Сумын төвийн айлд очиж өдөржин хэвтсүгэй  хэмээн машинаа асаан гараад өглөө.  Я.Баярбаатар бид хоёр харин хаашаа явах вэ гэж нэг нэгэн рүүгээ асуулт шидэлцэж байснаа “За халхын нутагт хаашаа ч явсан яадаг юм. Аяганы амсар зуулгах айл олдолгүй яав гэж” гэлцээд алганыхаа хонхорт шүлсээ дусааж байгаад хуруугаараа цохиж мэргэллээ. (Хүүхдүүд багадаа тэгж мэргэлж тоглодог байсныг зарим хүн мэдэх болов уу. сурв) Баруун зүг үсэрч байна аа.

  22-ын  товчоогоор гараад чигээрээ давхиад  байлаа. Замд хэд хэдэн сумын нэр байвч бараа нь тээр хол харагдаад байх юм. Тэгсээр яалт ч үгүй Төв аймгийн Лүн сумын төв дундуур хар зам дайраад гарах тул бяцхан “аяны дөрөөгөө мултлахуй” болов. Уг нь эндээс цааш яваад байвал Эрдэнэсант, Сансар гээд сум замд таарах л даа. Ганц өдрийн томилолтоо давхисаар байгаад өнгөрөөлтэй биш.

  Өглөө баруун, үдшийн нарнаар зүүн тийш ирж буцдаг ажилтай бол ямар таатай юм бэ. Өглөө эртээ гарахад  хүн бүр хот руу ажилдаа явахаар түжрэл үүсгэн, нарны хурц гэрэлд дальдчин зүүнтээ зүтгэж байхад бид хоёр бараг хоосон эсрэг урсгалд зөрж явсан. Орой аанай л хүмүүс жаргах нарыг саравчлан баруун зүг гэрээдээ жартайлдан буцаж байхад өмнөөс нь торох юмгүй  хот руу давхиад ороод ирсэн.

  Өглөөний  ажил цугларахтай зэрэгцэн Лүн сумын конторт очин албаны хүмүүсийг сураглав. Засаг дарга ажлаар аймаг орж. Оройдоо ирнэ гэнэ. Сумын орлогч дарга П.Жамбалдорж өрөөндөө ороод бас л гадагшаа гарах гээд өндөлзөж байв. Зайлуул тэгэхнээ энд ажил явдал гарчихсан юм байна. Сумын нийгмийн ажилтан бүсгүй өвчний учир өөд болж, захиргааныхан газарт нь явцгаах гээд унаа машин болцгоож байв. Тэгээд Жамбаа дарга хүмүүс цуглартал сум орон нутгийнхаа талаар мэдээлэл өгчихөөд, машин ирмэгц газарт явна. Харин та хоёрыг нэг айлд очуулахыг бодъё гэлээ.

  Ингээд  албан яриа хөдөө заншлаар малаас эхэллээ. “Лүнд бол зуд болоогүй ээ. Харин отрын мал орж ирээд бэлчээр барчихлаа. Дундговийнхон голдуу тавь гаруй малчин өрх энд ирээд өвөлжиж байна. Хоёр дахин илүү мал нэмэгдээд ирсэн болохоор энэ хавар зүтгүү боллоо. Гадны болоод өөрийн зургаан мянга гаруй мал хорогдсон нь өнгөрсөн жилийн өдийгөөс арав дахин их гарз юм. Тэгэхээр бас л зудын дам нөлөө тусч байна гэсэн үг. Малын тал нь төллөсөн. Төллөсөн төлийн гуравны нэг хорогдсон мэдээтэй…

  Хоёрдугаар асуудал нь тус суманд “Ногоон хэрэм” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа сайхан мэдээ байна. Солонгос улсын хөрөнгө оруулалтаар олон мянган мод тарьж үржүүлэх ажил гурав дахь жилдээ явагдаж байгааг газар дээр нь очиж сурвалжлаарай гэв. Дараагийн асуудал замын тухай яриагаар үргэлжлэв. “Очир-төв” гэдэг нөгөө УИХ-ын гишүүн Дамба-Очирын “Баруун этгээдэд хар зам тавьсан нь” хэмээх домгоос хайцгаав.

