Д.Арвин: Би МАН-ыг ядарсан үед нь биш, задарсан үед нь гарч байна
Д.Арвин дахин сонгуулиар ялалт байгууллаа. Хотын дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хүмүүсээс Д.Арвин л гарч ирсэн билээ. Тэрээр өөрийнхөөрөө нэгэн шийдвэр гаргасан нь Ардчилсан намыг сонгосон явдал байлаа. Сүүлийн үед түүнийг ийм шийдвэр гаргасантай нь холбож янз бүрээр л ярьж, бичиж байгаа. Энэ бүхний хариултыг авахаар УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
-Юуны өмнө танд сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэе.
-Баярлалаа. Намайг дэмжиж байсан бүх хүнд танай сониноор дамжуулан талархлаа илэрхийлье.
-Нэг намын хоёр хүн хоорондоо өрсөлдөж байсан ийм тохиолдол байхгүй байхаа...
-Тиймээ, улс төрийн хувьд их сонин үзэгдэл байлаа. Тэгээд яахав, өрсөлдөөд л гараад ирлээ.
-Танай намынхан таны эсрэг ажиллачих шиг болсон. Та энэ бүхэнд гомдоо юу?
-Юунд нь гомдох юм. Би гомдоод гараагүй. МАН-аас гарч Ардчилсан намд орно гэдэг бол миний сонголт байлаа. Би анх намынхандаа хэлсэн. “Нэг намын хоёр өрсөлдөгч байгаа учраас аль алиныг нь битгий дэмжээрэй” гэлээ. Харамсалтай нь манай намынхан тэгсэнгүй. Нэгийг нь дэмжинэ гээд Баянзүрх дүүргийн намын тэргүүлэгчдийн тогтоол гарган уншсан. Нэг ёсондоо өнгөрсөн сонгууль миний хувьд Ардын намтайгаа өрсөлдсөн сонгууль болсон л доо.
-Та яагаад Ардчилсан намд орох шийдвэр яагаад гаргасан юм бэ?
-Монголын том эрх ашиг байгаа. Ард түмний нийтлэг эрх ашиг гэж бий. Миний хувьд энэ дөрвөн жилд иргэдийнхээ төлөө дорвитойхон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Баянзүрх бол Монгол Улсын хамгийн том дүүрэг. Гэтэл энд ажилгүйдэл, ядуурал маш их байна. Арван хэдэн мянган хүнтэй газар нэг ч сургууль цэцэрлэг байхгүй гээд бод доо. Нэг аймгийн төвд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй байна гэдэг эмгэнэл биз дээ. Гэтэл Баянзүрхэд байдал ийм л байна. Энэ бүхнийг шийдүүлэх хэрэгтэй. Агаар, хөрсний бохирдол, хогны асуудал байна. Гэрэлтүүлэггүй, халуун усгүй, худаггүй, хүй нэгдэлд байгаа юм шиг амьдарч байна, хүмүүс. Иргэддээ зориулсан бодлого байгүйгээс иргэд их хохирдог. Тиймээс энэ бүхнийг өөрчилж ажиллахаар дүүрэгт нэр дэвшиж орж ирлээ. Үүнийг иргэд маань ойлгож их хуралд гаргалаа. Энэ дөрвөн жилд надад зүгээр суух эрх байхгүй. Ордон дотор муур, хулгана болж тоглохыг хүсэхгүй. Олон зүйлийг шийдвэрлэнэ гэж гарч ирчихээд зүгээр сууж болохгүй биз дээ. Иргэдийн эрх ашгаа бодож Ардчилсан намд орох сонголт хийлээ.
-Ардын намаас нэр дэвшиж гарч ирчихээд Ардчилсан намд орж байгаа нь тийм зөв жишиг мөн гэж үү. Хатуу хэлвэл намаасаа урвах нь зөв гэж үү?
