2004 оны сонгуулиар АН, МАХН хоёр хамгийн ойролцоо буюу 36, 38 суудал авч аль нь ч олонхи болж чадсангүйгээр анх удаа “хамтарсан” Засгийн газрыг байгуулжээ. Ард түмний /сонгогчдын/ энэ сонголтыг улстөрчид “Хаан сонголт” хэмээн нэрлэж, сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд хоёр том нам хэлэлцээрийн ширээнд анх удаа суусан нь тэр. Сонгуульд ялсан буюу олонхи болсон нам нь Ерөнхий сайдаа томилох ёстой ч хоёр намын “зөвшилцлийн” үр дүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дарга, АН-ын дарга Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдож байв. Үнэн хэрэгтээ зөвшилцлийн цаад зорилго нь өмнөх дөрвөн жил Ерөнхий сайдаар ажилласан МАХН-ын дарга Н.Энхбаярын Ерөнхийлөгч болох амбицийг хэрэгжүүлэхэд байсан юм. АН анх удаа ингэж зарчмаасаа ухарсан хэрэг.

Дараа нь 2008 оны сонгуулиар МАХН үнэмлэхүй олонхи болж парламентад 45 суудал авсан ч долдугаар сарын 1-ний үймээнээр таван хүн амь эрсдэхэд хүргэсэн  гэм буруугаа хаацайлахын тулд С.Баяр Ерөнхий сайд АН-ыг Засгийн газартаа урьснаар УИХ дотор “62-ын бүлэг” хэмээх бүдүүн бүлэг байгуулагдаж, АН-ын гишүүд бараг бүгдээрээ тийш гүйж орсон билээ.

2012 оны сонгуулиар АН олонхи биш ч хамгийн олон суудлыг авч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулсан. Хоёр жилийн дараа Н.Алтанхуяг намын даргаа өгч, Засгийн газар нь огцорсон ч шинээр томилогдсон намын дарга З.Энхболд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилж байв. Ийнхүү АН “улс орны эрх ашиг” гэдгээр халхавчлан гурван удаа зарчмаасаа ухарчээ. “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулсан Засгийн газар нь унасны дараа Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд МАН-тай хамтарсан ч долоохон сарын дараа МАН засгаас гарав. Ийнхүү гурван сонгууль дараалан засгийн эрх барилцсан АН ихэнх хугацаанд АН-ын гэхээсээ илүү МАХН, МАН-ын бодлогыг хэрэгжүүлэгч болсоор ирсэн гэж болно. Арай гэж олдсон эрх мэдлээ хадгалах, ямар ч хамаагүй үнээр сонгуульд ялах гэсэн улайрал энэ намыг өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалаа гээхэд хүргэжээ. Дөрөв, дөрөвхөн жилийн цаадахыг хараад, тэрэндээ тааруулж улс төр хийгээд байхаар улс орон хөгжихгүй, дороо хий эргээд байна. Харин одоо АН-ыг МАН-аас ялгаруулдаг тэр үнэт зүйл, үзэл баримтлал, урт хугацааны хөгжлийн бодлого дээрээ эргэж зогсоход намын шинэчлэлийн үнэ цэнэ, үндсэн гол зорилго орших ёстой...

Лу.Гантөмөр ингэж ярив. “АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж өрсөлдөнө” гэдгээ зарласан нэг нэр дэвшигчдийн нэг нь намын гишүүдийнхээ дунд “АН-ыг шинэчлэх шийдэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг хийгээд эхэлчихлээ. Гэхдээ Л.Гантөмөр намын дарга болох эсэх нь одоо чухал биш. Харин АН-ын даргын суудалд горилогчдоос ядаж нэг нь ч гэсэн фракциудаа бүртгэж, хүнээ тоолохын оронд жирийн гишүүд дундаа ороод бодлого, зорилгоо яриад, буруу зөвөө ярилцаад, тэндээсээ шийдэлд хүрье гэж байгаа нь шинэлэг. Ингэхийн тулд АН-ын фракциудаас анх удаа “Нэг Ардчилал” фракцийг албан ёсоор татан буулгаснаа зарласан. Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нар 2008 оны сонгуулийн дараа ардчилсан үзэлтэй залуусыг АН-д татан оруулах зорилгоор “Нэг Ардчилал” клубыг байгуулсан ч тэр нь явсаар улс төрийн томилгоонд өөрийн хүмүүсийг шахдаг бас нэг фракци, бүлэг болох хүртлээ хуучирсан. Харин бусад фракциудын хувьд “Нэг Ардчилал”-ынханд “Барын зулзагыг бага дээр нь” гэдэг итгэл үнэмшлээр ханддаг. Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин, М.Батчимэг, Сангийн сайд асан Б.Болор, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар албан ёсоор “Нэг Ардчилал”-ыг төлөөлж байв.

