Хууль гууль болохын цагт
Нүүдэлчдийн өлгий нутагт өдгөө мэдэгдэж буйгаар 2200 жилийн өмнө анхны нэгдсэн төр буй болжээ. Монгол үндэстэн энэ нутгийг дангаар эзэгнээд лавтайяа мянга гаруй жил болж байна.
Нүүдэлчдийн өлгий нутагт өдгөө мэдэгдэж буйгаар 2200 жилийн өмнө анхны нэгдсэн төр буй болжээ. Монгол үндэстэн энэ нутгийг дангаар эзэгнээд лавтайяа мянга гаруй жил болж байна. Чингисийн төр үүссэний 800 жилийн ойг өнгөрсөн жил тэмдэглэлээ. Англи, Франц, Орос гээд Европын голлох орон мянган жилийн л түүхтэй. Этиоп, Либери гээд ганц хоёр орныг эс тооцвол Африк тэр чигээрээ 50 жилийн түүхтэй. АНУ 250 нас хүрээгүй бол Латин Америк 200 жилийн ч түүх үгүй. Гурван мянгаас дээш жилийн түүх уламжлалтай Хятад, Энэтхэг, Израил гэсэн гуравхан иргэншил үлдсэн. Ингэхээр Монголын төрийн түүх дэлхийд ахмадын нэгд багтана.
Гэвч орчин үеийн төр хэмээх бараг л тэс өмнөө шахам нэг ойлголт байна. 5 мянган жилийн түүхтэй хятадууд орчин үеийн төрийн системийг дөнгөж 1912 онд буй болгосон гэхээр энэ нь харьцангуй ойлголт юм. XII зуунд Магна Картын гэрээгээр Англид эхэлсэн төрийн тухай шинэ ойлголт хэдэн зууны турш төлөвшсөөр АНУ болон Францад XVIII зууны эцсээр амьдралд нэвтэрч эхэлжээ. Орчин үеийн төрийн систем буй болгоход Напалеон их үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Напалеон ч өөрөө эзэн хаан болж байсан, тэгэхээр энд ардчилал, бүгд найрамдах ёс, фашизм, коммунизмын тухай яриагүй, зөвхөн орчин үеийн төрийн системийн тухай өгүүлж байна.
Орчин үеийн төрийн систем байгуулах анхны оролдлого Монголд 1911 онд тусгаар тогтнолоо олуут буй болжээ. Гэвч 1915 оны Хиагтын гэрээгээр энэ оролдлого дуусгавар болсон. Ингээд цаашлаад Зөвлөлтийн хяналт тогтов. Ингэхээр монголчууд 1691 оноос 1990 он хүртэл яг 300 жил өөрийн төрийг барьж бодлогоо тодорхойлж байсангүй. Үүнээс 220 жил Манж Чин улсын эздийн вассал улс байсан бол 70 жил нь Зөвлөлтийн дагуул улс байлаа. Нүүдэлчидийн уламжлал бичгэн бус аман хэлбэрээр хадгалагддаг. Аман яриа явцын дунд есөн шидийн зүйлтэй холбогдчихдог учир баримт гэхээсээ домгийн зүйл аймагт хамрагдана. Тэр дундаа төр барих домгон уламжлал 300 жилийн завсартай болчихоор энэ нь бүр ч домгоос халиад үлгэрийн агуулгатай болж орхино. 1911 онд байгуулагдсан төр нь дээд доод хурал, 5 яам, төрийн одон гэх зэргээр орчин үеийн төрийн гадаад хэлбэрийн зарим элементийг дуурайсан тал бий боловч мөн чанарын хувьд мөнөөх домгийн төрийн агуулгатай автократ, теократ маягийн бүтэц байлаа. Эндээс “бид төр барих туршлага үгүй” гэсэн энгийн мөрдлөг гарч ирж байна.
Үнэн чанартаа монголчууд бараг хэзээ ч гадны дарлал эрхшээлд байгаагүй улс. 1691 оны Долоннуурын хэлэлцээ нь монголчууд Манж гүрэнд дагаар орно, хариуд нь манж нар монголчуудыг хятад үндэстний түрлэгээс хамгаална гэсэн вассалын гэрээ юм. Үүнээс хойшхи 220 жилд Монголд тусгай зөвшөөрөлтэй, эргээд жилийн дотор гарах болзолтой хятад худалдаачнаас өөр хэн ч нэвтэрч байсангүй. “Манжийн дарлал” гэж ярьдаг боловч Амбаны газар цөөн манж хүн үүрэг гүйцэтгэж байсан болохоос тэрхүү дарлаад байгаа манж нарыг малчин ард хэдэн үеэрээ огт олж хараагүй. 1921 онд хийгдсэн хэлэлцээрээр Зөвлөлт Орос Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй боловч мөн л дээрхийн нэгэн адил вассал маягийн харилцааны тогтоцыг буй болгожээ. 1946 онд хоёр аврага хөрш Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн авч Зөвлөлтийн дагуул гүрний статус хэвээр үлдсэн юм. Өөрөөр хэлбэл мөнөөх 300 жилд бие даасан бодлоготой төрийн систем байгаагүй боловч нөгөө талаас протектрат маягийн гадны хамгаалал өмгөөлөлд оршсоор иржээ.
