Юмс найдваргүй бо­лох тутам горьдлого улам ихэссээр байдаг. Одоо энэ цасан шуурганы да­раа аягүй сайхан дулаан болох юм гэнэ лээ. Угаа­саа “таван ес” дуусаад ирэхийн алдад хүйтрээд хаа холддог юм. Цагаан сар гараад явчихлаар ирж яваа цаг ирдгээрээ ирнэ. Цаг тавирахаар хэдэн малын зоо тэнийж, улмаар төллөж хорогдож байсан сүрэг нэмэгдээд эхэлнэ…

Байгалийн эрхшээлд амьдарч буй манай мал­чид ийм юм ярьж өөрс­дийнхөө сэтгэлийг зогоож сууна. Мөн зарим нь “За хойтон жил л яг хийсэн ясан гэр барьж, өвс хад­лан­гаа базааж бөмбий­төл өвөлжинө” гэж “ам шүд”-ээ авгайдаа өгч байгаа.

Бодит байдал дээр бол нүүдэл эрхлэгч малч­дын улам найдваргүй өд­рүүд одоо л эхэлж байна. Байна ч юу байхав. Хөдөө гадаа явсан улс ийн мэ­дээ­лэл хэлж ирцгээх бол­лоо. Нэгэнт дор орсон малд аманд нь юу ч цут­гаад нэмэр болдоггүйг олон зуднаар харсан. Хамгаа барж өвс тэжээл аваад өгөөд л байдаг. Ялангуяа хувь айл “стра­те­гийн чухал мал”  болох сүүтэй үнээ, хурдан мо­рин­доо хамаг анхаарлаа тавьж, гэртээ оруулах нь холгүй бөөцийлнө. Дөн­гөөд он гаргаад авбал цасны цоорхой дамжаад хоолоо идчих байгаа. Тэсээд хаврын яргуйтай залгавал тэнхрээд авах байгаа хэмээн тэвчээрээ барагдтал горьддог. Амьд­рал биднийг хонзог­нон, анаж байсан юм шиг яг сайхан зургаан сарын намирсан өдрүүдээр энх­рий мал маань мажийдаг аж. Энэ нь хамаг малаа барснаас илүү том цо­хилт, шаталт болох нь дамжиггүй.

Байгаль дэлхий буюу бурхан нэгэнт нүүрээ бу­руулсан бол гарах хаалга аль хэдийнэ цоожлогд­сон гэсэн үг. Одоо илгэвч нэмнээ, лаа, чүдэнз, вита­мин­лаг калорлог байд­лаа аль намар алдсан хэдэн боодол шарилж өвс, сэтгэл зассан хуурай үгс аль нь ч малчдад нэмэр болохгүй. Манай амьд­рал мэдэхгүй улс­төр­чид  болохоор мал сүрэг до­рой­тохоор ха­ниад хүр­сэн хүн эмнэлэгт хэвтээд босоод ирдэг шиг юм бодоод байгаа. Цаа­на чинь тавин сая мал байна. Их тоо шүү. Ийм олон малыг яг одоо ха­луун зун болж байгаа өргөргийн өмнө хагаст л тууж аваачдаггүй юм бол амьд үлдээхэд ойролцоо­гоор Монголд 120 хоно­гийн “өлсгөлөн”-г тэвчих хугацаа байна.

Тэгэхээр одоо “Миний хүүгийн бэлгэнд ирсэн хундан цагаан хонио…” гэхчилэнгээр малаа хүн­шүүлж нялуурч байхын оронд найдваргүй гэснээ эртхэн төхөөрч тэмээн дээр ямааны гарзгүй урин цагтай золгох нь нэн чу­хал гэх үү дээ. Хаврын энэ тарчиг цагаар малаасаа илүү хүн нь ядрах нигууртай. Дунджаар ха­гас сая амьтны хувь заяаг атгаж байгаа малчин өр­хийн тэргүүн өдийд сэтгэл санааны гүн зо­виур­тай яваа. УИХ-ын гишүүн тойрогтоо санаа зовд­гоос шал өөр хэдэн малдаа, цаашлаад ирээ­дүйн амьдралдаа түгшиж буй нь  харин бодит зо­виур билээ.

