Манайхан мэргэжил дээшлүүлнэ гэж ярьдаг даа. Их сургуулиа төгсчихөөд курс дамжааны сургалтад хамрагдахыг тэгж хэлдэг. Тэр маань миний хувьд 1994 онд 38-тайгаас минь эхэлсэн юм. Хөгшин цэрэг сурч ханахгүй ээ хэмээн амаа асуулгатлаа  явсан даа. Би дуртайдаа биш, тийм боломжийг нь Монголын ардчилал гаргаад өгсөн юм. Ардчилал, зах зээлийг баримжаалсан нээлттэй Монголд гадаад орнууд, олон улсын байгууллагуудаас туслах нэг хэлбэр нь сургалт байж ирсэн, одоо ч байгаа. Сургалтад хамрагддагсдад хөтөч сургамж болог гээд доорхийг бичлээ. Хүлээн авна уу, байна уу, өөрсдөө мэд!

1994 оны хавар Нидерландын Олон улсын харилцааны "Clingendael" институтийг Монголоос 5 залуу зорьсоны нэг нь би юм. Би ахлагч нь ухаантай. О.Оч (одоо Ерөнхий сайдын зөвлөх, миний сайн найз), Д.Гансүх (одоо ГХЯ-нд ажиллаж буй), М.Наранцэцэг (тэр үеийн МУИС-ийн гадаад харилцааны хэлтсийн дарга), Р.Баатархүү  (ГХЯ-ны ажилтан асан) бид тав Төв Ази ба Монголын залуу дипломатчдын курсыг “Европын ба дэлхийн харилцаа” сэдвээр төгсгөхөөр Хаага хотод очсон нь тэр. Ийм курс анх удаа зохиогдож бид анхлан салхи  хагаллаа.

Энэ ямар учиртай институт, хэн хаанаас ийм буянтай ажлыг сэдсэн тухай амьд гэрчийн хувьд би хэдэн тайлбар хэлэх эрхтэй болов уу. Тэр "Clingendael" (Клингендаль) гэдэг гадаад үгэнд толгой эргэх хэрэггүй. Энэ бол Хаага хотод байдаг томхон цэцэрлэгт хүрээлэнгийн нэр. Тэр нэрээрээ Клингендаль институт гэж нэрлэгдээд иржээ. Цэцэрлэгт хүрээлэн дотор эрдэм шинжилгээ-сургалтын хүрээлэн байна гэсэн үг. Энэ бол олон улсын харилцаа, аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийдэг Нидерландын томхон төв, ГХЯ-ндаа харьяалагддаг, БХЯ-тайгаа их холбоотой. Манай институтын захирал доктор Ж.Вурхойве (Prof.Dr. Ir.J.J.C.Voorhoeve) гуай биднийг буцсаны дараахан Батлан хамгаалахын сайд болоод дэвшээд явсныг бодоход энэ институт бол яав ч жирийн, жижиг байгууллага биш болох нь харагддаг.

Монголтой хэрхэн холбогдоод бид анхдагч болсон тухайд, миний найз, МУИС-ийн профессор Ж.Баясах маань Олон улсын харилцааны дээд сургуулиа байгуулчихаад захирлын хувьд тэр Клингендалийн дэд захирал Пол Мээрцтэй танилцаж нөхөрлөжээ. Дипломат академи, ОУХДС-иудын олон улсын холбооны ээлжит хурлын үед тэд анх уулзалджээ. Дараа нь П.Мээрцийг Монголд урьж зочлоод, курс хүссэн байна. Меерц нь асуудлыг Засгийн газартаа тавиад курс бүтээлгэчихэж. Гэхдээ ганц монголчуудад бус, СССР-ээс салаад дөнгөж тусгаар тогтнолоо олж буй Төв Азийн 5 улсыг нэмээд нэг курс болгоё гэж шийджээ. Энэ курс 1994 оноос  тасралтгүй явж байгаа. Сүүлд афганчууд нэмэгдсэн сураг байна лээ. Жилдээ 25-30 хүн аваад байсныг бодоход тоогоо алдсан байх. Энэ буянтай үйлсийг проф. Ж.Баясах эхлүүлсэн юм шүү гэдгийг шударга ёсны нэрийн өмнөөс дараа дараа очих монголчуудад сануулах нь зүйтэй болов уу.
Нидерланд орны тухай анхны сэтгэгдэл маань бол, анх Схиполийн (Амстердамын) нисэх онгоцны буудалд буугаад салхин сэнс, далан, суваг шуудуу, авто замын сүлжээг нь олж харсан юм. Нутаг дэвсгэрийнх нь 3-ны 1 гаруй  нь далайгаас цухуйсан хуурай газрыг (40% далайн түвшингээс доор) далангаар хашиж авсан нутаг эзэлдэг. Тиймдээ ч далайн эрэг рүү явахад уулаад өгсөж байгаа мэт явж хүрдэг. Тэгэхдээ өндөр уул гэхээр юм бараг байхгүй. Германтай хиллэдэг хэсгээр хэсэгхэн уул байна лээ. Энэ орны имиж пейзаж нь үндсэндээ тюльпан цэцэг, салхин сэнс хоёр л доо. Бүр 1740 онд босгосон салхин сэнс ч ажиллаж байх шиг. 1593 онд нээсэн тюльпан цэцгийн парк одоо болтол ажиллаж 1500 төрлийн цэцэг ургуулж экспортолж байх юм.

