Философчид босох цаг болжээ!
Монголын нийгмийг өнөөдөр суперсармагчингууд удирдаж байна гэвэл олон хүн намайг дэмийрлээ гэх биз! Харин би өөрийн энэ өгүүлэмжийг Кантын ёс зүйн философийг иш үндэс болгон тайлбарлая.
Хүний үйл хөдлөлийн учир шалтгаан нь оюун ухааны, эсхүл байгалийн хүч байдаг. Зүйрлэн өгүүлбээс, зарим хүний үйл ажиллагааг тэдэнд оюун ухаанаас суулгасан програм удирдаж байхад үлдсэн хэсгийнх үйл ажиллагааг тэдэнд байгалиас суулгасан програм удирддаг ажээ. Оюун ухааны програмын утга нь хүнийг бусдадаа оюун санаа, сэтгэлийн үлгэр болохуйцаар үйлд гэсэн санаа байна. Харин байгалийн суулгасан програмын утга нь, зөвхөн өөрийн дур хүсэл, таашаал, ашиг сонирхлын төлөө үйлд гэсэн санаа болно. Бүх адгуусан амьтан яг ийм байгалийн програмаар үйл хөдлөлаөө зохицуулдаг. Тийм учраас аливааг байгалийн програмын дагуу үйлдэж байгаа хүнийг амьтны аймагт багтаах нь зүйд нийцэх буй заа. Мэдээж тэрбээр хүнийхээ хувьд оюун ухаантай боловч тэрхүү оюун ухаан нь, Дэвид Хьюмийн өгүүлсэнчлэн, муу ааш араншингийнх нь боол болж, түүнийгээ хурцалж суухаас өөр ажилгүй байна. Үүнийг монголчууд ухаан нь уландаа орсон гэдэг. Уландаа орсон оюун ухааныхаа хүчээр тухайн хүн амьтнаас илүү зальтай, овсгоотой, чадвартай л амьтан байж чаддаг. Философийн түүхийн нэгэн номд ийм хүнийг суперсармагчин гэжээ.
Одоо бид манай нийгмийг удирдах хариуцлагын голыг үүрсэн улс төрчдийн тухай эргэцүүлэн бодъё. Улс төрийн амьдралын өнөөгийн байдлыг анхааралтай нягтлан үзхүл, нам, эвсэл нийлэх салах, фракц байгуулж догширох номхрох, засгийн газар огцрох томилогдох гэх мэт болж байгаа хэрэг явдлуудын цаад учир шалтгаан нь ердөө л дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хувь хүмүүсийн өчүүхэн дур хүсэл юм. Улс төрчид дарга сайд зэрэг төрийн албан тушаалд очих хүсэл эрмэлзлээ ард түмнийхээ төлөө зүтгэх гэж байгаа мэтээр самсаа шархирам тайлбарлах боловч угтаа амины эрх ашиг, хувийн сонирхолд төрийн эрх мэдлийг ашиглах зорилго цаанаа агуулсан байх нь ойртож очсон хэнд ч харагддаг. Өөрсдөө яаж ч гэж сайхан донгодлоо гэсэн үйл ажиллагааны нь үнэн учир шалтгаан байгалийн хүч буюу байгалийн суулгасан програм юм.
Итгэл үнэмшил гэдэг бол билэг арвисаар таньж мэдсэнээр ухамсарт шингэсэн оюун ухаан өөрөөр хэлбэл, оюун ухаанаас ухамсарт суулгасан програм. Гэтэл манай улс төрчид итгэл үнэмшлээ албан тушаалаар ер сийхгүй арилжиж орхидог нь гэм биш зан болоод байгаа юм. Өөрт нь оюун ухаанаас суулгасан програмыг авч шидчихээд оронд нь байгалийн програм суулгаж буй нь тэр
Ийнхүү байгалийн програмаар үйл ажиллагаагаа хөтөлдөг улс төрчийг, дээр хэлсэнчлэн, суперсармагчин гэхээс аргагүй. Монголын нийгмийг өнөөдөр суперсармагчингууд удирдаж байна хэмээх миний өгүүлэмжийн санаа энэ бөлгөө.