Гадны дарлал, түрэмгийлэл, эзэрхийлэлд байсан ард түмэн хуулийг үл ойшоох, болбол зөрчих эрмэлзлэлтэй байдаг. Гаднаас тулгасан хууль, дүрэм, цааз аргагүйн эрхэнд хүчээр дагахыг шаардаг авч үндэстний тусгаар тогтнолын мэдрэмж нь аль болох зөрчих хүслийг хар аяндаа дотор нь суулгаж өгнө. Протектрат, вассаль, дагуул орны иргэд гадны дарлалыг шууд бие дээрээ мэдэрдэггүй ч гэсэн үзэл санааны хувьд мөн л хуультай эвлэрдэггүй. Энэ байдал удаан үргэлжлэхээр хууль нь зөвхөн гадных учраас гэдэг утгаа алдаад ерөөс хуулийг үл хүндэтгэх басамжлал үндэстний нийтлэг шинж чанар болно. Монгол хэлэнд байсан цааз гэдэг үгийг манж хэлний хавли буюу хууль гэсэн үгээр орлуулах болсон нь ч ташуур болоо биз.
Хэн тогтоосноос үл хамаараад хүний нийгэм ямар нэг гэж хэлэхүйц хууль журмын дотор хөдөлж байдаг. Энэ нь өөрөө ихэнх тохиолдолд байгалийн шалгаралын явцад буй болдог “шугуйн хуулиас” эрс ялгаатай. Чухам үүгээрээ хүн сүрэг нь биологийн бусад сүргээс ялгаатай. Хүний нийгэмд хууль үл үйлчлэх үе бий. Байгалийн гамшиг, нийтийг хамарсан тахал, хүний өөрийнх нь үүсгэсэн дайн байлдаан зэрэг нь хууль эс үйлчлэх нөхцлийг бүрдүүлнэ, гэхдээ өөрийн хугацаатай, хууль дахин үйлчлэнэ, эсвэл шинэ хууль гарна. Хүний өөрийх нь сэдлээр буй болдог нийгмийн хувьсгал нь нэг хууль хүчингүй болж өөр хуулийн дэг тогтох шалтаг болно.
Төр барих залгамж холбоо 300 жилээр тасарсан;, орчин үеийн төрийн тогтоц урьд нь байгаагүй;, вассаль төрийн тогтоцод бусдын тулгасан хуулийн дор олон үе амьдрахдаа хуулийг үл хүндэтгэх нийгмийн сэтгэлгээтэй болсон;, сүүлийн 100 жилийн дотор эргэлтийн гэж томъёолж болох 5-6 янзын эсрэгцэл хуулийн тогтоцод амьдарсан; зэрэг шалтгаанаас болоод өнөөгийн монголчуудын хуульд хандах хандлага нь хүн сүргийн олон мянган жил дагаж ирсэн эмх цэгцийн ойлголтоос ихээхэн гажаад байгаа мэт санагдана. “Монголын хууль гурав хоног” гэж хэлэхдээ хүний нийгмийн ерөнхий зүй тогтоцтой таарахгүй байна гэхээсээ өөрийн үндэстний сайхан онцлог мэтээр өөрөөрөө бахархах өнгөтэй байдаг нь хуулийг гууль гэж үздэг дотоод сэтгэлгээнийх нь илрэл биз. Монгол ардын дуунд “хуульгүй ч болоосой доо” гэсэн мөр тааралдана. Магадгүй энэ нь эхэндээ гадны тулгасан шахалтанд эсэргүүцэл илэрхийлэх хэлбэртэй байсан байж болно, гэхдээ магадгүй энэ нь сүүлдээ ерөөс ямар ч хууль үл үйлчлэх нийгмийн байгууламжийн мөрөөдөл болж хувирсан ч байж болох юм.
Ямар хэлбэртэйгээсээ үл хамаараад Төр бол хуулийг тогтоогч, хэрэгжүүлэгч институци. Иймээс хууль нь нийгмийн гишүүдийн ихэнхэд нь таалагдахгүй байлаа ч энэ нь нийгмийн хөдөлгөөнийг зохицуулахад чиглэсэн байдаг учир дээд эрэмбээс нь харах ахул муу буюу буруу хууль гэж байдаггүй. Орчин үеийн төр, тэр тусмаа ардчилсан төр бол нийгмийн зөвшилцлийн институци. Зөвшилцөл нь хуулийн хэв хэмжээ, агуулга хэлбэр, норм нормативийг тогтооно. Хууль бол зөрчихийг хориглосон шугам. Хуулийг үл хүндэтгэх сэтгэхүйтэй ард түмэн чухам энэ шугаман дээр нь цугаараа гараад хэвтчихдэг. Ийм нийгэмд эмх журам алдагдан, хүн хоорондын харилцаа нь хүний ёсоор явахаа болино. Ингэнгүүт “шугуйн хууль” гэсэн илүүтэй адгууслаг, байгаллаг зохицуулалт эмх замбарааг буй болгоно. Энэ нь хүчтэй нь хүчгүйгээ барьж иднэ гэсэн үг. Homo homini lupus гэж латинаар нэрлэнэ. Xууль гууль болохын эцсийн үр дүн энэ.
2007 оны 6 дугаар сар 29
Зочин