Голын эргийн өвөлжөөний хавар
...Сумын намын үүрийн дарга олон жил хийгээд одоо захиргаанд бүртгэл хариуцах болсон өвгөн даргын өрөөнд ийм яриа болж байна.
-хошин тууж-
Үргэлжлэл түрүүч нь ... дугаарт
...Сумын намын үүрийн дарга олон жил хийгээд одоо захиргаанд бүртгэл хариуцах болсон өвгөн даргын өрөөнд ийм яриа болж байна.
-За Бибиш минь. Чамд иргэний үнэмлэх яагаад ч өгч чадахгүй нь.
-Өгч л таарна даа.Би хүн амын тооллогод орчихс он юм чинь. Та улсынхаа хүнээс нэгийг дутаахгүй биз дээ.
-Чи төрсний гэрчилгээ биш юмаа гэхэд төрснөө гэрчлэх хүн олоодох. Битгий л даргын машиныг унаад аав ээжийгээ авахаар явчихаарай гэж дарга гуйлаа.
Хэсгийн төлөөлөгчийн явдал: Үнэхээр ч тийм явдал болжээ. Бибиш бөмбөг тоглож байсан хүүхдүүдийн дэргэдүүр явж байтал цэцэрлэгийн цонх хагарчээ. Цонх хагарах үед суманд шинээр ирээд малын хулгайд сүрхий гэгдэх болсон хэсгийн төлөөлөгч сууж байж.
Энэ монгол хэл мөн сонин шүү, би хэсгийн төлөөлөгчийг малын хулгай илрүүлэхдээ сүрхий сайн гэдгээр нь жаахан товч магтах гэхээр ийм өгүүлбэр босоод ирж байгаа юм.
Төлөөлөгч энэ удаа хүүхдийн цэцэрлэгт хулгайн малтай огт өөр асуудлаар асрагч хүүхэнтэй уулзаад сууж байж таарав. Тэрээр цонх хагалсан асуудлаархи хавтаст хэргийг ой санамждаа нээгээд мөрдөж эхлэв. Даа ялангуяа цэцэрлэгийн асрагч охины дэргэд хэрэг илрүүлэх нь түүнд нэр төрийн хэрэг санагдаад явчихав.
Нэг зүйлийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Хэсгийн төлөөлөгч малын хулгайд гаажтай боловч өөр юмны хулгай юмуу, малаас ондоо юмтай холбогдоод ирэхийн алдад амархаан бүдэрдэг нэгэн байв. Хүчингийн хэрэг мөрдөх явцдаа хүүхэнд 10 жил сонсгож, хархүүд нөхөн олговор ба аборт хийлгэх зардал хүртээх байдлаар ял төлөвлөсөн удаатай. Гэхдээ л малын хулгайд гаргуун, бараг л хулгайд алдсан малыг үнэрээр нь хөөгөөд гаргаад ирнэ. Хээлтэй үнээний сүвийг үнэртэж үзээд аль буханд гишгүүлснийг нь яг хэлдэг гээд бодчих. Дарга нар нь түүнээс жаахан ичдэг боловч хөдөө нутагт мал нь хүнээсээ олон арав дахин их юм чинь манай хүн ажилдаа яг тэнхцэнэ гэж үзсээр иржээ.
Хэсгийн төлөөлөгч дамар нь хугархай малгайгаа нүдээ дарж өмсөөд гарч ирлээ. Хуулийн хүн хорвоог хардаг нүдээ хичнээн сайн хаана тэр хэрээрээ хууль бус юмсыг төдийчинээн тольддог болтой юм аа.
Мань хүн өөрийнхээ ирээдүйг “ Хаврын 17 учрал” киноны тагнуулч Штирлицээр төсөөлнө. Германууд мал хулгайлаад, мань хүн штандартанфюрерийн дүрд хувилан очиж мөрдөх юм уу , хаашаа юм бэ. Харин дамар малгайгаа СС-ийн офицерийнхтэй адилхан болгох гэж хавчийлгасаар байгаад хатуулгыг хугалчихсан нь бол үнэн.
Ингээд “малын хулгай талын Штирлиц”-ийг гадаа гарч ирэхэд Бибиш байж таарлаа. Хамгийн түрүүн тааралдсан хүн хамгийн том сэжигтэн тул түүнийг барин авлаа.
Ингээд түүнийг өрөөндөө оруулаад “шоронд хийнэ” хэмээн сүрдүүлж эхэлжээ. Цэцэрлэгийн цонх хагалсан хэрэгт сэрдэгдээд байгаагаа мэдэж автал хагас өдөр болсон гэдэг юм. Толгой нь эргэж гүйцсэн Бибиш “Даваа гариг бүр цэцэрлэгийн хашаанаас нэг хүүхэд барьж шоронд хийдэг. Өнөөдөр миний ээлж таарч” гэж хүртэл бодсон удаатай. Гэтэл хэсгийн төлөөлөгч цэцэрлэгийн арын хаалгаар гарч ирсэн. Цэцэрлэгийн ард талд уг нь цонх байсан боловч хэдэн жилийн өмнө хүйтэн орохын нэмэр гээд тоосго өрчихсөн тул хагарах боломжгүй гэдэг дээр хүрэхэд үдийн завсарлага болж байв. Ингээд мухардсан хэсгийн төлөөлөгч “ энэ золигийн оронд үнээ байсан бол хэргийг мөн сайхан хүлээлгэнэ дээ” гэж сүүрс алдсан ч шуурхай шийдсэндээ бахархав.
