Оюу толгой ба үндэсний мөрөөдөл
Оюу толгойд баяжуулах үйлдвэрийн суурь тавин бүтээн босголт эхэллээ гэсэн мэдээ тарж байна. Зарим сонины эхний нүүрт гарч байхад зарим газар дурдах төдий өнгөрөв.
Оршил:Мэдээнээс эхлэхүй
Оюу толгойд баяжуулах үйлдвэрийн суурь тавин бүтээн босголт эхэллээ гэсэн мэдээ тарж байна. Зарим сонины эхний нүүрт гарч байхад зарим газар дурдах төдий өнгөрөв. Үнэн хэрэгтээ энэ үйл явдал нь манай хөгжлийн нэгэн шинэ үе эхэлсний бэлгэ тэмдэг болж байна. ХХ зууны Монголын хөгжил дэвшлийн нэрийн хуудас болж байсан Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрээс хэд дахин том энэ бүтээн байгуулалт бол олон жил дуншиж, чамгүй хэл ам дагуулан байж шуударсан "Оюу толгой" төслийн үр дүн юм. Монгол орны хөгжлийн үе бүхэн өөрийн бүтээн байгуулалт, түүндээ хөтөлсөн чин эрмэлзэл, тэр байтугай өөрийн хэлтэй явж иржээ.
Нэг. Ирээдүй газар дор буй
1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчид нэг зүйлийг сайн ойлгож байлаа. Энэ нь тусгаар тогтноё гэвэл орчин үеийн өрнөдийн маягтай улс болох. Өрнөдийн маягтай улс болохын тулд мал маллан амьдардгаа болих. Эргэн тойрны хүчирхэг гүрнүүдийг ажихад мал маллан хөгжиж ирсэн нь нэгээхэн ч үгүй аж. Ингээд үйлдвэржүүлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрэв. Зохиолч Д.Нацагдорж "Аж үйлдвэр гэгч улсын тулгуур багана, үйлдвэрчин ард гэгч түүнийг бүтээх хүчин..." хэмээн шүлэглэж байв. Улсын тулгуур болох аж үйлдвэрийг авч явдаг үйлдвэрчин ард хэмээх мал малладаггүй иргэд бас байдаг нь тодорхой болов. Малыг хураан нийгэмчилсэн нь үнэхээр суурин амьдралтай "үйлдвэрчин ард" үүсэх том нөхцөл болсон билээ.
Монголчуудад юугаа үйлдвэрлээд, яаж хөгждөг билээ гэсэн асуудал тулгарлаа. Эх орон даяараа тархан суух монгол ардын нэг гэрээс нөгөө гэр хүртэл ердөө цахилгааны утас татна гээд бодъё л доо. Машин хийдэг, усан онгоц барьдаг болбол сайхан боловч дэндүү бодит бус санагдана. Ингээд улсыг үйлдвэржүүлэн баяжуулдаг маш чухал зүйл бол газрын гүнд нуугдан байгаа ашигт малтмал болохыг мэдэв. Энэ нь машины үйлдвэр, уурын онгоцноос бодитой санагдав. Ингэж уул уурхайн монгол мөрөөдөл эхэлсэн юм. Бидний ирээдүй доороо байгаа. Удалгүй Д.Нацагдорж "Миний нутаг" алдарт дууллаа зохиож "Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд..." хэмээн магтав. Монголын шинэ бичиг үсгийн эцэг Ц.Дамдинсүрэн эх орноо магтсан шүлэг зохиож "Цагаан цасан малгайтай... алтан эрдэнийн хэвлийтэй" болохыг сануулав. Манай албан бус сүлд дууны нэгэн "Эх орон"-д "Хөдөө тал нь малаар дүүрэн... хөрсөн дороо эрдэнээр баян" хэмээн эгшиглэдэг.
1990-ээд оны эдийн засгийн хямралын үед гарсан "Алт сандайлсан гуйлгачин" хэмээх шинэ хэллэг бол уул уурхайгаар дамжин хөгжих боломжоо ашиглаж чадахгүй байгаадаа халагласан хэрэг байлаа.
Чухам энэ уул уурхайн мөрөөдөл дундуур нэрт зохиолч Ч.Лодойдамба "Алтайд" хэмээн роман бичив. Энэ романыг уншсан олон арван хөвүүд охид геологич болж эрдэнэс баялаг нээн эх орныхоо хөгжлийг түргэтгэх мөрөөдөлд автаж байсан гэдэг.