Бид, манай тэр курс анхных нь байсан учраас бүх юм шинэ сэргэг, зочлуулж хүндлүүлж, тусгай эрх дарх эдлэх гэдэг нь заримдаа доозноосоо хэтэрсэн ч болов уу гэж боддог юм. Лав миний баттай мэдэж байгаагаар бол бид бол Хаага хотын түүхнээ  удаан хугацаагаар зочилсон анхны монголчууд нь юм билээ.

Манай курсын нээлт хаалтыг тохиолдуулж ГХЯ нь оролцсон дипломат хүлээн авалт хүртэл зохион байгуулж байлаа. Элчин сайд нар нь ирчихсэн. Брюсселиэс Элчин сайд Ж.Ганибал ёслолын "Вольво" машинаа хөлөглөөд өөрөө жолоодоод ирж бидэнтэй учирч байв. Хүлээн авалт тараад бид хэдийг аваад Амстердам хоттой танилцуулахаар авч яваад, өөрөө газарчлан олон газраар оруулаад бүр пиводоод салж байсан нь эрхэм хүндлэлийн илэрхийлэл байлаа.
    
Очоод хоёр хоноод байтал Мээрц захирал бид хэдийг аваад "Мадуродам" хэмээх минятюр хотхоныг үзүүлсэн юм. Голланд орон бүхэлдээ макетаар (1:25) байна. Үнэхээр үзээд ханашгүй. Хүүхдээ аваад очиход бүтэн өдөр үзээд ч хүүхэд хорогдоод явахааргүй газар бий дээ. Би хожим нь 2000 онд Хаагад найз Д.Ганбаатарындаа зочилж байхдаа охиноо дагуулж хэргээр тийшээ очоод тэнд өнжиж байсан юм. "Мадуродам"-д зочилсны дараа тэр орноор аялахад бүх юм аяндаа танил болоод нэг л дотно байх шиг санагддаг юм.

Бид тэнд 1994 онд суралцахдаа Нидерландаар хөндлөн гулд, нэвт аялсан даа. Хаага,  Амстердам,  Дельфт, Роттердам, Утрехт, Ваагенинген гээд олон хотоор явж их ч юм үзсэн. Хувиараа ч би Амстердамаар сайтар зугаалсан. Тэр орныг гайгүй сайн мэддэг тулдаа 1999-2000 онд хэргээр гэр бүлээ аваад Нью Делигээс тийшээ очиж, амрангаа үзсэнээ үзүүлж,  газарчилж явлаа.

