Монгол Улсын баа­тар, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл­тэй уулзаж ярилц­­лаа.


-Ардчилсан хувьс­га­лын 20 жи­лийн ойн өдөр Улсын баатар цо­лоор шаг­нуулсанд халуун баяр хүр­гэе. Улсын баатар цолоор шаг­нуулна гэдгээ хэдийд мэдсэн бэ?

-Баярлалаа. Тэр өдөр Гадаад харил­цааны яаман дээр эрдэм шинжил­гээний бага хуралд оролцож байх үеэр нэг хүн хэлсэн л дээ. Тэгээд тэн­дээсээ шууд дуудагдсан.

-Ийм мэдээг сонссоны дараа юу  бодогдож байв?

-Яаж байгаа юм бол доо гэж бодсон. Ерөнхийлөгч дээр ирээд уулзаад цаар­галсан л даа. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж надад үгүйс­гэхийн аргагүй үг хэлсэн. Бид хоёр мэтгэлцэх маягтай байсан юм. Ц.Эл­бэг­дорж “Ардчилсан хувьс­гал баа­тарлаг явдал мөн үү” гэлээ. “Мөн” л гэлээ. “Үндэс­ний эрх чөлөөгөө олж авсан баатар­лаг хувьс­гал мөн байсан уу” гэлээ. “Мөн” л гэлээ. “Энэ баатарлаг хувьс­­галыг хийсэн ард тү­мэн баатрууд мөн үү” гэлээ. “Мөн” л гэлээ. “Энэ ард­чилсан хувьсгалыг хошуу­чилж байсан МоАХ, ард­чилсан хүчний гишүүд баат­рууд мөн үү” гэлээ. “Мөн” л гэлээ. Тэгээд “Би энэ хоёр сая 800 мянган баат­руудад бүг­дэд нь баатар өгмөөр байна. Гэтэл ийм ямар ч боломж байхгүй. Үүнийг би их удаан эр­гэцүүлж бодсон юм. Энэ бол чиний хэрэг биш, чиний ч асуудал биш. Энэ цолыг би ард түмэндээ өгөх гээд, үүнийг үнэхээр сайн тө­лөөлж чадах хүн хэн бэ гэж бодсон. Бодож бодож гар­га­сан шийдвэр энэ” гэж хэл­сэн. Энэ нь үнэхээр үгүйс­гэхийн аргагүй зүйл байсан. 1990 онд бид яах аргагүй Зөвлөлтийн комму­нис­туу­дын дарангуйллаас чөлөө­лөгдөх гэж хамт­даа зүтгэсэн шүү дээ. Би тэр баат­руудын дунд явсан. Хэрэв анзаар­сан бол шагнал аваад гарч ирэхдээ би нэлээд балмагд­сан байдалтай байсан.

-Шагнал гардсаныхаа дараа гарч ирээд “Ижий маань намайг загнана даа” гэж байсан..?

-Шагнал авах үед “Ээж загнана даа” гэж бодогдсон. Би ээж цочирдох байх гэж бодоогүй, Яана аа, ээж загнана даа” гэж бодогдсон. “Чи ийм их хүндлэл өргөмж­лөл авахаар юу хийсэн юм бэ” гээд загнаад эхэлнэ дээ гэж би бодож байсан. Ингэж бодсоноо л хэлсэн. Үүнд жаахан зүрхшээж байсан. Ээждээ түрүүлж очиж ам­жаа­гүй. Төрийн албан ёсны бая­рын арга хэмжээнд оролц­сон. Дараа нь Ерөн­хий­лөгчтэй хамт бөхийн барилдааныг очиж үзсэн. Тэндээсээ гараад шууд МоАХ-ныхоо гишүүд дээрээ очсон. Тэдэндээ “Та нар бол баатрууд. Энэ та нарт очих ёстой одон байсан” гэж хэлсэн. Тэгээд л ээж рүүгээ очсон. Намайг очихоос өмнө Д.Сосорбарам гавьяат маань урьд нь яриад нэлээд тайвшруулчихсан байсан. Ямар ч байсан ээжээсээ нэг их жавтий хүр­тээгүй.

-Ээж тань хүүгээ шаг­нал авсных нь төлөө танд хандаж юу хэлж байв?

