VIPerson зочноороо бид Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, улстөрч  Зоригийн Алтайг урилаа.

Зоригийн Алтай нь Улаанбаатарт төрсөн.Сэтгүүлч мэргэжилтэй. З.Алтай ЗХУ-д сурч ирээд Монгол телевизэд ажиллаж байгаад МН-25 дугаар суваг телевизийг байгуулан захирлаар нь олон жил ажилласан бөгөөд 2008-2012 онд Монгол Улсын Их Хуралд бие даан нэр дэвшиж сонгогдож, УИХ гишүүнээр ажиллаж байв. Тэрээр 1976 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1982 онд Москвагийн Улсын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн.

Түүний өвөө нь зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн, нөгөө өвөө нь Төрийн шагналт, Ардын уран зохиолч Донровын Намдаг, аав нь гавьяат багш, уулын спортын зүтгэлтэн Раднаабазарын Зориг, ээж нь гавьяат эмч Намдагийн Дэнсмаа юм.

Тэрбээр:

1982-1984 онд Монгол телевизийн Мэдээллийн албанд редактор
1984-1990 онд Монгол телевизийн Залуучууд спор-тын редакцид Хариуцлагатай ба ерөнхий редактор
1990-1992 онд БНМАУ-ын АИХ-ын депутат
1990-1991 онд Монгол Улсын Засгийн газрын Хэв-лэлийн албаны дарга
1990-1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэв-лэлийн албанд хэвлэлийн туслах
1991-1993 онд Радио телевизийн Улсын хорооны дарга
1993-1996 онд “ЖААГ FM 107” радиогийн захирал
1996-2008 онд МН-25 дугаар суваг телевизийн захирал
2005 оноос Монголын телевизүүдийн холбооны Ерөнхийлөгч
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байна. 
 


 
-Эхлээд танд гүн эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Тун харамсалтай явдал болжээ. Таны аав бол Монгол түмний хайртай хүмүүсийн нэг байсан. Ийм харамсалтай явдал болсонд уншигчдынхаа өмнөөс ахин эмгэнэл илэрхийлж байна.
-Баярлалаа. Одоо юу ч гэмээр юм бэ дээ. Аавыгаа алдчихлаа. Ийм л юм болчихлоо доо.

-Ийм үедээ надад цаг зав гаргаж, хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Хэдийгээр танаас халгаж байгаа ч халуухан сэдэв барьж аваад л шуудхан эхэлье гэж бодож байна.
-Нэгэнт хоёулаа уулзсан юм чинь одоо тэгж дээ.

-Манай Сэтгүүл зүйн харж, сүрдэж явдаг томчууд та хэд маань ерөнхийдөө сарнисан маягтай, улс төр рүү явах нь яваад, үлдсэн хэд нь нэг тийм идэвхгүй байдалтай байна. Та хол байгаа болохоор нарийн мэдээлэлгүй байж магадгүй.
-Бараг тийм.

-Сүүлийн жилүүдэд хаалтын ч гэнэ үү, халхавчийн ч гэнэ үү, хамтын ч гэнэ үү гэрээ гэдэг юм эрчээ авч, манай салбарыг баллаж байна. Бид хувийн хэвшлийнхэн. Төртэй нь ч, бизнесийн байгууллагуудтай ч тодорхой төвшинд хамтран ажиллах л болдог. Гэхдээ салбарынхаа үнэт зүйлсийн дээр гишгиж биш доор нь зогсож. Эндээс үүдэлтэй гажуудлууд биднийг хямрааж байна. Энэ сэдвээс л яриагаа эхлэе?
-Тэгье. Өнөөдөр Монголд хамгийн их хөгжиж, хамгийн их дэлгэрч байгаа салбар бол телевизийн салбар болоод байна шүү дээ. Сүүлийн хоёр жилд бол маш эрчимтэй хөгжлөө ш дээ. Хөгжлөөрөө телевиз шилдэг нь. Ер нь бол хэвлэл мэдээллийн салбар сайн хөгжиж байгаа. Нэг талаар энэ их сайн. Нөгөө талаар  дэндүү жижигхэн зах зээл, дэндүү цөөн хүн ам гээд бүх юмаа тооцоод үзвэл энэ олон хэвлэл мэдээллийн байгууллага юугаар тэжээгдэж, юугаар хэдэн хүнээ цалинжуулж, яаж оршин тогтнож амьдарч байна вэ гэдэг асуулт хурцаар тавигдаж таарнаа даа. Энэ оршихуй маань өөрөө асуудал болоод гараад ирж байгаа юм л даа. Дан ялангуяа телевиз. Нийгэмд дуу хоолой нь хүчтэй хүрдэг. Ийм мэдээллийн хэрэгслүүд тухайн улс оронд газар нутаг, хүн ам, зах зээлийнхээ даах чадвар бүх юмнаасаа хамаараад онцгой бодлогын хүрээнд тавигдаж явдаг л зүйл шүү дээ. Манайх бол ерөөсөө бүх юмыг гуанз, хоршоо, дэлгүүр шиг  хуйлраад л байгуулж болно гээд дайрчихдаг. Энийгээ нөгөө эрх чөлөө ч гэдэг юм уу,  ардчилал гэдэг юм уу ойлголтон дээрээ авч давхисаар байгаад өнөөдөр Монгол шиг Гиннесийн номд орохоор олон телевизтэй, олон сонин хэвлэлтэй улс орон байхгүй болчихлоо ш дээ. Явж явж хүн юм байгуулж болно. Бүгд эрхтэй. Гэтэл өнөөдөр хамгийн гол нь санхүүгийн оршин тогтнох эх үүсвэрээ чи ямар эх үүсвэрээс яаж олох вэ, үүнийгээ тооцсон юм уу гэдэг маань зовлонтой зүйл болчихлоо. Замбараагүй олон юмнууд ингээд гараад ирсэн учраас хүнд өгөөш болох, оршин тогтнож амьдрахын төлөөх ачаалалдаа дарагдаад, янз бүрийн бодлого зорилготой улсын амласан амлалтад орох, автах, тодорхой хэмжээний мөнгө төгрөгийг нь авчих ийм байдал бол хаа сайгүй бий болчихлоо л доо. Би сэтгүүлчдийнхээ юм бүтээе, юм байгуулъя гэж байгааг бол буруу гэж үзэхгүй. Гагцхүү Төр маань анхнаасаа энэ бүгдийг тооцоолоод өнөөдөр манай багтаамжид хэдэн телевиз байх ёстой юм, ямар хүчин чадалтай баг нээх юм, зах зээл нь өргөжөөд телевиз өөрөө өөрийн олсон реклам сурталчилгаагаараа амьдраад явах,  өшөө цаашаа хүрээгээ тэлэх боломжоо босгоод ирэх юм бол дахиад бид эрх лиценз олгоод явъя гэдэг  ч юм уу ийм ултай төрийн бодлого гаргах байсан. Ийм юм нь алдагдаад, замбараагүй, ёс зүйгүй, худалдсан худалдагдсан энэ байдал руу өөрийн эрхгүй орлоо шүү дээ. Уг нь миний ойлголтоор бид бүгд чөлөөт телевиз гэж явдаг. Чөлөөт хэвлэл байхын ганц эх үүсвэр бол та өөрөө санхүүгийн хувьд бүрэн эрх чөлөөтэй л байх шүү дээ. Хэний ч хараат бус байж, хэний ч өмнө чөлөөтэй байх тийм хэвлэлийг эрх чөлөөтэй гэхээс биш  хэн нэгэн олигарх гэдэг юм уу, хэн нэгэн баян хүний татаасаар, тэрний бодлогоор амь зууж олон түмэнд нийтлэл нэвтрүүлгээ нэвтрүүлж, бичиж хэвлэсэн болж явна гэдэг бол маш утгагүй асуудал. Ер нь ийм маягаар бид цааш явах юм бол энэ  улс орон ямар ч жолоодлогогүй, хэдэн мөнгөтэй хүний үзэл бодлоор хаашаа л бол хаашаа хийсч явахаар ийм их хэцүү байдалд орлоо л гэж бодож байгаа. Сэтгүүлч гэдэг хүн бас өөрөө амь зууж байгаа хүн биз дээ. Ам бүлээ тэжээнэ, орон байртай болох юмсан, унах унаатай болох юмсан гэсэн хүний л хүсдэг юмыг хүсдэг нөхөр шүү дээ. Тэр хүнийг хэн цалинжуулж байгаа юм бэ, хэн цалинг нь өгөх юм бэ, тэр хүний амь амьдралыг хэн мэддэг юм бэ гэхээр цаана нь байгаа хэвлэлийн нэг эзэн л мэднэ ш дээ. Чамайг амьдруулах уу, хэдэн цаас өгөх үү, халах юм уу яах юм бэ гэдгийг эзэн мэдэж байдаг. Тэгэхээр хүссэн хүсээгүй хичнээн  эрх чөлөө сэтгүүлчид амтагдаад байсан ч гэсэн тэр нэг амь зуух хэдэн төгрөгөөсөө  болоод үндсэндээ  бол тэр эзэн гэдэг хүний гарт л, тэр хүний үзэл бодлоор л, өөрийн тархиар биш ингэж явдаг л зарчим руу  орлоо ш дээ. Гэтэл ийм байж болох уу. Тэгвэл өнөөдөр Монголд жинхэнэ чөлөөт  хэвлэл гэвэл хэдэн хэвлэл байгаа ч юм уу, үгүй ч юм уу  гэдэг асуудал өөрөө гараад ирж байна л даа. Энэ бол айхтар  асуудал.