-Би түрүүнд хэлсэн энэ бол урвалт биш, сонголт. Би эх орноосоо урваагүй, ард түмнээсээ урваагүй. Хүн зогсонги байдалд байх ёсгүй шүү дээ. Би иргэдийнхээ төлөө илүү зүйл хийх гэж орж байгаа. Миний үзэл бодолд Ардчилсан намын хийж байгаа ажил нь нийцэж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд би “Хөдөлмөрийн яам байгуулаачээ” гэж Засгийн газарт олон удаа явуулж байсан. Энэ Засгийн газар Хөдөлмөрийн яам байгуулсан. Энэ ганц жишээ л гэхэд миний санаанд их нийцэж байгаа. Мөн Магнай шиг олон хүн байгаасай гэж бодож байна. Тэр хүний хийж байгаа ажил иргэдийн санаанд маш их нийцэж байгаа. Мөн зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр дахин сонгуулийн үед Ардчилсан намынхан надад сэтгэлийн дэм өгч байлаа.
-Гэхдээ та Ардын намаас дөрвөн ч удаа нэр дэвшиж их хуралд гарсан. Тэгэхээр МАН танд боломж олгосон юм биш үү?
-Тэгэж яривал би МАХН-аас нэр дэвшиж гурван удаа сонгогдсон шүү дээ.
-МАХН МАН болохоос өмнөхийг хэлж байна уу?
-Тийм.
-Зөвхөн иргэдийнхээ төлөө ажил хийхийн тулд л АН-д орж байгаа гэхээр үнэмшил муутай ч юм шиг...
- Надад АН-д орох бодол байсан. Гэнэт сая ингээд шийдсэн юм биш. БИ МАХН МАН болсон их хурал дээр суугаагүй шүү дээ. Намын даргын сонгуульд ирж саналаа өгч байснаас Монгол ардын хувьсгалт нам Монгол ардын нам болж нэрээ өөрчлөхийг эсэргүүцэж, бүлгийн хурал дээр би үг хэлж байсан. Харамсалтай нь миний үгийг хүлээж авах хүсэл тэр үед манай удирдлагуудад байгаагүй.
-Та юу гэж хэлж байсан юм?
-МАХН гэсэн нэрээ сольж болохгүй ээ. Нэрээ биш үйл ажиллагаагаа шинэчлэх ёстой болохоос МАХН гэдэг нэрээс хүн уйдаагүй, нэр нь хоцрогдоогүй. Хувьсгал гэдэг үг хэзээ ч хоцрогдохгүй. Хувсьгал гэж мундаг үг шүү дээ. Аль ч үед хувьсгал хийж болно. Хувьсгал гэдэг үг аль ч үед үнэ цэнээ алдахгүй. Харин ардын гэдэг үг хоцрогдсон шүү дээ. 1921 онд ардууд байсан. Гэтэл өнөөдөр иргэний нийгэм байгуулчихсан, иргэний нийгэм төлөвшчихсөн байхад эргээд иргэдээ ард болгоод байна гэдэг бол иргэншсэн энэ нийгэмд зохимжгүй гэж хэлж байлаа. Гэтэл дарга нар хүчээр шийдсэн. Анхан шатнаас, гишүүдээс маш их санал ирж байсан. Зарим газар зуун хувь эсэргүүцсэн санал ирж байсан. Тэгтэл Удирдах зөвлөл үүнийг тоолгүй хүчээр намынхаа гишүүдийн саналаар биш, намынхаа удирдагууудын саналаар нэр сольсон. Би ер нь МАХН гэдэг нэрээ сольсноос хойш үг хэлэхээ бараг болчихсон доо. Яршиг гэж бодсон. 1990-ээд оны дундуур МАХН-ыг өөр нэртэй болгох гэж Энхбаяр дарга тэргүүтэй хүмүүс оролдож байсан.
-Монголын хөдөлмөрийн нам гэлүү. Тийм хувилбар яригдаад байсан байхаа?
–Үгүй ээ, “Эрэл”-ийн Эрдэнэбатын нам юу билээ?
-Эх орон нам уу?
-За нэг тиймэрхүү социалист чиг баримжаатай нам болгох гэж ажлын хэсэг байгуулж байсан. Тэр үед би зүтгэж байж болиулж байсан. Нэрээрээ оролдоно гэдэг сайн зүйл биш. Нам нэрээ сольсон нь надад хүнд цохилт болсон.
-За тийм байж. Гэхдээ МАН-ыг ялагдчихаад байгаа энэ үед нь яагаад гарч байгаа юм бэ. Өмнө нь гарч болох л байсан шүү дээ...
