Сургуульд яваа хүүхдийн маань сураг сонсогдоно уу? Таминь ээ
Маж амьдралтай айл гэрийнхэн өглөө цайгаа ууцгаагаад ямар нэгэн ажилдаа гарцгаадаг.
Манай дундаж амьдралтай айл гэрийнхэн өглөө цайгаа ууцгаагаад ямар нэгэн ажилдаа гарцгаадаг. Тэдний гэрээс гарч байгаа нөхдүүдийн дийлэнх нь цүнх үүрсэн, барьсан “аваргууд” билээ. Цэцэрлэгээс эхлээд их дээд сургууль дүүргэх хүртэлх урт удаан замыг баруулахын тулд эцэг эхчүүд бид идэвхтэй амьдралынхаа талаас илүүг зориулдаг. Олсон хэдэн төгрөг маань ч тийшээ урсаж оддог.
Энэ нь зөвхөн Монгол төдийгүй дэлхий даяар түгээмэл амьдрал юм. Тэгэхээр боловсрол тойрсон асуудал болгон үе үеийн эцэг эхчүүдийн мөнхийн сэдэв болж байдаг. Улс орноос эхлээд айл өрх бүр л ирээдүй цагийг угтсан ямар нэгэн “үйл мэтгэж” суудаг нь хүний ёс юм даа. Тариачид талх хийдэг тариагаа гэнэт намар санаж байсан удаагүй. Яг өдийд хаврын тариалалтын ажил эхэлж намар халиуран найгах ургацыг сэтгэлдээ мөрөөдөн ажилдаа гарцгаадаг. Манай малчид л өвөл болохгүй юм шиг зан гаргадаг байх. Өвс хадлан, хашаа хороогоо бэлдэлгүйгээр хэдэн малаа туугаад идэр есийн жавар руу орчихдог шигээ хүүхдэдээ мөн тэгж хандах явдал ердийн үзэгдэл болоод байна. Сургуульд яваа хүүхдээс маань сураг сонсогдоно уу гэж хааяа асуудаг. Урьд цагт бол тэгж яваад бид чинь нэг юманд хүрчихдэг байлаа. Одоо цагт ингэж яваад нэг муу юм дуулгах илүү магадлалтай болсон.
Хүүхдийн тухай яриа өрнөвөл гэнэт сэртэсхийж боловсролын байгууллагыг цээжний бангаар багцаагаар баахан зүхэх, одооны хүүхдийн эдгүйг гайхах, их л сайндаа сургуулийн багш нар манай хүүхдээс цонх шиллэх мөнгө хурааж авлаа хэмээн хэл ам хийж гүйхээс хэтрэхгүй. Улстөрчид болохоор сургуулийн дотуур байрны засварын зардал, нэг хүүхдийн оюутны сургалтын төлбөр мэтхэнээс өөр юу ч хэлж мэдэхгүй. Сүүлийн жилүүдэд хүний ам таглах ганц мундаг юм хийсэн нь “Үдийн цай” хөтөлбөр. Тэрнийгээ л яриад байна. Угаасаа энэ мэтийн аж ахуйн ажлыг хийдэг өчнөөн олон орон тоо, гүйцэлдүүлэх компани хаа сайгүй л байгаа.
Бусдын хүүхдийн хувь заяаны сэдвээр цэцэрхдэг мөртлөө өөрийнхөө хүүхдийг хэддүгээр ангид хэрхэн сурч байгааг мэддэг эцэг эх тун цөөхөн байдаг нь хачирхалтай. Орхигдоод байгаа энэ сэдэв дээр уншигч олонтойгоо санал бодлоо хуваалцаж баймаар байна.
Америкт хүүхэд нь сургуульд явдаг эцэг эхтэй уулзсан юм. Тэнд ер нь яах юм? Баахан сахилгагүй, эрх чөлөө болсон, пээдгэр хүүхдүүдэд ямар үйлийн үртэй багш хичээл заадаг бол?. Манайхны хүүхдүүд очоод хачин их эвдэрч байна уу? Удахгүй тэгээд зугаа цэнгэл хөөгөөд, хар тамхи татаад эхэлнэ дээ гэж сонирхон асуусан. Ер нь Америк, Баруун Европт ач зээгээ эргэж очсон өвөө эмээ нар их л таагүй сэтгэгдэлтэй буцдаг. Хаана ч билээ нэг нөхөр хүүхдийнхээ хүүхдийг алгадчихаад хэрэгт оронгоо алдаад бүр тангараг тасарсан удаатай.