-Үнэхээр тийм. Та ер нь хаалтын гэрээг юу гэж хардаг вэ?
-Хаалтын гэрээ гэж юмыг яриад байдаг болсон л доо. Манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбоо мөнгө төгрөг авсан байна. Хаалтын гэрээ хийсэн байна. Би сая ирээд сонслоо л доо. Өө, нэг ийм юм бас болсон байна шүү. Тэр дотроо одоо юу гэдэг юм, “Телевзүүдийн холбоо” бас нэг хэдэн цаас авсан байна гэж. Би өчигдөр сонсоод өөр рүү чинь утасдаж байгаа нь тэр байхгүй юу. Яагаад би өөр рүү чинь утасдаж байна вэ гэхээр би гэдэг чинь  бас нэг муу энэ салбарын зүтгэлтэн хүн шүү дээ.  Тийм үү. Анх “Телевизүүдийн холбоо”-ны дүрэм журмыг би хийсэн. Онгирч  байгаа ч юм биш. Ерөөсөө энэ олон телевиз байхад телевизүүдийн эрх ашгийг хамгаалдаг, тэдний төлөө явдаг, дуугардаг төрийн бус байгууллага хэрэгтэй юм байна гээд л дүрмийг нь би гадна дотнын элдвийн юм харж байгаад л өөрөө нэмж хасаад, тэгээд хэдэн найз нөхдөөрөө хэлэлцүүлээд анх энэ байгууллагыг үүсгэн байгуулсан. Ингэж анх энэ холбоог үүсгэн байгуулсан нь үнэн. “ТV-5”-ын Сараа байж байна, “ТV-9”-ын Ц.Энхбат захирал байна. Манай “UBS”-ын Балхжав захирал байна. Бид дөрвөн хүн анх энэ холбоог гаргасан.

Дүрэм журмаа ярьж байгаад л ном ёсоор нь хийгээд явсан.  Гэхдээ энэ байгууллага аливаа хэвлэл мэдээлэл, телевизийн дотоод нийтлэлийн бодлогод оролцох дүрэм журам байхгүй. Гагцхүү миний түрүүчийн хэлсэн салбарын эрх ашиг, гадаад дотоодод хүмүүсээ сургах, хөгжүүлэх гэх мэт зарчмын хэдэн асуудлаа барьж байж л хийсэн. Салбарын эрх ашигтай холбоотой, түүний эсрэг болох болохгүй элдэв хууль тогтоомж гаргах юм бол бид санал бодлоо төр засаг холбогдох газруудад хэлж байх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах гээд олон юм дүрэмд нь бий л дээ. Гэтэл хаалтын гэрээ хийсэн шуугиан дуулиан гараад явчихсан байж байдаг. Би тэр гэрээг нь нүдээр үзээгүй. Чухам юу хийсэн юм бэ, юу тусгасан юм бэ. Манай энэ мэргэжил нэгт нөхөд маань засгийн ч гэдэг юм уу, хэний ч юм хараанд ороод, мөнгөөр худалдагдаад ингээд явчихаж байгаа юм уу. Би гэрээг нь нэг бүрчлэн нүдээрээ хараагүй учраас сайн мэдэхгүй байна. Зүгээр хаалтын гэж бид одоо нэрлээд байгаа болохоос биш ийм гэрээнүүдийг намайг телевизүүдэд ажиллаж байх үед томоохон зарим нэг компаниудтай хийдэг л байсан. Тэрэн дотор одоо хаалт гэж нэг тийм боолт болсон юм байдаггүй байсан. Тухайн компанийн  асуудлаар ямар нэгэн мэдээлэл буруу зөрүү гаргах юм бол нөгөө талын компанийн байр  суурийг хамт давхар заавал авч тавиарай гэж, хоёр талаас нь л авч тавих ёстой гэсэн алтан дүрэм зоож өгсөн. Тэрийгээ ч барьдаг, ийм л байсан.

-Тэр үед та нар маш зөв  дүрэм боловсруулсан юм байна. Одоогийн хийж байгаа гэрээнүүд дотор харин таны наад сонгодог заалт чинь байхгүй байна шүү дээ.
-Би гэрээ үзээгүй учраас сайн мэдэхгүй байна л даа. Юу гээчийн юм хийчихсэн юм. Олон л засаг байгуулагдахыг хараад, амьдраад явж байна. Гэхдээ аль ч засгийн үед Ерөнхий сайд нь ч байна уу, хэн нь ч байна дандаа л таньдаг мэддэг найз нөхөд, нэг ёсондоо мэдэх улсууд үе үеийн засгийг толгойлж байлаа шүү дээ. Би тэдэнд нэг л юм хэлдэг байсан. Байнга хэлдэг байсан. Тэр нөхөд маань ч бас заримдаа үл ойшоодог л байсан. Та нар минь шинэ засаг гарлаа, шинэ засаг юу хийх гээд байгаа юм бэ, гол гол бүтээн байгуулалтын концепцын асуудлаа та нар тодорхой  болгоод ард түмэн минь ээ, ийм хэдэн гол юман дээр акцент өгч байж үүнийг бид хийнэ. Та бүхний хяналт, чин сэтгэлийн дэмжлэг, ойлголт чухал байна шүү. Энэ төсөл ийм ийм учиртай юм. Монголд ийм ийм үр ашигтай юм гэж ярьж хэлж, тайлбарлаж яваач ээ. Ингэж хамтарч ажиллая аа, нөхдөө гэж би байнга хэлдэг байсан. Энэ бүтээн байгуулалтуудыг чинь засаг барьсан арван хэдэн хүн, яам тамгын газар дангаараа хийдэггүй юм аа. Ард түмэндээ наад мэдээллээ  сайн өгөөч ээ гэж. Ийм л юм хийх гээд байгаа юм, энэний төлөө л бид явж байна. Иргэн бүрийн оролцоо энд хэрэгтэй байна гээд уриал, ойлгуул гэж. Ингэж нийгэмтэйгээ нэгдэж байж хийдэг болохоос биш зүгээр нэг арван хэдэн сайд тэнд журам батлаад, тавьсан дарга нар нь тэр том проектыг хөдөлгөнө гэж байхгүй шүү дээ. Солонгосын мундаг Ерөнхийлөгч нарын жишээ бол дандаа л тийм ш дээ. Ард түмэндээ үнэнээ хэлдэг. Ийм л арга замаар бид бас юмаа хиймээр байна. Бид ингэж байж л босно. Тэгэхээр  хүчээ нэгтгэе, хамтаръя гэж. Ойлгодоггүй байсан.

