Хад ах “аав”-ынхаас хамгийн сүүлд гарах жил­дээ зан төлөв нь их өөр болчихсон санагдсан. Тагнуултай кинонд гардаг шиг оронд нь өөр хүн яваад байгаа ч юм шиг. Цал буурал толгойтой, усан хаван болсон бие­тэй, их эвгүй хувцасладаг, одоо бодож байхад нөгөө ял хувцас гэдгээ өмсөөд дасчихсан болтой юм би­лээ. Хар залуугийн  тачиг­натал инээдэг хүүхэд зан нь бараг арилсан байв. Нэг удаа инээхэд нь хар­тал аманд нь гурав дө­рөв­хөн шүд үлджээ. Ярь­даг сэдэв нь өөрчлөгдөж нээх их бөх, нутаг гэдэг болчихож. Тэгснээ төд удалгүй нүдэнд нь гуниг хурж, нулимс хурал­даад, жаахан “халаад” эх­лэхээрээ хэнгэнэтэл уйл­даг болчихжээ. Шо­рон­гоос гардаг жилээ дөн­­гөж л дөч хүрч байсан юм билээ. Хангай дэлхий, Угтаалцайдамын уул усыг даагаад өдий хүрсэн мөртлөө халхын их авар­га бөх Хадбаатарыг чүү чамай 42-хон жил шорон оронтой хамжин байж тээж дээ.

Үндэсний бөхийг одоо­­­­гоос хорин жилийн өмнө улс даяар тийм их онцгойлон үздэггүй бай­сан. Гайгүй  ноцолддог гэгдэх болгон чөлөөт, самбо, жүдод тив дэл­хийн дэвжээнд өрсөлдөх гээд заримдаа наадмаар хүртэл барилдалгүй бэлт­гэлээ хийдэг байсан тийм л үе байлаа. Айхтар ал­сын санаатай Баянмөнх, Бат-Эрдэнэ гэх мэт хэдхэн хүмүүс  хамаг анхаарлаа үндэсний бөхөд хан­дуулж түүгээр өвчилж, цаагуураа нутаг жалгын үзлээ гүн бат суулгах үрийг тарьж явжээ. Аягүй сонин ш дээ. Наяад оны дунд үеэр Хад аварга хоёр дахиа улсад бөхөөр түрүүлчихдэг. Наадам дуусаад мань эр хан­хал­заад яваад байсан. Тогт­сон авгай хүүхэдгүй гуч гарч яваа ганц бие залуу. Одоогоор бол тухайн үе­дээ жинхэнэ од биз дээ. Хүүхнүүд наалдаад ер зүгээр явуулдаггүй бай­сан­сан. Тэдний  нэгэн болох хүүхэн урьж залаад байхаар нь гэрт нь тавиад очдог. …Төд удалгүй НАХ Яамны хоёр ажилтан тэр дороо араас нь мөрдөж ирээд “хүчин хийж буй” иргэн Д.Хадбаатарыг га­зар дээр нь илрүүлж ул­маар шүүн тасалж “най­ман жил” өгсөн юм. Хэв­лэл мэдээлэл одоогийнх шиг хүчирхэг байсан бол ийм хачирхалтай явдлыг янз бүрээр бичиж ядаж л цаад эзнийг нь олж ор­хино доо. Хөнгөн атле­тикийн гайгүй тамирчин байсан Хад хүү бөх ба­рилд­сан учраас на­саа­раа шоронгийн хадаас болсон гунигт түүх ийн эхэлж билээ.

Тийм болохоороо ч тэр юм уу, Хад ах жирийн үедээ ерөөс бөх тэх гэж  ярьдаггүй, бөхийн бэлтгэл ч хийдэггүй хүн байсан юм ш дээ. Яг үнэндээ бол.

Албан ажил нь боло­хоор Биеийн тамир спор­тын “Алдар” ний­­гэм­­­­лэ­гийн самбо бө­хийн тамир­чин, ахлагч цолтой. Тэн­дээ удаа да­раа ажил та­салж алга болсон гээд ажлаасаа халагдчихсан. Дараа нь бас нэг цэргийн ангид Батлан хамгаалах яам­ныхан оруулж өгсөн. Арын хаалгадаж байгаад жолооны сургуульд ороод маш сайн сурч төгсөөд  “сонсмоол” барь­­даг байсан. Гэр нь одоо­гийн “Алдар” ний­гэм­лэгийн хойно байсан биеийн тамирын талбай дээр. Том таван ханатай гэрт их аварга маань хаа­яа нэг заларч ирнэ дээ. Дотор нь эд хогшил гээд байх юм байхгүй. Улсын наадамд түрүүлсэн, үзүүр­­­лэсэн хэдэн медаль, бас бус баярын бичгээ хоймрын авдран дээ­рээ хайш яйш тавьчих­сан, баруун орон дээрээ цэр­дийтэл нүцгэлэн хө­лөө жийгээд суух их дур­тай. “Алив ахын дүү нар гал түл. Сайхан мах чана. Гоё буу халцгаая” гэдэг­сэн. Мань эр “буу халах” гэдэг хэллэгийг шорон­гоос сурч ирээд гадаад үг зааж байгаа юм шиг учир утгыг нь тайлбарлаад л мөн их онгирно.

