Төрийн хан юмс
Манай орон сайхан уламжлалтай. Ингээд эхлэхээр нэг юмыг магтах гээд байгаа нь мэдэгдээд иржээгаа биз. Тиим.
Ингээд бодохоор төр бол “оргүйд орвол охинтой” гэсэн ойлголттой, юмыг “тал нь хаачив” энэ ээ тэрээ гэж хэл ам уддаггүй амар нэгэн болтой юм.
За бүр Чингэс хааны үед бол гарын дорхи материал ашиглаад мориныхоо сүүлнээс хэдийг зүүгээд өгчихдөг байсан байна. Чухам энэ үеэс л бид төрөө “материал голдоггүй” , ядарсан цагт Дулмаагаар ч аргалчихдаг болгож хүмүүжүүлсэн байгаа юм. Ер нь нүүдэлчдийн сурган хүмүүжүүлэх ухаан тусдаа шүү, тусдаа.
Тэгсэн атлаа төр маань абсраакт маягийн юманд их дуртай дагаа. Одоо тэр есөн хөлт цагаан туг байна. Үзээгүй хүнд бол сондгой хөлтэй хачин австраакт аалз маягийн юм санаанд бууна. Очоод үзэхээр ганц ч хөл байхгүй. Далии малий эд нар манай урчуудын хороонд байсан болжгэм төрийн хамаг “хан” юмыг зохиогоод өгчихсөн, энгэртээ гавъяатын тэмдэг хадчихсан алхаж явах нь дамжиггүй. Тэгээд “Аугаа суутан байхын тулд нэгдүгээрт Далии гэдэг нэртэй байх ёстой, хоёрдугаарт Монгол улсын соёлын гавьяат болох учиртай” гэх байсан биз.
Сүүлд бид төрдөө сүлд хийж өгөхдөө өнөө мал хунарыг бөгсийг нэмэх нь бүү хэл толгойг нь хасаад морийг нь абстраакт гэхэд абртраакт биш, биш гэхэд бас биш нэг тийм “хан” морь хийгээд үлдээсэн. Олон таван үггүй хүлээгээд л авсан даа.
Төрийн хан хуур гэснээс үлгэрлээд нийслэл хан хууртай болж байгаа юм байна. Сая нийслэлийн өдрөөр тэрийгээ цэнгүүлж байна. Цаашдаа дүүрэг хороо, гудамж бүр өөрийн гэсэн хан хууртай болох нь дамжиггүй. Ер нь траншейнд суугаа иргэд өөрийн хан хууртай байж болохгүй гэж хэн хэлсэн юм бэ. Бодитой бүхэн зүй зохистой гэж Гээгэль сургасан юм гэсэн. Ер нь энхтайвны өргөн чөлөөнд “Төрийн хан траншей” нэгийн зэрэг байж яагаад болохгүй гэж. Жилд нэг удаа төрийн томчуул тэндээ хонож “төрийн хан траншей цэнгүүлэх” ёслол хийнэ л биз. Бусад цагт цоожилчихож болно.
Хан гэснээс ярих юм их гараад байна. Төрийн хан юмс ганц нэг хуур, хар цагаан сүлд гэсхийгээд дуусч байгаа нь манай эдийн засагт нөлөөлөөд. Манай эдийн засаг ганхахаар Азийн биржүүд донслоод, Азийн бирж донсолсон биш Америкийн санхүү нураад байгаа юм биш үү,
За яахав, хан хуур байгаагийн хүчинд соёл урлаг цэцэглээд байдаг юм байж. Бүх цэргийн хар сүлд байгаагийн хүчинд энд, тэнд энхийг сахиулаад, энх тайвны цагаан сүлдтэйн хүчинд дайнд бүр татагдаад орчихгүй байгаа юм байж.