-Эхнээсээ авахуулаад л хийж байгаа ажлаа ард түмнийхээ итгэл сэтгэлд уяад явчихдаг. Манайд хэвлэлийн хэдэн менежерт мөнгө өгөөд л явчихна гэж дайраад байдаг. Наад саналыг тань огт сонсдоггүй юм билээ?
-Томоохон бизнесийн компаниудтай бол Төр нь илэн далангүй ярьдаг. Би чамайг ингэж дэмжье, ийм хэмжээний мөнгө төгрөгөөр тусалъя, татварыг чинь ингэе гээд.  Ингээд засаг нь өөрөө томоохон хувийн хэвшлийн компаниудтайгаа хамтраад нэг том проектыг түрээд явчихдаг. Ингэж байж энэ улсуудын боссон жишээ дэлхийгээр дүүрэн байна шүү дээ.

-Ингэж итгэж, найдаж, хамтарч явж байж л хүнд үед ээмгээ хүртэл тайлж өгдөг ард түмнийг хүмүүжүүлдэг юм байна л даа?
-Ердөө л тэр шүү дээ. Солонгосыг хар л даа. Ингэж байж улс орон нь амжилтад хүрч, ард түмэн нь сайхан амьдралд хүрнэ үү гэхээс биш тэр дээр тэнгэрт суусан хэдэн дарга аймаар гоё гоё үлгэр яриад л, гоё юм сэтгээд л, доор нь байж байгаа ард түмэн юу хийх гээд яах гээд байгааг нь юу ч ойлгохгүй зовоод явах юм бол бүтэхгүй шүү дээ. Энэ янзаараа манай энэ хэдэн дарга нар л лав улс орныг маань хөгжүүлнэ гэж байхгүй юм байна.

-Өнөөдөр бид эрх мэдэлтнүүдэд дарлуулж байна. Хэрвээ намайг барьж аваад явчихвал та жишээ нь миний  эрхлэгч биш ч байсан, яг өөрийн тань торгон цэрэг биш ч гэсэн босч ирээд “Та нар, болио. Битгий давраад, даналзаад бай” гэж хашгирна. Манай хэдэн боссуудын зарим тэгэх л байх. Бид тийм сүрлэг толгойтой шүү дээ. Одоо тэгээд тийм түшиг яагаад байхгүй болчихов оо. Та энэ залгамж халаа, хэдэн үүргэвч үүрээд гүйж яваа сэтгүүлчдээ ер нь яаж шуухан явааг хардаг уу. Одоо энэ гэрээнүүдийг зөвхөн менежерийн баг л гарч ирээд хийж байна. Хараал зүхэл, үл итгэсэн байр суурь нь харин бидэн дээр явж байна.
-Түрүүчийн асуудлыг гүйцээхэд бол нэг ийм л юм байгаа юм. Би тэр нөхдүүдэд нэгдүгээрт, нэг тийм санаа хэлдэг байсан. Хоёрдугаарт, энэ засгийн хийх гэж байгаа ажлын тухай мэдээллийн гүүр нь болж ард нийтэд хүргэх үүрэг бол бидэнд байгаа. Бид дамжуулагч. Бид энэ проектуудаар нь сайн сайхан нэвтрүүлэг хийе, нийтлэлээ бичдэг нь бичье. Монголын төлөө зүтгэж байгаа бол хэн юу чаддагаараа л зүтгэе гэж. Гэхдээ бид хувийн хэвшил, зар, реклам сурталчилгааны мөнгөөр л  амьдардаг  ийм  улсууд. Энэ засаг төртэй холбоотой ийм нэвтрүүлэг хийхээр дунд нь реклам өгч биднийг дэмждэг аж ахуйн нэгж гэж байдаггүй юм. Тэгэхээр бид гэрээ хийсэн ажилтнуудтайгаа ярьж байгаад цаг минутаар нь, хуудсаар нь тоолоод л цалинжуулаад мөнгө өгдөг. Илүүдээ гарсан мөнгө бидэнд байхгүй. Тийм учраас тодорхой хэмжээний санхүүжилтийг чиглэл чиглэлээр нь өгөөч ээ. Хөдөө аж ахуйн салбараар яръя. Үнэхээр одоо “Атрын III аян” гэдэг ч юм уу, ийм хэмжээний том төсөл байвал тэрүүгээр туршлагатай ийм сэтгүүлчид, ийм телевиз байна. Та нар тодорхой хэмжээний санхүүжилт өг. Бид тариалангийн газраар яваад, сайн муу, болж байгаа, болохгүй байгаа бүгдийг чинь хийе. Газар шороотойгоо хутгалдаад явъя. Бидэнд зардал хэрэгтэй шүү дээ. Энэ дээр та нар тодорхой бодлогоор нэг телевиз гэхгүйгээр, улстөржихгүйгээр, ерөөсөө л ямар телевиз юугаараа илүү юм, ард түмэнд хамгийн сайн хүргэж чадах ямар сэтгүүлчидтэй юм гээд судлаад, шийдвэрээ өөрсдөө гаргаад тодорхой хэмжээний зардал өгчих. Энэ бол бид засагт худалдагдаж байгаа асуудал биш. Засагтай одооны яриад байгаа шиг хаалтын гэрээгээр хэдэн цаас хуссан ч асуудал биш. Ерөөсөө тохироод хийдэг л байя. Тийм учраас бидэнтэй зарчимтай яриач. Биднийг хүндэтгээч. Үнэхээр энэ эх орон, ард түмэндээ хэрэгтэй том бүтээн байгуулалтын төлөө юм хийх гэж байгаа юм бол бид зүтгэнэ. Тэрний төлөө хийж байгаа нийтлэл нэвтрүүлгийг маань худалдагдсан гэдэг юм уу, хэдэн сэтгүүлч засгаас мөнгө авчихаж ичээч ичээч гэх юм байхгүй шүү дээ.

-Тийм нэвтрүүлэг одоо байхгүй байгаа шүү дээ.
-Манайх нэг хэсэг хийж байсан. “Атрын III аян” гээд. Бид намрын ургац тариа хураалт гээд байнга явдаг байсан. Хөдөө аж ахуйн яамнаас хэдэн төгрөг өгдөг байсан. Тэгээд ёстой бүх газраар нь явж хийдэг байсан.

-Томилолтын хэдэн төгрөгөө аваад тариан талбай руу явдаг л байлаа. Тариагаа сэргээж авах хөдөлгөөнд гар бие оролцож, бахархах бахархлаа нэмэх бөөн хүсэл дүүрэн. Улс орон даяараа амьсгалчихсан. Тэгж амьсгалсан үе ч алга. Бид нар сумдын цэцэрлэгт хоночихоод цүнхээ үүрээд ч явцгааж байсан.  Томилолтын хэдээс маань илүү ч юм гардаггүй. Та гоё дурсамж сэдрээчихлээ.
-Гоё дурсамж, гоё сэтгэл, гоё ажил. Би бас тэнд Юнивешнээр Монголын хэдэн сувгийг өдөр тутам байнга үзээд л байдаг юм. Тэрэн дотор үнэхээр энэ засгийн болж байгаа, болохгүй байгаа юмыг бол гөвөөд л байгаа харагддаг. Гөвөх ч юмаа гөвнө, гайгүй ч юмыг нь дэмжиж байна. Би бол айхтар засгийг өмөөрөөд л байгаа юм алга.