Дональд Трамп гэдэг хүн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа “АНУ маш олон цөмийн цэнэгт хошуутай. Түүнийхээ ядаж нэгийг нь хэрэглэж яагаад болдоггүй юм” гэх мэт үгийг олон нийтийн дунд эрээлж цээрлэлгүй ярьдаг байв. Эрүүл ухаантай ямар ч америк хүн ийм сонголт хийхгүй нь тодорхой. Гэвч тэр хүн өнөөдөр дэлхийн хамгийн том гүрнийг толгойлох болчихоод байна. Энэ бол олон нийт Трамп гэдэг хүнийг биш, түүний ард ажиллаж байгаа институтыг сонгосон явдал... гэж Б.Пүрэвдорж гишүүн ярьсан. Түүний энэ үгийг “Намын дарга хэн байх нь чухал биш. Харин нам өөрөө чадавхитай, хариуцлагатай, зохион байгуулалттай байж сонгуульд орох ёстой” гэж “орчуулж” ойлгож болох юм.

Ер нь бол хэнд ч дийлдэхгүй үлэмж биетэй баатар, эсвэл мангас гаргаж ирээд 2020 онд МАН-ыг дарж авахыг, өшөө хорслоо тайлахыг зорилгоо болговол АН-ын шинэчлэл явахгүй ээ. 2017, 2020 оны ялалт бидэнд хэрэггүй. Харин Монгол Улсыг 20-30, 100 жил чиглүүлэх чадавхитай улс төрийн нам, хүчнийг бий болгомоор байна гэж маш олон гишүүн ярьж байна. Гэхдээ яаж?

Хүнээ солих уу, дүрмээ солих уу? гэдэг дээр АН-ынхан хамгийн их төвлөрч байх шиг байна. “Ерөөсөө хууччуулаасаа салъя, нүүр царайгаа өөрчилье, шинэ залуу хүмүүсээр хүчээ зузаатгая” гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө нь “Тоглоомынхоо дүрмийг өөрчилье, илүү ардчилалтай, зохион байгуулалттай, хариуцлагатай болъё” гэнэ. Бүр нөгөө хэсэг нь хүнээ ч сольё, дүрмээ ч өөрчилье, ерөөсөө цоо шинэ нам болъё гэх.

Уг нь АН-ыг МАН-аас ялгаатай харагдуулдаг цөөхөн зүйл байсан нь хүний эрхийг дээдлэх, хувийн өмчийг хамгаалах үзэл. Хаана хүний эрх зөрчигдөж, хууль ёс үнэгүйдэж байна тэнд АН хамгийн чангаар хашгирч явдаг байв. Одоо АН-аас энэ талаар нэг ч үг унахаа больсон. Харин ч эсрэгээрээ хуулийн нэрээр хувийн өмчид халдсан, хувийн хэвшлийнхний хийж байсан ажлыг төрийн нэрээр уулгалан эзэлж гацаасан олон үйлдэл энэ намыг эрх барих хугацаанд гарч байв. Яг үнэндээ АН-ыг хэнээр төлөөлүүлэх вэ гэдэг ч бас онолын хувьд эргэлзээтэй. Үүрэг гүйцэтгэгч намын даргаа намынхан нь дарга гэж хүлээн зөвшөөрдөггүй. З.Энхболд гэдэг хүн зүгээр л сонгуульд ялагдсан уурандаа тамга, тэмдгээ барьж гүйж очоод нэг хүнд өгчихсөн.  Өмнө нь “намын их хурлаар батлагдаагүй намын даргатай” гэж шүүмжилдэг байсан бол одоо бүр ҮЗХ-ны хурлаа ч хийж чадахаа больсон хэрэг. УИХ-д бүлэгтэй гэх авч тэндээс гарч байгаа дуу хоолой олон нийтэд огт сонсогддоггүй.