  “Эртээ урьдын цагт Дамба-Очир хэмээх нэгэн сайн эр Лүнгийн хар замыг тавьж гэнэ ээ…” гээд эхэлдэг дээ. Хэлтэй амтай энэ замаас болж Төв аймгийн таван сум газрын хөрсөө сүйтгүүлж, олон мянган иргэд унаа хөсгөө эвдэн, аваар осол гарч, хүний алтан амь эрсэдсэн билээ. Тэглээ гээд энэ олигархи нөхөрт ямар ч арга хэмжээ аваагүйгээр барахгүй харин ч бүр төрийн түшээ болон дэвшиж аваад, зам тавьсан гээд өөртөө мөнгө нэхэж суудаг болсон. Одоо Лүнгийн нутаг дэвсгэр дэх хэсгийн замыг тавилгүй үлдээд байгаа бөгөөд энүүхэн хэсэгт гэхэд л зуу гаран салаа шороон зам бий болсоор олон жилийг үдэж байна.

  Хамгийн сүүлд нь цөмөөрөө хүний тухай ярьцгаав. 2500 хүн, 754 өрхтэй энэ сум зам дагаж хөгжил ирдэг гэсэн онолын эсрэг байдалтай. Зах зээлд шилжсэнээс хойш нэмэгдсэн юм гэвэл “Ам цангав” гэх мэт нэртэй хэдэн зоогийн газрууд баригдсан. Өөр шальтай хөгжсөнгүй. Аль дээр үеийн аймгийн төв хүртэл болж байсан Лүн гэдэг суурин өнөө хэр хэвээрээ л. Дээш нь учирламаар нэг асуудал бол сумын эмнэлгийн төсөв гэнэ. Гурван зүгт гарсан их замын гол урсгал дээр байгаа тус сумын эмнэлэгт байсгээд л осол аваарт орсон, орилсон уйлсан зорчигчид хамгийн ойроор нь бодож ороод ирдэг. Тийм аргагүй байдалд орсон хүнийг цаашаа гэх арга байхгүй. Боломжтойг нь эмнээд, хүнд нэгнийг нь эмнэлгийнхээ муу “жаран ес”-д аваад хот руу давхидаг. Тэгээд л төсөв нь дуусчихна. Энд тийм зовлон байх магадлалыг шалгаад байх ч шаардлагагүй ойлгомжтой билээ.

  Жамбаа дарга талийгаачийн ажил явдалд явж, сумын байгаль орчны байцаагч Н.Чулуунбаатар бид хэд замын урд байгаа гэр хороолол руу айлд очихоор боллоо.

  Эднийх гэр хорооллын нүүрний гудамжинд баруун талаасаа хоёр дахь хаалга. Замд нэг хижээл эр түрдэг тэргэн дээр “дөчийн бидон” тавиад усанд яваа зөрж харагдсан. Хашаанд орвол гайгүй сайн барьсан өвлийн байшин, хэд гурван үхэр байдаг бололтой пин саравчтай. Өвлийн байшингийн урд жижиг дөрвөн ханатай гэр барьжээ. Гэрт дан дээл өмссөн, махлагдуухан  нүдэнд дулаахан авгай галаа түлээд сууж байв.

  Эднийд ороод мэнд ус мэдэлцэн цай идээ амсан оршил болж нэлээд сууцгаав. “Юун улс юм бол. Ноолуурын ченж юм болов уу” гэж гайхаад байгаа бололтой. Төд удалгүй өвгөн усаа чирсээр орж ирэв. Гэрийн хатавчинд байгаа том сав руу усаа хийх гээд даалгүй дээрээс нь жаал авч байснаа өргөх гэхээр нь туслах гээд гүйгээд очив. Очихын зуургүй өвгөн ч усаа юүлчихэв. Айлд анх очиж байгаа хүргэн аятай тэгсгээд хийх ажил олдохгүй дахиад л жаал сууцгаав. “Танайд жаахан баймаар байна“ гэлтэй биш, цагаа тулахаар их эвгүй сурвалжлага юм билээ.

