6 сарын нөхөн төлбөр гэж байж таарна гэж тооцоо хийх дээрээ ч тулав. Радио ТВ-ийн тайлбарлагч, МЭДН-ийн лекторыг юу болгож тавьчихаад хэрэглэсэн нормын хувцасны мөнгө нэхнэ вэ? Ерөөсөө армиас салахдаа нэг юмыг нь мулталж авч салъя гэж шийдлээ. Юу байж болох вэ? Эд хөрөнгө, буу зэвсэг  бол хуулийн эсрэг. Би тэгж тэнэглэх дээрээ тулаагүй.

Нэг бэлэн юм сул хэвтэж байнаа. Сар болгон л авах хүн байна уу гэх шахуу сул явдаг эд. Тэр бол МАХН-ын бат илэрхийлэх байлаа. Намайг анх 180-р ангид яваад очиход тэр ангийн штабт чинь эвлэлийн үүр гэхээр тоймтой юм байгаа юм шүү дээ. Бүх залуус нь толгой дараалан МАХН-д элсчихсэн. Намын үүрийн хуралтай өдөр штаб эзгүйрчихнэ. Намайг 24-тэй яваад очиход манай нөхөд гайхаад л, хөгширчихөөд хувьсгалт намд элсэхгүй хаагуур явж байсан юм гээд нүд ухаж байсан нь санагдлаа. Ингээд л МАХН-ын гишүүнийг нь авч салах адтай бодол зурсхийхгүй юу. Энэ сарын хурал элсэлтгүй өнгөрөх нь, гишүүн элсүүлэлтийн төлөвлөгөө нурлаа гэж гүйлдээд тэд өөрсдөө надад далим гаргаад өглөө. Гурван жил таг чиг явж байсан нөхөр чинь 1983 оны хавар намд элсэх өргөдөлөө өгөөд л тэр сардаа МАХН-ын орлогч гишүүн болоодохлоо. Аав ээж хоёр маань баярлаад л, манай гэр бүлд коммунистын тоо нэгээр нэмэгджээ. Харин би бол албан тушаалын хэнээ тусч, тэгэх тусмаа сэтгэл зүрхээрээ хөглөгдөж МАХН-д элссэнгүй. Ний нуугүй хэлэхэд   МРТУХ-нд шилжиж очихдоо зэвсэг болгох ухааны юм бодлоо.

Цэргээс халагдах хэнээ тусаад надтай хамт зовлон туулж явсан Гавьяат жүжигчин Д.Лхасүрэн гуайг би энд эр зоригийн жишээ болгож бичмээр санагдлаа. “Төөрсөөр төрөлдөө" (1966 он) киноны Балт гэдгээр ард түмэн танина даа энэ эрхмийг. Манай хөрш байрных, урлагийн нэртэй зүтгэлтэн, манай аав ээжийн сайн танил, тэрээр надтай нам нийлж сэм хуйвалдсан нэг эрхэм 1983 оны турш сэтгэл зүрхээрээ хамт байв.

Ер нь 1983 онд нэртэй зүстэй гурван нөхөр офицероос бултаж алга болсон юм. Би өөрийгөө нэртэй зүстэй гэж шууд нэрлэж байгаа хэрэг биш, миний асуудал тэгж их дуулиан тарьсан учраас энд оруулж байна. Гурав дахь нөхөр нь хожмын Ерөнхий сайд Санжаагийн Баяр байлаа.  Яг халагдаъя гэмэгц нь Фрунзийн академид явуулж өгье гэж л дээ. Яг намайг ятгадаг шиг. Харин мань хүн нөгөөхийг нь над шиг нулимахгүй юу. БХЯ-ны сайд хурандаа генерал Ж.Ёндон дээр өөрөө орж, халагдъя гэж гуйх хоншоортой аавын хүү лав армид байгаагүй, харин тийм эр зоригийг С.Баяр маань анхлан гаргасан юм. Ингээд өвчний акт гаргуулаад армиас суллагдаж алга болов. Хэлний боловсролтой, мөн залуудаа радиод орос хэлний нэвтрүүлэг уншиж байсных МОНЦАМЭ-гийн гадаадад мэдээлэх албанд уригдаад харин ч миний өмнөх замыг засаад өглөө.

