Аранга
Орос хүмүүсийн дүр төрх монгол хүний сэтгэл зүрхэнд үргэлж эерэг сайнаар төсөөлөгдөж ирсэн юм.
Орос хүмүүсийн дүр төрх монгол хүний сэтгэл зүрхэнд үргэлж эерэг сайнаар төсөөлөгдөж ирсэн юм. Манжийн эрхшээлийн он жилүүдэд ч тусгаар тогтнолыг нь эргүүлэн сэргээх найдвар тавьсан харцаар умар зүгийг л ширтэж байлаа. ХХ зуунд Монголын тусгаар тогтнолыг эргүүлэн сэргээж, улс үндэстнийг нь суурьшуулан иргэншүүлж өгсөн гол ачтан хэмээн Оросуудын өмнө толгой мэхийж ирсэн билээ. Энэ их ачийн эсрэг зууны их аллага, хүчирхийлэл, комммунист туршилтыг нь хэзээ ч сөргүүлэн тавьдаггүй байв. “Зөвлөлт төрийн толгойд муу хүн байсан учраас хэлмэгдүүлэлт болсон” хэмээн ууч хандаж, “Сталин ч ганцхан манайхныг хөнөөгөөгүй, өөрснийхээ сайхан сайхан улсыг мөнч их хядсан гэж байгаа” гэлцэхдээ “Биднийг гадуурхаж дээрэлхээгүй юм шүү” гэсэн сэтгэлээр цагаатгана. БНМАУ-д (манай улсын хуучин нэр) байсан зөвлөлтийн мэрэгжилтний цадиггүй зан авир, Төрийн тэргүүнийн орос эхнэр Филатовагийн дураараа дургилт, Улаан цэргийнхний танхайрал зэргийг хувь хүний зан чанартай холбон ойлгож “Зарим нэг муу хүн л ингэж байгаагаас биш уг нь цаад оросууд нь бол сайн улс” хэмээн эерүүлнэ. Ер нь бол монголчууд Оросыг муулах нь бүү хэл муугаар бодох ч дургүй үндэстэн байв. Байсан хэрэг шүү дээ. Ингэж байтал 1990 оны ардчилсан хувьсгал гарлаа.
Ардчилсан хүчнийхний ярьсан зүйлсээс явж өгдөггүй нэг юм нь “Зөвлөлтийн эсрэг” үзэл санаа байлаа. Зөвлөлтийнхний монголдд хийсэн коммунист туршилт, аллага, хоёр улсын харилцааны тэгш биш байдал, шударга бусаар тавигдсан их өр зэргийн тухай яриаг ард түмэн нэг чихээр оруулах боловч нөгөө чихээрээ гаргачихдаг байсан. Монголчууд гэнэн хонгортоо ч ингэж байсан юм биш. Тусгаар тогтнол хэмээх эрхэм ариун үйл хэргийг нь бүтээж өгсөн явдлын талархал байлаа. Энэ талархлын төлөө шашин шүтээнд халдсан доромжлол, лам хуврагуудыг нь хядсан аллага, эд хөрөнгийг нь хураасан хүчирхийлэлд ууч сэтгэлээр хандаж байсан хэрэг.
Хоёр.Бахархал идэгч
1990 онд дэлхийн социалист систем задран уналаа. Монголчуудын өмнө ертөнцийн үүд хаалга нээгдлээ. Ялангуяа улс үндэстнийхээ үнэн түүхтэй танилцах боломж гарлаа. Баабараас эхлээд улс үндэстний үнэн түүхийг хэлж өгөх, яг болсныг мэдүүлэх сэхээтнүүд гараад ирлээ. Оросууд монголд хайртайдаа тусгаар тогтнуулаагүй, их гүрнүүдийн ашиг сонирхлынг зөрчил ба огтлолцол, монгол түмний аз заяа гээд олон хүчин зүйлс нөлөөлснийг олж мэдэв. Зөвлөлт бидэнд хэрэг болсноос дутуугүйгээр зөвлөлтөд бид хэрэг болсныг харав. Халхын голд зөвлөлтийнхөн биднийг өмгөөлөн байлдаагүй, харин Орос-Япон хоёр манай газрыг ашиглан байлдсан зэрэг үнэнийг олж мэдэв. Ингэлээ гээд монголчууд орост муу болсонгүй. “Тэгээд яачихаав, Орос ах нар бол сайн улс” гэсэн дүгнэлттэйгээ хоцорч байлаа.