-Ерөнхийлөгчийн зар­лиг, Ерөнхий­лөгчийн зарли­гийг дагахаас яахав дээ гээд л. Түүнээс биш хүү минь их мундаг, энээ тэрээ гэж хэлээгүй л дээ. Зүгээр л яая гэхэв дээ гэсэн байдалтай байсан. Би бол загнаагүй нь их юм гэж л бодсон. Ээж рүүгээ очихдоо жаахан айсхийгээд нөхдөө дагуулж очсон байхгүй юу. Сосор­барам, Пүрэвбаатар. Тэгэх­гүй бол ганцаараа очи­хоор… Хү­мүү­сийн хажууд ээж минь юу гэж эрүүний шөл уулга­хав, тийм ээ. (инээв)

-Шагнал гардаж байх­даа ээжийгээ бодсон ч гэсэн ардчилсан хувьс­галын төлөө хамт зүтгэж явсан нөхдөө дурссан байх..?

-Тэгэлгүй яахав. Би тэр үед үүнийгээ хэлсэн. Яг үнэндээ С.Зориг маань бай­сан бол авах ёстой одон байсан. Яах аргагүй, хам­гийн түрүүнд Зоригт л очих ёстой одон байсан. Зориг маань тэр үед ардчилсан хувьсгалыг удирдаж байсан. Үнэндээ Зориг шиг тийм хүн удирдаагүй бол... Тухайн үед байдал сайн байгаагүй. Бид­нийг чинь гудамжны хул­гайч, хулигаан, ажилгүй хүмүүсийн үймээн гэх гээд л байсан байхгүй юу. Гэтэл Зориг бол яах аргагүй их сургуулийн багш, яах арга­гүй боловсролтой сэхээт­нүүдийн нүүр царай болж чадах төлөөлөл байсан. Иймдээ ч МоАХ-ны тэр үйл ажиллагааг хүмүүс дэмжи­хэд шийдвэрлэх үүрэг гүй­цэт­гэсэн удирдаж байсан л даа. Энэ бүхнээр С.Зори­гийн гүйцэтгэсэн үүрэг үнэ цэнэтэй байсан. Мэдээж бас тэр үед С.Цогтсайханаа дурсан бодсон. С.Цогт­сайхан бид хэд нийлээд 1988 онд ухуулах хуудас нааж явсан. С.Цогтсайхан маань 1980-аад оны дун­дуур өөрийнхөө үгийг хэлж байсан. Сэтгүүлч хүн бай­сан, нэлээд зоримог үгээ хэлдэг байсан. Ардчилсан хувьсгалд С.Зориг шиг олон түмнийг татсан, үүрэг гүй­цэт­гэсэн нэг зүйл нь яах аргагүй “Хонхны дуу” бай­сан. “Хонхны дуу” бол ард­чилсан холбооны тэр их тэмцлийн утга учрыг бүрэн төгс илэрхийлж чадсан тийм гайхамшигтай, эгнэшгүй дуу байсан.

-Ухуулах хуудас наас­ныхаа төлөө ямар нэг хариуцлага хүлээсэн үү?

-Бид ухуулах хуудас нааснаас хойш сар гаруйн дараа баригдаж байсан даа. Тэр үед ухуулга хуудас наана гэдэг бол эр зоригийн асуудал байсан шүү дээ. Тухайн үед Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар, Үндсэн хуулиар ч тэр нам засгийн эсрэг үйл ажиллагаа явуулбал ялын дээд хэмжээ цаазаар ава­хаас авахуулаад, нутаг заах хүртэл арга хэмжээтэй хуу­лийн заалттай байсан. Хуу­лийн ийм заалтыг бид ухуу­лах хуудас нааж байхдаа мэдэж л байсан. Намайг Нийгмийг аюулаас хамгаа­лах яаман дээр баригдаад очиж байхад байцааж бай­сан Нийгмийг аюулаас хам­гаалах яамны газрын дарга эхлээд яриагаа аятайхан эхэлж байснаа гэнэтхэн уурлаад л над руу хашги­чаад эхэлсэн. Тэр нөхөр Эрүүгийн хуулийн 186 би­лүү, 166 дугаар зүйлийн заал­тыг харуулаад “Одоо ча­майг шууд Ганц худаг руу ачна. Шүүхээр цаазаар авах ял онооно. Аав, ээжийг чинь цөлнө” гэж улайм цайм хэ­лээд “Энэ үйл ажиллагаагаа зогсоо” гээд л хашгичиж бай­сан. Би хуулийн заалтыг андуурч байж магадгүй. Тэр хүнийг хоёр нүүр гаргаж ярихаар нь би тэсэлгүй уурлаад байцаагчийнхаа үзгийг нүүр рүү шидээд “Та нар цаазаар аваад ч гэсэн энэ үйл явдлыг зогсоож чадахгүй дээ” гээд л их сүр­тэй сүртэй үг хэлсэн л дээ. Тэгээд ч тэр үү, байцааж байсан дарга их цочирдсон, намайг тэгнэ гэж бодоогүй байх. Айгаад л амиа гуйна гэж бодсон байх л даа.

