-фельетон-

Энэ томуугийн вакцинаас болоод толгой эргэчихвээ.  Вакциныг чинь өвчин тусахаас өмнө хийдэг гэж бодоод байсан юм. Гэтэл манай Эрүүлийг хамгаалах Яамны хийж байгаа H1N1-ний  вакциныг харахад өвчин туссны дараа хийдэг эд болж таарлаа.

Эрүүлийг хамгаалах салбарын шинэчлэл ч үнэхээр сонирхол татаж байна. Тарваган тахлын вакциныг намар оройхон тарвага ичихийн хэрд хийдэг болох юм байна. Саяхан нэг иргэний үрэвссэн мухар олгойг эдгэснийх нь дараа авсан байна лээ. Хугарсан мөчийг бол бороолж гүйцэхээр нь гипсдэх болсон байна. Шүд өвдвөл эмчид хандаад дэмий болсон гэнэ. Учир нь  шүдийг бүрэн үйрсний дараа ломбоддог болсон гэхчив.

Төр засаг ч цас зуднаас дордох юм алга. Гялгар уутанд хүнсний зүйл хийсэн этгээдийг болгож тавина гэдгээ хэлж байна. Хүнсний захаас мах авсан хүн сонинд боогоод хармайлах учиртай гэнэ. Нэг гишүүн зөвхөн энэ чиглэлээр өдөр тутмын сонин гаргахаар бүртгүүлсэн сураг ч байна.  

Тэгээд хороо хориноос томилогдсон тусгүй эргүүлийнхэн шөнөөр айлуудыг хэсч хүнснийхээ зүйлийг гялгар уутанд хийсэн эсэхийг шалгах юм байна. Эндээс үүдээд “гондом” гялгар уутанд орох уу гэдэг асуудал нэлээд маргаан тарьж эхэллээ. Хүн нь хүнс биш боловч хүнсний хамгийн ойрын хэрэглэгч мөн гэдэг утгаараа бол хориглогдох нигууртай болж байна. Малын гондом бол ярилтгүй гэнэ.

Хил гаалийн нөхөд ч дархан хилээрээ гялгар уут алхуулахгүй байх үүрэг авчээ. Гаалийн газрынхан хуучин түншүүддээ:

-Ишш найз минь, чи заавал хориотой гялгар уут зөөж үйлээ үзэж яах нь вэ! Хориглоогүйгээр нь хуурамч, хортой хүнс зөө л дөө гэж зөвлөсөн байна.

Харин хуурай хүнсийг торгон уутанд хийх шийд гарснаас болж их хурал гацаад байна. Мэдээж, хэний торгыг хэдээр авч уут хийх вэ гэдэг дээр.

 МАХН-ын болохоор үйтэн хуарын тэндэрт түрүүлнэ гээд хамаг юмаа бэлдчихсэн. Ардчилсан намынхан бүлэг нь хоргой уут шахахад бэлэн болчихсон. Явж явж төсвийн хөрөнгөөр хоёр сая зургаан зуун ширхэг үйтэн хуар гадартай, хоргой эмжээртэй уут хийж үнэгүй тарааснаар  гялгар ууттай тэмцэх ажил дуусгавар болох байх гэсэн прогноз байна.

 Яг нарийндаа энэ гялгар уутыг хориглох ажил өнгөрсөн сонгуулийн тараах материалын үлдэгдлээс үүдсэн байна. Сонгуулийн үеэр МАХН ард түмэндээ хүн бүрт нэг метр тавин санчимэтр үйтэн хуар үнэгүй тараахаар бэлджээ. Үүнийг дуулсан Ардчилсан намынхан яаж зүгээр байхав гээд айл бүрт метр хоргой төхөөрөтөхөж. Гэтэл тараах эв гарсангүй сонгууль дуусчээ. Ингээд үлдсэн юмаа яахав гэдэг дээр зөвлөлдөөд, нэгэнт л хамтарсан засаг байгуулснаас хойш “хамтаараа нүх ольё, олсон нүхэндээ хамтарч юмаа чихье” гэж тохирсон байна.Ингээд эрх баригчдын санал болгож буй торгон уутыг аваагүй дэлгүүрүүдийг хаах ба зохих албан тушаалтанд сайхан сэтгэгдэл төрүүлэх хүртэл нь чангалах юм байна.