-Эцэг эхээ авчирч уулзуулахаас нааш чамайг суллахгүй гэжээ. -аавыгаа яаж авчрах вэ?
-Тэр чиний хэрэг, харин ажил тарахаас өмнө дагуулаад ирээрэй. Суллахгүй гэсэн хүүхдээ гаргаад явуулав.
Бибиш золигийн хүүхэд, багадаа бол хүн болохын эцэсгүй амьтан байсан юм. Өөр хүүхэд бол “аав ээж хөдөө байгаа” энээ тэрээ гээд түмэн шалтаг тоочно шүү дээ. Гэтэл тэгдэггүй туучий байгаа юм.
-За одоохон аавыг аваад ирье гээд гарчээ.
Тэр мөртлөө сумын дарга дээр очоод
-Хэсгийн төлөөлөгч таны машинаар гэмт хэрэгтэнг авчирна гэлээ.
-Хэрэгтэн нь хэн юм юм бэ?
-Миний аав.
Нэгдлийн даргын хөх инээд хүрэв. Манай ард түмэн “эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэж арай л дутуу хэлсэн юм. Уг нь “эцэг нь хээр алаг бол хүү нь яг тийм алаг” гэх байсан гэдэг нь Бибиш эцэг хоёрын жишээнээс харагдаад байдаг. Бибишийн аав Тэрбиш нам улсын нэг бус ажлыг хамгийн эгзэгтэй үед нь унагаан алдаж, дарга нарынхаа алийг алдуулж явдаг нэгэн. Арга хэмжээ аваад шийтгэе гэхээр өө олддоггүй, нөхцөл байдал ямагт түүний талд гарчаад болдоггүй нэг лай байсан тул дарга энэ мэдээг дуулаад заяатай л инээд алдчихсангүй. Жолоочдоо бензин дүүргэж өгөөд Бибишийг суулган явуулжээ.
Бибиш ийнхүү сумын даргын машинаар гэртээ харьж, зөндөөн санасан дүү нартайгаа уулзаж, ээждээ эрхэлсэн гэнэ лээ. Аав нь хэнэггүйгээрээ цуутай эр “бэлэн унаагаар сум ороод далимд нь цагаан сарын чихэр боовоо төхөөрөөд ирдэг хэрэг” гэсээр явжээ. Үнэхээр л тэгсэн гэж байгаа. Хэсгийн төлөөлөгч түүнд “хүүхдээ сайн хүмүүжүүлээрэй” гэсэн ганц үг хэлжээ. Тэгээд бас нэг үг нэмсэн нь “Одоо хүүгээ аваад харьж болно”.Аав хүү хоёр дахиад л даргын тэргээр хөдөө гэр лүү жирийв. Хууль сахиулагч түүнд хүүхдээ авахаад харихыг зөвшөөрсөн юм чинь
Харин маргааш өглөө бөөн хэрэг мандлаа. Хэсгийн төлөөлөгч даргын тэргийг дайчлаагүй боловч “Бибишийг аавыгаа аваад ир” гэж хэлсэн нь тодорхой болов. Сумын захиргаа өөр юм бодоод, Бибиш өөр юм хийчихсэн нь мэдэгдэв. Гэтэл гай чинь боловсролын хэлтсээс шалгалт ирэх гэж байхад сургуулиа хаяад гэртээ харьчихдаг. Сургуулийн захирал “За дарга нар минь, явуулснаараа та нар тэр хүүхдийг олж өг. Би хүүхэд сургууль завсардуулсан хэрэгт орох гээд байна” хэмээн үглэж гарчээ.
Ингээд мөрөөрөө явж байсан хүүхдийг барьж, даргын тэргээр гэрт хариулсан, аавд нь “хүүгээ аваад харьж болохыг” зөвшөөрсөн хэсгийн төлөөлөгч хархүү л хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиураар тодорчээ. Тэрээр ноормын бензинээ даргын тэргэнд юүлээд Тэрбиш гуайнх руу довтоллоо. Энэ цагаас хойш хэсгийн төлөөлөгч бээр Бибишийн оролцсон ямар нэгэн хэрэг түвэг гарах ахул бушуухан хөөж явуулаад үлдсэн нөхдөд нь хэрэг тулгадаг болсон гэдэг юм.
охох
khabul
саруул зам нэгдэл
Зочин
Зочин
_boom
Саруул
Зочин
Саруул