-БИ МАН-ыг ядарсан үед нь гараагүй ээ, задарсан үед нь гарч байна. Ядарсан хүнд үед, гишүүд нь явчихсан 1980-аад оны сүүлээр манай намаас хүмүүс зугтчихсан тийм хүнд үед нь би түрийвчээ барьсаар л орж ирсэн. Сэтгэл оюун ухаанаа зарсан. Маш олон залуусыг намд татан оруулж байлаа. Тэр үеэс хойш МАН удаа дараалан төрийн эрх барьж сонгуульд ялалт байгуулж байсан. Үүнд миний хувь нэмэр байгаа гэж бодож байна. Харамсалтай нь эрх мэдэлтэй болоод ирэх үедээ манай намын удирдлагууд үнэхээр буруу шийдвэр гаргасан. Намынхаа нэрийг сольсон. Энэ утгаараа МАН бол задарсан. Миний хамтран зүтгэж байсан олон хүн МАХН руу очсон байгаа. МАН-д үлдэх үү, МАН руу явах уу гэдэг бодол миний дотор байнга явж байсан. Хүссэн хүсээгүй намын нэг хэсэг нь гараад явчихлаа шүү дээ. Үлдье гэхээр үлдэж болохгүй, явья гэхэд явж чадахгүй тийм байдалд манай намын удирдлагууд биднийг оруулсан. Хоёр гуравхан хүний тулгалтаар намынхаа гишүүдийг ийм байдалд орууллаа. Үүнийгээ эд нар ойлгодоггүй, ухаан муутай улсууд юм. Цаана нь гишүүд нь яаж зовж тарчилж байгааг тэд ойлгохгүй. Дээр нь манай нам үе үеийн намын дарга, лидерүүдээ хүнд байдалд оруулж байсан шүү дээ. Намын дарга нараа ийм хүнд байдалд оруулж байгаа хүмүүс жирийн гишүүдээ яах нь ойлгомжтой.
-Жишээ нь яаж хүнд байдалд оруулдаг гэж...
-Тухайлбал Цэдэнбал даргыг намаас нь хөөж, өмч хөрөнгийг нь хурааж авсан. Дөчин жил энэ хүний оюун ухааныг ашиглачихаад намаасаа хөөгөөд явуулчихсан. Батмөнх даргыг аваад үзье. Хүнд үед ардчиллыг зөв хүлээж авч байсан тэр гавьяатай хүнийг өмссөн хувцастай нь үлдээж, хэн ч биш болгоод тэр сэтгэлийн дарамтнаас болоод л насбарсан. Эхнэр нь гэхэд 50-хан мянган төгрөгийн халамжаас өөр орлогогүй тэр мөнгөөрөө байр гэрлийнхээ мөнгийг төлөөд хүнд байдалтай байсан. Энхбаяр даргаар жишээ авъя. Энхбаяр даргад алдаа байсан ч гэсэн Монголын түүхэнд энэ хүний хийсэн гавьяа байгаа. Энэ хүн тодорхой хэмжээнд үүрэг гүйцэтгэсэн.
1990-ээд оны эхэн үеэс эхлээд манай намын удирдлагад байгаа бүх хүнийг энэ хүн авчирсан. Энэ хүний гараар ороогүй хүн манай өнөөдрийн удирдах түвшинд байхгүй. Бүгд Энхбаяр даргын дагуулж ирсэн хүн. Гэтэл энэ хүнийг өөрийнх нь тавьсан хүмүүс Түгжилийн замаар орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд Энхбаяр даргыг унагасан. Мөн Энхбаяр даргатай холбоотой өнөөдрийн болж байгаа бүх асуудал манайхантай хамаатай. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч би энэ талаар хэлж байсан. Энхбаярыг манай намынхан унагалаа гэж. Одоо ч би энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Ерөнхий сайд, Их хурлын дарга байсан хүмүүстээ яаж хандав. Эцсийн мөчөө хүртэл Энхбаяр дарга эд нар луу утасдаж байхад яаж хандлаа даа. Ийм эх оронч биш, ийм эв нэгдэлгүй, ийм бусармаг, хүн чанаргүй улсууд манай намыг толгойлж үлдэж байгаа. Тэгэхдээ нэг их намдаа гомдоод байх юм алга. Энэ бол миний сонголт.