Орос хүн бол өөрөө ядуу гуйрамч байх нь хамаагүй улс орон нь хүчирхэг байхыг аз жаргалд тоолдог хүмүүс. Ер нь хөндлөнгөөс хараад байхад орос хүний иддэг талхыг нэмсэнд орвол “эх орноороо бахархах хөөр баярыг” нь нэмсэн хамаагүй үр дүнтэй. Улаан талбайд хийдэг цэргийн сүрт параад, байн байн дэгддэг “Америкаас илүү бас нэг шинэ зэвсэг Оросууд хийлээ” гэх үнэн худлыг мэдэхгүй цуурхал-мэдээ, газар дээрх казармдаа алба хаадаг боловч “Сансрын цэрэг” (Космическая войска) хэмээх гуншинтай дайчид, үе үе НАТО-гийн хилийг зөрчин дуулиан тарих Оросын бөмбөгдөгч онгоцууд бүгд товарищ Иваны талхан дээр түрхэж буй маасал юм. Энэ бүхнээс орос хүн цээж тэнүүн бахархал авч витамины дутагдлаа нөхөж байдаг ажгуу. Энэ бахархал сонирхолд нь тааруулан улс орныг жолоодсон хүнд Оросын ард түмэн үнэн хайраа өгдөг билээ. Өнөөдөр Оросууд Гүржийг үзэн яддагтаа Абхазаар барьцаалан зовоож байгаа юм биш. Оросын төр байгаа гэдгээ орос хүмүүст харуулах шалтгийг л ашиглаж байгаа юм. Орос нисэх хүчин НАТО-гоос илүү болчихоод дээрэлхээд байгаа юм биш. Оросын төр иргэнийхээ талхан дээр цэрэг-эх оронч бахархалын цөцгий түрхсэн хэрэг. НАТО-гийнхан нь айсандаа урьдаас нь онгоц нисгэхээс өөр хариу барьж чадахгүй юм биш. Оросууд угааасаа НАТО-г айлгах гээгүй, зүгээр л төр нь иргэнээ баярлуулж байгаа шоу гэдгийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Харин нисгэгч нь согтуу явж байгаад бөмбөгөө байг гэхэд онгоцоо унагаачихаж магад учраас дагаж сэргийлж буй хэрэг.
Чухам ийм л юмаар засаглан барьдаг ард түмний ааш араншинд Зөвлөлт холбоот улс ба социалист систем гайхалтай сайхан тохирч байлаа. Оросын ард түмэн дэлхийн хоёрдугаар дайны ялагч ба дэлхийн соцсистемийн толгойлогч гэсэн хоёр бахархлаар коммунист хүчирхийллын бүхий л зовлон гамшгийг туулах сэтгэлийн тэнхээ олж байсан гэхэд болно. 1990 онд социализм нурж, Зөвлөлт холбоот улс тарсан нь орос хүний гараас талхыг нь булаасантай дүйцэх үйл явц боллоо. Орос хүний хувьд Монголоос эхлээд олон үндэстэн өөрсдийнх нь хүчинд л хорвоод оршин тогтнож байгаа гэдэгт үнэмшиж, тэдэндээ хүндлүүлж, аврагч Христ царайлж явах нь жаргал байсан хэрэг. Үндэсгүй ч биш юм.