ХХ зууны Монголд аж үйлдвэрийн комбинат баригдахаас Тусгаар тогтнолоо зөвшөөрүүлсэн, НҮБ-д элссэн, улмаар атар эзэмшсэн, нийтээрээ бичигт үсэгт тайлагдсан гээд нүүдэлчдийн амьдралыг зарчмаар нь өөрчилсөн үйл явдал олон боловч "Эрдэнэт" үйлдвэрийн бүтээн байгуулалт шиг олны сэтгэл зүрхэнд хүрч урам зориг бадраасан нь үгүй.
Энэ бол шинэ цагийн монголчуудын мөрөөдөл төдийгүй 1911 оны эх орончдын мөрөөдөл байлаа. "Эрдэнэт" бол мөрөөдлийн төдийгүй ариун гэгээн үйл хэрэг. Энэ итгэл үнэмшил одоо ч хэвээрээ. Учир нь өнөөгийн бүхий л салбарын адил авлига, завшилт, луйвар энд үүрлэсэн нь лавтай боловч түүнийг сэжиглэн хардах сэжим нийгэмд байдаггүй. Өнөөдөр Монголын том жижиг уурхай болгон өөрийгөө эсэргүүцсэн "Хувийн иргэний хөдөлгөөн"-тэй байхад Эрдэнэтэд тийм юм үгүй нь үүний тод жишээ.
1970-аад оны монголчууд амьдрал амьжиргааныхаа маргаашийг Эрдэнэтээр хэмжиж "Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад орохоор айл өрхийн орлого ийм болно" , "Дундаж цалин төд болно" хэмээн ярьдаг байсан. Суртал нэвтрүүлэг ч тийм байсан.
1990 оны ардчилсан хувьсгалаар Монголын уул уурхайн мөрөөдөл, эрэл бүтээн байгуулалтын нэгэн үе дууслаа. Монгол оронд шинэ илүү боломжууд үүд хаалгаа нээлээ.
Хоёр. Бүтээн байгуулалтын хэл
ХХ зууны эхнээс л орчин үеийн өрнөдийн дайтай улс болох хамгийн ойрын үлгэр нь улмаар Улаан засаглалтай болсон Хаант Орос байлаа. Нийгмийн оюун санааг бүрдүүлдэг сэхээтэнлэг хэсэг, шашны зүтгэлтнүүд үүнийг ухаарсан төдийгүй, жирийн ард олон ч хар зөнгөөрөө мэдэрч байв.
Чухам ийм чин хүслийнхээ золиос гэж ойлгон хувьсгалт хүчирхийлэл, дээрэм тонуулыг хатамжлан давсан ч юм билүү?
Өнгөрсөн зууны дунд үеэс "Орос хэл оньсон техник сурах" гэсэн хэллэг гарч иржээ. Энэ нь Зөвлөлтийн нөлөөгөөр эрдэм мэдлэгээ тэлэх, орчин цагийг техник, технологи эзэмших гэсэн үндэстний мөрөөдлийн нэг хэсэг байв. Соёлын довтолгооноор дэвшүүлсэн зорилтуудын дотор хүн бүр ямар нэг оньсон техник эзэмшиж сурах явдал орж байлаа. Энд тракторын анжис дээр сууж сурахаас цаг засах хүртэл, худгийн мотор ажиллуулж сурахаас фото зураг авах, угаах арга эзэмших хүртэл өргөн агуулга багтаж байв.
Тусгаар тогтнолын үндэс болсон өрнөд маягийн хөгжлийг эх орондоо авчрахын тулд хөгжлийн хэл сурах ёстой болов. Хөгжлийн хэл нь орос хэл байсан юм. Нам төрийн болон бүтээн байгуулалтын салбарт чухал ажил алба хашихад хамгийн түрүүн орос хэл шаардаж байлаа. Энэ нь Оросын нөлөө, Зөвлөлтийг хэт шүтэх үзлийн илрэл гэхээсээ илүү бодит хэрэгцээ байлаа. Тухайн салбарын мэдлэг мэдээлэл, туршлага юун түрүүн орос номон дээр л байсан юм. Их дээд сургуулиуд ялангуяа анагаах ухааны салбарт үндсэндээ оросоор боловсрол эзэмшиж байлаа. Тэдний ном сурах бичгийн ихэнх орос дээр байхаас гадна, цаашид өөрийгөө боловсруулах, бие даан суралцахад орос хэл зайлшгүй байв.
1970-аад оноос "Эрдэнэт"-ийн уул уурхайн бүтээн байгуулалт эхлэв. Энэ үеэс намын төрийн удирдагч Ю.Цэдэнбал "Орос хэл бол эрдэм мэдлэгийн түлхүүр" хэмээсэн лоозон гаргалаа. Түүний санаачилж зохиож байсан "Хүн бүр...", "Хир буртаг..." зэрэг олон афоризмоос хамгийн бодитой нь энэ байв. Эрдэнэт бол тухайн үедээ Монгол Улс нүүдэлчид байхаа болин иргэншсэний, үйлдвэржин хөгжиж эхэлсний бэлгэдэл байв. Өөрөөр хэлбэл, 1911 онд үндэстний язгууртнууд мөрөөдөж байсан тэр хөгжлийн замд очсоны баталгаа байлаа.