-“Элсний арван гурав”-ын ард Энхбаяр байсан юм биш үү?
-Тэр үед Ганди, Улаан, Тэрбишдагва нарын бидний хэсэг нөхөд л намаа шинэчилье гээд ярилцаж асуудлыг гаргаж тавьсан.
-Энхбаярыг дэмждэг хүмүүс “Элсний арван гурав”-т багтаж байсан уу? Тиймээс ч таныг Энхбаярын хүн, тэдний бүлэглэл, фракцынх гэж ярьдаг..
-Манай намд фракц гэж байдаггүй шүү дээ. Фракц гарч ирвэл аль ч намын даргын үед унагачихдаг. Бид тэр үед ерөөсөө М.Энхболдтой сонгуульд орвол ялагдана гэж бодож шинэчлэлийн асуудал ярьж гарч ирсэн. Бид тэр үед ялсан. Энэ ялалт маань үр дүнгүй болсон. Намын шинэчлэлийн төлөө зөндөө л зүтгэсэн. Ямар ч нэмэргүй юм байна гэж мэдлээ.
-Баянзүрхэд нэр дэвших нь таны сонголт байсан уу, намын шахалт байсан уу?
-Миний өөрийн сонголт. Тэгээд ч Хэнтий хоёр мандаттай болчихсон шүү дээ. Аав маань Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, ээж минь Завханы Жавхлант сумынх, би өөрөө Баянзүрх дүүрэгт төрж өссөн юм чинь төрсөн газартаа ирж дэвшье, өссөн төрсөн дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулъя гэж бодсон юм.
-Танай намын Удирдах зөвлөл таныг АН-ын гишүүн болж байгаатай холбоотой Налайхын ардын намын хороо руу утасдаж “Арвиныг УИХ-ын гишүүнээс татах тухай гарын үсэг цуглуул” гэсэн үүрэг далгавар өгсөн гэсэн...
-Би энэ тухай сонссон. Удирдах зөвлөл Налайхын намын хороог ийм ажил зохион байгуул гэж хэлсэн юм билээ. Би хүнийхээ хувьд Ардын намынхнаасаа нэг зүйл хүсье. “Миний араас битгий чулуу шидээчээ. Бие биенийхээ араас чулуу шидэж, мөшгиж, хавчиж тарчлаасаар байгаад унагааж авдаг. Энийгээ таслан зогсоогооч гэж хүсч байна. Намын нэрээр гарчихдаг юм бол МАН-аас хотод яагаад нэг ч хүн ялаад гараад ирээгүй юм. МАН-ын нэр гэхээсээ илүүтэй Арвин гэдэг хувь хүний чармайлт зохион байгуулалт их байсан. Тиймээс намын нэрээр гарч ирсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Тэгэж яривал миний аавын нэр хүчтэй нөлөөлсөн гэж бас бодож байгаа. Уулзалт болгон дээр аавын маань тухай хүмүүс ярьдаг, асуудаг байлаа. Иргэд гучин жилийн дараа миний аавыг дурсаж ярьж байсанд би их бахархсан. Дашжамцын охин гэдэг маань ялахад их нөлөөсөн. Гэхдээ МАН-ын зарим гишүүн намайг дэмжсэн гэж би бодож байгаа. Дээр нь нам бус жирийн иргэд дэмжсэн. АН, МАХН, ИЗН-ын гишүүд намайг дэмжсэн. Ард түмэн намайг дэмжсэн. Ард түмэн гэдэг бол нам биш шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд Батзандан гишүүн гишүүнчлэлгүй намын хууль санаачилна гэсэн. Батзандан гишүүн намайг ажлын хэсэгт орж ажиллаач гэсэн. Би үүнийг маш их дэмжиж байгаа. Хоёр сая хүрэхгүй хүн амтай ард түмэн намчирхаад, нэг намын анхан шатны үүрийн даргад дарамтлуулаад байх ямар хэрцгий юм болдгийг би сая мэдлээ. Ер нь намаар хүнийг дарамталж намаар бүлэглэж , идэж уудгийг болих цаг болсон. Нам гэдэг бүлэглэлийн дор улс орны эдийн засгийг барьдаг, ах дүү танил талаа тавьдаг, цөөхөн хүнийг баяжуулдаг, тэгээд иргэдийг дарамталдаг, Үндсэн хуулийг зөрчдөг, ийм систем манайд байна.