Хаага хотод 4 эрэгтэй монголыг "Свеелинк страат-1" гудамжны 70-р байшинд, Өмнөд Африкаас ирж суурьшсан буур (өмнөд африк дахь дач хүмүүсийг тэгж нэрлэдэг) айлын 4 ба 5-р давхарт суулгаж байв. Тэднийх доод 3 давхартаа, бид дээд давтхарт нь, Гансүх бид хоёр дээд мансардад, Оч, Баатархүү нар тэр айлын дээд давхарт. Хачин тохилог айл байсан. Бидний гэр орныг 7 хоногтоо нэг удаа цэвэрлээд цагаан хэрэглэл солиод өгдөг африк зарцтай. Сарын цалин гэж 970 гульден өгнө. Нийлж байгаад хүнсээ авчихна. Ялангуяа ням гаригт хүнсний зах тарах алдад очоод хүнсийг бөөндөнө. Тэр үед 30 ширхэг өндөг 5-хан гульден гэдэг нь идээд барагдах юм биш, Улаанбаатарын захын үнээс бараг 10 дахин доогуур байсан юм уу даа. Шарсан бүтэн тахиа мөн 5 гульден, кило төмс 1 гульден гэхчлэн. Хоол хүнсээр дэндүү  тансаглаж байлаа. Тэр үед Монголд хэцүүхэн байсан л даа. Тиймдээ ч манай Гансүх идэж идэж цадчихаад "Хөөрхий, нөгөө муу хоёроо л өрөвдөх юм даа" гэж ирээд л гасалдагсан. Эхнэр охин хоёр нь Амгаланд хашаанд аж төрөөд үлдсэнийг хэлж байна.

Бидний замын зардлыг Клингендаль төлнө. Бүх төрлийн нийтийн унаанд явдаг тийз аваад өгчихнө. Манай гудамжнаас далайн эрэг ороход трамвайны 3 буудал. Схевенинген гэж жижиг боомт, наран шарлагын газар бий. Хотын төв  ороход 15 минут алхчихна. Би төөрнө гэж байхгүй. Тэр хэддээ газарчлаад, замчлаад л урд нь ороод жороолоод байх нь тэр. Британийн ЭСЯ-ны зөвлөхийн өргөөнд хүлээн авалтад орчихоод  бүгд нэлээд халчихсан алхахад тэр хэд маань надад эргэлзэж байв. Би ч гэрээ түвэггүй олоод очиход тэр гурав гайхаад л.

Очсоны дараахи эхний 7 хоног нь нутаг оронтой танилцах, дасах, чиг баримжаагаа олох, хоёр ба 4 дэх 7 хоног нь глобал ба бүс нутгийн асуудлаар тархиа цэнэглэх, гурав дахь 7 хоног нь зах зээлийн эдийн засгийн шинэхэн мэдлэгт суралцах,  5 дахь 7 хоног нь олон улсын эдийн засгийн харилцаанд гэгээрэх, 6 дахь 7 хоног нь засаглал ба эдийн бодлогоор хичээллэх, 7 дахь 7 хоног нь хөгжил ба бүс нутгийн хамтын ажиллагааны  талаар цэнэглэгдэх, 8 дахь 7 хоног нь Өрнөд Европын ирээдүйн төлөвийг тандах төсөөлөх, 9 дэх 7 хоног нь хямралыг зохицуулах дипломат бодлогод суралцаад сурснаа эргэж дүгнэх гэсэн маш оновчтой хөтөлбөртэйгээр бид 2 сар хагасыг үдэх ёстой ажээ. Ингэхдээ онол практикийг хослуулах, ярилцлага мэтгэлцээн хийх, идэвхтэй аялах, улс  орон, баруун европтой танилцах дадлага зэргийг оновчтой хэлбэрээр зохицуулсан байв. Дач профессоруудын эрдэм мэдлэг, чадвар, эвсэг найрсаг занг бишгүй нэг бишэрч, хүндэлж  явлаа. Бидний хөтөлбөр (Төв ба Дорнод Европын хөтөлбөр) хариуцсан зохицуулагч доктор Ричард Жонес, хатагтай Хенрис Виттенхорст нар үнэхээр сэтгэлээсээ зүтгэж тусалж дэмжиж байсныг тэмдэглэх нь зүйтэй.  

Хаага бол тэр улсын улс төрийн нийслэл нь. Хатан хааны гэр бүл, Засгийн газар, парламент бүхэлдээ тэнд байрлана. НҮБ-ын Олон улсын шүүх, дипломат корпус бүхэлдээ тэнд бий. Химийн зэвсэг хориглох олон улсын байгууллага (OPCW) сүүлд энд байрлах болсон. Миний хоёр найз Д.Ганбаатар, М.Хүрлээ нар тэнд ажиллаж байснаас би дахинтаа Хаагад зочлох хүсэл 1999  онд ундарсан юм.
   