Манай нийгмийг суперсармагчингууд удирдвал юу болох вэ? гэвэл, ёс суртахуун, ичгүүр сонжуур үгүй байх нь амжилтын үндэс гэдгийг өөрсдийн биеэр үлгэрлэн үзүүлж, ёс суртахуунгүй байхыг эн тэргүүнд нийгмийн үнэт зүйл болгоно. Нийгмийн гишүүд бие биенийхээ ёс суртахуунгүй зарчимгүйг үзтэл муучлах авч өөрийн тийм байдлыг ер бусын ухааны шинж гэж дотроо ойлгоно. Өөртөө ашигтай л бол ямар ч ичгүүргүй зүйл хийхээс буцахгүй бөгөөд үүнийгээ бас л хэтийдсэн лут ухаан гэж бодно. Ёс суртахуунтай, зарчимтай нэгийгээ өрөвдмөөр тэнэг амьтан хэмээн дотроо шоолно. Нэг нь нөгөөгөө илүүд үзэх нь хэтэрч эргэцүүлэн бодох чадварыг нь үгүй хийнэ. Өөрөө хагартлаа хахууль идчихээд бусдын бусармаг бөгөөд авилгачийг чин сэтгэлээсээ гайхан зэвүүцнэ. Баабарын хэлсэнчлэн хүмүүсийн зарчимч ярианы цаана өчүүхэн муу амин хувийнх нь бэртэгчин сонирхол агуулагдаж байдаг болно. Бие биетэйгээ байнга битүүхэн тулалдаж дайтна. Энэ тулалдаанд ганцаардахгүйн тулд эвсэл холбоо зэрэг, овоо соёлжуу нэртэй болохоос үнэндээ дайтагч овог аймгуудын зохион байгуулалтын нэгдлүүдэд өөрийгөө тушаана.
Суперсармагчингууд манай нийгмийг удирдахад, жишээ нь, төрийн төвшинд оюун ухааны үнэлэмж унаж байна. Төрийн тухайн албан тушаалд томилогдож буй этгээд оюунлаг эсэх нь огт хамаагүй ,хүч тулгаж чадах бүлгийн хүн мөн эсэх нь чухал болоод байгаагаас үзэг цаас нийлүүлж чадахгүй шахам хүн хүртэл төрийн сайд болж байх жишээтэй.
Суперсармагчингуудын хүслээр манай төр эгэл иргэдээ дээрэмдэн тонох хэрэгсэл болж байна. Үүний гэрч нь өндөр татвар, хээл хахууль, хүнд суртлын хирээс хэтэрсэн дарамт.
Монголын нийгмийн ардчилал, хувь хүний эрх чөлөө нь нийгмийн ухамсар соёлын хүчинд оршиж буй бус бөгөөд бүлэглэн хуваагдсан суперсармагчингуудын өрсөлдөх хүч нь тэнцэсний хүчинд оршин байгаа юм. Хэрвээ аль нэгэн бүлэг нь онцгой давуу байдал олж авбал ардчилал эрх чөлөөний үнэ цэнэт зүйл хутганы ирэн дээр очих болно. Энэ мэтээр зэрлэгшсэн хүмүүс, эвдэрсэн нийгмийн зан суртахуун, гутаагдсан үнэ цэнэт зүйлс, суперсармагчингууд нийгмийг удирдсаны үр дагавар байх болно.
Бид одоо яах ёстой вэ? Миний бодлоор оюун ухааныг босгох хэрэгтэй. Болж өгвөл иргэн бүр оюун ухаанаа ажиллуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл иргэн бүр философдох хэрэгтэй гэсэн үг. Философчид бүр их философдох ёстой. Философчид тэнхимдээ цэц мэргэнээ сорьж суухаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцож суперсармагчингуудын зэрлэг ааш араншингийн эсрэг оюун ухааныг сөргүүлэн тавих ажлыг удирдах хэрэгтэй. Философчид босох цаг болжээ!
Аристотель хүнийг нийгмийн амьтан гээд, төр бол тэр амьтныг сайжруулах үүрэгтэй хэмээсэн. Иймд төр нь шинжлэх ухаан, урлагаар боловсорсон аристократуудаас бүрдэх учиртай гэнэ. Түүний багш, урлагийг үл тэвчигч Платон нийгмийг философчид удирдах нь зүйтэй гэж үзсэн. Энэ мэт нийгмийг шилдгүүд удирдах ёстой гэсэн үзэл санаа зөндөө байдаг. Ийм үзэл санаатай миний бие хэдийгээр санал нийлдэггүй ч хүний нийгмийг оюун ухаан удирдах ёстой гэсэн санааг нь анхаардаг. Нэн ялангуяа суперсармагчингууд нийгмийг удирдаж хүнийг бүр зэрлэгшүүлж байгаа үед оюун ухааны хэрэгцээ шаардлага улам бүр ноцон асна. Улмаар оюун ухаан суперсармагчингуудын эсрэг босдог авай!
Жич тэмдэглэхэд би энэ нийтлэлээ, эрх мэдэл албан тушаалд очихын тулд ичих булчирхайгаа ч гээх чадалтай зөвхөн тэр улс төрчдөд бас зориуд зориулсан болой.
Э.Бат-Үүл