-Намаасаа гарах тухай бичсэн таны өргөдөл хэвлэлээр гарсан. Энэ ямар учиртай юм?
-Манай намынхан л тараасан байх. Тэрнээс би ямар ч хэвлэлд өгөөгүй.
-Ардын нам дотор та хэнтэй дотно вэ. Найз нөхөд чинь таны өөр намд орсон шийдвэрийг юу гэх юм?
-Миний дотно улсууд бүгд МАХН руу явчихсан шүү дээ.
-Сонголт яагаад МАХН байж болоогүй юм?
-МАХН задарч МАХН, МАН болсон болохоор задарсан намынхаа аль нэгд нь орохыг хүсээгүй. Нөгөө талаас миний сонголт бол АН байсан. Ардчилсан нам миний олон жил бодож явсан улс орон ард иргэдийнхээ төлөө хийе гэснийг хийж эхэллээ.
-Та Ардчилсан намд орох тухайгаа анх хэнд хэлсэн юм?
-Сонгуулийн дараа хэлсэн.
-Дахиад УИХ-ын даргад уу?
-Тийм. Би сонгуулиас өмнө Ардчилсан намд орох шийдвэрээ гаргасан байсан. Сонгуулийн дараа энэ шийдвэрээ хэлсэн.
-Энхбаяртай яагаад таныг хамаатуулж ярьдаг юм. Энхбаярын хүн гэх мэтээр..
-1990-ээд оноос хойш намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Багабанди, Даш-Ёндон даргыг намын дарга байхад ч тэр. Энхбаяр дарга 1997-1998 оны үед манай намд орж ирж байсан. Бид хоёр их таарамжгүй байсан шүү дээ. Тэр байтугай сониноор байлддаг. Намын бага хурлаар “Энхбаяр дарга, Энхтүвшин даргаа та хоёр эхлээд энэ намаас гараад өг” гэж хүртэл хэлж байлаа. 2000 онд их хурлын гишүүн болсноос хойш Энхбаяр дарга манай намын дарга болоод бидэнд “Хамтарч ажиллая, нэг баг болж ажиллая” гэж хэлж байсан. Тэр үеэс хойш харьцаа нэлээд гайгүй болсон. Түүнээс өмнө бол танай сониноор ч байлдаж л байсан. Энхбаяр даргыг намын дарга болсноос хойш дэмжиж ажилласан. 1990 онд одоо энэ намд байгаа хүмүүсийн хэн нь ч байхгүй үед би намын залуучуудын дуу хоолой болж ажиллаж байсан учраас би хэн нэгэн хүний хүн биш. Сүүлийн үед юм л бол Энхбаярын хүн гэж хэлдэг болсон байна лээ. Би үе үеийн намын дарга нараа хүндэлдэг. Тухайлбал тухайн үеийн Ерөнхийлөгч Цэдэнбал даргын хүү Зоригийг Монголын иргэн болгохгүй болохоор нь би хөөцөлдөж байгаад болгож байлаа.
-Хэн Ерөнхийлөгч байсан гэж..
-Н.Багабанди дарга Ерөнхийлөгч, С.Баяр тамгын газрын дарга байсан. “Оросын иргэнээ тэндээ өгчихөөд ир” гэж хэлсэн байдаг. Оросын иргэнээ тэнд өгчихөөд хаанахын иргэн болж ирж Монголд ирэх юм болж байна. Тийм тэнэг юм ярьж байсан. Зориг урилгаар энд ирчихээд “Миний энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол эндээс явахгүй” гэж ярьж байсан юм шүү дээ. Тэгээд би ямар гарц байна гэж өмгөөлөгч Нарангэрэл багшаас асуулаа. Тэгээд гарц хайж байгаад Зоригийн 17, 18 настайдаа авч байсан монгол паспортыг нь иргэний бүртгэлээс шүүж гаргаж ирээд тэр паспортыг нь сэргээсэн шүүхийн шийдвэр гаргуулж байж Монголын иргэн болгож өгч байлаа. Тэгээд Монголын төрийг 40 жил удирдсан хүний хүүхэд Монголын иргэн байх ёстой гэсэн хатуу бодол маань ингэж биелсэн. Дараа нь намын дарга нартаа хэлж гурван өрөө байр авч өгч, манай компани засвар хийгээд, Амаржаргал сайд байрных нь засварт мөнгө гаргуулж өгч байлаа. Энэ нь Цэдэнбал даргын ачийг л намын гишүүн нь хариулж байгаа ухаантай юм шүү дээ. Дараа нь Батмөнх даргын эхнэрийг уйлуулж, хөөгөөд хүлээж авахгүй байна гэж сонссон.