Ер нь Хаага бол нэн амгалан, дуу чимээгүй хот. Хааяа нэг машин явж харагдахаас, гудамжинд нь хүн явна гэж байхгүй, эл хуль. Харин араб хороолол, хүнсний зах руу очвол хүн язганаж байна. Эндхийн архитектур гэж гайхмаар. Уламжлал шинэчлэл гэж хосолсон. Биннехоф талбай, парламентын эртний барилга, Маурицхейс музейг биднийг очмогц л үзүүлсэн. Тэр музейд нь Рембрант, Рубенс, Жохэйннс Вермер, Ван Дейк, Франц Халс, Винсент ван Гог, Пиет Мондриан, Мауриц Еше гээд ардартай зураачдынх нь хөрөг зураг, байгалийн зураг дүүрэн. Ер нь Нидерландыг зураачдын өлгий нутаг ч гэж ярьдаг. Зураачдаараа дэлхийн алдартай. "Алтан зуун" хэмээн тэр зураачдын үеийг нэрлэдэг юм билээ. Бид бас Дельфт гэж эртний хоттой танилцсан. Хаагатай бараг залгаа байдаг хот. Эртнийхээ төрхийг хадгалсан, тус улсын хамгийн сайхан хот гэж ярина лээ.  Ер нь Нидерландад түүхэн эртний хот суурин 20 гаруй бий. 

Амстердам хот руу Рейкс музей (1885 онд байгуулагдсан, XV-XVII зууны фламандын уран зургууд), далайн тээврийн музей үзүүлэхээр биднийг хэргээр авч явлаа. Рейксмузеум бол хамгийн том нь болов уу. Энд уран зураг, урлагийн хамаг цуглуулга нь, түүний дотор дэлхийн урлагт хүндтэй байр эзэлдэг бүтээлүүд байдаг юм билээ. Үзээд баршгүй. Биднийг тэнд усан сувгаар аялуулж, далай дээр хөлөг онгоцонд үдийн зоог барилаа. Хотын нэр нь "Амстел гол дээрхи далан" гэсэн фламанд үг юм байна. Амстел гэхлээр манайханд нэгэн төрлийн пиво санаанд орж болох. Тэр пивийг анхлан эндхийн усаар нэрж байсан юм уу даа. Амстердам нь  албан ёсны нийслэл, санхүү, соёлын төв гэх боловч Шинэ Вавилон, Умард Венец гэсэн нэрээрээ алдаршжээ. Хотын усан сувгийн урт нь 100 гаран км, 1000 гаран том жижиг гүүртэй, усан тээвэр гэж энд л байх шиг.

Би дараа нь бямба гаригт ганцаараа дахин тэр хотыг зорьж алдарт Мадам Тюссо музей, Рембрантын музей, секс музейг үзэхээр хэргээр очсон юм. Хэрэв цаг зав гарсан бол "Хейнекен" пивоны музей, гашиш марихуаны музейг (хар тамхины) үзэх юм билээ. Төв вокзалын эсрэг зүүн өмнө талд нөгөөх "Улаан дэнлүүний" бүхэл бүтэн хороолол байна. Тэнд дэлхийд хосгүй гэж өөрсдөө нэрлэдэг хоёр том секс музейг үзсэн. Хуримлаж байгаа залуу хосуудыг заавал түүгээр оруулдаг юм уу гэмээр баахан хуримтай таарч байв. Амстердамын төвд хааны ордоны харалдаа Мадам Тюссо нь бий. Хожим Лондон, Берлиний тийм музейг нь үзэхэд Амстердамынх илүү юм шиг санагдсан. Энэ хот бас нийгмийн аядуу бодлогоороо алдартай. Хүний эрх, эрх чөлөөг ёстой зоргоор нь хаях шиг болжээ. Мансууруулах бодис зохих тунгаар хэрэглэхийг зөвшөөрчээ. Кофишооп гэдэг нь дан хар тамхи татах газрууд, "Улаан дэнлүү"-тэй зэрэгцээд ярайж байлаа. Роттердам хот бидний хувьд бас танил. Бид суралцсан, аялсан гээд тэнд лав 10 хоногийг авсан байх. Европын хамгийн том боомт хот, Рейн мөрний адагт яг далай руу цутгах бэлчирт байдаг. Боомтооор нь танилцах аялал хийж явлаа. Нэг сумаар хоёр туулай гэдэг шиг бид бас Нидерландын Роттердам хотын Эрасмус их сургуульд (Erasmus University) “Зах зээлийн эдийн засгийн асуудлууд” сэдэвт курсыг давхар төгсгөсөн юм.