Ер нь бол манай эрх баригчид нэг том ажилд хэд хэдэн ширхэг хувийн бизнэс зүүдэг болоод байна. Ямар нэгэн сайхан бүтээн байгуулалтын сураг дуулдмагц араас нь юу юу зүүх бол гэж зүрх үхэх юм.  Нэг нь ханиад олоод ирмэгч нөгөөх нь маскаа дагуулаад шахаж байна  шүү дээ.  Монголд байгаа улсын аль нь яг монголын иргэн бэ гэдгийг таниж ялгаж, алхам тутам тоолж бүртгэж байх учиртай “ухаалаг иргэний үнэмлэх” хийх болжээ.

Гэтэл иргэний ухаалаг үнэмлэхийг дагалдуулж байгаа “алтан гүүр” төслийн сонсоо биз дээ. Газар хөдлөлтийн 100 баллд тэсвэр бүхий цутгамал титан каркаазтай буюу дэлхий сөнөснөөс хойш долоо хоног тэсвэрлэх баталгаатай, ум зандан гишгүүртэй, сум зандан хашлагатай, бактер устгах чадвартай цагаан алтаар бүх бариулыг нь бүрсэн, хожим доогуур нь гол урсаад түүгээр усан онгоц явахад хэрэг болуужин хэмээн голоороо салж ангайдаг гүүр.  Нэгэнт гүүрний үнэ цэнэ иргэний үнэмлэхийнхээс хол давсан тул  хаа хамаагүй босгож болдоггүй. Алтан шүрүүпнээс нь нэгийг сугалсан этгээд л саятан болчих юм чинь арга байж уу? Ингээд удтал зөвлөлдсний эцэст “Ямарч байсан мөнгөө гаргаад гүүрээ барьчихья. Нэгэнт хийчихсэн хойно бол газрын асуудлыг шийдэх амархан шүү” хэмээн тогтсон байна.

Монгол банк ба Эрүүлийг мэндийн яам хоёрын тэмцэл  ихээхэн хурцдаж эхэллээ. “Томуугаас сэргийлэхийн тулд бохир болгоноо угааж бай” гэж Яамнаас сануулж байхад “Бохирдсон мөнгө угаавал шоронд хийнэ” хэмээн монгол банк заналхийлж байна. Ер нь бол эрт дээр үеэс мөнгөнд наалдсан хир тосыг “улсын буян”-нд тооцож, угаах аваас засгийн хур нүнжиг арилна хэмээн ихэд цээрлэж ирсэн гэнэ. Мөнгөн тэмдэгт нь хичнээн хиртэй байна улс нь төдийчинээн нүнжигтэй харагддаг ажгуу. Түүнчлэн эртний хүмүүс бөөсийг эзнийхээ буян нүнжигийг илэрхийлдэг гэж итгэж ирснийг ч монголбанк тодхон санаж байгаа. Ирэх жил ерөнхийлөгчийн зарлигаар бөөсөнд өршөөл үзүүлэх ба “бөөс угаах” шинж тэмдэг илэрвэл Монголбанкинд мэдэгдэж байхыг арилжааны банкуудад үүрэгдэх юм байна.

Бас манай их хурлаас бидний нэг толгой тутамд 70.000 цаас өгөхдөө үйлийг минь үзэх янзтай. Ямаанаас ямар ч бичиг баримт шаардалгүйгээр итгэл үзүүлсэн мөртлөө биднээс айхавтар олон баримт нэхэж байна аа.

Оюутнуудыг ном сурахын оронд дэмий тэнэж сургах гэж байгаа аятай нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгоод эхэллээ гэж та бодож байна уу? Үгүй юм аа. Боловсролын салбарын шинэтгэл гэж бас л ланжгар юм байна. Оюутнууд сургуулиа олж очин хичээлээ заалгадаг байсан бол одоо сургууль нь оюутнаа олж очин ном сургах болж байна. Ер нь бол оюутнууд олдож өгөхгүй хэцүү болсон юм байхаа. Ингээд судалгаа хийж үзтэл оюутнууд сургууль дээрээ гэхээсээ автобусанд  их цугларч байгаа  нь тогтоогдов. Эрдэм соёлын уурхай чинь их сургууль байхаа болиод микронууд болсон юм биш үү? Шинэ хөтөлбөр ёсоор бол оюутан хүн дэмий тэнэж сурахаар шийдэн үнэгүй автобусанд ороод ирлээ гэхэд багш нь самбараа тэвэрчихсэн зогсож байх ажээ. Үүнээс үүдэн “автобус баазыг  Боловсролын яаманд өгөх үү? Боловсролын яамыг автобус баазад шилжүүлсэн нь ч дээр юм уу” гэсэн маргаан гарч байна.


2010.01.10