“Зөвлөмж”-ийн засаглал
Төр Засгийн гишүүд ирэх сонгуульд нэр дэвшихийг гуйж гурван Өндөрлөгт сахалтай хошуугаа дэвсэх нь гутамшигтэй.
Сонгуульд хэнийг сонгохоо иргэн бүр шийднэ. УИХ Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хурууны үзүүрт гүйдэг жаал болсон аваас хэнээр ч төлөөллөө сонгоод утгагүй юм шиг. Эрх мэдэлгүй гишүүн ч тоглоом, түүнийг сонгосон би ч тоглоом. Илүү зан. Тэгж сонгосон гишүүнтэйгээ хамт доромжлуулснаас саналаа өгөлгүй гүрийвэл нэр төрийн хэрэг мэт. Ямар ч эрх мэдэлгүй хэлбэр төдий ажилчин малчин депутат сонгодог соц. нийгэмдээ буцаж амьдрах сонирхол алга. Манайх Парламентын ч бус, Ерөнхийлөгчийн ч бус, “Зөвлөмж”-ийн засаглалтай болсон юмдаг уу даа. “Зөвлөмж”-ийн гурвыг хормойдоод авбал УИХ, ЗГ юу ч биш. Бүх том асуудлыг тэр гурав шийддэг болжээ. Гурван Өндөрлөгийг тусад нь сонго гэвэл гуяа алгадаад дэгдэж очих минь. Даанч тийм тусгай сонгууль алга.
Төр Засгийн гишүүд ирэх сонгуульд нэр дэвшихийг гуйж гурван Өндөрлөгт сахалтай хошуугаа дэвсэх нь гутамшигтэй. Жидүгээр шархтаж арчаагаа алдаад тэр. Хохь нь. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй. Гурван Өндөрлөг нь хоёр сая гаруй сонгогчдын сонгосон төлөөллийг сөгдүүлээд байхаар цэвэр амьтад биш л дээ. Аймаар паянтай. (280 сая долларын овоолог шороо, дүү нараараа өөрийгөө тагнуулаад Засгийн эрх хууль бусаар авсан агаад төрсөн дүүдээ 1,3 тэрбумын 3 хувийн хүүтэй зээл авч өгсөн, гаднын хөрөнгө оруулагчдыг хуу хөөж их наядын хохирол учруулсан стратегийн хууль зохиосон, мөрийтэй тоглоомд “Хадгаламж” банкны 14,2 тэрбумыг алдсан гэх мэт). Мөргөж буй, мөргүүлж буйг “Зөвлөмж”-ийн засаглал гэв. Нэг Ерөнхийлөгч зарлиг буулгадаг бол гурван Өндөрлөг зөвлөмж буулгадаг аж. Ардчиллаар замнах гэж 30 жил хэрэлдсэнийх гурван Цэдэнбалтай ч болсон юм шиг. Нэгийг гурав болгох дэвшил. Хамтын удирдлага гээд гэдийчих өнцөг байж л байна.
УИХ-ын сонгуульд саналаа өгөөд ашиггүйг би сайндаа бус ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас ойлгов. А.Гансүх “Хуулийн мэдлэггүй хүмүүс зөвлөмж гэсэн үгэнд төөрөгдөх нь их” гэж намайг айхтар онож хэлсэн байна лээ. Би яг тэгж төөрөөд буй зөнөг. Зохиолч хүний багаж үзэг боловч сум нь үг юм. Зөвлөмж гэх үгийг мулгуу зохиолч тушааж буй бус зөвлөж байна, тиймээс зөвлөмжийг хүлээж авах авахгүйг гишүүдийн олонхоор эцэслэн УИХ шийдэж таарна гэж ардчилсан зөнгөөрөө мангуутаж явлаа. Зөвлөлдөнө гэх үг Гансүх ганцыг ч унагасангүй. Харин ч над шиг мангуутсан хүмүүсийг “төөрөгчид” гэж буруутгав. УИХ, Засгийн газар, ҮАБЗ-тэй зөвлөлдөх эрхтэй гэх ухааны юм бодсон хуулийн мэдлэггүй төөрөгсөд цөөнгүй нь яамай. Би ганцаараа төөрөөгүй. Ханьтай. Үхэх хүн ханьсаг гэж энэ.
ҮАБЗ-ийн зөвлөмж нь элдэв санал сонсож доошоо ордоггүй хурмастын зарлиг юмсанж. Хурмастын зарлиг бол аянга. Огторгуйд гишүүдийн дуу хүрэхгүй. Тэнгэр нирхийх мөчид өөдөөс нь эсэргүүцвэл гавалд цахилгаан буух аюултай. Зөвлөмжийн дор харц ард байтугай гишүүд, сайд, УИХ, Засгийн газар ч ганхийх ёсгүйг Гансүхийн ярилцлага хэлээд өглөө. Зөвлөмж тэтгэврийн зээлийг тэглэ, яллах хуульгүй бол шинээр зохиогоод хус, Шүүх, Прокурор, АТГ-ын даргаар тэр тэрийг томил гэхэд жидү яранд бариулсан гишүүд цөм гүйцэтгэе гэх нээнтэгтэй.
Гансүх “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр үүрэг авсан төрийн байгууллага, албан тушаалтан зөвлөмжийг хэрэгжүүлж хариу мэдэгдэх үүрэгтэй” гэж. Зөвлөх бус үүрэг өгдөг зөвлөмж байх нь. Тэгвэл яах гэж “зөвлөмж” гэсэн юм бэ гэж над шиг эргүү төөрөгч Гансүхийн хариуг унш: “ҮАБЗ-өөс шийдвэр гардаг, тэр шийдвэрийн бичигдэж гарч байгаа текст нь зөвлөмжийн хэлбэртэй байдаг” гэх тэмтрэгдэшгүй ньюансаар мадлав. Зөвлөмжийн хэлбэртэй л болохоос хатуу нударга гэнэ шүү. Шанаадахыг нь харсан хэн ч айна.