Нэг удаа “Би хутга ши­дэж сурсан” гэдэг юм бай­на. “Та тэгээд яг кинон дээр гардаг шиг нам зоож чаддаг болсон уу?” гээд бүгдээрээ “их удирдагч”-аасаа маш сонирхон шал­­­гаав. “За хутгыг бол­боос ирнийх нь үзүүрээс ингэж барьж байгаад  ши­дэхэд агаарт гурав эр­гэлдэн байндаа ингэж очдог байхгүй юу… Өө ерөөсөө болохгүй юм яа­чих­ваа. Алив очоод аваад ир… За тэр. Хаалган дээр яг зоогдож байгаа биз…”

-Ээ та сайн сураагүй л юм байна ш дээ.

-Гайгүй байлгүй. На­майг тэр… хулгайч янзтай сурсан байна гэж байсан юм шүү гээд л бөөн мар­галдаан болно.

Хад ах маань жо­лоо­гоо төгсөөд машин барь­даг болчихлоо. Сүр пар хийсэн навсайсан “сонс­моол”-той “Алдар” дээр байсгээд л ирнэ.  Ярианы сэдэв машины “ар­жаа­тар”, “хорооп”, “урал мо­тоор” гэх шиг…Тэр нь үнэн уйтгартай ойл­гомж­гүй. Кабинд нь суугаад хотоор давхих бол харин гоё л доо. Их сүртэй, сүр­тэй юм ярина.

-Аа, сая балрахаа алд­­лаа шүү дээ.

-Яасан?

- Энэ урд замаар той­роод иртэл урдаас том хар машин гараад ирдэг юм байна. Хариугүй дайр­д­гийн даваан дээр мушгиад л нам тоором­согл­олоо. Тэгсэн чинь ха­рин Ёндон генерал цон­хоо онгойлгоод “За Хад минь чи аятайхан бай­гаарай” гээд инээж байна. Намайг яамны сайд хүр­тэл шууд хараад таньдаг юм байна ш дээ гэж үү. Улсад хоёр түрүүлж хэд ч билээ үзүүрлэсэн бүхний танил, алдарт бөх маань өөрөө нэг иймэрхүү л  юм ярьж явдагсан.

Одоо санаж байхад их гоё залуу байсан юм би­лээ. Ямар ч өө сэвгүй цагаан царайтай, илүү гүзээ харвингүй, бараг хоёр метр өндөр ну­руу­тай, өө хэлсэн хүнд хоёр хөл нь гадагшаагаа сай­рга, хүнд загнуулахаараа толгойгоо маажаад л зогс­­­­чих­­дог. Тэр том бие­тэй мөртлөө аливаа юманд жигтэйхэн хөнгөн шингэн. “Алив Хад ахаа тэрийг очоод аваад ирээч” гэхэд гүйгээд л явчихна. Тэгснээ тээр хой­­­но “Чи муу одоо яа­гаад томроод ахыгаа за­раад байгаа юм” гэчихнээ.

Хаашаа ч юм бүү мэд. Тэр үед утас шөрмөс бай­сан биш. Усанд шидсэн чулуу шиг ёстой сураг тасарна даа. Хөдөөгүүр л яваад байдаг байсан байх. Нэг жижигхэн тар­ваган хүнтэй их най­зал­на. Тэр нь үнэн пээдгэр. Инээж байхыг нь ерөөсөө хараагүй. Маниусыг элд­вээр хэлж, гүйж ирээд хөл рүү өшиглөх, массаж хийл­­­гэх зэргээр үйлийг минь үзнэ. Сэвтээ сэвээгүй архи уудаг тэр нөхөр согтохоороо Хад ах руу хүртэл агсам тавина гээч. Манай хүн юу ч хэлэхгүй өөгшүүлэх ба их сог­то­хоор нь барьж аваад хур­га шиг өвөртлөөд яв­чих­даг байж билээ. Баа­хан дампуурч, дампуурч бай­гаад гэнэт санасан юм шиг бэлтгэлийн зааланд ороод ирнэ.  Багш дас­галжуулагч нараа байнга авдаг байсан биз. Мань эр нүд нь орой дээрээ гарчихсан бөхийн чиглэлийн ямар л тэм­цээн байна бүгдэд нь оролцож өгнө. Бүр жижиг­хэн байгууллагын ойд хүртэл зодог шуудгаа өмсчихсөн, ямар ч цолгүй бөхчүүдтэй нөгөө улсын аварга маань барилдаад зогсож байна. Хад ахыг энд тэнд барилдаж бай­гаа сураг сонсогдонгуут араас нь “гөрөөлнө”.  Эрх биш аварга бөх боло­хоороо голдуу үзүүрлэж түрүүлэх нь тодорхой. Үзүүр түрүүний бөхөд янз бүрийн шагнал бай өгнө. Голдуу цаг, гутал хувцас, халуун сав мэтийн юмс ирдэг. Шагналаа аваад буугаад ирэхээр нь “Ахаа наадахаа надаа өгчих л дөө. Та зөндөө л шагнал авдаг ш дээ…” гээд ша­лаад байхаар дорхоноо залхаад “Май май…” гээд хаячихаад яваад өгнө.