Орчин цагийн барууны боловсролд олон янзын ааш аягтай хүүхдийг хүлээн авч сургаж хүмүүжүүлэх явцдаа багш нар бишгүй л арга сэдэж олжээ. Тэрэн дундаас манайд хэрэгжүүлчихмээр санаанууд байна. Үүний нэг бол багш нар хүүхдийг нь эцэг эх хариуцагч нарт нь байнга “матах” арга хэмжээ юм. Тухайлбал “Өнөөдөр танай хүүхэд үсээ шараар будаж ирлээ”, “Физикийн даалгавраа хийж чадсангүй учир ангидаа энэ сэдвээр сүүлийн оноог авав”, “Хавар гэсэн сэдвээр зохион бичлэг хийж огт чадахгүй байна” гэх мэт сурлага хүмүүжлийн өө болгоныг нь аав руу нь мэдээлж орхидог байна. Гэртээ очоод аав нь хүүгээ аргадна уу, алгадна уу хамаа алга. Ямар ч байсан тэр хүүхдийн эцэг эх хүүхдээ ямар байгааг өдөр тутам мэдэж байх ёстой. Харин төрөөс сургууль болгон хүүхдийн мэдээллийг гэрт нь байнга зөөх, хариуд нь сонсох үүргийг өгч байна. Ихэнх ангиудад үндсэн ба туслах гэсэн хоёр багш нэг хичээл дээр байдаг. Нөгөө туслах нь болохоор тэр мессежийг бичээд сууж байдаг байх нь. Ажил ажил гээд гэрийн бараа хардаггүй нөхдүүд хүүхдээ ямар байгааг үргэлж сонсоод ирэхлээр эрхбиш анхаарлаа хааяа хандуулдаг байлгүй дээ. Гэхдээ хүүхдийг нь “олих” тактикаа их зөв боловсруулах хэрэгтэй. Дэмий юм донгосоод харин бүр үргээчихвэл дахиж утсаа авахаа больчих гэмтэй. “Танай хүүхдийн дүнг жаахан янзалмаар байна. Хоёулаа нэг уулзах уу ах аа” энэ тэр бол биш. “Өнөөдөр Болдоо математикийн шинээр заасан томьёог ойлгосонгүй гэртээ харилаа шүү. Бусад нь бүгд ойлгосон учраас…” гээд хэлээд өгчихвөл олон эцэг дүрсхийн өмднийхөө тэлээг суга татна вий.
Манай сургуулиуд байж байж нэг удаа эцэг эхийн хурал гээч юм хийдэг. Тэнд нь хэдэн эмээ өвөө л очдог. Юу ярьдаг гэхээр анги нийллэг хийх гэсэн юм, ус буцалгагч авчихдаг юм билүү… Нөгөө л сургуулийн дотуур байрны засвар ярьдаг Их хурлын гишүүний багасгасан хувилбар. Зарим багш нар олны нүдэнд өртдөггүй хүүхдээ бол бараг танихгүй. Бөөн дунд нь лекц маягаар хичээл заагддаг бололтой юм билээ. Нөгөө өгч байгаа цалин нь цаанаасаа ингэж заахад хүргэдэг. Цалингаа нэмүүлэх, боловсролыг шинэчлэх, хүүхдийн төлөө үйл хэрэг хийх тухай үргэлж л яригддаг. Тэр яриа ажил болдоггүй шалтгаан нь эцэг эхтэй нь тогтмол, зөв өнцгөөс харьцаж үзээгүйгээс тэр шүү. Ядахнаа л нөлөө бүхий хүний хүүхдийн ар гэрийг бугуйлдаад чаргуулдаад байхад ишгээ голсон ямаа л биш бол эргэж хүүхдээ нэг харна биз дээ. Хүн болгон хүүхдийнхээ төлөө санаа тавиад ирэхлээр боловсролын үнэлэмж дээшилж, толгой дээрээ гаргачихсан хүүхдээ зөв замаар явуулж чадна. Нөгөө талд багш нарын хариуцлага сайжирна.
Сурагчтайгаа зодолдоод үс гэзгээ зулгаалцаад зогсож байх юм даа, манай багш нар. Тэгээд гэр рүү нь утасдаж орилж чарлан, элдвээр хэлээд л. Нөгөө эцэг эх нь хүүхдээ өмөөрч дандаа дэргэд нь байдаг юм шиг хариу бахираад л. Энэ сургуулийн амьдрал нэг л болохоо байсан байна шүү.
Боловсрол дахь эргэх холбоо дунд сургууль дээр сураг алдарч байгаа юм чинь оюутны хувьд бүр замаа алдсан. Хөдөөнөөс хотод орж ирчихээд юу хийж байгааг ар гэр нь мэддэг болов уу. 21 нас хүртэл нь бар цэнгээний газарт оруулдаггүй хууль гаргаач. Энэ нас хүртэл нь мөн л ар гэртэй нь холбоо барьж, хаана байгааг нь хэлдэг болмоор байна. Улаанбаатарт үдэш болмогц илт зэрлэгших тал руугаа орсон нөхдүүд тал талаас гараад ирдэг. Голдуу оюутнууд гэх юм. Энэ сайхан залуусыг ингэж зөнд нь тавьж байгаа капиталист орон Монголоос өөр алга.
Манай сонин нийтлэлийн бодлогодоо боловсролыг шинэчлэх сэдвээр үргэлж санаа тавьж ирсэн юм. Ойрын үед БСШУ-ы сайд оролцсон томоохон хэлэлцүүлгийг сонины редакц дээр зохион байгуулахаар төлөвлөлөө. Ё.Отгонбаяр сайд ба манай тал аль аль нь энэ тулаанд өөрсдийгөө бэлдээд эхэлсэн. Нөгөө тал маань дуэль хийх өдрөө түр хойшлуулсан. Гэхдээ үзэлцэх хэвээрээ шүү л гэж байна лээ. Багш ба сэтгүүлч хоёрын дундаас эцсийн дүндээ маш сайхан үр дүн гарах байх аа гэж найдаж сууна.
jmnj
baaguu
Мичид
zaawal sons
boogii
tasgan
zochin
xxx
mmm
ээж
Bb