Хадгаламж зээлийн хоршооныхны цамаархсан мөнгийг бид төлөх гэнэ. Нэг нь нөгөөдөө төрсөн өдрөөр нь кило алтаар сарнай бүтээж бэлэглээд байсан чинь үнийг нь болохоор бид төлдөг гэнээ. Ганцхан хувь алтан пянз хийлгүүлж сүүдэр тухайлсны баярын бэлэг болгоод байсан чинь бидний мөнгө гэнээ. Солонгос, Макао, Лас Вегаст очиж казино тоглон өч төчнөөнөөр нь алдсаныг нь сонсон тэнэгийг нь гайхаад байсан чинь үнэн чанартаа өөрсдийн мөнгөөрөө тоглуулсан бид жинхэнэ тэнэг нь болчихдог байгаа. Тансаг тансаг хүлээн авалт, баярын арга хэмжээ, цэнгүүн, будаалга найрын үнийг нь бид л төлөөд байж. Сүүлдээ бид юунд хэдийг төлж байгаагаа ч мэдэхээ больсон, учир замбараагаа ч алдлаа.

Аль ч Засгийн газарт үнэндээ өөрийн мөнгө гэж байдаггүй. Тэд баялаг бүтээдэггүй, зөвхөн менежмент хийсэн хөлсөө л авдаг. Мөнгө хүмүүсээс гардаг. Эхээс дөнгөж төрсөн хүүхэд ч мөнгө төлнө. Сүүний үнэн дээр НӨАТ байгаа шүү дээ. Үхэж байгаа хүн ч мөнгөө төлөөд л одно. Авсны үнэн дээр НӨАТ бий. Энэ хорвоо дээр татвар төлдөггүй ширхэг ч хүн байдаггүй. Түүхэнд Робинзон Крузогоос өөр татвар төлөөгүй хүн байхгүй. Засгийн газар бидний мөнгийг зөв менежмент хийхийн тулд л оршдог. Оршин байгаа учир нь угаасаа тэр юм.

Хадгаламж зээлийн хоршоо угаасаа биднийг тонох зориулттайгаар анхлан байгуулагдсан. МАХН-ын сонгуулийн мөнгийг эндээс босгоод дахин хяналтгүй төр авсныхаа дараа эргүүлээд бидний мөнгөөр чимээгүйхэн төлөхөөр төлөвлөгдсөн эд. Гай болж 2004 оны сонгуулийн дүнд хяналттай төр бий болчихсон учраас одоо ингэж бөөн хэл ам болоод байгаа хэрэг. Мэдээж нийгмээс татсан мөнгөний өчүүхэн хувь нь яс сонгуульдаа зарцуулагдаад дийлэнх нь зуучлагчдын халаасанд орсон. Гэхдээ л 2004 оны хавар тэнгэр харанхуйлж дотор муухайртал гудамжаар өлгөсөн Энхбаярын хөрөг олон тэрбумыг залгисан. “Оо-ёо-ёо” л гээд байсан чинь хөлсийг нь болохоор бид төлдөг байх нь.

Одоо МАХН санал гаргаад УИХ авч хэлэлцэн хууль болгож байгаад хохирогсодод алдагдлын тавин хувийг нь бидний мөнгөөр эргүүлж төлөх гэнээ. Барьцаалагдсан зүйлийг нь хохирогсод өөрснөө “үнэ хүрэх юм юу ч байхгүй” гээд байхад Засгийн газар зах дээр зараад нөхчих гэнэ. Хуцдаг л байна! Дараа нь чимээгүй замхруулаад өнгөрөхөө тэд мэднэ. Аягүй бол эргэж төрд гарахгүй учраас гүрийж хэвтээд алга болно. Нэр нь бүдэгхэн дуудлдаад байгаа их гарын зээлдэгч нар зээлээ эргэж төлөхгүй, араас нь бүх зээлдэгчид “тэртэй тэргүй улс төлчихсөн юм чинь” гээд гүрийнэ. Ард банк болон Герман, Хятадын хөнгөлөлттэй зээлийг ийм маягаар гулрууулсан олон жишээ бий. Сонссоноор ингэж мөнгө гулруулах ажлыг толгойлж байсан нэгэн эрхэм одоо ХЗХ-оос тэрбумаар нь зээл авсан байгаа аж.

Монголд сая хадгаламж эзэмшигч байдаг юм байна. Ганц хувь нь ХЗХ-ы хохирогсод аж. Тэдний хохирлыг үлдсэн 99 хувь нь өмнөөс нь барагдуулах бололтой. Харин завшигсад нь завшсан чигээрээ “улаан туг залуучууд хоёр ихэр юм” гэж дуулалдсаар парад гишгэн жирийгээд алга болох нь. Ийм юмны дараа манай нийгэмд шудрага гэж бид ер нь юуг нэрлэх болж байнаа? Тэгвэл Монголд 500 мянган өрх бий, жилд өдий хэр хувь нь хулгайчид гэрээ ухуулж байгаа. Хулгайч тэртэй тэргүй баригдахгүй завшаад өнгөрнө. Баригдсан ч аль хэдийнээ үрчихсэн гээд гүрийнэ. Одоо үлдсэн дийлэнх өрхүүд нийлээд хохирлыг нь барагдуулъя л даа! Машинаа тонуулсан, адуугаа алдсан, гааль дээр шатсан хүмүүсээ, баян төрөөрөө хохирлоо төлүүлцгээе!