-Таныг үзэг шидсэний дараа тэр байцаагч юу гэсэн бэ?

-Үзгээр шидээд зогсох­гүй бид хоёр бүр барилцаж авсан (инээв). Тэгсэн чинь ард зогсч байсан нийгмийг аюулаас хамгаалахын ажилт­­нууд бид хоёрыг сал­гаад намайг бариад авсан л даа. Нэг нь “тайван, тайван Бат-Үүл ээ” гээд чихэнд шив­нээд байсан байхгүй юу. Бид тэр үед дотроо яагаад ч юм “Цаазлах нь ч өнгөрч, их л хурдан баригдчихлаа” гэж бодоод зогсч байсан.

-Ухуулах хуудас наа­сан хүмүүс бүгд ба­ригдаж байсан уу?

-Манай “Шинэ үе” бүл­гийнхнийг бүгдийг нь барь­сан.

-Та нарыг хорьж цаг­даагүй юу?

-Хорьж цагдаагүй. Хо­жим нь АИХ-ын тэргүү­лэгч­дийн дарга Ж.Батмөнх гуай “Залуучуудыг үгээ хэлж, санаа бодлоо илэрхийлсний төлөө ямар нэгэн ял шийт­гэл ногдуулж болохгүй” гэж хэлсэн юм гэсэн цуу сонсч байсан юм. Ж.Батмөнх гуай яг тэгж хэлснийг сонсоогүй, хэн ч бидэнд тэгж хэлээгүй, тийм яриа дуулж байсан. Гэхдээ тэр нь үнэн байх гэж бодсон. Мэдээжийн хэрэг хууль яривал бид чинь шо­рон оронд яваад л, цааз­луул­даггүй юм аа гэхэд цөллөгт явах байсан байх л даа.

-Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж “Хөтөлгөө морь шиг хамт явсан Э.Бат-Үүл минь” гэж олонтаа хэлдэг. Шагнал гардуулахдаа найз нөхрийн хувьд танд хандаж юу хэлсэн бэ?

-Ц.Элбэгдорж маань байн байн “Ард түмэн баат­рууд байсан. Би энэ баат­руудаа шагнамаар байсан. Энэ баатруудыг шагнах гэж чамайг шагнасан” гэж л хэлсэн. Надтай олон таван үг яриагүй.

-Улсын баатар гэдэг энэ цолыг хүртсэний да­раа төрсөн сэтгэгдлээсээ хуваал­цаач..?

-Хувь хүнийхээ хувьд баярлаад, тийм их сайхан сэтгэгдэл төрөөгүй. Бал­магд­чихаад байсан. Мөн жаахан гонсойгоод байсан.

-Яагаад гонсойсон гэж..?

-Ээж шигээ бодсон юм шиг байгаа юм. Арай л дэн­дүү өргөмжилчихлөө дөө гэсэн байдлаар гонсойсон. Намайг анзаарсан бол би гарч ирээд хэвлэлийнхний өмнө баяр хөөр болчихсон зогсоогүй юм шиг байгаа юм. Дараа нь хүмүүс “яасан их баргар зогссон бэ” гэж хэлж байна лээ. Шагнал аваад хэд хоносны дараа Ц.Элбэгдорж намайг баат­раар шагнаснаас илүүтэй­гээр арванхоёрду­гаар са­рын 10-ны үйл явдлыг МоАХ гэдэг байгууллагын баяр төдий биш, үндэсний эрх чөлөөгөө олсны том баяр болгож чадлаа гэж бодсон. Тэр өдөр анх удаа ард­чил­сан хувьсгалын ойн медаль гаргалаа. Төр анх удаа хүн­дэтгэлийн чуулган хурал­дуулж, Ерөнхийлөгч үг хэл­лээ. Мөн Төрийн ордонд баярын том хурал боллоо. Энэ мэтчилэнгээр төрийн түшээд ардчилсан хувьсгал хийсэн хүндэтгэл үзүүлсэн том арга хэмжээ болж чад­сан. Үүнийг Ц.Элбэгдорж л хийж чадсан. Үнэн­дээ энэ түүхэн ямар үйл явдал бай­сан бэ гэдгийг өмнөх Ерөн­хийлөгч нар сайн ойлгож, хүлээж авч байгаа­гүй. Ийм байдалтай явж ирсэн. Бүр хуучинсаг хүчин, хуучинсаг үзэл бодолтой хүмүүсийн зүгээс адлах маягтай, со­циа­лизмын сайн сайхан зүйлийг минь нураа­чихсан гэж хорсох, хоноцын хүүхэд шиг адлагдах маяг­тай явж ирсэн. Гэхдээ сая бол тэг­сэнгүй.