Хамгийн сүүлд Швейцарийн хөгжлийн агентлагаас Монголд хэрэгжүүлж байгаа төслийн 105 ажилтан нэг өдөр намын харьяаллаар ажлаасаа халагдахад АН нэг ч үг дуугараагүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар одоо Төвсийн байнгын хорооны дарга хийж байгаа нэг нөхрийн буруугаас болж өлгийтэй хүүхэд амиа алдахад АН бас л дуугүй өнгөрсөн. Хүний эрхийн байгууллагууд энэ хэргээр зарга үүсгээд бүх шүүхийн шатанд ялагдаад явж байхад АН-д падлий ч үгүй л байгаа. Төрийн алба, төсвийн байгууллагад АН-ын гишүүнчлэлтэй нэг ч хүн үлдэлгүй, хуугаараа цэвэрлэгдэж байхад АН гурван сар дуугараагүй. Хэтэрхий үхээнц байдал энэ нам дотор ноёлж байна. Ерэн он, 2000-аад оны АН, одоогийн АН хоёрын гол ялгаа энэ. Үүнийг тэгээд энэ намыг толгойлж байгаа хүмүүсээс болсон гэх үү, мөрдөж байгаа дүрмээс нь боллоо гэх үү?

АН сонгуульд ялагдсаны дараа экс дарга Н.Алтанхуяг дарга “АН-ын ахмад, дунд, залуу үе гурвуулаа зэрэгцэж суугаад намынхаа шинэчлэлийг ярих алтан боломж нээгдлээ” гэж хэлсэн. Яг одоо бол гурван үеэрээ битгий хэл нэг нэгээрээ зэрэгцэж суугаад асуудлаа ярих чадавхи АН-д одоохондоо суугаагүй л байна. Ядахдаа МАН-ын залуус шиг “цүнх баригч” энд байхгүй. Энэ ч бас сайн зохион байгуулалтын бас нэг хэсэг юм шүү дээ. Харин АН дотор бүх зүйл өөр. Бүгд өөрөө өөртөө сонгодог. Хэн нь ч хэнээсээ хамаарах хүсэлгүй. Ахмад үе нь тэгж явж ирсэн, дунд үе нь ч бас тийм. Шинэ үе нь бас л тэгж өндийх биз. Ийм нам дотор хүндлэл гэж юм байхгүй, бие биенээ хүлээн зөвшөөрөх гэж үгүй. Тэгсэн хэрнээ “Бидэнд эв нэгдэл хэрэгтэй” гэх. Өөртөө бий болгоогүй зүйлийг бусдаас нэхэх нь мухардал руу л хөтөлнө.          
    
Нэгтийн долларын ард пирамидын дүрс бий. Пирамидын оройн таслагдсан хэсэг дээр нүд зурсан байдаг. Билэгдэл судлаачид энэ нүдийг “Агуу бүтээгчийн мэлмий”, “Ад чөтгөр Люциферийн нүд” гэх мэтээр нэрлэдэг ч ихэнхдээ “Чөтгөрийн нүд” гэх. Гэхдээ энэ гол биш. Харин АН-ын жирийн гишүүн, намын анхан шатны үүрт ажилладаг залуухан бүсгүй “Нам гэхээр бид зөвхөн пирамидын орой дээр байгаа нүд рүү, намын дарга, удирдлагууд руу л дайраад, тэднийг тойрсон хов живээр амьдраад байна. Доор нь байгаа пирамидын суурь бол юу ч биш. Хөөс, цаас. Энэ суурийг бат бэх болгох нь АН-ын шинэчлэлийн зорилго байх ёстой. Тийшээ өнгийж чадвал үзэх, сонсох юм их бий шүү” гэсэн юм. Нам гэдэг чинь үзэл санаа, дүрэм журмаас гадна хүмүүс шүү дээ. Харин шинэчлэл ярьж байгаа нөхөд хэтэрхий их цаастай ноцолдоод байна уу даа л. АН-ын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн бас нэг нэр дэвшигч П.Цагаан өнгөрөгч долоо хоногт нь намын дүрмийн шинэчлэлийн талаарх саналаа АН-ын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн гэнэ.