-Баримт дэлгэж чадахаа байчих гээд л байна. Шүүх, прокурор нь “айлгаад”. Супер баримтууд, ичмээр юмнууд их л гарч ирэх юм. Харин манайхан дуугаа хураах талдаа.
-Муулж болохгүй, чамайг хаана, бооно юу гэдэг юм уу, тийм  айхтар заналхийлэл манай хэвлэлийнхэнд ирээд байгаа гэж бодохгүй байна. Ямар ч байсан манай “25 дугаар суваг” телевизэд ирээд Х.Тэмүүжин сайдыг ч гэдэг юм уу, засгийг ч гэдэг юм уу, аль нэг сайдыг ингэвэл ингэнэ шүү гэдэг тийм юм ирсэн бол манайхан надад шууд мессеж өгч л таарна. Ингээд байна аа, яах вэ гэж. Мэдээж би тэрэн дээр хариулт өгөх л байсан.Энэ нэг засагтай хийсэн хаалтын гэрээний асуудал дээр бол надаас асуусан. Зүгээр л нэг хэдэн төгрөг өгье, хамтран ажиллая гэж байна аа гэхээр нь би бас муу санаалаад, болгоомжлоод “хэрэггүй ээ”, ямар ч байсан одоо тийм юм аваад хэрэггүй шүү гэж хэлээд, манайх бол үүн дээр засагтай тийм гэрээ хийгээгүй. Надаас асуусан.Дэмий байх аа.Би учир начрыг нь сайн мэдэхгүй байна.Тийм учраас хэрэггүй дээ гэсэн.Ингээд л больсон.Ийм л асуудал байгаа юм.Тэр нэг “Телевизүүдийн холбоо” авсан гэдэг асуудал дээр өөрийн чинь бичсэн нийтлэлийг уншаад “Телевизүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал гэж хүн байгаа ш дээ.Би чинь одоо “Телевизүүдийн холбоо”-ны ажилд ямар өдөр тутам орох биш.Телевизийн олон сайхан захирал гараад ирсэн, бусад нь хамтраад асуудлаа яриад шийдээд явна биз.Би үүсгэн байгуулсан нөхөр л болохоос биш бурхан юм уу.Хэн ч биш шүү дээ. Би өчигдөр залгаж  асуусан. Ямар учиртай юм бэ, тэр чинь гэж.Ийм нэг зүйл болсон юм. Тэгээд телевизүүддээ тэр нэг хэдэн төгрөгийг нь аваад,  ингээд ингээд хуваарилаад өгсөн юм гэж надад хэлсэн. Тэгээд надаас асуухгүй яасан юм бэ, чи чинь.“Телевизүүдийн холбоо” бол ийм тийм засагтай айхтар гэрээ ялангуяа мөнгө төгрөгийн асуудал дээр орох ямар ч шаардлага байхгүй. Тийм л асуудал шүү дээ. Тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагатай засаг юугаар  яаж тохирно бидэнд падгүй л асуудал. Тохирвол тохирно л биз.Холбоо нэгдсэн байдлаар мөнгө төгрөгийг нь аваад, юу гэдэг юм тарааж өгдөг бол туйлын буруу юм хийжээ.Ядахдаа чи нэг асуучихгүй дээ, гэж би хэлсэн. За, их муугаар бодвол “Телевизүүдийн холбоо” гэж  З.Алтай гэж нөхөр янз бүрийн юм яриад яваад байдаг байсан. Аягүй бол нөгөө мөнгөнөөс нь тэдийг нь халаасалсан байх гэдэг хардлага сэрдлэг олон хүнд төрнө шүү дээ.Яагаад тэрийг бодохгүй байгаа юм.Тэгэхээр би шууд л хэлнэ.Би үүнийг анх удаа өчигдөр сонслоо.200 саяын асуудлыг сонслоо.Энэ тоог нь ч сонслоо.Энэ ямар учиртай мөнгө юм бэ хэдийг нь хуваасан юм бэ, хэд нь үлдсэн юм бэ гэдгийг шалгадаг газраар нь шалгуулаа л гэж.Хэн хэнд өгсөн юм бэ.Хэнд хэдэн цаас өг гэж цаанаас нь хэлсэн юм бэ, та нар ярьж байгаад хуваагаад авсан юм уу, үүнийгээ шалгуулаад нотлуулаад үлдэгдэл мөнгө нь одоо хаана хэн дээр байдаг юм бэ, тэрийгээ гаргаад тайлангаа тавь. Ялангуяа мөнгөний асуудал дээр ингэж оролцоно гэж байж боломгүй асуудал ш дээ. Бид ёс зүйтэй байх ёстой.

-Тэр материалыг дэлгэснээрээ би танаар өөрийгөө хамгаалуулах гээгүй.Таныг ийм үед тань баалах ч гээгүй.Танаар бас загнуулах гэж ирсэн. Намайг тогоогоо самарсан л гэж байна. Би нэг тийм сонин сэтгэл зүйн дарамтад ажиллаж байна л даа. Бүгдээрээ надад хүндэтгэлтэй ханддаг байсан. Сүүлдээ бүр “Манай Cэтгүүл зүйн мангаа” гээд надад зориулсан нийтлэл ч гарлаа. Энэ нь одоо бид нарын нөгөө нэг салбартаа хайртай хайр байх л даа. Яг энэ тохиолдолд би яаж хандах ёстой байсан бэ. Би жаахан буруу юм хийчихсэн үү?
-Үгүй. Ер нь би ч бас буруу зөвийг ялгаад шүүгээд байх айхтар хүн биш шүү дээ.

-Хэлэх хүн алга байна шүү дээ?
-Та бол Сэтгүүл зүйд, манай энэ том армид бас л том лидерийн нэг шүү дээ.Энэ  Сэтгүүл зүйн зовлон жаргалыг та бол хамгийн сайн мэднэ. Бид яадаг билээ гэж. Манайхан бас хааяа нэг болдог болдоггүй юм хийдэг нь үнэн шүү дээ. Тэрийг хэн нэг маань хатуухан хэлж л явах ёстой. Зүгээр би хэрвээ чиний оронд байсан бол энэ улсуудтайгаа эхлээд уулзах л байсан. Би ийм мэдээлэл, ийм баримт оллоо.Үүнийг та нар надад нэг тайлбарлаад өгөөч ээ. Энэ ямар учиртай юм бэ гэж.Та нар худалдагдсан юм уу, нэг бол худалдагдаагүй юм уу.Гэрээн дээр чинь ийм юм байж байдаг.Та нар өөрсдөө үүнийг юу гэж үзэж байгаа юм бэ, юу санаж юу бодож байгаа юм бэ. Яагаад энэ мөнгийг нь зөвшөөрөөд авсан юм бэ гээд.

-Тойроод асуугаад явчих байсан гэж үү. Ямар таньж мэдэхгүй улс биш.
-Та нар юунд зарцуулах гэж байгаа юм бэ. Тэгээд энэ дотор чинь нэг ийм онцгүй  заалт байнаа. Засгийн талаар муу үг дуугарахгүй шүү гэдэг айхтар юм байвал тэрийг нь бариад асуух хэрэгтэй ш дээ. Бидэнд оногдсон энэ үүргийг, энэ хариуцлагыг та нар энэ хэдэн мөнгөнд худалдаад болж байгаа юм уу гээд өөрсдөөс нь асуух л байсан. Чамд тэр эрх чинь ч, боломж чинь ч байсан.Болж байна аа, бидэнд мөнгө хэрэгтэй байна, та бидний зовлонг мэдэж байгаа шүү дээ гэсэн бол тэрийг нь тавьчих л даа. Бид өөрсдөө дотроосоо өтөж болохгүй ш дээ.Бид өөрсдөө цэвэр цагаан цаас шиг байх ёстой шүү дээ.