Гавьяат жүжигчин Д.Лхасүрэн гуай бид хоёр хааяа уулзаж армийнхны тэнэгийг гайхаж муулдагсан. Ялангуяа цэргээс халагдахаар хоёул нэгэн зэрэг Улс төрийн газраар хөөцөлдөж явсан, намайг элдэвлэж эхэлсэн тул хов ярих шалтаг мундахгүй. Урлагийн нэртэй зүтгэлэн түүнийг гуйж гувшиж армид авааччихаад гар нь татганаад "Ахмад" цол өгсөн байгаа юм. Тэгээд Офицеруудын ордонд уран сайхны удирдагч болгоод мөртөө ажлыг нь хийлгэхгүй жагсаалын бэлтгэлд дайчилж, жижүүрт гаргаж, гол нь цолоор нь дарамталж доош хийх (захирах санаатай л тэгсэн л дээ) гэж БХЯ-ны дарга нар муйхарлаад гэдэнг нь хөдөлгөчихгүй юү. Тэгээд халагдах шалтгийг өөрсдөө гаргаад өгчихөж. Нэгэнт шийдсэнийх, тэгээд ч жил алдана, цол завсардана, одон медаль завсардана, хайран хувцас гэх юм Лхасүрэн гуайд байх биш цааш нь морин дээр нь мордуулчихаж. Харин мань хүн намайг бодвол БХЯ, Улс төрийн газрын дарга нар дээр давхиж ороод хэрүүл ам хийгээд явсан зориг зүрхтэй. Улс төрийн газрын дарга Ж.Балжинням түүнийг хүлээж аваад:

-    Та битгий яваач, хошууч цолыг чинь өгье гэхэд нь
-    Наад хогоор чинь яадаг юм гэж хэлээд гаргаад ирлээ гэсээр надтай уулзаж байв.

Бид хоёр Улс төрийн газрын дарга нарыг тавлаад л. Цэргийн цолыг хог гэж хээв нэг нэрлэчихэж байгаа юм. Мань хүн төд удалгүй халагдаад Улсын циркт уран сайхны удирдагч болоод алга боллоо.

"Улаан од" сонины Ерөнхий эрхлэгч дэд хурандаа А.Баярмагнай гэж миний сайн нөхөр,  дэмжигч маань байлаа, 1983 оны турш. Миний мэргэжил, мэдлэгийг үнэлэн хүндэтгэдэгийн хувьд, Улс төрийн газрын товчооны гишүүний хувьд Ж.Балжинням гуайг ятгах ажлыг сэтгэлээсээ хийж байлаа. МАХН-ын Төв Хорооны хэлтсийн орлогч эрхлэгч хошууч генерал Л.Моломжамц гуай ч миний талд орчихож. Тэрээр намайг цэргээс мултлах гэж үлэмж чармайж байна. Намайг цэрэгт татуулсан шигээ эргээд халуулах гэж сэтгэлийн тэнхээ гаргажээ. Нөгөө гоймон Пүрэвдорж гуай надад мэдээлэл өгөөд миний талд надад дэм болж байна.

Нэг өглөө Л.Зантав дарга маань дуудуулжээ.
 
-    МРТУХ-ны албан бичиг лөөлөө болж, асуудал хурцдаад "Нэгдүгээр хүн" (Ю.Цэдэнбал шүү дээ) дээр очиж байна. Одоо яахав гэж байна.

Нэлээд цөхөрсөн царайтай. Тэгснээ ордны тусгай утсаараа Төв Хорооны Боловсон хүчний хэлстийн эрхлэгч Б.Ламжав гуай руу учирлаж ярьж байнаа. Миний талаар нэгд нэгэнгүй ярилаа. Цаадхи нь юу гэсэн юм бүү мэд? МАХН-ын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Г.Адьяад асуудлаа тавь гэсэн бололтой. Намайг цаг аваад Адьяа дарга дээр ор гэлээ.          