-Та арванхоёрдугаар сарын эхээр Хэнтий аймаг руу яваад ирсэн. Аавынхаа насны ойг тэм­дэг­лэхээр тийшээ явсан уу?

-Аавын маань 80 насны ой арванхоёрдугаар сарын 7-нд болсон юм. Би гишүү­ний­хээ хувиар Сэлэнгэ аймаг руу явъя гэж бодож байсан юм. Гэхдээ хоёр шалтгаанаар Хэнтий явах болсон. Нэгдүгээрт, намын дарга Н.Алтанхуяг намайг “Хэнтий яв аа, ардчиллын ойн шагналуудыг гардуулж өг. Хэнтий аймгийн нам, холбооны гишүүд хүсээд байна” гэсэн. Хоёрдугаарт, аавын 80 насны ойг Хэнтий аймагт, төрсөн нутагт нь хийе гэж бодож төлөвлөж байсан. Тэгсэн чинь Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эр­дэнэ­баа­та­раас “Арванхоёр­дугаар са­рын 7-ныг дуустал нийтийг хамарсан үйл ажил­лагаа явуулж болохгүй” гэсэн шийдвэр хүрээд ир­сэн. Би гайхаад С.Ламбаа багшаас “Засгийн газар хорио цээ­рийг цуцалсан шүү дээ. Яагаад ийм юм болов оо” гэж асуусан юм. Уг нь аавынхаа ойг 4, 5-нд тэм­дэг­лэх гэж байсан юм. С.Лам­баа багш “Засгийн газар хорио цээрийг цуцал­сан. Гэхдээ аймгийн дарга нар өөрийнхөө нутагт хэ­сэгчлэн хорио цээр тогтоох бүрэн эрхтэй байдаг юм” гэж хэл­сэн. Нэгэнт аймгийн дарга ингэж шийдвэрлэсэн юм чинь гээд Хэнтий аймаг, нутагт нь тэмдэглэх гэж байсан ойн баярыг хойш­луулсан л даа. Хэнтийд шагнал гардуулах олон ний­тийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байгаа юм чинь тэрэнд нь оролцъё. Тэгээд аавынхаа 80 насны ойн мэндчилгээг нутгийн­ханд нь өөрийн биеэр хүргэх ёстой юм байна гэж бодсон. Нутгийнханд нь ойн арга хэмжээг тэмдэглэх ажил хийгдээгүйн учир шалт­гааныг тайлбарлахгүй бол болохгүй байсан. Яагаад гэвэл бусад аймаг чинь нутгийнхаа мундаг хүмүү­сийн ойг өргөн дэлгэр тэм­дэглэдэг шүү дээ. Жи­шээл­бэл, Завхан аймгийнхан Явуухулан гуайн, Дундговь Дашдооров гуайн ойг их өргөн тэмдэглэн өнгөрүүл­дэг. Хэнтийд ийм тэмдэглэл болоогүй болохоор нутгийн зон олон гайхаж байгаа шүү дээ. Үүнийг тайлбарлахгүй бол болохгүй шүү дээ. Бас нэг гайхдаг юм гэвэл Хэнтий аймгийн Засаг даргын зү­гээс ойтой холбогдуулан ямар нэгэн санаачилга ерөө­сөө гараагүй.

-Аавынхаа насны ойг тэмдэглэх ажиллагааг хэ­дий хүртэл хойшлуулсан бэ?