-Гуравдагч этгээдэд энэ нууцыг задруулж болохгүй гэсэн нэг дээрэнгүй заалт байгаа юм л даа.
-Тэр чинь нууцлаад байх юм байхгүй шүү дээ.

-Өөрсдөө нууцын гээд оруулсан байхгүй юу?
-Хэрвээ миний түрүүчийн хэлдгээр харилцан тохиролцоод, том проектон дээр бид үнэхээр тодорхой цаг заваа зарцуулж ажиллаад, засаг нь тэрэн дээр нь  хөрөнгө мөнгө хаяад ингэе тэгье гэсэн бол юунаас нь нуудаг юм бэ. Ер нь бол  ард иргэдээс  нуудаг юм гэж  байдаг юм уу. Юуг нууцлах зэрэгтэй вэ гэдэг чинь хуульдаа байгаа шүү дээ.Монголын ард түмнээс нууц юм засагт байж болохгүй шүү дээ.Ялангуяа нууц гэсэн тийм юмыг манай сэтгүүлчид хүлээн зөвшөөрөөд, мөнгийг чинь авсан юм чинь би таг дарна аа, хэнд ч хэлэхгүй нууцална гээд тийм юман дээр гарын үсэг зурж байгаа бол буруу гэж бодож байна.Яг энэ ойлголтон дээр би чамайг бусадтай нийлж сэтгэл зүйгээр чинь дарамталж чадахгүй.Тийм ёс зүй ч байхгүй.

-Манай эздийн холбоо, сонинуудын холбоо бол салбараа өрсөлдөөнгүй болгосон. Ерөнхий сайдыг шүүмжилж болохгүй, янз бүрийн асуудалд орж байгаа сайд нар руу орохгүй, юу ч гаргадаггүй. Дэлхий ертөнц улс төрөөсөө, засгаасаа, улстөрчдөөсөө өөр жишгийн ёс зүй шаарддаг болсон. Гэтэл бид.
-Би бол тэнд хэвлэлүүдээ хардаг.Айхтар айхтар юмнууд зөндөө л уншиж байна.Заавал одоо сэтгүүлч нар шахаад л, өдөр болгон энэ Төр ичиг ичиг гэдэг ийм дарамтан дор байлгаж бас болохгүй шүү дээ.

-Тийм л дээ?
-Тэр хүн, тэр сайд ч юм уу өөрөө би буруу юм хийв үү, зөв юм хийв үү.Энэ суудал дээр байх ёс зүйтэй хүн мөн үү, үгүй юу гэдгээ мэдрээд өөрөө л суудлаа тавиад өгнө биз дээ.Заавал манай хэдэн сэтгүүлч нараар алуулж, тэр хэд нь баахан үзэг цаасаар буудаж тэр хүнийг устгаад хэрэггүй ш дээ.Утгагүй л асуудал шүү дээ.Тийм биз дээ.Өөрийн ёс зүй гэж айхтар хэмжүүр байна шүү дээ.Тэр хэмжүүрээ л энэ дарга нар ажиллуул л даа.Хоёрт, сүүлийн үед би засагт байгаа зарим сайд найз нөхдөдөө байнга л хэлдэг.Ер нь энэ засаг чинь гарч ирчихээд найз нараа юу л хийгээд байна даа.Нөгөө  муу хэлээд байдаг тэр ХУ-гийн чинь үед, энэ Ардын намын чинь үед бид үг хэлээ ололцоод, тус болдоггүй юмаа гэхэд айхтар гай тарихгүй нэг юм амьдраад байсан шүү гэж. Энэ ардчилсан засаг гарч ирээд манай телевизийн салбар дээр бол асар их хэмжээний дарамт ирүүллээ.Ерөөсөө л татвараа өг, бушуу өг, юм л бол хаа-на, зогсооно, унтраана, шалгана гэдэг.Хувийн хэвшилд ямар дарамт байдаг вэ бүх дарамтыг үзүүлдэг болсон.

Би тэрийг бүгдийг нь уулзсан, таарсан хүн болгонд хэлдэг.Нөхдүүд минь үүнийгээ болиоч ээ гэж.Юу болов оо, энэ чинь.Өмнөх засгийн үеэсээ хамаагүй сайхан болоод, бид тэр жинхэнэ чөлөөт хэвлэл гэдэг утгаараа, тэр ардчилал гэдэг юмаар нь явах юм байх гэсэн чинь та нөхөд гарч ирээд ингээд амьдрах аргагүй болгох нь ээ.Нэг бол одоо телевизээ хаагаад зугтдаг юм уу, нэг бол дампуураад сөнөдөг юм уу.Ийм л их дарамт юман дотор та нар биднийг орууллаа шүү дээ. Бид эдийн засаг унасан энэ зах зээлийн үед хэдэн цаас яаж олох юм бэ. Би өчигдөр нэг том телевизийн захиралтай утсаар ярьсан. Хөгшин нь цалингаа арван хэдэн хоног тавьж чадаагүй, одоо банкнаас зээл авах гээд хөөцөлдөөд явж байна гэж байгаа байхгүй юу. Юу гэсэн үг вэ. Одоо манай телевиз гэхэд 100 гаруй  ам бүлийг тэжээж байна шүү дээ. Энэ олон телевизийг бодоод үз л дээ. Дор хаяад л дал, ная, зуугаас наашгүй л хүн байж байгаа. Ингэж үйлээ үзэж байхад татварын дарамтаар хаана, зогсооно, унтраана, шалгана гэдэг. Энэ дарамт бол дэндүү их ирсэн. Дээд дарга нар нь мэддэггүй юм байна лээ. Тийм байна гэж үү гээд урдаас асуугаад байх юм. Тийм ээ, та нарын тавьсан наад агентлаг газруудыг чинь хэдэн юугаа ч мэдэхгүй, бөгсөө ч  олигтойхон арчиж чаддаггүй, юм үзээгүй хөөрүү сагсуу залуучууд чинь самраад байна. Жинхэнэ юм үзээгүй араншин шүү дээ. Засгийн эрх мэдлийг авахаараа яаж  улаан хувьсгалчдын үед ч ийм байсан юм уу, үгүй юм уу гэмээр авирлаж байна вэ. 