Ухуулчихсан айлын хохирлыг барагдуулах ажлыг төр хийдэг. Хулгайчийг олох, дараа нь хохирлыг нь барагдуулах, шүүхээр оруулах, албадан хөдөлмөрлүүлэх, хөрөнгийг нь хураах гэх мэтээр. Түүнээс биш цагдаагийн газар алдагдсан хөрөнгийг нь сейфнээсээ бэлэн мөнгө гаргаад төлчихдөггүй. Үүнийг цөмөөрөө л мэднэ. Харин саяхи МАХН-ын буюу хулгайчийн өөрийнх нь саналын дагуу УИХ гаргах гэж байгаа хуулиар гэрээ ухуулсан болгон хохирлоо Сангийн яамаар төлүүлж байх юм байна л даа.

Төрийн хүлээсэн үүрэг гэж бий. Хохирогчийн өмнөөс хөөцөлдөн зовлонг нь нимэглэж өгөх ёстой. Хулгайчийг төдийгүй хулгайг зохион байгуулагчийг олж хохирлыг түүгээр барагдуулдаг. “Алсан хүнийг нь бишээ, цаад жинхэнэ эзнийг нь ол” гэж Ардын хувьсгал хийгчид өөрснөө зарлигдаж байгаа тухай өөрснийх нь кино байдаг шүү дээ. Хулгайч ч тодорхой, цаад эзэн нь ч тодорхой. МАХН-ын маш олон байр сав, үл хөдлөх хөрөнгийг үнэ дуудуулан зараад хохирогсодын мөнгийг төлж болж байна. Уран панаал үсэргэж хөөргөдсөн Худалдаа аж үйлдвэрийн танхим жилдээ татвараар дөрөв таван тэрбум төгрөг олдог газар шүү дээ. Телевизүүд хохируулсан хариуцлагаа хүлээх ёстой тухай хууль байгаа. 2000-2005 оны хооронд айлуудаар тарсан пооз поозын хөрөг зургуудыг баримт болгоод эзэнд нь эргүүлж өгч хохирлоо барагдуулж болж байна. Намд хандив цуглуулах нэрээр баяжсан өч төчнөөн хулгайч нарын хөрөнгийг хураагаад хохирогсодод өг л дөө. ХЗХ-ы хохирогсодын хохирлыг биднийг тонохоос өөр байдлаар барагдуулах үй түмэн арга байна шүү дээ. Номхон тэмээг ноолоход амар гэж тамхи тариа худалдаж авахдаа ч олон юм хэлэлгүй татварт мөнгө төлж суудаг биднийг л багалзуурдаад авах юм!

Энэ их мөнгөний дийлэнх нь байшин, газар болсон. Үүнийг цээжээрээ хэлж болно. Одоо цаадуул чинь казинод тоглоод дашийн шог болсон гээд байгаа нь шал худлаа. Энэ газар, байшинг олж тогтоон хурааж авах нь төрийн үүрэг мөн. Гэтэл төрийн олж чадахгүй байгааг жирийн сурвалжлагч мөрийг нь гаргаад зургийг нь авчихсан байна шүү дээ. Ингэхээр төр өөрийн үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа биз? Тэгээд юм хэлдэггүй номхон ноомойгоор нь биднийг дээрэмдэх гэнээ. Харин үүнийг сонссон хохирогсод бүр гаарч, хадуурч өглөө. Тавин хувийг нь голж, бүгдийг нь биднээр төлүүлэх гэнэ. Мөнгөө төв банкны нөөцөөс гаргуулах гэнэ. Тэр чинь монгол төгрөгний ханш барьж байдаг мөнгө шүү дээ. Биднийг бүр алах нь л дээ. Гадаадын зээлээр төлүүлэх гэнэ. Хэн сүүлд нь төлөх юм бэ? Хохирогсодын ард гэр бүл бий л гэнэ. Хохирлыг төлөгсөд бид ардаа юу ч үгүй болж байна уу? Цөөн хүн хохирч байхаар олуулаа хохиръё л гээд байнаа даа. Тэртэй тэргүй хохирох байсан юм бол бүгдээрээ хамаг мөнгөө ХЗХ-д тушаачихдаг байж.

Ганц манайд биш, гадаад орнуудад ч ийм явдал нэг бус тохиолдсон аж. Хохирогсодын хохь мөнөөс мөн боловч, нөгөө талаар нийгмийн үй олон гишүүд нэгэн зэрэг ингэж хохирох нь төрөөс арга хэмжээ авахаас өөр аргагүй эмзэг хэрэг юм. Ийм тохиолдолд төрөөс онцгой эрх олгон төр өөрөө хонжворт сугалаа, сайн үйлсийн буян зохиож өгдөг аж. Улс даяар суртчилсан сугалаа зохион байгуулахад дажгүй их мөнгө олно. Сугалаа төрийн мэдэлд байх ёстой, төр иймэрхүү тохиолдолд л энэ аргаа хэрэглэдэг. Гэтэл манайд сугалааг бас л луйварчид зохион байгуулах юм даа.

Ойрноос хохирогсод Ардчилсан намыг зүхэх компанит ажлыг өрнүүлж эхэллээ. Үүнд нь хөөрч уярсан ху нар хууль гаргаад бүх хохирлыг нь биднээр гаргуулах юм байна л даа. Аль зэрэг их мөнгө нэхээд байгаа юм бэ? Орост төлсөн их өр гэгчид төлсний бараг хагастай тэнцэх мөнгийг бид гаргах ёстой болчихоод байгаа юм шүү дээ.

 

2007 оны 4 дүгээр сар 21