-Хэн..
-Манай намын удирдлагууд. Даариймаа гуай тэр үед манай ээжтэй эмнэлэгт нэг өрөөнд хэвтэж таараад. Ээж надад хэлснээр би очиж уулзсан. Даариймаа гуай намайг тэврээд уйлсан. Бүх зовлонгоо ярьсан. Бүр уулзах гээд очиход нь хөөж туугаад түлхсэн гэнэ лээ. Тэгээд Батмөнх гуай яаж амьдарч байгаад нас барсныг, өөрөө яаж амьдарч байгаагаа яриад. Халамжийнх нь 50 мянган төгрөгөөс өөр орлого байхгүй хэцүү байсан юм билээ. Би УИХ-ын тогтоолын төсөл гаргуулж цалингийн доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгө олгуулахаар шийдвэр гаргуулж , буцалтгүй тэтгэмж өгүүлж, байр, дулаан, тог усных нь зардлыг улсаас олгохоор болсон.
Түүнээс хойш Даариймаа гуай нөхрийнхөө тухай ном бичиж, хөшөө босгож олон сайхан зүйл хийгээд явж байна. Ийм учраас энэ даргын хүн, тэр даргын хүн гэж намайг ярих өрөөсгөл юм. Эмэгтэй хүн болохоор тэгээд байдаг юм уу, би гайхаад байдаг юм. Би эрчүүдтэй адилхан шатар, даам тоглох биш, архи дарс ууж, биллиард тоглох биш, дагаад гадаад дотоод явах биш дээ. Тиймээс Энхбаярын хүн гэж цоллоод байгаа хүмүүс чинь манай дарга нар өөрсдөө байхгүй юу. Тэгэж яривал эд нар Энхбаяр даргаар татуулж энэ намд орж ирсэн.
-Тухайлбал хэн хэн юм. Яг яаж орж ирсэн бэ?
-2000 он гэхэд өнөөдрийн лидерүүд байхгүй л байсан ш дээ. М.Энхболдыг нийслэлийн намын хороон дарга болгох гээд Энхбаяр дарга хөтлөөд авчирч байсан. Тэгэхэд чинь би намын бага хурлын гишүүн байлаа. Баянзүрхийн засаг дарга байсан Гантөмөрийг нийслэлийн даргад өрсөлдүүлэх гэж зүтгүүллээ. Тэр үед Энхбаяр дарга Гантөмөрийг дарамталж байгаад М.Энхболдыг өрсөлдөгчгүйгээр нийслэлийн намын дарга болгосон. Т.Бадамжунай гэдэг чинь Намбар гуайн хамаатан гэж орж ирж байлаа. Тэгээгүй бол ийм том намд Бадамжунай орж чадахгүй шүү дээ. Ц.Мөнх-Оргил байна. Цолмонгийн хамаатан гэж оруулж ирж байлаа. С.Батболд гэж намд ямар ч мэдэлгүй зүгээр нэг бизнесмэн залууг Энхбаяр дарга шууд Удирдах зөвлөлд оруулж ирээд л Гадаад хэргийн дэд сайдаар тавьсан. Мөн Моксвад байхад их өрийн асуудлаар очихдоо С.Баяртай тохироо хийсэн гэж ярьдаг юм билээ. Ингэж С.Баярыг авчирсан. Тэгээд нэг өдөр бүлгийн хурал дээр Энхбаяр дарга “Би намын ерөнхий нарийн бичгийн даргаар нэг хүнийг тавина. Та нар шүүмжлэхгүй. Шууд дэмжинэ шүү” гэж байсан. Ямар ч шүүмжлэлгүйгээр тавина гэхээр нь хэн юм бол гэж бодож байтал С.Баяр гэж хэлсэн. Тэр үед би дургүйцэж үг хэлсэн юм.