-Үнэхээр сонинд ч ирж байна. Түрээсээ ч төлж чадахгүй явж байхад  татвар л гэнэ, даатгал л гэнэ. Бөөн дарамт. Бүгд алдагдал байна шүү дээ. Яах юм бэ, жаахан хүлээж болох уу гэхээр би төрийн байцаагч байна, яг өнөөдөр төл, чамд нэрээ ч хэлэх ёсгүй. Бид ингэж ярьдаг улс шүү гээд жишээ нь сая Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалаас ярьж байна.
-Үнэхээр энэ ардчиллын төлөө явсан улс бол доогуураа ийм юм болоод байна гэдгийг мэдээгүй л байх гэж би бодоод байгаа юм. Би харин танай сониноор дамжуулаад “Наад та нарын томилсон хэдэн ардчиллын туг ч барьж үзээгүй банди нар чинь бүх юмыг хаах боох, унагах, сөнөөх, дарамтлах, айлгах ийм маягаар ажиллах юм бол энэ олон түмэн ардчилсан засгийг дахиад 2016 онд гараасай билээ, дахиад төр бариасай билээ гэж бодох уу” гэж сануулмаар байна. Хэвлэлтэйгээ аль ч засаг төр хамгийн ойр, хамгийн ойлголцсон, болж өгвөл зөв дэмжлэг үзүүлсэн ийм л хэлбэрээр явж хамтран ажиллана шүү дээ. Хэвлэлээ ална шүү гэчихээд тэгээд  манай улс, манай засаг сайхан болно, бүх юм сайхан хөгжинө гэхийг нь би ерөөсөө ойлгохгүй байна. Их л буруу явж байна гэж харж байна. Одоо тэгээд сүүлийн үед бол бүр нийтлэл нэвтрүүлгийн дотоод бодлого руу орж ирж байна шүү дээ. За, танай нийтлэл эфирийн цагийн тэдээс доошгүй минут нь хүүхдийн нэвтрүүлэг байна, хэдэн хувь нь залуучуудын нэвтрүүлэг байна, хэдэн хувь нь спортын нэвтрүүлэг байна гэж. Энэ чинь хэдэн он бэ. Хувийн хэвшил юугаа явуулах нь тэр хувийн хэвшлийн өөрийнх нь л асуудал биз дээ. Нэг гуанзанд орчихоод танай гуанзанд ийм ийм төрлийн хоол заавал байх ёстой. Тэгэхгүй бол гуанзыг чинь хаана гэвэл юу гэж ойлгох вэ. Тийм биз дээ. Байж боломгүй асуудлуудыг тулгаж байна шүү дээ. Энэ ямар  аймаар муухай дарамт, ямар үе  эргэн ирж байгаа юм бэ. Юу болох гээд байна. Өөрийн  эрхгүй нийгэмд энэ засгаас чинь айдас хүйдэс төрж эхэлж байна. Шууд буудаад алчихдаггүй юм аа, гэхэд хүний амьдрах эрхийг, хүний үзэл бодлыг, хүн юм хийх, сэтгэн бодох эрхийг засаг өнөөдөр төлөвлөдөг болж байна шүү дээ. Тийм юм хийхгүй бол тэгнэ ээ гэж. Одоо мэдээний дундуур ч биш гадаад дотоод мэдээний зааг дээр нэг хэдэн реклам явж байгаа. Үүнийгээ зогсоо, тэгэхгүй бол танайхыг хаана гэж байна. Юу гэж ойлгох вэ. Би Би Си-ийн нэвтрүүлгийн дундуур реклам явбал Обама тэгэх нь байна ш дээ. Үгүй ядахдаа дэлхийнхээ баримжаагаар баримжаа аваач дээ, найзууд аа. Тэнэг тэнэг гэхэд бас тийм тэнэг байж болохгүй ш дээ.

-Засгийн газрыг шүүмжлэхэд Төрийн мэдлийн компанийн захирлаас надад захиа ирж байгаа байхгүй юу. Сэтгэл рүү минь та хүйтэн ус цацлаа гэж. Энэ чинь Засгийн газрыг шүүмжлэхэд нэг шуудан компанийн сэтгэл рүү яагаад би ус цацчихав аа. Энэ чинь аймаар дарамт байгаа байхгүй юу.
-Дарамт байна аа, Ганчимэг минь.

-Телевизүүд олон боллоо. Улстөрч болгон л нэг нэг суваг нээгээд явлаа л даа. Танай “Би” нэвтрүүлэг, “Миний амьдрал, миний хувь тавилан”, “Хорьдугаар зууны дуунууд”, “Танайд хоноё” гээд сайн нэвтрүүлгүүд байдаг. “Би” гэхэд бол одоо салаалаад хүмүүс өөрчлөөд л явж байна. За, сэтгүүлч Г.Мөнхтуулын хийдэг “168 цаг” бол хамгийн сайн тойм нэвтрүүлэг. Гэхдээ “25 суваг” уйтгартай болчихсон гэх үгс бас чих дэлсэх юм. Энэ юуных вэ?
-Үндсэндээ бид чинь18 орчим жил оршин тогтнолоо шүү дээ. Цаашдаа тогтнох ч байх. Эздийн холбоо ч гэх шиг юм ярих л юм. Надад тийм юм байхгүй ээ. Гэхдээ тухайн удирдаж байгаа хүнээсээ байгууллагын ажил их шалтгаална. Энэ улсууд чинь би юу хэлж байна, юу ярьж байна гэдэгт л хөтлөгдөж явдаг байсан.  Тэгвэл би ийм л байх ёстой юм байна, би ингэж зоригтой хийх ёстой юм байна гэж л зоригтой  явна. Тэрнээс биш би гэж нэг нөхөр энийг болохгүй шүү, тэрийг болохгүй шүү. Одоо чи ингээрэй, тэгээрэй гээд байх юм бол явахгүй. Манай телевизэд ийм дарамт байхгүй. Дарамтгүй орчинд эрх чөлөө байдаг юм. Эрх чөлөөт орчин галаа унтраадаггүй. Тийм учраас би ажилд нь ороод л, хянаад л байдаггүй. Энэнээс ярилцлага ав, тэрнээс болохгүй гэдэг ямар нэгэн цензур, тусгайлсан бодлого манайд байхгүй.

-Танай Энхчимэгийн “Амжилт” гэж нэвтрүүлэг бас их сайн болж байна. Зураг авалтын орчин, тэр хөтлөгчийн соёл, тэр зочдын өгч байгаа гэрэл гэгээ.
-Тийм шүү. Баярлалаа, Ганаа. Тэр бол их сайн төсөл шүү дээ. “Амжилт” гээд. Манай сэтгүүлчид худалдагдсан бол бас энд тэндээс дарамтлаад эхэлнээ дээ. Энд тэндээс мөнгө цохьсон ч гэдэг юм уу, нэг  том компанийн гарт орсон байвал бидэнд зовлон учирна ш дээ. Тийм юм байхгүй  учраас надад айх юм алга л байна шүү дээ. Би хэнээс хэдэн цаас авсан юм, хэнд худалдагдсан юм бэ. Би нэг но-той нөхөр бол миний но-г хэлээд, намайг дарамтлаад хөөрхөн бас чадвал чадна ш дээ. Гэтэл тийм юм алга. Яаж намайг дарамтлах юм бэ. Би хэнээс ч айхгүй, ямар ч засгаас айхгүй, хэнбугайгаас ч айхгүй. Тийм болохоор та нар тайван ажилла. Зөв төсөл санаачилж байгаа бол тэрийгээ л хий, тэрийгээ л гарга. Чиний асуудал. Хариуцлагаа дараа нь чи хүлээнэ шүү гэж. Хүн гүтгэсэн, гүжирдсэн худал хуурмаг мэдээлэл байж болохгүй. Ийм орчинд аяндаа сэтгүүлчид нь сайн юмнууд хийж байна шүү дээ.

-Дээр үед та “Цаг үе залуучууд” гэж шуугиулсан нэвтрүүлэг хийдэг байсан.  Тэр үед дарамт гэдэг зүйлийг яг мэдэрч үзсэн үү?
-Би эрийнхээ сайндаа ч зоригтой дуугараад байсан юм байхгүй. Хойд ахын гэрт нэг мэнгэт ах гарч ирлээ. Шинэ удирдагчаар. Тэр хүн маань л үндсэндээ өөрчлөн байгуулалт гээд бужигнууллаа даа. Тэр цаг үе нь их гоё олж онож таарсан. Манай энэ нам, улс төрийн товчоо чинь үндсэндээ хойд  ахын л бодлогоор явдаг байлаа шүү дээ. Тэр мэнгэт ах маань янз бүрийн өөр өөр юм дуугараад ирэхээр  ер нь бид яах ёстой юм бэ гээд манай хэд жаахан паникт орсон байх гэж би боддог юм. Ер нь яах ёстой юм бэ гэж. Тэр үеийн л асуудал л даа. Тэгээд л цаашаа явлаа. Хөглөгдөөд л сайхан нийгэм рүү орлоо шүү дээ.  Тэр үед надад айхтар шууд дарамт бол байгаагүй ээ. Дарамталбал дарамтлах л байсан. Ганц намын системд байсан, үзэл суртлын том байгууллага барьж байсан. Манай тэр үед байсан  телевизийн дарга нар надад хэлдэг л байсан. Чамаас болоод их л юм дуулж байна шүү гэж. Нэг бол наад нэг нөхрөө зайлуул, нэг бол чи ажлаа өг гэдэг юм уу ер нь л их эвгүй эвгүй үг хэлдэг байсан. Наадахь чинь хаанаасаа гараад ирсэн хэн гэгч вэ, наад нэг жижигхэн хүүхэд чинь гээд л дарамталдаг байсан гэдэг. Тэрийг бол манай  дарга нар өөрсдөө даагаад л гарч байсан. Юу юуны туханд хүрэлгүй би суудалдаа үлдмээр байна, чи гар даа гэж надад хэлээгүй. Байдал ийм байна шүү гэдгийг бол хэлж л байсан. Сайхан улсууд байж дээ, хөөрхий.