Одоо тэгээд яах вэ? Төрөөс үхсэн малын мах худалдан авах кампанит ажлыг нэн даруй хийх хэрэгтэй болж байна. Ямаа­ны ноолуур гэж бай­хын оронд турсаганы мах авах ажил бараг үн­дэс­ний аюулгүй байдлын хэм­жээнд яригдахаар бол­лоо. Доогуураа энэ чиглэлийн бизнес аль хэдийнэ хүчээ авчихса­ныг  хотын төвөөс цааших амьдралыг үзээгүй эрх баригчид ойлгохгүй бай­на. Нийслэлийнхнийг мал ч мэдэхгүй, мах ч танихгүй байдлыг нь да­лимдуулж  үнэгний тур­сага шиг гулуузалсан мах­нууд ороод ирлээ. Хар­ваас андаш­гүй. Төхөөр­сөн малыг монголчууд эрхбиш цусалдаг. Тэгвэл үхсэн малын судсанд  цус нь явж байгаад хамт хөлд­чихсөн, тэгээд нэлийсэн улаан юм байдаг даа. Хавирган дээрээ хуруу хэрийн зузаан өөхгүй мах байвал битгий аваарай. Тарчилж үхсэн амьтны турсага хямдыг нь харж авснаас Эрээний тахиа­ны гуя хамаагүй дээр. Намраар гаргасан тарган махыг бол аваад яахав өөхийг нь ялгаад хаячих нь л биз. Тэр л хор болох­гүй хоол болно.     

Нэгэнт үхсэн малын мах хүмүүст очихоос  өм­нө замаас  авч тээрэмдэн “яс мах”-ны гурил гээчийг хийдэг байсансан. Түү­гээр гахай тахиа хооллох буюу гадаадад гаргаж муур нохойн хоолонд явуулдаг байлаа. Нэн яаралтай ийм үйлдвэр­лэлийг сэргээж  овсгоотой хөдлөх, Мэргэжлийн хя­нал­тынхан бүх анхаа­рлаа хиам үйлдвэрлэгч дээр төвлөрүүлэх гэх мэ­тийн “байлдааны төлөв­лөгөө” хийх хурд манай назгай төрд байдаг болов уу? Малын чиг­лэлийн мэргэжил­тн­үү­дийг дайч­лаад хөдөөд туранхай малын устгал явуулж, өвс өгдөг зард­лаараа ийм ажил хийх нь илүү үр дүнтэй болов уу. Бид боом, шүлхий гээд байсгээд устгал явуулдаг биз дээ.  Нөгөө талаар хаана яагаад мал хорог­дож буйн шалтгааныг одоо л бодитой олж тог­тооно. Аягүй бол зарим нэг нь ах дүүгээрээ бүү­рэл­хэн аль өнтэй нутгийг нь эз дийлж авчихаад төлөө онд мэнд бүрэн оруулж, сайн малчин энэ тэр болчихсон цохиж явааг үгүйсгэхгүй юм.

Өөр нэг чухал юм бай­на. Энэ жил хаа сайгүй цас их оржээ. Их цас ма­лыг минь авч оджээ. Тэг­вэл тэр цас хайлахыг хүлээн зүхэж суух нэг хэрэг. Хавар хайлж л таараа. Алдсан малын­хаа хариуд орсон цасыг хэрхэн яаж ашиглах бо­ломж бий юу? Далан хөв барих, гуу жалганд даг­таршуулж, хавар орой болтол малын ундны усанд ч болтугай ашиг­лах, цаашилбал газар тариалангийн усалгаанд хэрэглэх гэх мэтээр ухаа­лаг ямар санаачилга бай­на. Арай энэ их хүйтрэл­тийг улс ардын аж ахуйд ашигтайгаар хэрэглэх ту­хай сонсоогүй юм байна. Нэг талд боломж хумиг­дах тусам нөгөө талд бур­хан цонхоо онгойлгосон байдаг шүү дээ. Тэр он­гор­хой цонх хаана байна.

Монголд зуд болж бай­гаа гэж гадаад ертөн­цөд зарлахад гадныхан ерөөс ойлгодоггүй юм билээ. Ойлгохгүй боло­хоороо өөрсдөө ирж үзэж байсан. Үзэх гэж яваад тэр жил Увсын Малчин суманд онгоцтой сүйрч бөөн юм болсон. Өнөө­дөр сэрүүн бүсийн ихэнх оронд эрс хүйтэн болж байгаа. Манайхаас илүү зузаан цастай байна. Саяхан Швейцарьт метр илүү цастай байна гэж манай тусгай сурвалж­лагч  хэлж ирсэн. Тэнд чинь ялгаагүй хүн мал байж л байгаа. Цасан дээр нохой нь тоглож давхиад, галуу нь шургаж сэрүүцээд харин ч бөөн баяр болцгоодог орны­хонд малчдын амьдралыг ойлгуулахад их хэцүү.

Хэрэв манай зудны талаарх тусламж гуйх хүн­дэтгэлтэй шалтаг бол дэл­хийд нэн ховордоод байгаа аргаль хонь, янгир, зээр гөрөөс зэрэг зэрлэг амьтад өлбөрч устах нь гэвэл илүү тус­ламж ирэх ч юм билүү. Элдвийн л юм бодогдох юм даа.


Ж.ГАНГАА