-Ямар үг хэлсэн гэж...
-“Намд ямар гавьяа байгуулсан юм. Юу хийсэн юм. Энэ хүн чинь намын хамт олныг удирдаж чадах юм уу” гээд асуусан. Талийгаач М.Зэнээ гуай өмнө нь С.Баяр гэдэг залууг улс төрд ерөөсөө оруулж болохгүй шүү гэж хэлж байсан. Би тэр үгийг нь тэсэлгүй хэлчихсэн. Тэгтэл Одончимэд гуай намайг загналаа. Ер нь олон хүн намайг загнаад зуун хувь гар өргөөд л С.Баярыг гаргаж ирсэн. Сүүлд нь Одончимэд гуай “Би буруу зүйл хийж, уучлаарай. Чиний зөв байж”гэж надад хэлнэ лээ. Би тэр үед хаалга саваад гарч явсан. Миний араас Н.Энхболд, Д.Лүндээжанцан хоёрыг гаргасан. Бодвол Арвиныг тайвшруулаад ир гэсийм байх. Ийм байсан. Гэтэл одоо бүгдээрээ нийлээд одоо Энхбаярыгаа унагалаа ш дээ. Би тэрийг Ерөнхийлөгчийн сонгуулиар харлаа. Ерөнхийлөгчийнг сонгуулийн дараа намын бага хурлаар “Энэ хүнийг их хуралд оруулъя” гэж би хэлсэн. Чингэлтэй дүүргийн анхан шат нь дэмжээд оруулж ирэхэд энэ хэд нь нийлээд дээрээс нь шууд хүчээр өөр хүн оруулж ирж байсан. Өнөөдөр энэ хүнийг ийм байдалд оруулсан хүн бол даргын өөрийнх нь авчирсан хүмүүс шүү дээ. Гэтэл бид үнэнч л байсан. Харин энэ хүмүүст хүн чанар гэж алга. Ардчилсан нам бол ил цагаан алалцаад асуудлаа шийддэг. Манайхан бол хумсаа нуусан муур шиг Энхбаярыг ийм байдалд оруулчихаад өнөөдөр Элбэгдорж ерөнхийлөгч Энхбаяр даргыг ийм байдалд оруулсан юм шиг яриад л сууж байна. Үнэн цагааныг ялгах цаг ирэх л байлгүй гэж би бодож байгаа. Ийм улсууд энэ намд байгаа учраас, энэ үнэн түүхийг би мэддэгийн хувьд хүний мөсгүй энэ байдлыг нь би харсаар одоо залхлаа.
-Таныг Ардчилсан нам юу амалсан бэ. Амлалт өгч оруулж байгаа гэсэн яриа бас яваад байгаа..
-Би ямар ч албан тушаал гуйгаагүй. Би шантаажчин хүн биш. Иргэдийнхээ төлөө ажиллах боломжийг л нэхнэ. Би АН-д орлоо гээд өөрчлөгдөхгүй. Шүүмжилвэл шүүмжлээд, хэлдэг үгээ хэлээд л явна. Арвин Арвингаараа л байна. Шударга зүйл дээр зөв хамтарч ажиллах гэж л орж ирж байгаа.
-АН-д таны найз бий юу?
-Н.Батбаяр, С.Баярцогт гээд эвлэлийн ажил хамт хийж явсан эртний найзууд бий шүү дээ. Намайг АН-ын гишүүд илүү их ойлгодог. Яаж ч хэрэлдсэн намайг эд нар л тайтгаруулж байдаг. Тэгээд ч тэр үү өөр намд орж байгаа юм шиг санагдахгүй байна. Мөн УИХ-д эмэгтэй олон гишүүн байна. Бурмаа гишүүн гэхэд их хуралд орж ирэхэд хачин их баярлаад л, сонгуулиас өмнө туслах гэж асуугаад л “Даанч хуулиараа болохгүй юм” гэж байлаа. Ц.Оюунгэрэл, М.Батчимэг гээд л намайг ойлгож дэмждэг олон бүсгүйчүүд байна.