Гэтэл бид эдийн засаг талаа ерөөсөө бодсонгүй. Төрийн “хан төгрөг” үнэн үгүйлэгдэж байна. Сайхан муухай нь ямар хамаа байхав, томхон далбагар төгрөг хийгээд ордондоо байрлуулье. Бэлэн туршлага байна ш дээ. Одоо шинэ дуу шүлэг зохиогдох нь цөөрөөд, шоу тоглолт хумигдаад ирэхэд бид төрийн хан хуураа цэнгүүлээд л хэвэнд нь оруулчихаж байна. Яг энэн шиг мөнгөний ханш унаад эхэлмэгч л төрийн хан төгрөгөө гаргаж ирээд цэнгүүлээд л үндэсний валютаа чангалаад авна. Сэтгэ л дээ, сэтгэ, таминь. Би л лав та нарыг хүлээлгүй цаашаа сэтгэнэ ээ.
Одоо энэ ерөнхий сайд С.Баяр Атрын гуравдугаар аян зохиох мөртлөө “Төрийн хан улаан буудай” хииж тахиулахаа мартаад байна. Хуучин атрын аянуудын үед төрийн сүлдний хажуу хэсгийг Саратов соортын улаанбуудайгаар ороосон байсан тулдаа л га тутмаас хорин хормой будаа хурааж авч байсан юм шүү дээ. Түүний оронд ерөнхийлөгч Н.Энхбаяр байсан бол ямар сайхан “хан”-лаг юмс зохиох бол оо? Төрийн хан буудай бүтээлгэж аравнайлаад хорин нэгэн аймгаар аялуулан мөргүүлэх ч энүүхэнд. Анхны улаан буудайн чандрыг Меспатомийн хөндийгөөс олоод ирж ч мэднэ. “Хөгжиж байгаа орнууд ба атрын аян” гэдэг олон улсын симпозиум зохион өөрөө ивээх нь гарцаагүй. Харин иимэрхүү “хан” ажилдаа дарагдаад буудай тарихаа мартчих л байхдаа даа.
Өнгөрсөн долдугаар сарын нэгэнд “төрийн хан бороохой”-той байсан ч болоосой. Гаргаж ирээд цэнгүүлэхэд л ямар ч үймээн тарна шүү дээ.
Өвлийн бэлтгэл энээ тэрээ гэж уур, паартай ноцолдохын оронд “төрийн хан дах дэгтий” хийгээд цэнгүүлэх бодол дарга нарын толгойд орохгүй байгааг яалтай.
Сүүлийн үед ДОХ болон бэлгийн замын халдварт өвчин ихсэж байгаа нь үнэхээр сэтгэл түгшээж байна. Энэ үед “төрийн хан гондоом” үнэхээр үгүйлэгдээгүй гэж үү? Төрийн ордондоо нэг сайхан нүнжигтэй “төрийн хан гондоом” хийгээд тавьчихад энэ улс үндэстэн ДОХ болон бэлгийн замын олон өвчнөөс айх юмгүй болно гэхэд эсэргүүцэх хүн гарахгүй гэж бодож байна. Ер нь ёс төрөө бодоод эвхэж далд хийхгүй байх нь дээр байх. Учир иимд төрийн бэлэг эрхтний хэрэгцээ амьдралаас урган гарч байна. Хийгээд л тавьчихвал манайхан дор нь шүтээд эхлэнэ, энэ талаар айлтгүй.
Айлтгүй гэх ч яахав....ингэхэд сэтгэж байгаа юмаа сүүлдээ ойлгохоо байчихлаа. Ер нь сэтгэх их амархан, харин юу сэтгэснээ ойлгох амаргүй гэж үнэн юм байна. За төрийн хан гондоомтой боллоо гэж бодъё. Бас төрийн хан бэлэг эрхтэнтэй боллоо гэж үзье. Харин эднийгээ яаж цэнгүүлэх болж байна аа. Төрийн хан юмсыг чинь цэнгүүлж байж л үр шимийг нь хүртдэг биз дээ.
baabar