  Тэгээд цас зуд, ойрд дулаарах хүйтрэх тухай цаг агаарын голдуу яриа явагдан, сумын төвийн сонин руу шилжив. “Талийгаачийн шарилыг хотоос өнөөдөр авчирсан байх аа. Үгүй арай авчраагүй бололтой, эмнэлэг дээр хүмүүс харагдахгүй байна лээ. “Өгөөмөр”-т тавихаар болоо юу?” гэхчлэн ярилцаж байснаа бараг гарч явахын даваан дээр “Өө мартсанаас бид хотоос сурвалжлага хийхээр яваа хүмүүс юм. Тэгээд танайхаар ороод гардаг юм уу л гэсэн ухаантай” гэж шал дэмий шахуу юм асууж байгаа маягтай өгүүлж газар ширтэв.

  Гэрийн эзэн Самдан гуай ерөнхийдөө их бодь мөрөөрөө хүн таарч. Эднийх гурван хүүхэдтэй. Хоёр том охин нь найм төгсөөд мал дээр гарч айлын авгай болцгоосон. Харин бага хүү нь сургууль номын мөр хөөж хотод ХААИС-д сурч байгаа юм байна. Хүүгийн л найз нөхдөөс яваа гэж бодсон бололтой. Тэгэхнээ нь сурвалжлага энэ тэр болоод явчихсан чинь хоёр хөгшин баахан тэвдэв.

  Өвгөн лаазтай тамхиа ухасхийн шүүрч сонины тасархайд томоо гэгч нь ороож аваад “За даа хүү минь ах нь юугаа ярих вэ. Тэр жил нэг охин ирээд ам руу нөгөө юмаа тулгаад баахан шалдаг. Цагаа тулахаар хүн чинь юу ч хэлж чаддаггүй золиг юм билээ” гэв.

  Хөгшнийг нь Чимэдцэрэн гэх агаад энэ Лүн сумандаа насаараа мал маллаж яваа нэгэн аж. Танд хэлж ярих юм юу байна гэхээр “Ээ, эгч нь юугаа мэдэхэв. Бараг юм ярихаас ч айж байна. Харин сайхан хоол цай хийж өгье” гэлээ. Тэгээд сайхан сүүтэй цай чанаж гаднаас банш оруулан дээр нь хийж өвгөн ч бас гал тогоонд оролцон эрэгнэгнээсээ цагаан сарын үлдэгдэл бололтой өөхтэй хавирга дал гарган хөшиглөж тогоо руу хийв.  Жижиг гэр дорхноо халж хаалгаа нээн мод хавчуулав. Онгорхой хаалгаар тэртээд Туул голын мөс гялалзан наагуур нь хэдэн мал зэрэглээнд өндөрсөж намсан харагдах нь хавар цаг хэдийнэ иржээ. Туул голын тухай бас ярьцгаав. Одоо удахгүй гол гэснэ. Тэр үед хотын шээс шивтрийн үнэр хамар цоргиж адуу мал амсах ч үгүй ойртохоо больдог гэнэ. Голын бохирдол энэ хүртэл үргэлжилдэг гэхийг бодохоор бид мөн лут заваан аж төрж суугаа бололтой. Наадам өнгөрөөд л голын үнэр танар арай багасдаг гэж байх юм. Лүнд Туулаас өөр горхи ч байхгүй учир хүн малын ундаа худгаас авдаг юм байна.

  Бид хэд хоолон дээр “ганц юм” задалсны дараа яриа хөөрөө арай “серёзьный” болоод ирлээ.