Одоо курс рүүгээ орж ярья. Монголоос 5, Казахстан, Киргизстан, Тажикистанаас тус бүр 4, Туркменистан, Узбекистанаас тус бүр 3, нийт 23-уулаа очсон байлаа. Бид бараг бүгдээрээ анх удаа Баруун Европт бүтэн 2 сар хагасын хугацаагаар хөл тавьж байгаа юм чинь очсон газраа баримжаагаа зөв олох, орчиндоо дасахаас эхлээд биеэ зөв авч явах, иргэдтэй нь харилцах, түрээсийнх нь байранд зөв амьдрах гээд юм юмыг сурах хэрэг гарна. Миний хувьд түүн дээр барьц алдана гэх биш, манай хэд ч гадаадад нэлээд явж юм үзсэн тул туршлагатай, монголчуудын хувьд хэл ам татлаагүй. Харин Төв Азийнхан маань биднийг, институтынхныг мөн ч их шарлаасан даа хөөрхийс, улс нь тусгаар тогтноод удаагүй, боловсон хүчингүй, хэцүү л байсан байх. Одоо бол өөр болсон нь мэдээж. Бараг бидэндээ заах биз.

Тэд ч, бид ч ядуу улсын төлөөлөгчид, гэлээ гээд бүх булайгаа ядуугаараа таглаад байж боломгүй. Адаглаад л институтын хувилах машинаас тэд боодол боодлоор нь бичгийн цагаан цаас дэлсээд байх нь тэр. Манай гадаад яам даалгасан юм аа гэж бидэнд учирлаад л. Тэгсэн хэрнээ Economics гээд 300-аад гульденгийн эдийн засгийн сурах бичиг институтээс бэлэглэснийг нь хогонд хаяхаар авч явахад нь би замаас авч МУИС-даа авчирч байв. Мөнгөндөө нарийлаад төмс, банаанаас өөр юу ч идэхгүй, чанасан төмс авчирч гуанзанд идэж байгаад надад хөөгдөнө. Тажик хүүхэн (ГХЯ-ны хэлтсийн дарга шүү) байнга өлсгөлөн явсаар байгаад Британийн ЭСЯ-наас бидэнд зориулж хийсэн хүлээн авалт дээр гэнэт их идээд, архи уугаад тасраад уначихсан, хивсэн дээр нь бөөлжөөд, маргааш нь надад үхтлээ загнуулаад тэр булайгаа улс орон нь ядуу, иргэний дайнтай гэдгээр тайлбарлаад л. Нэг киргиз залуу олон хоногоор алга болж Бельги орж,   Антверпен хотын машины зах дээрээс машин олж  ирчихээд "Манай ГХЯ-ны албаны машин" гэж гөрдсөөр байгаад институтын мөнгөөр ачуулчихаж билээ. Танилцах дадлагаар Брюссельд явж байхад киргиз, тажик хоёр хүүхэн зодолдоод бөөн уйлаан майлаан нэг нь гарч давхиад гадуур хоноод. ГХЯ-ных гэсэн мөртлөө НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Асссамблейг ялгахгүй, ичиж зовохгүй асуугаад л. Хичээл дээр хармаагаа ухаж баахан зоос гаргаж ирчихээд байн байн тоолоод л, тэгснээ дэвсгэрт гаргаж ирээд гэрэлд харж ч байх шиг. Монголчуудад илүү цалин өгөөд байна гэж хий хардаад л. Курсын төгсгөлд сурсан заалгаснаараа улс бүр илтгэл тавих болдог. Тэр нь мэдээж гадаад бодлого байж таараа. Гэтэл нөгөөдүүл маань улс орноо танилцуул гэж ойлгосон юм байлгүй, баахан танилуулга бэлтгэж ирээд, бас дунд нь дуу шүлэг оруулчихсан элдэвлэж байнаа. Үнэхээр л шинэдэж байсан даа, хөөрхий. Тусгаар тогтнолын туршлага байхгүй гэдгээр нь хаа хаанаа цайруулсан байх.