-Д.Сарангэрэл гишүүн та хоёрыг “Тангаргаа битгий өргөөч” гэж Ардын намын удирдлагууд сонгуулийн дараа хэлж байсан гэсэн. Энэ үнэн үү?
-Тэгсээн. “Өвөрхангайн хоёрын асуудал шийдэгдээгүй байхад та хоёр тангаргаа өргөхгүй хүлээзнээч” гэсэн. Гэхдээ бид хоёр “Бидний ард сонгогчийн эрх ашиг байгаа” гэсэн хатуу байр суурьтайгаар тангаргаа өргөнө гэж шийдсэн.
-Дараагийн сонгуулиар Ардын нам ялчихвал та харамсах уу?
-Үгүй. Би сонголтоо хийсэн. Би 2016 оныг харж энэ сонголтыг хийгээгүй. Өнөөдөр хийх ажил, санаачлах хуулиуд их байна. Тэр бүхнээ хийх нь л миний хувьд чухал байна.
-За цаг зав гаргаж ярилцага өгсөн танд баярлалаа. Мөн Ардчилсан намын гишүүн болсон шинэ сонголтонд чинь баяр хүргэе.
irgen
irgen
saihnaa
saihnaa
saihnaa
bulgaa
bulgaa
Зочин
Зочин
Арвин та их хурлын гишүүн байх ёс суртахуунгүй
Зочин
Зочин
Зочин
ZOV! ZOV
bat
bat
bat
МАНн гишүүн
үгийн шилжсэн утга
MAH iin gishuud setgegdel bichigchidee !!!
MAH iin gishuud setgegdel bichigchidee !!!
ш. холмс
ш.холмс
Зочин
Зочин
зочин
зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Уншигч
зориг
j
Good job
Зочин
Зочин
Иргэн
Зочин
naizuud
Kk
mash sain
Bat
Сүхээ
Сүхээ
Сүхээ
hi
sodoo
hi
hi
hi
hi
hi
hi
amaraa
hi
зочин
Зочин
зочин
Зочин
ббб
ЗОЧИН
Зочин
MAN-iig bhku bolgood haychlaa shan2
Зочин
ДЭМЖИЖ БАЙНА
ДЭМЖИЖ БАЙНА
ДЭМЖИЖ БАЙНА
Зочин
irgen
эрдэнэбат
эрдэнэбат
эрдэнэбат
URVAGCH
kk
Зочин
э
bayanzvrhiin irgen
Bek
zochin
Зочин
Зочин
zochin
Зочин
2012 12 21
Зочин
Зочин
ertyuio
opowdchloo
зочин
Зочин
Нар
Зочин
Зочин
цогоо
цогоо
цогоо
Зочин
Зочин
songogch
songogch
songogch
Зочин
Зочин
Зочин
z
z
Зочин
Зочин
Зочин
Зочин
Italy
Zochin
unshigch
Зочин
AMJILT
Зочин
Zaya
Tsend
Өвгөн
ZUW
Зочин
мөнх
2 urvagch taarch dee
bo
bo
зочин
мөгөө
z
Baatar
Ваавар
Ваавар
ЦОГОО
ЦОГОО
darvin
НАМ НАМ
Д.Энхтуяа
Д.Энхтуяа
suren
hi
hi
.monhoo
болдбаатар
Зочин
Зочин
данзан
Зочин
шулуухан
Зочин
Зочин
Зочин
2345325234523
HANGAI
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Прос
Саруул
Саруул
Саруул
Зочин
Зочин
Зочин
tulga bilguun
Зочин
Зочин
Ard Ayush
bayaraa
Зочин
Зочин
мнх
Зочин
Зочин
BC
Арвин
Арвин
erdes
Amidral ter chigeeree songolt
Зочин
nemo
Зочин
zuv zuv
Өлзий
Зочин
b
ghbg; ;gaxny hejgy;gg
Зочин
Зочин
d temuujin
d temuujin
Зочин
Зочин
Зочин