Зөвлөмж хэлбэртэй текстээр үнсэж буйг лүндэн гэж ойлгох ёстой гэнэ. Тэгж ухаарахгүй өөдөөс нь зөвлөмж учраас авах авахгүйгээ тунгаана гэж пээдийвэл ялд унана. “Зөвлөмж”-ийн засаглал угтаа гурван Ерөнхийлөгчийн засаглал болтой. Ерөнхийлөгчийн засаглалаас бултсан биш гурван Ерөнхийлөгчөөр командлуулах болжээ. Гурвын гурван Ерөнхийлөгчийн засаглал шилэн байх бол уу гэсэн чинь нууц байх гэнэ. Гансүх “онц чухал асуудлыг шийдвэрлэж байдаг учраас бараг бүх зөвлөмж нь нууц, маш нууц зэрэглэлтэй гардаг. Ил зөвлөмж их цөөхөн гарна даа. Төрийн нууц гэж байдаг биз дээ” гэж сэнхрүүлэв. Хэлэлцдэг асуудал, гаргадаг шийдвэр нь нуль нууц болохыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга ярилцлагадаа нухацтай анхааруулжээ.
Төрийн нууц гэхээр эн түрүү надад сөнөөгч онгоц, шумбагч хөлөг, балластик пуушин гээд зэр зэвсэг толгойд буудаг. Манайд нууц нь байтугай сөнөөгч, шумбагч, балластик нь байхгүй. Нэрэлхээд яахав Монгол цар хэмжээгээрээ аварга хотын нэг дүүргийн хүн ам эдийн засагтай дүйх хүн ам эдийн засагтай өчүүхэн улс юм чинь. АНУ, БНХАУ, ОХУ-ын дэргэд бид өөрсдийгөө Хөвсгөлийн хэдэн цаатан гээд бодчих. Тийм атал ҮАБЗ юугаа нуудаг юм бол? Улс гэхээрээ нууцлах юм байдаг биз. Хүн бүрт нуудаг эрхтэн байдаг хойно. Гагцхүү ҮАБЗ-ийн хэлэлцдэг бүх асуудал нууц, маш нууц байдаг сонин. Бяцхан Монголд тийм их нууц хаана нь багтаж далдлагдана вэ? Гадны тагнуулд олзлууламгүй маш нарийн технологио нуудаг юм бол уу? Эсгий улавчны нууц, өнөө тавиад маргааш засварладаг замын технологи хэнд ч хэрэггүй. Ийм бүрхэг юманд Гансүхийн айлдсанаар над шиг хуулийн мэдлэггүй амьтад төөрөх нь хэр.
Энэ бүгдийг яагаад сөхөв гэвэл улсын нууц 24 гэлүү байсан нь хэдэн зуугаар тоологдох боллоо гэх мэдээ цацагдсан юм. Улсын нууцын жагсаалт хуулиар, өөрөөр хэлбэл, УИХ-аар батлагддаг атал Засгийн тогтоолоор эрх баригчдын хулгай луйвар нууцын жагсаалтад шургаад бузарлачихав гэх цуурхал тарсныг А.Гансүх дарга Та сонссон уу? Эрх баригчдын хулгай Төрийн нууц болжээ гэх цөхөрсөн онигой хүртэл гарсан. ХХI зуунд Төр Засгаасаа эхлээд аж ахуйн нэгжээ хүртэл ил тод шилэн байхын төлөө дэлхий даяараа зүтгэж буй. ҮАБЗ-ийн гурван гишүүний хувийн нууц Төрийн нууцтай холилдоогүй гэж найдъя. 3,4 сая монголчуудын мөргөх ёстой гурван Өндөрлөгийн ёс зүй ариун, зам мөр тунгалаг байх болтугай гэж залбиръя. Хүчирхэг Зөвлөмжөөс гадна Монголын бүх сонгогчийн төлөөлөл-муу нэрт 76-гийн маань эрх мэдэл үгүйлэгдээд байна шүү. Учир нь 3-аас 76 нь арай ил тод ардчилалтай байсан сан. Текст нь зөвлөмж хэлбэртэй Төрийн төмөр муна дор дожной өвгөн сөгдөв. Шүүх засаглал бүү сөгдөөсэй. Зөвлөмжөөр захиргаадалтаа далдлах ардчиллын үнэт зүйл мөн үү? Зөнөг-би эргэлзээд байна. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гурвын дээр “зөвлөмж” гэх юун Жанжин ардчиллын хаанаас тодров оо? Төр Засгаа жижигрүүлсэн “Зөвлөмж”-ийн засаглал гэж байдаг юм уу?
2020-03-18
зочин
Уншигч
irgen
irgen
Su ah
Зочин
Зочин
Зочин
Гоё бичжээ. Санал нэг бна
Зочин
Уншигч
Зочин
Чөтгөрийн тойргийг Элбэгдорж эхлүүлсэн яах гэж Энхбаярын оймсыг гозолзуулсан юм, яах гэж Алтанхуягийн охин, хүргэн, туслахыг тамалсан юм, муу үйлийн үр улам томорсоор дийлдэшгүй мангас босч үйл хэргийг нь үргэлжлүүлж байна. 1937 оны онцгой комисс нь өнөө
Зочин
Ariunbold
Ulsaa bitgii suitgeed bgaa deeremchdiig yah v
Бат
Чинбаа
Зочин
Уншигч
Таны уншигч