Ардын армийн 180-р ангийн соёл-гэгээрлийн барааны нярав, бодит ухуулгын ухуулагч,  гараашийн  жижүүр Д.Баярхүү ингэж ч өндөр авах гэж дээ. Тэгээд нэг муу дэслэгч шүү.  Би баярлахаасаа айх түгших нь их байлаа. Социалист Монголын нам, төрийн ажлын уялдаа холбоо, нөгөө нэг сүрхий сахилга хариуцлага нь энэ үү? Ганц шалдан дэслэгчийг Төв Хороогоор оруулах гэж дээ. Даан ч дээ. Халаглаад баршгүй.

Ээлжийн амралт ч будаа боллоо. Армид дэслэгчээр 3 жил ажиллаад ахлах дэслэгч болох ёстой. Тэр маань ч олгогдсонгүй. Цол ч яамай байнаа. Халагдах асуудал босч ирлээ гээд би жижүүрт гарахаа болиогүй ээ. Харин ч амжаад хэд сайн гаргаад авъя гэсэн шиг ойр ойрхон тулдаг боллоо. Би ч яахав жижүүртээ хэл үггүй гарчихаад маргааш нь бултаж алга болоод төв шуудан, саарал ордон хавиар эргэлдээд байх нь тэр. Харин гараашийн жижүүрийг болиулсан. Би өндөр авсандаа биш, хангалт-үйлчилгээний рот маань батальон (241-р анги) болж томроод нүүгээд алга болохгүй юу.

За тэгээд Б.Ламжав даргын зөвлөснөөр Л.Зантав даргын даалгаснаар Г.Адьяа даргаас цаг хүслээ. Туслах нь гэж миний хожмын сайн нөхөр М.Баяртогтох намайг дуудаж байнаа. Ордон руу ном журмаар нь нэвтрээд орлоо. Миний тухай мэдээлэл нэгэнтээ  очжээ. Би Г.Адьяа даргатай шууд уулзахгүй, харин нэр дээр нь өргөдөл бичээд түүн дээр нь Г.Адьяа дарга цохох ухааны юм боллоо. Тэр цохолт нь намайг үг дуугүй хал гэсэн утгатай байхаар өргөдлөө сайн боловсруулаарай гэж байна. Би ч яахав гэртээ ирээд бичиж өгнө биз дээ. Лав 10 орчим хуудас бичсэн байх. Маш тодорхой, гол нь гарах гарцгүй болтол нь бичлээ дээ. Армийн улс төрийнхний булайгаас дэлгэхээ ч мартсангүй. Өргөдөл эзэндээ очиж Г.Адьяа дарга миний төлөвлөснөөр, миний хүссэнээр цохоод Төв Хорооныхоо Захиргааны байгууллагын хэлтэст өгчээ. Энэ бол 1983 оны зуны эхэн сард болов уу.

Өргөдөл ямар шатандаа яваа, хэн юу гэж байгаа талаар А.Баярмагнай, Л. Пүрэвдорж нар надад мэдээлэл өгөөд л, одоо ингэ тэг гээд л зааварлаад л. Би ч хор найруулахдаа гаршиж байнаа. "Найрамдал" зуслангийн зуны нээлт болж Г.Адьяа дарга тийшээ очихдоо миний асуудлыг БХЯ-ны сайд Ж.Ёндонд шууд тавьж гэнээ. Сайдын хувьд татгалзах зүйлгүй, Ж.Балжинням дарга шийдэж байгаа гэсэн гэв. Ж.Балжинням нь болохоор миний асуудлыг Батлан хамгаалах зөвлөлд оруулна гээд айлгаад байдаг.

Зуны гурван сар өнгөрч, миний асуудал бүр таг боллоо. МРТУХ, МОНЦАМЭ гэдэг нам-засгийн үзэл суртал, мэдээллийн энэ чухал албыг Армийн улс төрийн газрынхан ямар өнцгөөс харж хандаж байсан нь надаар илэрч байгаа нь тэр байх гэж бодож суулаа. Г.Адьяа дарга нь том уу,  Ж.Балжинням дарга нь том уу гэдэг асуудлыг ч тавих цаг болсон мэт. Армийн удирдлага аливаа асуудалд илэрхий бярдсан, аагласан байдлаар ханджээ. Орой дээр нь нэг том маршал жанжин суучихсан монгол орны хувь заяаг атгаж байсан тул дор нь байгаа генералууд иргэний салбарын яамд, улсын хороодыг ёстой нулимна биз дээ.

