-хошин тууж-

Үргэлжлэл түрүүч нь ... дугаарт


Сумын шинэ эмнэлэгийг, ялангуяа орос эх баригч бүхий төрөх тасгийг Октябрийн  аугаа их хувьсгалын 50 жилийн ойн өдөр  заавал ашиглалтад оруулахыг аймгийн намын хорооноос үүрэг болгожээ. Гэтэл сумын хэмжээгээр ганц жирэмсэн эх байсан нь Бибишийн ээж ажгуу. Ингээд сумын намын үүрын дарга  Нагаржунагийн Улаансум, сум хариуцсан НАХ(нийгмийг аюулаас хамгаалах) хэлтсийн төлөөлөгч  Зонховын Нагаанбуу нар яаралтай зөвлөлгөөн хийгээд Бибишийн  эхийг тэр үеэр  албадан амаржуулах “А” төлөвлөгөө гаргажээ. Тэдэнд байсан “Б” төлөвлөгөө ёсоор бол Бибишийн эхийг амаржуулж чадаагүй тохиолдолд  зөвлөлт маягийн анхны аборт хийх ба орчин үеийн анагаах ухааны ололтын хүчээр хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж эхэлсний бэлгэдэл болгон сурталчлах учиртай байв.

Ингээд уг үйл явдлыг сурвалжлахаар орон нутаг дахь  “Үнэн (үү?)”  сонины  болон аймгийн “Чойбалсанч” сонин ажилтан, түүнчлэн “би юу дутав” гэгчээр зэргэлдээ аймгийн “Сүхбаатарч” сонины зурагчин хүртэл ирэх болжээ. Харин хойт аймгийн “Цэдэнбалын зам” сонины сурвалжлах хэсэг ийшээ гарсан боловч  цасанд суугаад цагаасаа хоцорсон төдийгүй, хацар амаа хөлдөөсөн золигийн явдал болсон гэдэг юм билээ.

Ингээд Бибишийн ээжийг амаржуулахаар нам засгаас товлосон өдөр аймаг орон нутгийн хариуцлагатнууд, сурвалжлагч нар,  Намын төв хорооны дэргэдэх Зөвлөлтийн мэргэжилнийг удирдах газрын гуравдугаар  хэлтсийн орлогч, хошууч генерал  Динго Мухтарович Шариков хүртэл  хүрэлцэн ирснийг гэрчлэх  шарлаж бүүдийн танигдахын эцэсгүй болсон сонины зураг үлджээ.

Эрхбиш “баруун гараас...тэр тэр” гэсэн тайлбартай байгааг бодоход зурган дээр нэг биш  обьект дүрслэгдсэн нь мэдэгдээд байдаг юм. Тэр үед маш олон зурагчин үзэл суртлын алдаатай зураг авснаасаа болж арга хэмжээ авахуулж, шийтгүүлж байсан боловч мөнөөх алдарт зургийн эзэн Нүдэнхүүгийг “хувийн хэрэг” цулгүй цагаанаараа үлдсэн байдаг нь ч нэгийг өгүүлэх мэт.  Гуравдугаар таван жилийн эхний хоёр жилд багтан мэдээлэл-гэрчлэлтийн төлөвлөгөөгөө биелүүлж,  Феликс Держинскийн зурагтай бороохойгоор  шагнуулж байсан ард-чекист Жевзундарнадын Муунохойн дурсснаар бол Нүдэнхүүгийн зурагнаас олсон ноцтой алдаанууд ерөөсөө танигдаж өгөхгүй байсаар хүчингүй болоод байсан гэдэг юм.

Энэ зурагт багтаж гарсан бол Нүдэнхүү зайлшгүй хэрэгт орох байсан нэг хүн золоор эмнэлгийн барилгын чанарыг нарийвчлэн үзэж яваад хоцорчихжээ. Тэр бол монгол дахь хятад ажилчдын даамал Мао Сяопин байв. Тухайн үед хятад монголын харилцаа маш сайн байсан учраас эмнэлгийн барилгыг хятад ажилчид барьсан юмсанж. Удалгүй хятадтай харилцаа муудаж, Маогийн тагнуулууд  эмнэлгийн хананд нярай хүүхдэд хортой хүнцэл бүхий баллон нууж шавардсан болохыг хэсгийн төлөөлөгч Нагаанбуу, Цагдан сэргийлэхэд туслах олон нийтийн бригадын гишүүн, өндөр настан Жалханзын Шааригхүү нар тогтоожээ.

 Үнэндээ тэд юу ч олоогүй боловч боловч Хятадын маоистууд иймэрхүү хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан нь гарцаагүй гэсэн логик дүгнэлтэд хүрсэн байдаг. Аймаг орон нутгийн намын удирдлага ч  тиймэрхүү юмыг “нэгэнт л дүгнэснээс хойш олж тогтоох нь  тиймч чухал биш” гэсэн марксист шийдэлд хүрсэн түүхтэй. Ингээд хүн эмнэлгийг хуучин мал эмнэлэг рүү нүүлгээд  байрыг нь хүнсний бус барааны склад болгосон байдаг.