  Одоогоос 45 жилийн тэртээ Хятадад соёлын хувьсгал гээч юм гарч үүнд Өвөр Монголын ард түмэн хамгийн их хэлмэгдсэн гэдэг. Манай Өмнөговь аймагтай хил залгаа оршдог ӨМӨЗО-ы Баяннуур аймагт бүр тодруулбал Буянт гэдэг хошуунд малчин Гүндийнх аж төрдөг байжээ. Гүнд хааяа хойшоо хил давж Ар Монгол руу яваад ирдэг, тэндхийн ганц нэг албаны хүмүүсийг зүс таньдаг байсан нь нутаг хошууны хятадуудад хардагдаж сэрдэгдэх болсон байна. Улаан хамгаалагч нар тэдний том хүүг бариад явчихлаа. Байдал улам эвгүй тал руугаа ороод ирмэгц Гүнд эхнэр Өлзийхутаг, арван настай охин Чимэдцэрэн нарыгаа аваад  тэмээнээсээ гурвыг шилж унаад  говь гатлан хойшоо зугтаажээ. Хүмүүст хар авахуулахгүйн тулд гэр бараа мал хуйгаа тэр чигт нь хаяад өмссөн хувцастайгаа Ар Монгол руу жонжуулаад хилээр ороод ирсэн байна. Гүнд гуайн зөрчсөн тэр хил орчим бол одоо ч эл хуль цөл бөгөөд нутаг мэдэхгүй хүн бол харангасч үхдэг газар юм. Хятадын харуул манааг эсэн мэнд баригдалгүй өнгөрөөд шууд Монгол хилчид дээр яваад очжээ. Өмнөговийн хилийн цэргийн зүс мэдэх офицер тэр гурвыг хэд хонуулаад аймгийн төвд аваачсан байна. Аймаг зардлыг нь даагаад царцаа ногоон онгоцоор хот руу аваад явлаа. Тэгээд хотод ирээд нэг их олон хонолгүй оргодол гуравт нутаг заан өгч Төв аймгийн Лүн сумын Энхтуул нэгдэлд туслах малчнаар хуваарилсан байна. Энэ явдал 1965 онд болжээ.

  Нэгдэлд ирээд сумын аварга малчин Дамдинсүрэн гэдэг айлын хамжаа болж, гэр бараа олгож, хөдөлмөр хөлс гээд цалин өгдөг болсон байна. Тэгээд яахав бусдын жишгээр сайхан амьдарч, Төв нутгийнхны гадны хүмүүсийг гадуурхдаггүй занд уусан Туулын хөндийн уугуул айлын тоог нэгээр нэмсэн. Харин тэднийг хэзээ ч Монгол Улсын иргэн болгосонгүй.  Суман дахь НАХЯ-ны мэдээлэгч нар ил далд үргэлж ажиглах ба байсгээд л Гүндийг сумын хэсгийн төлөөлөгч танихгүй хүмүүстэй ирээд аваад явчихна. Тэр үед Чимэдцэрэн гуай жаахан хүүхэд байсан болохоор аавыг нь хааш нь авч оддог байсны учрыг одоо болтол мэдэж чадаагүй өнгөрчээ. Ямартай ч аав, ээж хоёр нь сумынхаа төв рүү хаа нэг ордог, зэргэлдээ сум руу ч очдоггүй юм уу хориглодог байсан юм уу явдаггүй байсаар насыг элээжээ. Хорвоогийн жамаар хоёр хөгшин цувран бурхны орондоо явж, Чимэдцэрэн ч нас биед хүрч айлын авгай болсон.

  Өвөр Монголоос ирсэн жил арван настайдаа нэгдүгээр ангид орж дөрөв төгсөөд  буцаад мал дээрээ очсон. Цааш сургууль номонд явахыг хэсгийн төлөөлөгч зөвшөөрөөгүй бололтой юм билээ. Мань охин ч бөөн баяр гэртээ харьчихсан. Гүнд өвгөнийг нэгэнт Монголын харьяат болгоогүй болохоор эмнэлэг, сувилал, амралт, Үйлдвэрчний эвлэл гэх мэт төр засгийн үйлчилгээнд хамрагдуулаагүй. Тийм болохоор өвдөх төрөх эрхгүй чигээрээ хоцорчээ. Хожим ганц охин Чимэдцэрэн нь сонгууль ч өгөх эрхгүй яваад байгаадаа санаа зовж иргэншлийн талаар зөндөө хөөцөлджээ. Нөхөр  хүүхдүүд нь бүгд эх оронтой атал гадаадаар ганц мэнд ч мэдэхгүй хөдөөний хөгшин харийн хүн байгаад байдаг. Миний асуудал юу болж байна гээд хааяа нэг хэсгийн төлөөлөгч дээр ордог. Судалж байгаа. Болохгүй байна аа гээд л гаргадаг байсан байгаа юм. Одоо бодож байхад эдний царайг харж байхаар өөрөө эртхэн яваад үзсэн бол яах байсан бол гэж ярьж сууна лээ.