-Ойрын хугацаанд төр­сөн нутаг Биндэрт нь очиж, сумын хэмжээнд ойг тэм­дэг­лэнэ. Ойрын 20 хоногт хийнэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл арга хэмжээнд бэлтгэсэн зүйлүүд нэлээд байгаа юм.

-Та аавынхаа нутаг руу очихоороо ууланд гарч, тахилга өргөдөг үү?

-Аавын минь төрсөн нутаг Сэрүүн Галттайд бай­даг Баянхаан гэж уул бай­даг. Сэрүүний буриадууд тахиж ирсэн уул бий. Миний аав өнгөрөхөөсөө өмнө бид­нийг дагуулан очиж хэд хэдэн удаа тахиж байсан. 70 насныхаа ойг хүртэл тэнд тэмдэглэсэн. Түүнээс хойш бид гурван жил тутам тас­ралтгүй тэр тахилгыг нь хийдэг юм. Тэр тахилга нь жил бүр болдоггүй юм байна лээ. Нутгийнхантай ярьж тохироод гурван жилдээ нэг тахиж байхаар болсон. Өн­гөрсөн зун очиж тахисан.

-Шагнал авсны да­раахь амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлэв дээ. Баяр хүргэлт, уулзалт энэ тэр гээд завгүй байсан уу?

-Шагнал авсны дараа амралтын өдрөөр би Хэнтий явсан. Гишүүн нь мөртлөө тойрог руугаа явж чадаагүйд гол харлаад байсан. Тэгээд гэргийгээ гуйгаад “Миний хань яваад ир ээ. Миний өмнөөс хүмүүст учир шалт­гааныг нь хэлээрэй” гээд Сэлэнгэ рүү явуулсан. Гэр бүлийн хүн маань Сэлэн­гийнх шүү дээ, ханиа Сэ­лэнгэ рүү явуулаад, би өөрөө Хэнтий яваад ирсэн дээ.

-Сүүлийн үед таны аавын бүтээлүүд дахин хэвлэгдэж байгаа. Зохиог­чийн эрх нь хэнд өв­лөгд­сөн бэ?

-Зохиогчийн эрх нь хуу­лиараа ээжид өвлөгд­сөн. Манай охин Хулан эмээ­гээсээ зөвшөөрөл аваад, өвөөгийнхөө зохио­луудыг дахин хэвлэж бай­гаа. Одоо­гоор “Хойд насан­даа учиръя”, “Амьдралын той­рог”, “Занабазар” гурвыг нь дахин хэвлээд байна. Ер нь бид цаашдаа бүх бүтээ­лийг нь нийлүүлээд боть номууд болгон гаргах са­наатай байгаа.

-Та өмнө нь Улсын баатар цол авч байсан хүмүүсийн талаар судалж амжсан уу?

-Танилцаж амжаагүй байна. Би 51 дэх нь юм билээ. Ерөнхийлөгчийн зар­ли­гийн дугаар 51 байсан л даа. Ер нь тэр баатрын одонг би харсан л даа. Ховор өгөгдсөн шагнал болоод ч тэр үү, ер нь хүмүүс ч мэддэггүй юм билээ. Ямар сайндаа З.Энхболд гишүүн харж харж байснаа “Энэ юун тэмдэг вэ” гэж асуугаад байсан. Манай гэр бүлийн хүн баяр хүргэх гэж ирчи­хээд “Нөгөө тэмдэг нь хаана байгаа юм” гээд Сүхбаа­тарын одон руу хараад байсан шүү. Манай гишүүд ч анх удаа харж байна гээд их сонирхоод байсан.

-Таны гэр бүлийн хүн, үр хүүхдүүд тань шагнал авсныг яаж хүлээж авсан бэ?

-Охин, хүргэн хоёр маань ордонд орж ирсэн. Эхнэр маань балмагдаад ирээгүй. Цочсон байх. Эх­нэр маань бүүр дараа нь бүлгийн даргын өрөөнд баяр хүргэхэд орж ирсэн л дээ.

-Та төрийн албанд олон жил ажиллахдаа сайд, даргын албан ту­шаалыг хашиж байгаагүй. Энэ хугацаанд сайдын албан тушаалыг санал болгож байгаагүй юу?