Нэгэн “заалны барил­даан”-ыг нь эхнээс нь харж билээ. Спортын төв ордонд манай хүн нэлээд хоцорсгээд ороод ирж байна. Нэгийн даваа ч дундаа орж байсан байх. Энэхүү барилдаанд БНМАУ-ын аварга, Ал­дар нийгэмлэгийн бөх Дагвацэрэнгийн Хад­­баа­тар оролцохоор бол­лоо гэж узелээр зар­ламагц дэвж шаваад л сүртэй гарч ирж бай­на.(Тэр үед бөхчүүдийг төрсөн аймаг сумаар нь ерөөс дууд­даггүй байсан) Аварга ер нь бөхчүүд дотроо хам­гийн уран га­раа дэвээтэй байсан байх шүү. Олон хүн хара­хаараа нөгөө л хөөрүү онгироо зан нь хөдлөөд эхэлнэ. Заалны голоор наашаа, цаашаа холхиод л над руу хараад га­раа­раа даллаж ч байх шиг.

Амны бөх нь гээд нэг жижигхэн нөхөр муур шиг биеэ хураагаад түрүүнээс хойш дадайгаад бараг хөшчихсөн анаад байх юм. Хүмүүсийн нижиг­нэсэн алга ташилтан  дунд баахан явж байснаа барилдах бөхөө гэнэт олж харснаа духан дээр нь алгаараа зөөлхөн түлх­­­­чихэв. Нөгөө бөх нь арагшаагаа хөлөө олох­гүй баахан явж байснаа тээр тэнд очоод саваад уначих юм. Үзэгчид нир­хийтэл инээлдээд л…

Дараагийн даваанд бас нэг хариугүй “юм”-тай таарчээ. Зүгээр барил­дана гэж ер байхгүй. Ам угтуул нь Хадыг бараг л унагахаа алдаад л. Ард нь гарчихсан, одоогоор бол хамаг дуртай барь­цаа хангачихсан, тэнтэр тунтар хийлгээд л. Үзэг­чид хазайхад нь дуу ал­даж налцгаагаад л. Баа­хан тэгж горьдоож үйлийг нь үзэж байснаа араасаа ганцхан суга татаж урдаа гаргаснаа эргүүлж, эр­гүүлж байгаад тээр тэнд чулуудчихжуу.

Тэр үеийн бөхчүүд Хад­­баа­­­тарыг хараад цө­хөр­­дөг байсан байх. Шинж­лэх ухааны үндэс­лэлтэй, үндэслэлгүйгээр бэлтгэл сургуулилт хийж ганц хоног тас­лаагүй атал яахаараа энэ нөхрийг давж чадахгүй байна. Бүр дуртай барь­цаа олж ба­риад байхад дийлэхгүй ямар хачин…

Нэгэн удаагийн улсын наадмын дараахан ярь­сан байдаг. “Надад унаад өгчихөөч…” гээд уйлаад байхаар эвгүй золиг юм билээ. Аваргад буугаад өгчихлөө гээд инээгээд явж байсан. Хожим тэр тухайгаа тэмдэглэлийн дэвтэр дээрээ их л тодор­хой бичсэн нь нутгийн хүнд хадгалагдан үлджээ.

Төв аймгийн Утаал­цайдам сумын харьяат, Монгол Улсын аварга Д.Хад­баа­тартай адилхан жин бантай бөх одоо маш олон болжээ. Харин түүн шиг эгэл даруухан, сай­хан сэтгэлтэй, домог бол­сон бөх зүлэг ногоон дэв­жээн дээр үгүйлэгдсээр байна.

Сар шинийн баярт зориулсан бөхийн ба­рил­даан дөхөхөөр “сайр­га” ах минь санагдах юм даа. Одооны энэ бөхчүүд их өөр болчихсон ч юм шиг. Одооны энэ бөх­чүү­дээс шал өөр хүн бай­сан ч юм шиг.