Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй!
Бид тайван замаар дарангуйллын дэглэмээс салсан шигээ тайван замаар дарангуйллын тогтолцоо руугаа буцаж явна.
Ардчилсан намын гишүүддээ!
Бид тайван замаар дарангуйллын дэглэмээс салсан шигээ тайван замаар дарангуйллын тогтолцоо руугаа буцаж явна.
Манай намын дарга С.Эрдэнэ Баянхонгор аймгийн намын гишүүдтэй уулзах үеэрээ “...Өнгөрсөн сонгуулиар олон сонгогчид, тэр дундаа олон гишүүд маань 50.000 төгрөгөөр саналаа худалдлаа...” гээд “...удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно..., ...Тэдний тарааж байгаа мөнгийг нь ав. ...Харин саналаа л өөрийнхөөрөө өг” гэж уриалж бас учирлаж байна.
Гэвч “Мөнгийг нь авсан ч өөрийнхөөрөө саналаа өг” гэх нь шинэ зүйл огт биш төдийгүй үр дүнгүй ажил болохыг өмнөх сонгуулиуд нотолсон юм. Сонгогч мөнгө авсан л бол итгэл үнэмшлээрээ сонголт хийдэггүй нь харагдсан.
2016 оны Улсын Их хурал, аймаг нийслэлийн сонгуулийн үеэр Монгол Ардын намын дарга М.Энхболд төрийн албыг зарах замаар 60 тэрбум төгрөг босгон сонгуульдаа ашиглах тухай хэлэлцэж буй бичлэг ил болсныг та бүхэн мэднэ. Энэ тоо зөвхөн нийслэл дэх засгийн эрхийг худалдан авах үнэ гэдгийг анхаарна уу. Цаана нь Улсын Их хурал, аймгуудын эрхийг худалдан авах мөнгөн дүнгийн хэмжээ ямар гарах нь ойлгомжтой. Тэр их хэмжээний мөнгөөр амьжиргааны төвшин доогуур иргэдийн саналыг худалдаж авах, сонгуулийн ажилтнуудад нөлөөлөх зэрэг маш их хэмжээний хууль бус үйл ажиллагаагаа санхүүжүүлсэн. Түүгээр ч барахгүй санал тоолох машины дүнг хакердсаны хөлсийг төлөхөд зарцуулсан байж болзошгүй гэх яриа байдаг. Хар машиныг хакердах явдал олон улсын асуудал болсон юм. Ямар ч атугай, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад шаардлагатай тооны гишүүд нэг намаас сонгогдсон нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
Тухайн үед Ардчилсан нам 60 тэрбум төгрөгөөр төрийн эрхийг худалдан авах энэ хэргийг шалгуулж, гэмт этгээдэд хариуцлага тооцохыг шаардан үүнээс нааш сонгуульд оролцохгүй байх бойкот зарлан зогсоох ёстой байв. Харамсалтай нь зарчим, хууль ёсоо гэх сэтгэл зориг бидэнд дутаж, хий горьдлого, анзааргагүй байдалдаа хөтлөгдсөн. Нэгэнт Ардчилсан нам дээрх шаардлагаа тавилгүй санал хураалтанд оролцчихсон учир дүн гарсны дараа “ниргэсэн хойно хашгирав” гэгч болох нь ойлгомжтой. Ийнхүү Ардын намын хууль бусаар төрийн эрх мэдлийг авах явдлыг Ардчилсан нам сонгуулийн оролцоогоороо зүй ёсны болгож өгсөн юм.
Төрийн эрх мэдлийг хууль бусаар авч болдогт эрэмшсэн М.Энхболдтонгууд улам бүр даварч, сум, дүүргийн сонгуульд Ардчилсан нам илтэд ялчихаад байхад хүртэл хүч хэрэглэн засгийн эрх булааж авах болов. Энэ мэт эрээ цээрээгүй аашилж байгааг Баянзүрх дүүрэгт болсон хэрэг явдал ард түмэнд харуулж, ардчилсан засаглал аюулд орсон болохыг баталсан.
Одоогийн байдлаар бид нэг аймаг 80 орчим суманд сонгуулийн ялалтаа булаалгаад байна.
Манай намын даргын Баянхонгор аймагт хэлсэн үг үнэн. Энхболдтон сурсан зангаараа энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд луйврын сүлжээгээ дахин ажиллуулахаар бэлтгэлээ хийжээ. Саяхан хийсэн өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаатай зэрэгцүүлэн хэн хаашаа санал өгөх гэж байгааг тандан тогтоосон байна. Нэг ёсондоо санал худалдаж авах хийгээд дэмжигчдийнхээ оролцоог маневрлах “газрын зураглал”-аа гаргаж амжсан гэсэн үг. Тэд компаниудыг дарамтлан өмнөх сонгуулиар босгосноосоо ч асар их хэмжээний мөнгийг босгож нэр дэвшилт эхлээ ч үгүй байхад орон нутагт ажиллах төлөөлөгчдөө илгээжээ.
Эрх баригчид сонгуулийн дүнг луйвардаж авахаар хэдийнээ шийдээд бэлтгэлээ хангачихаад байхад Ардчилсан нам энэ сонгуульд оролцох нь зөв үү? Буруу шүү дээ! Хулгай хийлцэхэд оролцчихоод дараа нь хулгай хийлээ гэж орилох нь “хам хэрэгтнээс”-ээ тохиролцсон зүйлээ авч чадаагүй гомдол төдий үйлдэл мэт харагдана.
Ийм учраас Ардчилсан нам одоо болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцвол төрийн эрх мэдлийг хууль зөрчин, Үндсэн хуулийн бус замаар авдаг Ардын намын гэмт үйлдлийг дахин хууль ёсны, зүй ёсны болгож өгнө.
Үүгээр ч зогсохгүй Ардчилсан нам хагарч бутарахад хүрнэ.
Улмаар тайван замаар дарангуйлал руу явах үүд хаалгыг нээж өгнө гэсэн үг. Тийм учраас бид Ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлох хэрэгтэй!
Бойкотлоод ч зогсохгүй луйврын төрийг төрүүлэн бойжуулж байгаа одоогийн тогтолцоог ч халах ёстой. Ингэхийн тулд иргэндээ засгийн бүх эрхийг бодитойгоор олгосон “Ардын Их Хурал” төвтэй төрийн тогтолцоо руу шилжихийн төлөө хамтдаа тэмцэцгээе!
Тайван замаар дарангуйлал руу шилжих явцыг зогсоож чадах бидний цор ганц зам энэ юм!