-1996 онд сонгуульд ялсны дараа би сайд болбол зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн сайд болно гэж саналаа хэлж байсан. Тухайн үед Хууль зүйн яам гэдэг байсан л даа. Тэр үед хөл хугарч таарсан. Тэгээд Засгийн газар томи­лох болтол хугархай хөлтэй байж сайд гээд яваад байл­тай биш дээ гээд болоогүй юм. Хэрэв манай нам ялбал Хууль зүйн сайд болно гэсэн бодолтой л байсан. Түүнээс биш аль ч салбар бай ха­маагүй, сайд болъё гэж бодож байгаагүй. Ер нь ийм байдлыг би зөвшөөрдөг ч үгүй байсан. Яагаад гэвэл сайд гэдэг чинь хийх ёстой юмаа мэдэж очиж байгаа хүний хөдөлмөрийн багаж хэрэгсэл юм. Юу хийх гэж байгаа юм тэрэнд чинь зориулсан хөдөлмөрийн багаж хэрэгсэл. Түүнээс биш өөрөө өөрийгөө өргөм­жилдөг тийм албан тушаал биш гэж үздэг.

-Заавал хууль зүйн салбарыг онцлох болсны шалтгаан юу вэ?

-Нийгмийн хэв журмыг сайжруулах гээд хэлчихвэл арай оновчгүй болоод байна. Нийгмийн дэг журмыг сайж­руулах онцгой шаардлага байна гэж үзэж байсан. Яагаад гэхээр ардчилал маань хууль зүйт ёстой залгаж, хууль биелүүлэх ёсыг тогтоож авахгүй бол өөрөө өөрийгөө нураадаг. Өөрөөр хэлбэл, ардчилал нь хууль зүйт ёстой нийлж байж тогтвортой нийгмийн хөгжлийн хөрс суурь болж өгдөг. Ардчилал нялх үедээ замбараагүй байдал руу явах хандлагатай байдаг. Хэрэв үүнийг нь татахгүй сул тавьчихвал нийтээрээ ардчиллыг замбараагүй бай­­дал гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм­гүй болчихдог. Тоглоомын дүрэмгүй нийгэм өөрийгөө бүтээх чадваргүй бол­чих­дог, сүйрдэг байхгүй юу. Ганцхан жишээ хэлье. Япо­ны нэг хөрөнгө оруулагчийг найз нь Монголд үйлчил­гээний салбарт хөрөнгө оруулъя гээд Улаанбаатарт урьж л дээ. Тэгээд япон залуутайгаа орой нь Баян­голд уулзахаар болзож. Тэ­гээд уулзсан чинь нөгөөдөх нь шууд би хөрөнгө оруу­лахаа болилоо гэж хэлжээ. Найз нь гайхаад “Өдөр хө­рөнгө оруулна гэж байсан хүн орой нь болилоо гээд. Яав, юу болов” гэж асуусан чинь “Би өдөр танай гудамж, замаар явж үзлээ. Танай нийгэмд ямар ч тоглоомын дүрэм алга. Хэн ч, яаж ч мэдэх юм байна. Хэн дайрч чадсан нь явдаг, дур дураа­раа явдгийг танай замын хөдөлгөөнийг хараад л ойл­голоо. Ямар ч хориг, эсвэл зөвшөөрөл байдаггүй юм байна. Ийм газар хөрөнгө оруулах нь эрсдэлтэй. Ми­ний хөрөнгийг хэн ч булааж, надаас юу ч нэхэж мэдэх юм байна” гэсэн байгаа юм.

-Таны хэлээд байгаа ардчилал, эрх зүйт төр хоёр хэр холбогдсон бэ?