-Сэтгүүлчийн стиль гэж зүйл бий. Гаргаж тавьж байгаа асуудал, нэвтрүүлгийн хэлбэр, хийцээ яаж үзэгчдэд үзүүлэх юм. Тэнд авч явж байгаа сэтгүүлчийн имиж, стиль бас өөрөө юу харуулж, юу хэлж байгаа юм.  Цоо шинэ юмнуудыг л гаргаж ирж байсан л даа.
-Яасан ч их ажилладаг байсан юм. Залуу ч байж. Дайраад л ордог байж дээ.

-Дараагийн шинэ үеийн “25 суваг” руу хамт тэр бүх зүйл ирсэн. Бодлого, бүх гоо сайхан, бүх ёс суртахуун. Сүүлд та аяллын нэвтрүүлгүүд хийдэг байсан. Алтайгийн гэдэг стильтэй. Тэгсээр та нэг тийм зогсолтод орсон. Хамт явсан нөхдөө алдсан. Найз нөхөд алга болоход хүн дотооддоо унтарч, өнчирдөг. Нэг тийм өрөөсөн болсон юм шиг харагддаг байсан л даа?
-Яг санаа нийлсэн, баруун зүүн гар болсон, бие биенийгээ сэтгэлээрээ, харцаараа, ерөөсөө байгаагаараа ойлголцдог ийм нөхөд хүнд байна гэдэг бол ховор команд шүү дээ. Ийм команд бий болно гэдэг өөрөө хэцүү зүйл.

-Тавилан байх.
-Бурханы л тавилан байх даа. Сайхан байсан. Дүүрэн байсан. Бид тэр үед сэтгэл дүүрэн байсан шүү. Тэгээд яахав, улс төр рүү яагаад ч юм өөрийн мэдэлгүй л гулгаад орсон. Авираа маань би байсан байгаагүй энэ телевизийг аваад явчих бядтай, бяртай, ухаантай, маш ажилсаг, маш сэргэлэн хүн шүү дээ. Тэгээд Авираа маань намайг их ятгасан л даа. Телевиз маань гайгүй тогтчихлоо, зүгширлээ. Хоёулаа нэг өрөөнд ингээд буг болоод сууж байснаас чи ядахдаа бас нэг өөр юм хийгээд, наад нэг ярьдаг боддог элдэв юмаа тэнд очиж дуугарч байвал хэрэгтэй юм биш үү гээд бид ярьж байгаад за, за чи минь байж байгаа болохоор бас хоёул хоёулаа суугаад яах вэ гээд л тийшээ орсон л доо. Авираа маань намайг байхгүйд телевизээ удирдаад, гол юмаа үүрээд явсан. Түүнээс хойш үнэхээр энэ хүний орон зай асар их үгүйлэгдэж байна. Энд чинь бас нэг тийм зангарагтай нөхөр сууж, энэ телевиз гэдэг юмыг чинь барьж байхгүй бол хэцүү шүү дээ. Одоо манай нэг хүүхэд шуухад байж байна л даа. Үнэхээр зангараг дутах юм аа. Юм юм  дутах юм. Яваандаа сурах байлгүй дээ л гэж бодох юм. Бид мөнх биш шүү дээ. Дандаа л би чадна, би  мэднэ гэдэг ийм сэтгэхүйгээр энэ олон залуучуудыг чинь би авч явах юм бол юм хөгжихгүй шүү дээ. Гэхдээ надад жаахан тийм гутранги маягийн юм байсан. Янз бүрийн ном л их унших юм даа. Их сайхан тухтай уншина, амттай уншина. Зүгээр хуудас эргүүлэхгүй. Ойлгох гэж их хичээнэ. Тэгээд явж байхад сайхан сайхан улсууд их байх юм. Чамд би чи өөрийгөө хэзээ ч битгий гол л гэж хэлмээр байна. Тэр нас мас гэдэг чинь юу ч биш юм байна. Чи ерөөсөө л юм хийж байгаад, юм бүтээгээд л, ассаар байгаад л тэгээд дуусга л даа. Энэ миний ч өөртөө хэлж байгаа үг. Тийм учраас болоогүй ээ, яагаа ч үгүй байна. Гэхдээ би дахиад улс төрд орно гэсэн үг биш. Би улс төр, төр засгийн ажлаас  баяртай гэж үгээ хэлээд явж байгаа.

-Энэ ч арай эрт л унагаж байгаа үг байна.
-Их хурлын танхимаас заавал биш, эндээс ч би үгээ хэлээд байна. Бас сонсох нь сонсоно. Илүү хэлнэ. Илүү хүрнэ.

-Таны хувийн гарал үүсэл тань маш сонирхолтой. Удам зүйгээрээ яг одоо манайд элит байна уу гээд би хүмүүсээс асуудаг юм. Цөөхөн хүмүүсийг нэрлэнэ. Гарцаа байхгүй З.Алтай байна шүү дээ гэхийг зөндөө л сонссон. Тэгэхээр та бас үнэхээр ховорхон гал голомтод төрж, ховорхон хүмүүсийн удмыг залгаж заяасан хүн. Таны хоёр талын өвөө, эмээгийн тухай дурсвал бас сайхан байх болов уу?
-За, элит нь ч юу юм. Элит гэдэгт хэнийг хамааруулах гээд байгаа юм, ямар үндэслэл байдаг юм, ямар томьёолол байдаг юм, түүний болзлыг хангасан хүн элит болдог гэсэн юм байгаагүй учраас тэрийг бол бүү мэд. Хоёр гуравхан сард профессор болно гэж юу байхав. Хоёулаа л сайхан зохиол элдвийн  юм бичдэг, төрийн албанд зүтгэж байсан, боловсролтой, Монголчуудын маань бас бахархах сэхээтнүүдийн л нэг ийм л улсууд байсан шүү дээ. Аавын аав Хан Хэнтийн Дэлгэрхааны хүн. Д.Намдаг өвөө маань бол Завханы Алдархааны хүн. Гэвч бага наснаасаа хүрээ хийдэд орж ирээд, сургууль номын мөр хөөгөөд ажил төрлөө эрхлээд явсан. Түүнээс хойш мэдээж аав, ээж хотод төрж өсөөд л боловсрол олоод тус тусын ажил хөдөлмөрөө эрхлээд явсан түүхтэй л улсууд.

-Д.Намдаг гуайг ер нь та санадаг уу?
-Бид хэд чинь хүүхэд байсан. Манай Намдаа аавынх Э.Оюун гуайнхтай хамт зусланд гарна. Э.Оюун гэдэг мундаг хүн байлаа ш дээ. Төр засгаас дэмжлэг үзүүлээд тэр хоёрт Сөгнөрийн амны нэг хэсэгхэн шугуйн төгөл дотор анх удаагаа нэг тийм дүнзэн байшин барьж өгсөн. Бас чиг тэр үед под хийсэн, помещик маягтай харагдвал ч харагдахаар (инээв) тийм байшинд хоёулаа тал талаар нь хуваагаад хоёр айл суудаг байсан. Тэр үед би арван жилийн хүүхэд. Зуны амралтаар хотод юу хийхэв, манайх чинь зуслан гэж байх биш. Галт тэргэнд суугаад тэнд очоод зуныг хэдэн дүүтэйгээ тэнд өнгөрүүлдэг. Э.Оюун гуай ч бас тэндээ ирчихсэн. Гурвалжин дөрвөлжин юм болоод л. Э.Оюун гуай чинь бас тусгай дэлгүүрт ордог байсан юм уу, яасан юм душёнк их халааж иднээ. Душёнкны үнэр гэж сайхныг, идмээр байдаг. Ямар Оюун гуай, душёнкноосоо гэлтэй биш. Олон сайхан дурсамж байдаг л даа. Орж, гараад л, ярьж хөөрөөд л, алтан үеийг, олон жилийг хамт өнгөрөөсөн улс. Том сэхээтнүүд нь тэр хоёр дээрээ ирнэ. 