Бид төгсөхөөсөө 10 хоногийн өмнө Евротуур гэдгийг хийдэг практиктай. Сурсан мэдсэнээ Европын Холбоо, Европын парламент, НАТО, ЮНЕСКО дээр очиж биечлэн танилцаж, мэдлэгээ арвижуулах дадлагын ажил хэмээн ойлгож болно. Ингээд Европын Холбооны нийслэл Брюсселийг 6 дугаар сарын 13-нд зорив. Хотоор зугаалаад байх цаг зав гарсангүй. Ямар ч гэсэн хотын нэрийн хуудас болдог  М-Манекен-Пис ("Шээж байгаа хүү") хэмээх XVII баримал бүхий усан оргилуурыг үзлээ. Үндэстний ордон (парламент), Атомиумом хэмээх цамхагт авчаачлаа. Төмрийн хэдэн сая молекулыг томруулж загвар болгож цамхгийг хийжээ. Ойролцоо нь "Мини-Европа" (2.5 га) хэмээх парк байна лээ. Энэ удаа зав байхгүй тул гаднаас нь харууллаа. Харин гэр бүлээрээ 1999 онд очихдоо бид нөхөж үзсэн юм. Хаагын "Мадуродам" хэмээх минятюр хотхон лугаа нийт Европ макет хэлбэрээр байна.

Биднийг Европын Комисс дээр бүтэн өдрөөр хүлээн авч, видео танилцуулга ярилцлага хийсний дараа данийн төлөөлөгч нь үдийн зоог барив. Дандаа л Комиссар, Ерөнхий захирал, түүний орлогч гээд том тушаалын хүмүүс бидэнд лекцэллээ. Орой нь бельгийн нэг дипломатч нь 5 монголыг сугалж авч үлдээд тусад нь оройн зоогт уриадахсан чинь Төв Азийнхны хардлагыг төрүүлсэн, хэл амтай явдал болов. Биднийг хотын захиргааны дэргэдэх төв талбайд зугаалуулж, дараа нь пивонд урив. Тэнд час улаан пивоор дайлна лээ. Маргааш нь НАТО-гийн төвд (Цэргийн штаб нь биш. Цэргийн командлал нь Монс хотод тусдаа) өнжиж, Энхийг сахиулах ажиллагаа, Энхийн төлөө түншлэлийн талаар  ярилцаж, видео танилцуулга үзүүлэв. Тэнд туркийн төлөөлөгч нэг эмэгтэй үдийн зоог барив. Бид анхдагчид учраас зочны хэмжээнд хүндлүүлж явжээ. Орой нь Элчин сайд Ж.Ганибал ирж гэртээ аваачив. Эргээд иртэл Казахстаны Элчин сайд ирсэн гээд хасагууд өрөөндөө урилаа. Тэнд жинхэнэ бардаак болж байна. Буудлын маань хонгилд тажик, киргиз хоёр хүүхэн үсдэлцээд авчээ. Бөөн хэрүүл хараал, уйлаан майлаан, бид нүүр хийх газаргүй болтлоо ичиж үхэв. Брюссельд хэд хонохдоо энэ мэт сонинтой цаашаа Парис руу хөдөллөө. Үдээс өмнө нь Европын парламентад зочилчихооод үдээс хойш нь тэгж замд гарсан юм.   

Парист биднийг үнэхээр тансаглуулсан. Hotel Alexandra гэдэгт буулгадахсан чинь тэр нь нөгөө алдарт улаан сэнс бүхий салхин тээрэм байдаг их хөлийн гудамны аман дээр, дээшхэнээ өгсвөл Монмартр уулын орой дээр Ариун гэгээний сүм (Сакре-Кёр) дүнхийж байна. Тэндээс бүх Парис гарын алган дээр байгаа аятай харагдана. Очсоныхоо маргааш орой нь буудлаасаа гараад нуруугаа үүрээд чигээрээ доошоо алхаад 20 гаруй минут явтал нөгөө нэг алдартай Лувр хэмээх музей руу ороод ирлээ. Баруун гар тийш эргээд жаахан алхвал Чампс Елисис (Champs-Йlysйes) буюу Елисейн тал гэдэг гол гудамжны өнцөгт хүрчих бололтой юм.