Тухайн дэглэмийг үндэсний соёл, үүх түүх, бахархлаа уландаа гишгэж байсан тэр өнцгөөс харвал гадаадын улсын хэлийг эрдмийн түлхүүр хэмээн өргөмжлөх нь тэвчимгүй л зүйл. Гэхдээ л энэ хэл ба энэ хэлээр дамжин орж ирсэн мэдлэг, тэр мэдлэгийн үрээр бий болсон хөгжил дэвшил л нийгмийн халдварт өвчнийг устган хүн амаа амжилттай эрүүлжүүлж, бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан, тусгаар тогтносон Монгол Улсын ерөнхий төрхийг бүрдүүлсэн нь бас үнэн юм.
Гурав.Тусгаар тогтнолын хоёрдугаар шат
Мянган дамнан буухиалсан "ХХ зууны монгол мөрөөдөл" жинхэнэ ёсоороо биелэх боломж бүрдэж эхлэв. ХХ зууны дундуур Зөвлөлтийн дагуул улсын статустай олж авсан тусгаар тогтнол бодитой болж Монголын хэргийг Бээжинд бус, Москвад бус Монголд шийдэх боломж сүүлийн гурван зууны дараа сая эргэж ирэв. Завшаан дээр завшаан болж монгол нутгаас коксжих нүүрс, зэсийн үлэмж баялаг ордууд нээгдлээ.
Уул уурхайгаа дагаж хөгжих, энэ хөгжлөө даган улс төр, эдийн засгийн хувьд хэний ч хараат биш байж бие даан хөгжих үндэсний мөрөөдлийн шинэ биелэл эхэлж байна. Хорин нэгдүгээр зууны уул уурхайдаа түшиглэсэн хөгжил бол аль 1911 онд Намнансүрэн, Ханддорж нарын үндэсний язгууртнуудын төсөөлж байсан, 1921 онд Данзан, Бодоо, Сүхбаатар нарын хүсч байсан, хожмоо ганцаараа үлдэж хэлмэгдүүлэлт хийсэн Чойбалсангийн санааны угт хадгалж үлдсэн, харьцангуй шинэ үеийнхэн "Эрдэнэт"-ийг босгохдоо ярьж байсан тэр ирээдүй жинхэнээсээ мөн. Тэд улс төрийн хувьд төдийгүй, эдийн засгийн хувьд бие даасан хүчирхэг эдийн засагтай, иргэншсэн Монгол орныг мөрөөдөж байлаа. Шинэ үеийн уул уурхай нь манай тусгаар тогтнолын оргил шат.
Дөрөв. Шинэ бүтээн байгуулалтын хэл
Харин шинэ үеийн бүтээн байгуулалтын хэл нь англи хэл болж байна. Энэ хэлтнээр дамжин ирэх мэдлэг мэдээлэл, технологийн дэвшил нь шинэ Монголын хөгжлийн баталгаа болно. Мөнөөх "Орос хэл, оньсон техник сурах", "орос хэл мэдлэгийн түлхүүр" хэмээх эрин зуун хэллэгүүд "Англи хэл, барууны технологи сурах", "Англи хэл мэдлэгийн түлхүүр" гэсэн шинэ утга агуулгаар баяжиж байгаа хэрэг. Манай төр засгаас ч "Англи хэл нь манай хоёр дахь албан ёсны хэл" хэмээн зарлалаа. Бүтээн байгуулалтын ба бүтээн байгуулалтын хэл ийнхүү тодорхойлогдов.
Өнөөдөр Оюу толгойд сууриа цутган өндийж буй 1,2 тэрбум ам.долларын өртөгтэй баяжуулах үйлдвэр бол шинэ үеийн "Эрдэнэт", гэхдээ олон дахин их багтаамжтай аугаа байгуулалтын эхлэл юм. Араас нь Таван толгой ч эрчимтэй урагшилж байна.
P.S:Уул уурхайгаар дагнасан иргэний хөдөлгөөнүүд тусгайлан судлууштай нийгмийн үзэгдэл, бизнесийн өвөрмөц төрөл бөгөөд өнөөдөр хотоос орон нутагт шилжиж байна. Дээхнэ хийгдсэн судалгаанаас харахад монголчуудын далаас дээш хувь нь зуун дамжсан үндэстнийхээ мөрөөдлийг биелүүлэхийн төлөө буюу ашигт малтмалын ордуудаа гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ашиглах замаар эх орноо хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.