Ванданнямын Хосбаяр гэгч эгэл даруу, эрдэмт Элчин сайд
Би өөрөө Нью Дели дэх Элчин сайдын яаманд 3өвлөхөөр гурван жил ажиллаж байсан учраас тэр орныг болон Монгол-Энэтхэгийн харилцааг бага зэрэг гадарлана. Монгол-Энэтхэгийн харилцаанд хөтөч болж харилцаа тогтоохоос эхлэн гурвантаа тэр улсад эх орноо төлөөлөн суусан ахмад Элчин сайдын талаар фото-нийтлэл буландаа өгүүлэх гэж байна.
Москвагийн ОУХДС-д (МГИМО) очсон анхны монгол оюутнууд. Эхний 6 оюутнаас С.Аварзэд төгсөөд тун удалгүй цэл залуугаараа Ерөнхий сайдын орлогч бөгөөд ГЯЯ-ны сайд, М.Дүгэрсүрэн мөн ГЯЯ-ны сайд, Ш.Бира нэртэй түүхч эрдэмтэн, О.Хосбаяр, Б.Лочин, Пүрэвжал нар Элчин сайд болж байв. Тэр их сургуульд Монголоос өөр гадаадын оюутан сурч байсангүй. Анхны гадаадын хэд нь тэд болж, гадаадын оюутны түүхийг эхлэн бичсэнд өнөөгийн бид баярлах учиртай.
Нийтлэлээсээ өмнө бас нэг өөр тайлбар хэлье. Нэгэн буянтай буурлын хэлж байсан үг санаанаас ер гардаггүй юм. Нас ахих тусам байн байн бодогдоод болдоггүй. Тэрээр ингэж хэлж байсансан:
- Төр улсдаа зүтгэж, сайд дарга хийж явах үед ном бичих цаг зав мөн ч их гарч байсан даа, ялангуяа Элчин сайдаар гадаад улсад сууж байх үед ном бичье гэвэл мөн ч их боломж байсансан, даан ч тэр их боломжийг ашигласангүй, хөгширсөн хойноо ном бичих гэж өөрийгөө зовоож явна даа.Энэ үгийг ахмад Элчин сайд, миний нийтлэлийн баатар О.Хосбаяр гуай 70 гарчихаад цөхрөхдөө харуусан ярьж байсансан. Тэгээд ч бид хоёр номын садан шиг садан явсан даа. М.Дүгэрсүрэн, О.Хосбаяр гэсэн хоёр зохиогчтой “Олон улсын эрх зүй”, “Дипломат ажиллагаа, албаны үндэс”, “ХХ зууны гадаад бодлогын түүхэн тойм” гээд гурван ч ном, сурах бичиг манай залуу дипломатчдын гарын авалга болсоор яваа. Тэгвэл нэг автор нь болох О.Хосбаяр гэгч эгэл даруу, эрдэмт, чин билэгт Элчин сайдыг энд таниулах нь нүдээ олсон хэрэг байхсан болов уу гээд зориглож байгаа маань энэ.
ГЯЯ-ны төв аппаратын гол дитломатч нар, 1950-иад оны эхээр. Мэргэжлийн хэд нь, анхдагчид нь эд л байв. Хоёр дахь зураг – 1960-аад оны сүүлч, Элчин сайд нарын анхдугаар зөвлөлгөөн. Цомхон, цөөхүүлхнээ байж дээ.
Нэг улсад хоёрантаа Элчин сайдаар томилогдож ажилласан ховорхон учрал тэр бүр тохиогоод байдаггүй бол О.Хосбаяр гуайд БНЭУ-д эрхт улсаа төлөөлөх эрх хоёр удаа заяасан юм. Анх 1964-1969, хоёр дахь удаагаа 1985-1989 онд гэж намтарт нь буй. 1964 оноос өмнө Вьетнамд, 1969-1985 оны хооронд ГЯЯ-нд орлогч сайд, Югослав, Их Британид Элчин сайдаар ажилласан гээд бичиж эхэлбэл хосгүй хувь тохиол байж үү дээ гэмээр.
Энэ бол миний мэдэх зурагнууд байна. Ерөнхий сайд Ю.Цэдэнбал БНЭУ-д айлчлаад Ерөнхий сайд Ж.Нерутэй уулзахад хэлмэрчээр нь цэл залуу дипломатч О.Хосбаяр ажиллажээ. Хоёр дахь зураг дээр анх 1964 онд Элчин сайд болж очоод БНЭУ-ын Ерөнхийлөгч С.Радхакришнанд Итгэмжлэх жуух бичгээ барьж байна. Гурав дахь зураг 1950-иад оны үе. Нью Делид Монголын үзэсгэлэн сонирхож байна. Тэгэхэд 1964 онд жуух бичгийг нь авч байсан С.Радхакришнан нь тус улсын Дэд ерөнхийлөгч байсан юм. Зэргэлдээ зогсоо нь БНМАУ-ын Элчин сайд П.Шагдарсүрэн (эдүгээ 96 настай). Удаахи зураг дээр БНЭУ-ын Ерөнхий сайд хатагтай И.Гандитай найрсгаар ярилцаж байна. Хүндэт харуул жагсаагаад эрхт төрийнхөө дууллыг эгшиглүүлж, төрийн далбаагаа мандуулж байгаа мөч, БНЭУ-ын Ерөнхийлөгчийн Раштрапати-Бхаван ордон.
