Дэгжин

“Аагантад шинэ даалимба ирсэн байна, энийг хараач” гээд эхнэртээ аваад ирдэг хуучны киноны дүр бол жирийн л монгол эрийг харуулж байгаа юм. Монгол хүн зоосоо нэг, хоёроор ч атугай нэмж л байвал сэтгэл ханаад хөвөнтэй өмд, шавар тагзтайгаа байж л байдаг дорнын хүнээс өөр суртаалтай. Сайн сайханд тэмүүлэх нь монгол хүний төрөлх зан учраас хүн гэхээсээ амьтны сүрэг шиг мянга мянган жил буртаг шавхайндаа шавалдсаар буй дулаан газрынхны хэв маягаас огт өмнөө, сэврүү цэмцгэр европын соёлд дурламтгай. Суманд нь шинэ даавуу ирэхэд эхнэртэйгээ ижил дээл хийлгэж нүд булаан явахыг хүсэхгүй эр байхгүй дээ. Сайхан харагдах, сайн яваагаа дуулгах дуртай бид. 

Нэрэлхүү

Гэхдээ муухай нэрэлхүү. Нийтээрээ сайн сайхан байж чадахгүй байгаа шалтгаан бол энэ. Нялцгай эр шиг санагдах вий гэсэндээ бусад нь хүзүүгээ угаагаагүй байхад ганцаараа угаачихсан явж байхаас л ичдэг хүмүүс. Монгол хүн ганцаараа эхлээд ногоон гэрэл хүлээж замын цаана зогсохгүй. Дүрэм болгоныг биелүүлдэг сэнтэг амьтан байгаа биш дээ ямар! Харин бусад нь хүлээгээд эхэлбэл ямар дуртай хамт зогсоно гээч. Гадаадын сайхан хотуудад ингээд л зогсож байдаг шүүдээ, миний хот ч ийм л болох ёстой доо гэсэн цаад хүсэл нь хаачихав. Бид ногоон гэрэл хүлээдэг болсон. Нэрэлхээд нэрээ идкү л юм чинь энэ нь дээр дээ.

Бид сайжирсаар л байгаа. Өмнө нь “тэр бүхнийг зохицуулдаг, зайтай эр” гэсэн бахархал байдаг байсан. Одоо тийм хүнийг “бусдыг хүндэлдэггүй, бусдаас хулгайлагч” гэж хардаг болсон. “Ёстой сэргэлэн, сүлжээд давхичихдаг жолооч” нар одоо энэ нийгмийн хог шаар шиг үзэгдэж байна. Энэ бол ДНБ тэд болж өслөө гэдгээс хамаагүй сайхан мэдээ юм шүү.

Харанхуй

Гэхдээ амьтны бүхий л зүйлд гадуурхагдаж доройтсон бодгальс байдгийн адилаар манайд ч гэсэн улаан гэрлээр майжиганан гүйдэг, түгжрэлийн хажуугаар урсгал сөрөн давхидаг, АТМ дээр араас наалдаад хардаг хүмүүс ч байгаа л даа.

Тиймээ, бидэнд онгорхой шүд шиг харлаад байгаа дутуу зүйл маш их байна. Эрүүл нийгэм байгуулахад, эрүүл нийгмийн гишүүн байхад олон зүйлтэй үл эвлэрэх ёстой билээ. Гэтэл бид УИХ-ын гишүүн атал боловсролгүй, хүн чанаргүй байхтай эвлэрдэг. Яам тамгын дарга нар ер бусаар баяжихад нь дассан. Тендер, лиценз, элдэв шалгаруулалтууд нэг л нотой болдогт нь ээнэгшцэн. Албан тушаалын наймааг киноны дайтай ч сонирхохоо больсон. Энэ мэтээр жил бүр шинэ боржур солихтой, даргыг хулгайч гэж хусуутаа элчин сайд болдогтой, даргын хамаатнууд засагт сүрэглэдэгтэй эвлэрээд л байна. Эвлэрлийн шалтгаан нь “энэнээс өөр яах вэ дээ...” гэсэн бодол. Аргагүй, тэрнээс өөр яадгийг угаасаа мэдэхгүй ард түмэн. Тэрнээс өөр байж үзээгүй юм.

Түнэр харанхуй

Харанхуй масс гэсэн холбоо үг бий. Хорвоогийн сониноос хоцордог, хоорондоо л тааж ярьдаг, гэнэн агаад хартай, аймтгай хэр нь ууртай олон хүнийг нийтэд нь ийн хэлнэ. Улс орон болгонд байдаг нийгмийнхээ чирэгдэгч буюу дагалдагч хэсэг. Базаад хэлэхэд “юм үзээгүй хүмүүс” билээ.

Нэгэнт харанхуй гэж томьёолдым болохоор толгойд нь салхи оруулахыгаа гэгээрүүлэх гэнэ. Соёлгүй гэж үзэх тул сайжруулах ажлаа соёлжуулах гэжээ. Соён гэгээрэл бол тэдний үзээгүй үнэнийг үзүүлж, дуулаагүй сайхныг дуулгахыг хэлж байна. Ерөөс улс байхын үндэс бол юм үзэж нүд тайлсан ард түмэн юм. Бидний эсрэг нь гэсэн үг.

Зургийг гүүглээс авав

Манайхаар жишээ авбал: тэр “тархи угаалаа” гэж уурлаж буй хүн бол ёстой тархиа угаалгаж байхдаа таарсан нь тэр. Хуйвалдааны онол гэгч зүйл бол хуйвалдааны онол байдгийг нотлох гэсэн л хуйвалдагчдын онол байж болох уу. XX зууны эхэнд Монголд ирсэн аялагчаас нэгэн том лам “замдаа нохой толгойтой хүмүүсийн улсаар дайрав уу?” гэж асуусан гэнэ лээ. Энэ цаг үед ард түмэн маань “төмөр замаар танк ачиж орж ирэх”-д итгэж байна. Хувиа хичээгч, эрх мэдэлд шунагч улстөрчдөд юутай таатай хөрс вэ! Тэд ард түмэндээ хандан “тэр нэг хятадаас илүү олон программ бичиж сурцгаая” гэхийн оронд “Миний ардын сэтгэл цагаан” гэж бурдаг. Надад “Агаарын бохирдол бууруулах ийм төлөвлөгөө байна” гэхийн оронд “Би Монголоо гэсэн сэтгэлтэй хүн!” гэж чалчина. 

Уг нь монгол хүн бүр, та, би, чи Монголоо гэсэн сэтгэлтэй нь баараггүй л. Харин төлөвлөгөө хэлчих улстөрч л олдохгүй байна. Учир нь та бидэнд төлөвлөгөө хэрэггүй, “хайртай” гэдэг үг л хаваасаг гэдгийг тэд мэдээд байна. Сургаар хэрэлдэж, ховоор нэгнээ ялж талж буй ард түмнээ харсан улстөрчийн айдас бол: “Энэ малнууд нь мэдчих вий дээ! Сурчих вий дээ! Гэгээрчих вий дээ!...”. 

Тэдний аз болж, бидний эз болоход чих онгойлгож өгөх нийгмийн түүчээ залуусын дуу, сонгогдохыг хүсэх улстөрчийн цагаан хоолойг давж чаддаггүй нь сайхан даа. Түүнчлэн сурсан эрдмээ бусаддаа заах гэсэн бүсгүйн яриа цэцэрлэгийн хана будсан гишүүний мэдээг гүйцдэггүй нь ч сайхан.