ЯГЧИСЫН ХААН САМЖНАЯА /ҮНЭНХҮҮ МЭДЭЛТ/-ИЙН
АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ.


Нүгэлт үйл бүхнийг хорьж

Ном бусыг тэвчих хийгээд

Амьтан бүгдийг сайн үйлэнд найралдуулан

Ариун тэнгэрийн орон мэт болгохын тулд


Хүний хаан тэр заримдаа хүн дүрээр

Хааяа тэнгэр болон хааяа үнэр идэшт

Хааяа зандалчин ба мангасын ч дүрээр

Хилэнцэт үйлийг буцааж үйлдэнэ.


Харин сайн үйлийг үйлдэгч нарт

Хаан тэрбээр эцэг эх мэт

Тийн боловсорсон үрийг үзүүлэхэд

Тэнгэр бээр хааныг адисласан болой.


Энэ насандаа сайн үйл хийсэн ба

Элдэв гэмийг үйлдэгч нарын

Тийн боловсорсон үрийг үзүүлэхэд

Тэнгэр бээр хааныг адисласан болой.


Харьяа улсад нь гэмт үйлүүд буй атал

Хэрвээ хаан бээр эс хайхарч

Хилэнцийг үйлдэгч төрөлхтөн нарыг

Хувь зохилдсон цаазаар эс тасалж

Тэрсүүд үйлдлүүдийг зөнд нь орхивоос

Тэр цагт ном бус машид арвидна.


Тэмцэл болон башир хэргүүд

Тэр улсад хойшид ихсэж

Гучин гурван тэнгэрийн оронд

Тэнгэрийн эрхэт хямрах болно.


Харьяа улсад нь гэмт үйлдлүүд оршивч

Хэрвээ хаан бээр эс хайхарваас

Тэр цагт барагдашгүй башир хуурмаг

Тэсвэрлэшгүй олноор улс эвдрэх болно.


Тэрсүүд дайснууд довтлон халдаж

Тэрхүү улсыг нэн түйвээнэ

Төгс эдлэл болон язгуур ч эвдэрнэ.

Хураасан хөрөнгө алин байхнаа ч

Хуурамч баширтай олон үйлээр

Харилцан нэг нэгнээсээ булаах болно.


Аль нэгэн аргаар хаан өрөө

Амирлуулж түүнийг эс үйлдвээс

Их заанууд цөөрмийг эвдэх мэт

Өөрийн орныг нэн эвдэнэ.


Аймшигт догшин салхи босож

Аюулт их үер бууна.

Нар ба саран болон

Гараг одууд догшрох болно.


Хаан нь хайхралгүй зөнд нь орхивоос

Хөрөнгө, ногоо, үр жимс

Гүйцэд боловсрох хийгээд

Ган зуд үргэлжлэх болно.


Харьяа улсад нь гэмт үйлүүд оршивч

Хэрвээ хаан бээр эс хайхарваас

Тэр цагт тэнгэрүүд орондоо

Сэтгэл нь баясгалан үгүй болно.


Эрхэт тэнгэрийн хаан тэд бүгд

“Энэ хаан ном төгөлдөр бус бөгөөд

Эгнэгт ном бусын зүгт оршиж байна” хэмээн

Өөр хоорондоо хэлэлцэх болно.


Тэр хаан бээр өнө удалгүй

Тэнгэр нарыг хямруулах болно.

Тэнгэр нар машид хямарснаар

Түүний улс нь нэн их эвдэрнэ.


Зохисгүй зүйлүүд тэр оронд гарч

Зэвсэг мэсээр ч эвдрэх болно.

Өөдгүй башир ба тэмцэл хийгээд

Өвчин бүхэн ч тархах болно.


Тэнгэрийн эрхэтүүд машид уурлаж 

Тэтгэхээ болин хясалд орхино.

Тэр орон нь аюулд нэрвэгдэж

Тэрхүү хаан бээр гасланг амсана.


Ах дүү юм уу эсвэл хүү

Асралт садан лугаа хагацах болно.

Үзэсгэлэнт эхнэр лугаа хагацах болно

Эсвэл охин нь үхэх болно.


Тэдний од нь ч унах болъюу

Түүнчлэн наран адил гарах болно.

Гадны дайсны цэрэг хийгээд

Ган зуд машид гарах болно.


Түүний хайрт заан хийгээд

Түшиглэх түшмэд нь ч үгүй болно.

Түүний дараа хурдан хүлэг

Энхрий тэд нь ч үхэх болно.


Гэр болон эд зүйлсүүдийг ч

Гэнэдүүлж харилцан булаалдах болно.

Газар газарт ирт мэсээр

Гэнэт бие биенээ хөнөөх болно.


Гэмт хэрүүл тэмцэл башир хуурмаг

Газар нутаг бүрт гарах болж

Эргэн тойронд ад зэтгэр шургалж

Эдгэшгүй өвчнүүд ч гарах болно.


Түүний дараа өглөгийн орон нь ч

Ном лугаа төгөлдөр бус болно.

Түүний нөхөд болон түшмэдүүд нь 

Ном лугаа төгөлдөр бус болно.


Түүний хойно ном лугаа төгөлдөр бус

Төрөлхтөн тэдгээрийг тахих болно.

Үнэнхүү ном төгс хүмүүсийг

Үргэлж цаазаар таслах болно.


Номгүй хуурамчуудыг өргөн хүндэлж

Номт мэргэдийг өшлөн цаазалснаар

Тэрхүү нутагт ус, гараг, салхи

Тэр гурав нэн хямрах болно.


Дээр нь номгүй төрөлхтөн эзэлсэн тул

Дээдийн номын шимт туяа

Амьтны өнгө, зүс, газрын шим

Алин тэр гурав нэн эвдэрнэ.


Саар муу төрөлхтнийг машид хүндэлж

Сайн дээдсийг гүтгэн муулсан тул

Гутамшигт үхэл, хэл ам, ган зуд

Гурван зүйл тэр оронд гарах болно.


Үр тариа, жимс биеийн өнгө

Үүний хойно үгүй болох болно.

Өвчинд нэрвэгдсэн олон амьтад

Орон нутгуудаар гарах болно.


Амттай бөгөөд үржилтэй үр жимс

Алин нугуудад байх боловч

Хяруу болон халуун наранд

Хатан шамшаагдах ямагт болно.


Баясгалант тоглоом наадгай хийгээд

Урьдын баясгалант бүх зүйлд

Баясах нь доройтож үл баясах болж

Олон нисванисаар нэн хямрах болно.