О.Хосбаяр гуай бол Ж.Неру, Индира Ганди, Ражив Ганди, Сарвепалли Радхакришнан, Хо Ши Мин, И.Б.Тито, Хатан хаан Елизавета II, Г.А.Насер, Жуниус Жаявардене зэрэг дэлхийн томчуултай хөөрөг зөрүүлэн улс орныхоо болон дэлхийн хэрэг явдлыг хэлэлцэж явсан нэгэн билээ.
Вьеьтнамын дайн эхлэхээс өмнөхөн. О.Хосбаяр гуай тус улсад суурин суух анхны Элчин сайдаар томилогдон очоод Итгэмжлэх жуух бичгээ Хо Ши Минд барьсан үеийн ховор гэрэл зураг энд байна.
Үүнээс гадна бүр томруулж ярьвал, тэрээр Монголын үндэсний эрх чөлөөний түүхнээ нэрээ дуурсгасан эрхмийн хүү, хүргэн нь юм. Хэрэв Та Хөх-хот дахь “Өвөр Монгол” хэмээх түүх-угсаатан-байгалийн түүхийн төв музейд зочилсон бол Ванданням гэдэг хүний зураг бүхий булан байгааг олж үзсэн байх. Тэр бол Манжийн дарлалын эсрэг тусгаар тогтнолын төлөө тэмцэлд боссон өвөрлөгч ахан дүүсийн маань дугуйлангийн удирдагч, Өвөр Монголын үндэсний-эрх чөлөөний нэрт зүтгэлтэн Ванданням гэгч юм. Хосбаяр сайд бол түүний хүү, эх Оюунаараа овоглож эцгээ нууцалж явснаар “Оюуны” гээд түүхэнд орчихсон юм.
ХХ зууны түүхэн гигант, зууны түүхийг бичилцсэн нэгэн эрхэмд бараалхан Итгэмжлэх жуух бичгээ барьж байна. ХБНСЮУ-ын Ерөнхийлөгч маршал И.Б.Тито. Энэ мөн л ховор учрал юм.
Хадам талаас нь авч үзвэл бүр ч гайхалтай. Бүр wikipedia.org сайт дээр биччихсэн байна. “Монголын нууц товчоо” түүхэн хөлгөн судрыг 1917 онд Богд хаант Монгол Улсын Гадаад яамны дэд сайд Бодлогот Баатар Цэнд Гүн (Бавуудайн Цэнд, 1875-1932) анх хятад хэлнээс монгол бичгэнд сийрүүлэн орчуулсан ба тэр нь Цэндийн Дамдинсүрэнгийн орчин цагийн монгол хэлнээ буулгах гарын авлага болжээ гэж байна. Бодлогот баатар Цэнд гүн бол Манлай баатар Дамдинсүрэнгийн хамт Монголын төрд дагаар орон зүтгэхээр ирэгсдийн нэг ба дагуур хүн. Ховдыг чөлөөлөх байлдаан, 5 замын тулалдаанд эрэлхэгээр оролцсоныхоо төлөө Богд хаанаас “Бодлогот баатар” хэмээх эрхэм цолоор шагнуулжээ.
Одоогийн Шри-Ланка улсын (хуучнаар Цейлон) түүхийг бичилцсэн Жуниус Ричард Жаявардене гэх эрхэмд Итгэмжлэх жуух бичгээ барьж буй агшин. Энэ хүн тус улсын Ерөнхий сайд (1977-1978 он), Ерөнхийлөгчөөр (1978-1988 он) ажиллаж байсан хүндтэй эрхэм билээ.
Миний архивт буй О.Хосбаяр сайдын холбогдолтой нэгэн ховор гэрэл зураг энэ байна. Египетэд би өөрөө сууж ажиллаж байсны хувьд энэ зураг надад танил. Египетийн Ерөнхийлөгч Г.А.Насер, Дэд ерөнхийлөгч А.Садат болон Ази, Африкийн олон орны удирдагчид байгаагийн дотор Монголын Б.Ширэндэв, О.Хосбаяр нар энд байна. Ази, Африкийн улс түмний эв санааны нэгдлийн бага хурал (Каир, 1957 он).
Зарим зургийг энд хүү Х.Гарьдаас нь ч авч баяжууллаа. Х.Гарьддаа бас талархая. Өөр нэг мялаалгын үг байна. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд анхлан олон улсын эрх зүй, дипломатын албаны хичээлийг О.Хосбаяр багш маань 1993 онд эхлүүлж, 4 жил тасралтгүй заасан ба намбалаг, нуруутай, үнэхээр юм үзэж нүд тайлсан, тулхтай сайхан багш байсныг хэдэн зуугаар тоологдох шавь нар нь эрхбиш нотлох биз ээ.