-фельетон-

Хүмүүсийн ярьдаг юм нь “Амь явах баталгаа алга” , “Төрөөс амьд явах баталгаа өгөхгүй байна” гэхчлэнгийг хэллэг болоод удлаа.
 Ард түмэн ухаантай...яаж ийгээд үнэр авчихсан л байгаа юм даа. Үнэхээр тийм баталгаа байдаг боловч  хүмүүс мэдчихвэл нэхээд салахгүй яршиг болно гэж үзээд улсын нууцад хийчихсэн байгаа юм даа.  Сонгуулиар сая юм уу? Сая таван зуун мянган төгрөг амлаж байхаар иргэн бүртээ амьд явах эрхийн баталгаа олгох ёстой байсан юм.
Баруун Сомалийн аз жаргалтай иргэдэд олгодог амь явах эрхийн лицензийг үзвэл “үүнийг үзүүлэгч.....овогтой.......нь амьд явах эрхтэй тул  өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр алж устгахыг хориглов, Хүчинтэй хугацаа.........төдөн хүртэл сунгав” гээд төрийн тамга дарсан байх юм гэсэн.
Харин хүн хэд наслан амьд явах эрхээ эдлэхийг төр мэдэхгүй учраас, хугацааг нь богинохон тавиад цааш нь сунгах замаар явдаг аж.
Иргэддээ амьд явах баталгаа олгож, баталгаат хугацаанд өвдөх юм уу? Нас барвал улсын зардлаар засвар хийж өгөх төдийгүй, сэтгэл нь ханахгүй бол өөр цоо шинэ хүүхдээр сольж өгдөг сайхан туршлага ч Сомали болон Африкийн эвэрт бэлээхнээ байна. Төрийн үүрэг ч хөнгөрөөд явчихна.Баталгаат хугацаагаа сунгуулаагүй  байж байгаад юм уу? Хугацаа хэтэрсэн хойно хэмхрэх юм уу, нас барвал төр хариуцахгүй байх боломжтой.
Шүүх ч гэсэн хүн амины хэргийг шийдэхдээ хохирогч “амьд явах баталгаатай” байсан эсэхийг үндэс болгоно. Төрөөс амьд явах баталгаагаа аваагүй, эсвэл хугацааг нь сунгуулахгүй явж байгаад амь үрэгдвэл  хүчингүйд тооцоод өнгөрнө.
Мэдээж амьд явах баталгаагаа үзүүлээд явахад ямарч алуурчин дээрэмчин аминд хүрэхгүй өнгөрнө. Статистикээс харахад ихэнх алуурчин манъякууд хүний аминд хүрэхээсээ өмнө “мөнгө өө бас амьд явах баталгаагаа гаргаад ир” гэдэг гэнэ ээ. Амьд явах баталгаат иргэдийн зөвхөн мөнгийг нь аваад биеийг нь тавьж явуулсан баримт бишгүй. Тэдний зөв юм. Учир нь аль  ч засаг төр иргэндээ амьд явах баталгаа л өгч чадахаас биш, мөнгөтэй явах баталгаа гаргаж чадахгүй шүү дээ.
Ер бол дэлхийн I ба II дайныг улс орнууд иргэндээ амьд явах баталгаа олгож эхлээгүй байсантай холбон үздэг түүхчид ч байна. Хэрвээ ийм баталгаа байсансан бол дайснууд “амьд явах баталгаатай” хүнийг алж чадахгүй байж. Хэрвээ аллаа гэхэд нэгэнт л баталгаа хугацаатай юм чинь тэр хугацаандаа шархадсан, алагдсан хүнийг төрөөс бүрэн сэргээн засварлах юм уу? Цоо шинэ цэргээр сольж хохирогчийн гомдлыг барагдуулаад явчихна.  Хэн ч хохирохгүй болохоор ямарч дайны утга учир алдагдаж, энх тайван тогтоохоос өөр замгүй болно.
Амьд явах эрхийн лиценз олгож эхлэхтэй холбогдуулаад хуулийн хэд хэдэн зохицуулалт хийх хэрэг гарна л даа. Ухаандаа нэг иргэн танил талаа ашиглан хэд хэдэн амьд явах эрхтэй болчихсон байвал яах вэ? Амь нь хэдийгээр хувийн өмч мөн боловч амьд явах лицензээ архинаас өгөөд уучихвал яах вэ? Хятадууд орж ирээд, ядуу зүдүү иргэдийн амьд явах лицензийг мөнгөөр зодоод авч эхлэвэл төр ямар реакци үзүүлэх вэ? Гэхчлэн.
Түүнчлэн амьд явах лицензээ дуустал амьд яваагүй хүнийг баривчлах, торгох, тодорхой хугацаагаанд хорихын аль нь зохистой байхыг тодруулж өгмөөр болно. Мөн бусдын лиценз ашиглан амьд яваад байсан  нь тогтоовол өнгөрсөн амьдралыг нь хүчингүй болгох уу? Лицензгүй амьдарсан хугацааг  нийт наслалтаас хасаж тооцох уу? Гээд мөн ч олон асуудал босох нь байна шүү.
Ингээд бодохоор дэмий ч юм шиг.