  Гүнд гуайн гэр бүл дэх бичиг баримтын зөрчил хүргэн Самданд харин сайнаар нөлөөлдөг байжээ. Өвөр монгол хадмууд нь малд үнэн сайн. Дэргэдээс нь холдоно гэж ёстой байхгүй. Өвс тэжээл бүх юмыг нь хийгээд өгчихнө. Мань эр яахав дээ. Хөдөөний харцуулын жишгээр “адуугаа эрж яваа” гэх мэтийн үндсэн ажлаа хийнэ. Ард нь байгаа хэд сумын аваргын, аймгийн аваргын, бүр улсын аваргын болзлыг  хангаад орхино. Даанч Монголын харьяат бус болохоор хамаг алдар суу Самдан дээр бууна.  Тэгээд мань эр сурвалжлагч хараад тэвддэг болсон учраа тайлж бөөн инээд болцгоосон юм.

  -Дээхнэ үед “Элбэг дээл” гэдэг зохиол байлаа. Тиймэрхүү л юм болж байжээ дээ?

  -Бид бүр тэрнийг чинь уншаад ярьцгаадаг байсан. Манай гэр бүлийн өөр юм гэвэл Самдангийн элбэг дээлийг өмсөх эрхтэй хүн байгаагүй дээ.

  Ийн явж явж саяхан оны өмнөхөн гэнэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлиг гарч намайг Монголын харьяат болохыг зөвшөөрлөө шүү дээ гэж хөгшин яриагаа дуусгасан юм.

  Тэгээд таныг харьяат болгоход юу асууж байх юм? гэхэд “Өө танаас асуугаад байх юм алга. Харин бидэнд заахаар хүн байна. Уг нь монгол ёс заншил энэ тэр асуух юм зөндөө байдаг л даа” гээд инээгээд байсан. Надтай хамт нэг айхтар буриад авгай орж байсан. Их номтой хүн бололтой юм билээ. Тэр бас Монголын харьяат болсон байх. Орос царайтай хүмүүс голдуу хөлхсөн газар юм билээ. Би учрыг нь сайн ойлгоогүй. Одоо тэгээд иргэний үнэмлэхээ авахын тулд төрсний гэрчилгээ шинээр авч байна. Төрсөн газар гэхээр яалт ч үгүй Өвөр Монгол Баяннуур гэж бичдэг юм билээ. Нэгэнт иргэн нь болж байгаа болохоор нөгөө далан мянгаа авахаар нэрээ өглөө. Нэгдэлд насаараа ажилласан тэтгэврээ хөөцөлдөнө. Хамгийн сайхан юм нь гэвэл сонгуульд саналаа өгч үзнэ дээ. Эгч нь энэ ардчиллыг дэмждэг байсан. Болдогсон бол саналаа өгөх юмсан гэж олон жил мөрөөдсөн дөө…” гэж цайлганаар инээж суув.

  -Нас ахихаар нутаг хошуу бодогдох юм уу?

  -Би чинь Лүндээ өсөөд өтөлж явна. Өөр нутаг ус мэдэхгүй шүү дээ. Тээр жил аавын дүүгийн хүүхэд гээд нэг хүн ирсэн. Овоо гайгүй явдаг юм шиг байна лээ. Тэгээд л сураг тасарсан. Одоо хүүхдийнхээ хүүхдийг хараад сумын төв дээр сууж байна. Эд нараас минь өөр ах дүү төрөл садан бодогддоггүй. Бид хоёр сургууль тарахаар бушуухан хөдөө гарч хэдэн мал дээрээ очихын түүс болж сууна даа хэмээн хууч хөөрсөөр өнжлөө. Сумын төв дээр ажил бага тул хийгээд байх юмгүй баахан уйддаг бололтой. Үе тэнгийн бололтой авгай орж ирэн ярианд оролцож, цай уугаад гарна. Өвгөний садангийн охин гал тогоонд туслалцан түлээ мод дөхүүлнэ. Гадаа хаврын нар ээж гэрийн ар дахь цас хайлан шоржигнотол урсана. Дуучин Вандан, Дуламсүрэн хоёр суман дээр ирж хэрхэн концерт тоглосон тухай яриа өрнөж эхлэхийн алдад бид дараагийн айлдаа очихоор “аяны дөрөө”-гөө чангалан улаа бутран гарцгаав.

  Ж.ГАНГАА

  Я.БАЯРБААТАР