-Сүрлэгүүд л ирдэг байсан байх л даа.
-Сөгнөгөрийн амралтад амарч байгаа тэр үеийн мундаг томчууд бүгд л хөөрхий нэг шил юм, жоохон жоохон юм барьж ирээд, өдөржин шөнөжин янз бүрийн түүх яриад л ингээд суудаг байсан.

-Хүн загнаад байдаггүй мөртлөө хүн их айдаг байсан гэсэн, Намдаг гуайгаас?
-Манай өвөө чинь ер нь хүн загнадаггүй хүн байсан. Муухай  ааш гаргаад л дүрс хийж уурлаад л байдаггүй, их аядуу намдуу хүн байсан. Тэгээд хүнийг, хүүхдийг эрхлүүлье гэж боддоггүй, миний хүү нааш ир үнсье гэдэг ч юм уу, аль эсвэл толгойг нь илдэг ч юм уу тэгээд зууралдаад байхгүй. Хүнийг бол их хөдөлмөрч болгоё, ажил хийж сур гэдэг байсан. Эмээ өмнөөс нь өмөөрөөд хэдэн хүүхэд амрах гэж ирэхэд “Намдаг гэдэг юм ногоо тариад, голын ус зөөлгөөд л, зэрлэг зулгаалгаад наад хэдэн ногоогоо чи өөрөө идээрэй” гээд л. Хөөрхий тэндээ л бөгтөгнөөд л юм хийгээд явдаг байсансан. Өөрийн гэсэн бие даасан үзэл бодолтой, хөдөлмөр эрхэлдэг хүн болбол энэ нөхөрт хожим хойно хэрэгтэй гэдгийг бодоод л нэг юм хийлгэх гэж үзээд л байсан санаа нь л даа.

-Д.Намдаг гуайн бүтээлүүдээс таны хамгийн хайртай нь ямар бүтээл нь вэ?
-Цаагуураа углуургатай, санаа нь цаана нь нуугдаад явсан бүтээл бол би “Хөгшин чоно ульсан нь” гэж боддог. Тэгээд цаана нь чонын амьдрал биш хүмүүсийн, нийгмийн амьдрал байж байдаг. Ил тод хамаагүй бичиж болохгүй юм чинь. Тэр нэг муу хээрийн чоноор дүрслээд л хийж байсан байгаа юм л даа.

-Тэр бол хөдөлмөр, аймаар ухаан зарсан тэмцэл биз дээ. Нэг нь шиншлээд гаргаад ирвэл балрана.
-Тийм. ”Цаг төрийн үймээн” роман байж байна. Бас л их сайхан зохиол шүү дээ. Их мундаг зохиол.

-Үр ач нартаа зориулж үлдээсэн хувийн захидал, гэрээс, тийм юм байдаг уу?
-Тийм юм байдаггүй юм. Хүн бол тэгдэг л юм байна. Манай хөгшид мөнхийн байх юм шиг санаад л, бид ч мөнхийн байх юм шиг санаад л. Манай аав, ээжийг, биднийг хүмүүжүүллээ. Бас л боргил улсууд болголоо хөөрхий. Миний санахаар л лав хүүхдүүдийнхээ асуудалд айхтар ороод л, сүржигнээд байдаг улс байгаагүй. Нэг ч үзээгүй.

-Тийм болоод та их эрх чөлөөлөг хүн болсон  байх?
-Тийм л байх. Тэртэй тэргүй тэр хоёр хүнтэй чинь бид сургууль соёлд явтлаа хамт байлаа ш дээ. Тэр хоёрын амьдралын амьд жишээ өдөр тутам бидний нүдэн дээр харагдаж л байсан. Тэгэхээр тэр дотроос чи амьдралын сайн мууг таниад, ийм л байх ёстой юм байна гэдгийг өөрийн үзэл бодлоороо шүүрдээд л төлөвшөөд ав л даа. Заавал хэн нэгний хэлсэн алтан сургаалаар явна гэдэг хэцүү шүү дээ. Хүн өөрөө өөртөө л эзэн. Хариуцлагатай, үзэл  бодолтой, тийм л хүн бол л доо. Тэр бол их амар ш дээ. Би ийм  л нөлөөн дор өссөн.

-Нөгөө өвөө, эмээ хоёроо та ярьж өгөөч?
-Нөгөө өвөө, эмээгийн хувьд 1937 онд “Анхны 14”-ийн хэлмэгдүүлэлтээр буудуулаад л хэлмэгдсэн хүн шүү дээ. Тэр үед чинь би байтугай манай аав жаахан хүүхэд байсан. Тэр өвөөгөө би огт мэдэхгүй, зураг нь байна, зургийг нь харна, зарим нэг зохиол бүтээлийг нь уншина, их боловсролтой, хятад, манж, төвд хэлтэй тэр үедээ их л гайгүй сэхээтэн байсан.

-Ичинхорлоо гуайг та санадаг уу?
-Би жаахан хүүхэд байсан. Гэхдээ мэднэ л дээ. Бид чинь арай л нэг тулхтай, арай л өргөн мэдлэгтэй, бас хүн хүндээ хандах хандлага, ах зах, дарга цэрэг гэдэг бүх юм дэгтэй жаягтай үед өслөө шүү дээ. Сайхан шүү. 

-Их Хурал таны хувьд ер нь юу байсан  бэ?
-Их Хурал яах вэ. Би Их Хуралд дөрвөн жил суусан. Хийсэн ч юм байна, хийж чадаагүй ч зөндөө юм байна. Гэхдээ ганц хүн гэдэг бол ганцаарддаг л юм билээ. Гарцаа байхгүй би тэрийг ойлгосон. Гэхдээ яах вэ, тэр дотор суугаад нэг нөхөр тийм юм байхгүй шүү найз нараа, тэгэхгүй шүү та нар гээд байвал айхгүй ч гэсэн жаахан халтай. Энэ нэг нөхөр чинь жаахан элдвийн юм ярьдаг юм шүү гээд нэг тиймэрхүү юм байсан л байх. Гэхдээ би өөрийгөө огт хоосон дөрвөн жил суусан нөхөр гэж бодохгүй байгаа. Одоо энэ улс төрийн намуудын тухай хууль байна, Эрдэнээгийн санаачилсан тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиуд байна, Үндсэн хуулийн чухал асуудлууд байж байна. Олон хуулийг өргөн барьсан. Би мундагтаа биш. Би чинь хууль хийдэг хүн биш шүү дээ. Дандаа л чадалтай, тэр салбараар нь мэргэшсэн хуульч, мэргэжлийн улсуудыг аваад л баг болгоод гол нь санаагаа хэлээд л өргөн барьсан байна. Одоо тэгээд тэр хуулиуд маань нэр нь өөрчлөгдөөд нэг хүний нэрэн дээр явж байгаа. Тэгэхээр би бол хэрэгтэй л юм хийсэн байна гэж бодож байгаа. Огт хогийн сав руу чулуудчихаагүй байна.

-Та улс төрд эргэж орох уу?
-Орохгүй ээ. Би одоо больё гэж бодож байгаа.

-Хариуцлагатай шийдвэр юм уу?
-Хариуцлагатай шийдвэр. Би улс төрд эргэж орохгүй.