-Өнөөдөр дүрмийг хууль ёс биш мөнгө тогтоож байна. Монгол оронд мөнгө, эд баялаг засаглаж байна. Ийм байдал руу шилжчи­хээд байна. Үнэндээ ард­чилсан нийгэмд ганц үнэ цэнэтэй зүйл нь мөнгө бай­даг, мөнгө засагладаг юм биш. Хүний нийгэмд амь­дарч байгаа бүх хүн баян болъё гэж хэзээ ч боддоггүй. Баян болъё гэж боддог нь цөөхөн байдаг. Хөгжим тоглох дуртай нь тэрийгээ, зохиол бичих нь тэрийгээ, шинжлэх ухаанаар оролд­моор байвал тэрийгээ л хий­мээр байна. Энэ мэтчи­лэнгээр байвал нийгэм гоё байдаг байхгүй юу. Бүгд баян болохыг боддог нийгэм байвал уйтгартай, зэрлэг, бүдүүлэг байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бүгд идэш хөөсөн амьтан шиг амьтны цуглуулга болно гэсэн үг шүү дээ. Гэтэл бид одоо амьтны цуглуулга шиг юм руу яваад байна. Яагаад бид бүгдээрээ баян байх ёстой гэж. Гэхдээ олон хүн тийм сонирхолгүй байна шүү дээ. Зарим нь төрд ажиллая гэж бодож байна, нөгөө нь хөдөө аж ахуйн мэргэжлийн ажлаа хийе гэж бодож байгаа. Хүн өөрийн­хөө дуртай зүйлээ хийгээд, амьдрал нь баталгаатай байдаг тийм нийгмийг л ардчилсан нийгэм гээд бай­гаа байхгүй юу. Өнөөдөр яруу найрагчид, шинжлэх ухааны ажилчид мөнгө оло­хын тулд ганзаганд явж байна. Үнэнийг хэлбэл, сэтгүүлчид эвтэйхэн мөнгө өгвөл хүсэл зоригийнх нь эсрэг байсан ч гэсэн сур­валжлах жишээтэй. Ийм маягаар манай нийгэм эрэм­дэг зэрэмдэг шинжтэй байна. Энэ бол ардчилсан нийгэм биш. Үүнийг л бид ойлгох ёстой. Өөрөө өөрий­гөө бүтээх чадвартай, бү­тээ­сэн баялгаараа иргэддээ дуртай зүйлээ хийх боломж олгодог нийгмийг бүтээхийн тулд тоглоомын дүрэм нь тов тодорхой байх ёстой.

-Баатар цол авснаас хойш хэд хонолоо. Энэ хооронд шагналынхаа талаар юу гэж бодож байв даа?

-Өмнө нь шагнал авч байсан хүмүүсийн байнга давтаж, улиг болтол хэлдэг үг бий шүү дээ. “Би их хүндтэй шагналыг бодож, цаашид нэр төртэй авч явна” гэдэг шүү дээ. Ийм үг хэлэх ёстой юм байна, ийм үг хэлэхгүй бол болдоггүй юм байна л гэж боддог байсан. Улсын баатар гэдэг том шагнал авсны дараа үүний­хээ зиндаанд өөрөө явж чадах уу, үгүй юу гэж яахын аргагүй бодогдсон. Ийм шагналаар шагнасан нь зөв байжээ гэдгийг би авсанд орох хүрт­лээ харуулах ёс­той, бодох ёстой шүү дээ. Ийм бодол яах аргагүй төр­дөг юм билээ.

-Цэвэр улстөрч гэдэг үгийг сонсч байсан байх. Ийм хүмүүсийн дунд таны нэр байж л байдаг. Энэ үгийг сонсоод юу бодож байсан бэ?

-Үнэнээ хэлбэл, цэвэр улстөрч гэдэг үгэнд дуртай биш. Зарим нь шударга гэдэг. Би бас л нэг их дуртай биш. Жишээ нь шударга гэж юуг хэлээд байгаа юм, энэ үг үзүүлчих ойлголт мөн үү. Цэвэр гэж юуг хэлээд бай­гаа юм. Нүүр нь цэвэрхэн байхыг хэлээд байгаа юм уу, юу хэлээд байгаа юм. Ийм тодорхойгүй зүйлүү­дээр намайг тодотгож хэлдэг нь таатай биш байдаг юм. Би нэг л зарчимтай. Миний энэ эх орон бол миний тоонот гэр минь юм. Би энд хоноц биш. Би энд л амьдарна. Намайг өөр газар УИХ-ын гишүү­нээр хэн ч өргөмжлөхгүй, таних ч үгүй. Өөр газар очвол би хоноц юм шиг л ад үзэгдэнэ. Бид энэ эх орон­доо өөрийн эрх дураар байж чаддаг. Тийм учраас би улс орныхоо хувь заяанд хоно­цын сэтгэлээр хандахгүй юмсан гэж боддог. Харин яавал бусдын жишигт хүр­гэх вэ гэж боддог. Швейцарь шиг болчих юм сан, Хятад ямар мундаг байна гэж дот­роо бачуурч явмааргүй бай­на. Би нэг их шударга, цэ­вэрхэн байх гээд нэр төрөө бодоод дөлж явдаг ч хүн биш. Гэр орноосоо би хол явахаар их санадаг. Үр хүүхэд маань энд л амь­дарна. Зарим баячуул хүүх­дээ өөр газар амьдруулж байна, сургаж байна гэж ярьдаг. Гэхдээ л өөр газар хүний л хүн шүү дээ.