Гурав. Гомдсондоо болоод гомдоогч
Социалист системийн задрал олон орныг оросын ивээлээс гаргалаа. Ивээлээс гарсан биш хүлээсээ тасалсан үндэстнүүд эрх чөлөөтэйгээ учирч Оросуудад бөхөлзөхөө болилоо. Хамгийн том гомдлын бай нь монголчууд болсон болтой юм. Яг л өөрийнх нь чукоткийн хойгийн ард түмэн шиг хавтгай хамартай Монголчууд хил гаалиар эрх дураараа орж ирэх нь тэр. Өөрийн гэсэн паспортоо барьчихсан Америкаа байг гэхэд солонгос, японтой мөр зэрэгцэн пээдийх төдийгүй өөрсөнтэй нь түрүүлж мэндлэх албагүй гэдгээ мэдрүүлж хэлэх нь тэр. Өнөө өөрсдийг нь “зөвлөлт ах” гэж ирээд мөргөх нь холгүй явсан талын нүүдэлчид шүү. Тэд гомдлоо. Ингээд хил, гааль дээр монголчуудад онцгой яхир хандах болов. Монголчуудад тэд онцгой хатуу хандаж, илэрхий хавчин шаналаана. Амьхандаа гомдлоо тайлж, “чоно өтлөвч хургандаа, цорж өтлөвч балиндаа эр бар” гэдгийг л харуулах гэсэн санаа. Эндээс монголчуудын анхны сөрөг сэтгэгдэл үүслээ. “Дэмжиж тусалдаг Орос ах гэдэг чинь хэн байсан хэрэг вэ”гэж бодох болов. Уг нь түний сэтгэлд өвгөн партизаны ярьж өгсөн улаан цэрэг, тахлаас аварсан Соболёва эмч, орос хэл оньсон техникт сургасан зөвлөлтийн мэргэжилтэн багшийн гэгээн хөрөг зураатай байсан юм. Оростой зэрэг хил нь нээгдсэн хятадын хил, гаалынхан огт өөр байлаа. Ингэлээ гээд монголчууд Орост муудаж, Хятадад сайдаагүй ч гэсэн үзсэн дуулсан, учирсан мэдснээ хав ойрынхондоо ярьсаар байлаа.
Сүүл сүүлдээ мөнөөх аврагч Христ маань их айхавтар ааштай, хэцүү улс байдаг юм байна гэсэн сэтгэгдэл бий боллоо. Зөвлөлт холбоот улс тараад хориод жил өнгөрлөө. Нийгмийн оюун санааг бүрдүүлдэг хэсгийн бүтэц өөрчлөгдлөө. Монголын иргэд Оросоор дайрч явахаас айдаг боллоо. Орос орон өөрсдийнх нь сүүлийн үед хийдэг кинон дээр гардаг шиг хулгай дээрэм нүүрлэсэн, Иракийн Багдад хотын гудамжнаас дээрдэх орон юм байна гэсэн сэтгэгдэл шинэ үеийнхэнд бий болов. Байгаль далайд амруулдаг бизнэс эрхлэх гэхээр хүмүүс айгаад явж өгөхгүй байна гэж дуулдсан. Зөвлөлтийн ач гавъяаг бахадаж өссөн үеийнхэн зайгаа тавьж эхэллээ.
Дөрөв. Паушок ирлээ.
Яг энэ үед Паушок ирлээ. Шинэ цагийн бардам оросын хэв шинжийг хадгалсан энэ бизнесмэний дээрэнгүй авир, түүний удирддаг асан “Алтан Дорнод монгол” компани, түмний нүдэн дээр хөрсөөр нь эргүүлсэн Заамарын нуруу Орос хүний шинэ тодорхойлолтын эхний хуудсыг бичлээ. Энэ эр монголын төр ба иргэнд үнэн дээрэнгүй хандаж, сонин хэвлэлийг хаалгана хэмээн даналзана. Нэгэн үе бид “Ленин гэж хэлээд Зөвлөлтөө бид санадаг, Зөвлөлт гэж хэлээд тусгаар тогтнолоо санадаг” байв. Харин одоо “Паушок гэж хэлээд Орос орныг санадаг, Орос орныг бодохоор “Алтан Дорнод монгол” бодогддог,” Алтан дорнод монгол”-оо бодохоор нураагаад тавьчихсан Заамарын нуруу нүдэнд үзэгддэг” болжээ. Оросын хөрөнгө оруулалт, Орос монголын хамтарсан компаний шинэ сураг дуулдмагц хүмүүс “Нэг Паушокийгоо яая гэж байхад дахиад нэг ирвэл ч бид дүүрэх нь тэр” хэмээн мөрөө хавчин,гараа дэлгэх болов. Одоо тэр хагас тэрбум доллар монголын төрөөс нэхэмжлэн олон улсын шүүхэд хандаад байгаа. Шүүхийн шийдвэр хоёр орны түүхийн бас нэг шинэхэн хуудас болох нь дамжиггүй.