Сайн зугаалаад аваг гэсэн аятай нэлээд хэдэн өдрийг Парист өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Албан ёсоор зочлох хоёрхон газартай.  ЮНЕСКО, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн олон улсын байгууллага (OECD). Тэр хоёртоо хоёр өдөр зарцууллаа гэхэд цаана нь бүтэн хоёр өдөр гаргаж өгчээ. ЮНЕСКО-д бидэнд Төв Азийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцууллаа. Монголтой ярих юм байхгүй, асуудал байхгүй гээд бид 5-ыг үл тоов. Харин төв байраа хангалттай үзүүлж гадуур дотуургүй аялуулав. Анхлан ороход хашаанд нь бут бүхий хэдэн цэцэрлэг харагдаад байсан нь байшид ороод дээрээс нь хартал тэр бутан дор газар доор олон давхар байшин харагдаж байна. Үнэхээр уран барилгын цогцолбор байлаа. OECD дээр Захиргаа, хүний нөөц хариуцсан Ерөнхий захирал Дэвид Дойле, шилжилтийн эдийн засагтай хамтран ажиллах төвийн дарга Скот Томас нар биднийг хүлээн авч ярилцлага хийж, аудио-видео сэнхрүүлэг хийв. Дараа нь зоог барив. Анхдагчид учраас зочны хэмжээнд хүндлүүлж байгаа бололтой.  

Очсоны орой биднийг аваад Сена мөрнөөр аялууллаа. Нар шингэж байх үеийн Парис, Эйфелийн цамхаг, Нотр-Дам-де-Пари (Дарь эхийн сүм) хачин сайхан харагдаж байна. Тэндээсээ голын нөгөө эрэг дээрхи Трокадеро талбайд аваачлаа. Тэндээс нар шингэж байх үеийн  Эйфель маш гоёмсог харагдаж байна. Маргааш нь Чампс Елисис гэдэг гол гудамжаар авч давхиад Эйфелийн цамхаг (Eiffel) дээр аваад ирлээ. Ийм нарийн техникийн шийдлийг 1889 онд яаж хийсэн юм гэмээр 300 гаруй метр өндөр цамхаг байна.  Цамхгийн орой дээрээс бүх Парис хот гарын алган дээр байна. Ла Дефанс гэж орчин үеийн бизнесийн төв ногоорч гэрэлтээд сүртэй харагдана. Чампс Елисис гудамжаараа яваад Ялалтын арк (Voie Triomphale) гэдэг рүү хүрээд очно. Тэр нь Шарль де Голлийн талбайн (l"Etoile) голд байрлах ба тэндээс 12 гудамж салбарладаг аж. Дараа өдөр нь Galeries Lafayette,  Printemps гээд худалдаа арилжааны гудамжуудаар явууллаа. Парис хот сэтгэлд орж хоногшчихоод 2000 оныг, XXI зууныг  заавал тэнд угтах минь гэсэн хүсэлдээ хөтлөгдөөд эхнэр охин хоёроо Нью Делигээс дагуулаад Элчин сайд Г.Луузангийн урилгаар дахинтаа Парист очсон ба яг тэр маршрутаараа би өөрөө газарчлаад 10-аад хоногоор аялаж,  Луврт бүтэн өдөржин саатаж байлаа.

Нидерландад суралцаж, Европоор аяласных би хоёр сертификаттай хоосон хоцроогүй, сертификатуудаа чулуу болгохыг зорьсон юм. 1995 онд "Дэлхийн бодлого ба олон улсын харилцаа: 90-ээд оны үндсэн хандлага" судалгааны зохиолоо бичихдээ  Клингендалиас авчирсан тэр их ном,  хэвлэлийг хангалттай ашиглаж билээ...   

Үргэлжлэл бий
Би: Миний амьдралын тойрог,
НЭПКО,  2009 номынх нь 308-318-р хуудаснаас