-Та өөрийгөө тоонот улсынхаа хаана нь хэрхэн амьдарч байна гэж боддог вэ?

-Одоо бол гэр орноо аятайхан тохижуулж, цэм­бийлгэх юмсан гээд УИХ-ын гишүүдтэй адилхан зүтгэж байна. Бид учраа олохгүй олон алдаа гаргаж байна. Энэ нь их саад болж байна. Мөн өнөөдөр хоноцын сэтгэл их газар авсан байна. Үүнийг олон жишээгээр хэлж болно. Хөвсгөл нуурыг Америкийн иргэд ч юм уу, Голланд, Даниас ирсэн хүмүүс “Хөвс­гөл далайг хамгаалъя” гээд зүтгэж байхад бид бохир­дуулаад явж байх жи­шээ­тэй. Манай Хөвсгөл тэдний гэр орны ус ундарга биш. Ийм балмад хоноцын сэтгэл яагаад бидэнд байна гэж гайхаж байсан. Мөн Яар­магийн хогийг солонгосчууд түүгээд явж байсан. Бид хаяад, тэд түүгээд. Тэрийг харахаар бид өөрсдийгөө юу болгочихоод яваад байна вэ гэж бодсон. Бас нэг жишээ хэлье. Уул уурхайн баялгийг ол­бор­лохдоо хам­гийн их бай­галиа сүйтгэсэн нь Монго­лын компаниуд байгаа юм. Харин хамгийн их аргилж, сэргээсэн нь барууныхан байдаг. Тэр алт ухаж байга­лийг нурааж, талыг там болгосон хүмүү­сийн хүүх­дүүд энд л амь­дарна шүү дээ. Зарим нэг улстөрчид маань… би за­рим нэг гэж хэллээ шүү дээ, бүгдийг нь гээгүй. Зарим нэг улстөрчид маань цочирд­моор хүйтэн, хоноцын сэт­гэлээр ханддаг. Өөртөө юу туух вэ гэж бодоод л байна. Улстөрч хүн гэдэг бол хувийн асуудлаа гар­гуунд нь гаргаад амиа золь­сон хүн биш. Тэдэнд хувийн амьд­рал бий, үр хүүхэд бий, үр хүүхдийнхээ амьдралыг босгох үүрэгтэй. Үүнийг би ойлгохын дээдээр ойлгодог. Манай талийгаач С.Зори­гийн хэлсэн үг байдаг шүү дээ. “Эрх ашгаа эрэм­бэл­чихье. Хувийн эрх ашиг байхгүй гэж худлаа яриад хэрэггүй. Гэхдээ эхлээд эх орны эрх ашиг, дараа нь намын, да­раа нь тухайн ажил үүргийн эрх ашиг, хамгийн сүүлд нь хувийн­хаа эрх ашгийг тавья” гэж. Түүнээс биш хувийн эрх ашиг байхгүй гэж хийтэй юм яриад хэрэггүй. С.Зоригийн тавьсан зарчим маш зөв. Гэхдээ эх орон нь сүйдэж, сөнөж байсан ч хамаагүй зөвхөн хувийнхаа эрх аш­гийг, өөрийгөө бод­чих­сон цөөхөн улстөрчийг харахаар өөрийн эрхгүй эгдүү хүрдэг, цочмоор бай­даг. Тэгээд хөрөнгө завшаад өөртөө гоё ордон байшин босгох юм. Тэгээд тэрийгээ хамгаалах гэж үйлээ үзнэ. Аргагүй шүү дээ, гадна талд нь архи уусан залуус, нийг­мийн ядуурлаас болоод бүх л муу юм байж байна. Энэ бүхнээс айгаад өөрсдийгөө хамгаал­даг. Гэлээ ч тэд өөрсдийгөө хамгаалж барах­гүй. Яагаад гэвэл охин чинь, хүү чинь тэр гудамж руу гарч л таа­раа шүү дээ. Тэр хэрмийг жинхэнэ ёсоор бий болгохын тулд улс орноо сайхан бол­гох хэрэгтэй.

-Сэлэнгэчүүд Улсын баатартайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа байх. Та хэзээ тойрог руугаа явах вэ?

-Энэ долоо хоногийн сүүлээр явна гэж бодож байна.

Д.НАВЧАА