Ингэж муйхарлснаар Баярхүү нь үнэд ороод байна гэдгийг бодох сөхөө алга. Офицероос нь халаад цэрэг болгоод гурван жилийг нь цэргээр туулуул гээд байсан Ц.Дашзэвэг, Д.Батхүү нар ч таг боллоо. Омог нь дарагдсан бололтой. 1983 оны намар МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч Базарын Дашцэрэн гэдэг хүн миний хэвлэлийн нийтлэлүүдийг ихэд тоож, миний анкетыг Армийн улс төрийн газраас авчруулав. Миний хувийн хэрэг Армийн улс төрийн газрын Боловсон хүчний хэлтсийн дарга хурандаа Намдагийн мэдлээс ийнхүү алдагджээ. Б.Дашцэрэн гуай тэр дор нь миний хувийн хэргийг МОНЦАМЭ-д шилжүүлчихэв. Бандан пад, одоо манай генералууд юу ч хийж чадахаасаа өнгөрсөн.  

Ингээд явах юм бодож байтал БХЯ цэргээс халсан тушаалаа гаргадаггүй ээ. Дахин гурван сарыг туулууж 180-р ангийн штабт хэргээр уяв. Хувийн хэрэг МРТУХ-ны Боловсон хүчний хэлтэст байж байдаг, би өөрөө цэргийн ангид жижүүрт тулаад л. Нөгөө залхуутай ажлаа хийгээд л. Намайг цөхрөг гэж бодож л дээ. Ингэж ингэж дүн өвөл 1983 оны 12 дугаар сарын 15-наар намайг халжээ.  Тэрийг нь надад мэдэгдсэнгүй. Бас 10-аад хоног уячиж байгаа юм. Бүр 12 дугаар сарын 26 хүргэсэн гээд бод доо. Яагаад тэгээд намайг уяад байсан юм бол, тэгэх ямар сонирхол хэнд байсан юм бол, салж хагацна гэхлээр би тэгж их хайран санагдаад байсан юм болов уу, би бодоод бодоод ойлгосонгүй. Одоо ч би хариулт  олоогүй л байна.

Ажил хүлээлцэх болтол баахан улаан цэнхэр даавуу, ваатум цаасны хэрэг мандаад ирэв. Намайг эзгүйд хулгайлж авсан, зээлээр аваад эргэж цохуулаагүй, ер нь надаас үл шалтгаалах баахан юм гараад ирж. Буурал Жааяа дарга маань намайг эзгүйд шкаф эвдүүлээд авч байсныг матах хүн ч гараад ирлээ. Надад зарга хийх тэнхээ алга. Би ч хэл үггүй сарын цалингийнхаа талыг өгч байж хоёр яс салав.   

Цэргийн мэргэжлийн 63-ын "А" зэрэгтэй, МАХН-ын орлогч гишүүний ногоон батлахтай, бэлтгэл офицерын үнэмлэхтэй би гэдэг хүн алсын алс, холын хол их аянаас 1983 оны шинэ жилийн багт наадмын өмнөх өдөр төрхөмдөө буцан ирж арми дахь үлгэрээ төгсгөв өө.

Нэгэнт дөнгөнөөсөө суларсан би бээр амьд явахын жаргал, аливаа зовлонг мартах рашааны шимээс дахин хүртэж эхлэх нь энэ ээ...
 
Энэхүү үлгэр юу харуулна вэ? Коммунизмын үед төрийн ажил гялалзаад, хууль үйлчлээд, бүгд хуулиа дээдлээд ёстой алж өгч байсан, харин ардчиллын үед л төрийн ажил дампуурсан, хууль нь гууль болсон мэтээр ярьдаг, үгүйсгэдэг социализмаа санагалзагчдаас амыг нь асуух зорилгоор энэ үлгэрийг нэгд нэгэнгүй буулгалаа шүү. 

Би: Миний амьдралын тойрог,НЭПКО,
  2009 номынх нь 232-241-р хуудаснаас