Тав. Зуун Паушоктай дүйх зуун холоонк
Ингээд байтал Роснефьтийн “зуун холоонк”-ийн асуудал гарч ирлээ. Ойлгогдсноор бол оросууд манай мянганы замыг дагуулан өөрийн 100 колонкоо байгуулах санал тулгасан байна. Ингэхгүй бол бензин өгөхгүй гэсэн юм байх. Энийг нь манай эх орончид мэдэж аваад эсэргүүцэж байгаа болтой юм. Төсөөлөгдснөөр бол, манай хамаг машинууд тэр колонкоос бензин аваад үндэсний компаниуд мөхөөд, юу юу ч гэнэв аймаар юм болох болтой аж. Хаанаас хэн санаачлаад, оросуудаар хэлүүлсэн нь тодорхойгүй энэ санал маш хачирхалтай. Үндэсний нефьт импортын компаниуд өнгөрсөн их хугацаанд хамаг ашигтай байрлалыг нэгэнт эзлэн холоонкуудаа байгуулж эхлээд хориод жил болжээ. Энэний хажуугаар Оросууд зуун холоонк байгуулаад яаж ашиг олох нь бүү мэд. Мянганы зам дагуулж барина гэх юм. Хаа байна тэр мянганы зам нь? Оросууд энүүгээр л “мянганы зам” явна гэсэн багцаагаар эзгүй хээрээр холоонк барих юм уу?
Хамгийн гол нь “Роснефьтийн зуун холоонк” монголын тусгаар тогтнолд аюул учруулж байгаа тухай томоохон Пи Ар боллоо. Тэртэй тэргүй бензинээр Оросоос зуун хувь хараатаа мартаад “Оросууд биднийг бензинээр дамжуулан хянах гэж байна” гэсэн суртчилгаа явлаа. Зөвлөлтөөр дамжуулан орос ахыг хайрлах хайр сэтгэл зүрхэнд нь бичигдээгүй шинэ монголчуудад Орос орныг улам аймаар болгон харагдуулж эхлэв. Олон монгол хүний сэтгэлд шууд л дахиад “100 Паушок”-той болох нь байна шүү гэсэн айдас төрлөө.
Бүтлээ гэхэд Орост ашиггүй, бүтэхгүй байсан ч Орост хортой энэ санааг оросуудыг толгойд хэн хийв ээ? Нэг талаасаа Оросын талд илэрхий ашиггүй мэт харагдах эдгээр үйл явцууд нөгөө талаасаа Монголчуудад ч сайн юм огт биш. Хоёрхон хөрштэй манайх шиг улс аль нэг айлаа үзэн ядахын хэрээр нөгөөгийнх нь өвөр тэвэр лүү орох тийшээ болдог. Паушокийн зан байдлыг хувь хүний араншинтай холбон ууч хандахад хэцүү биш. Харин Оросын төрийн бодлого хэмээн бидэнд тусаж буй “Роснефьтийн зуун холоонк” операциийг ажиглах бүрийд монголчуудын сэтгэл санааг өмнөд хөрш рүү илүү их эргүүлэх гэсэн зохион байгуулалттай ажиллагаа шиг санагдаад байгаа юм.
Бидний монголчууд хоёр хөршийнхээ нэгэнд ухаангүй хайртай байх осолтой, бас нэгэнд нь ухаангүй дургүй байх бас харштай. Ийм тохиолдолд Оросыг үзэн ядан ядуулах энэ компанийг хэн ханаас өдөөсөн бэ? Өнгөрсөн зууныг бид бага сургуульд ороод “Орос ахтай” гэж заалгаж, цэрэгт ирээд “хятад дайсантай” хэмээн үнэмшиж өслөө. Харин хорин нэгдүгээр зуун биднийг “хөрштэйгээ ах дүү байж болохгүй, бас дайсан болж болохгүй, хөрш хөршөөрөө байвал сайн” хэмээн ойлгуулж байна.
Зочин