Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгаас байцаалт авахаар очжээ. Урьдчилан мэдүүлэг авахаа мэдэгдээгүй, зарлан дуудах ирүүлээгүй атал байцаалт авах гэж оролдсон явдал нь хууль бус үйлдэл гэж Хууль зүйн шинэхэн дэд сайд үзэж байна. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд түүнээс мэдүүлэг авах шаардлагатай байгаагаа мэдэгдэж, эрх үүрэгтэйгээ танилцахыг анхааруултал дэд сайд өрөөнөөсөө гарч явахыг шаардаж, ямар ч мэдүүлэг өгөхгүй гэж мэдэгдсэн байна. Энэ үеэр нь гэнэт хаанаас ч юм парламентын гишүүн, журмын нөхөр О.Баасанхүү нь нисдэг таваг шиг гэнэт гараад ирснээр ээлжит шуугиан дэгджээ.

Дэд сайд Э.Эрдэнэжамъян уржигдрын болсон явдлын талаар  “Н.Энхбаяр даргатай холбоотой юуг нь мэдэгдэхгүй юм асуух гээд байсан. Би юу ч мэдэхгүй байна. Дэд сайдын өрөөнд хэлэлгүй нэвтрэн, мэдүүлэг авах гэж оролдсон нь хууль бус үйлдэл” гэж нэн түрүүнд мэдэгдсэн юм.

Хэлэлгүй нэвтрэн орох гэж яг ямар үйлдлийг хэлэх вэ. Өөрт нь буюу туслах, үүдний жижүүр мэтийн шат дамжлагуудаар дамжилгүй шууд өрөөнд нь (ядаж хаалга тогшилгүй) орж ирэхийг тийн үзэж болох юм. Гэтэл АТГ-ын ажилтнууд ирснийг, тэр байтугай ажил хэргийн уулзалт хэмээн онцолсныг туслах нь түүнд хэлж, дэд сайд “за, оруулчих” гэснээр өрөөнд нь нэвтэрсэн байх юм. Өөрийнх нь яриагаар шүү дээ. Тэгэхээр зөвшөөрөлгүй дайран орж ирсэн гэх сүржигнэл суурин дээрээ утгагүй хэнээрхэл болох нь батлагдаж байна.

Байж боломгүй хууль зөрчсөн үйлдлийн ээлжит гэрч болон тодорч, байр сууриа илэрхийлэн хашгирч буй О.Баасанхүү болсон явдлын талаар юу ярив.

-Та энэ явдлыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Үүнийгээ тодруулахгүй юу гэсэн сурвалжлагчийн асуултад:

-Байцаалт, гэрчийн мэдүүлэг авах бол зарлан дуудах хуудас хүргүүлдэг. Гэтэл АТГ-ын ажилтан Д.Наранбаатар тийм бичиг өгөхгүй үүдний жижүүрт нь үнэмлэхээ үзүүлээд өрөөнд нь дайрч орсон байгаа юм. Намайг очиход байж л байсан.

-Та хоёр ямар ажлаар уулзах байсан юм бэ?

-Японы Элчин сайдын яамнаас ирүүлсэн TV 9-тэй холбоотой мэдээллийг Гадаад харилцааны яамныхан өгөхгүй онигоо шиг юм болоод байгаа юм. Энэ асуудлаар уулзаж ярилцах байсан юм. Үүнийг бид хоёрын уулзалтад санаатайгаар саад хийсэн үйлдэл гэж би ойлгож байгаа.

Жижүүрт нь үнэмлэхээ үзүүлээд, өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр орж ирсэн нь ахин батлагдаж байна. Гэсэн ч хоёр найз дайрч орсон л гэж томъёолж байгаа юм. Уг нь энэ хоёр эрхэм бол факт-тай харьцдаг, факт-ыг тогтоодог мэргэжлийн хүмүүс. Хэтрүүлэг, сэтгэл хөдлөлөөс ангид дүгнэлт гаргадаг хүмүүс. Гэвч тэд хэм хэмжээгээ алдаж гишгээд эхэлжээ. Хэм хэмжээнийхээ торгон дээсэн дээр хоёул хоёулаа хальт хальт гишгичихлээ. АТГ-ын ажилтнууд тэднийг уулзаж, TV 9 телевизтэй холбоотой асуудлаар аминчхан ярилцах гэж байсныг урьдчилан мэдээд, зориудаар саад хийх гэж ирсэн гэж гишүүн О. Баасанхүү мэдэгдэж байх юм. Ийм хэнээрхэл байж болох уу. Үнэхээр хэрээс хэтэрсэн улс төржилт биш гэж үү. 

МАХН-ын нэрээр эвслийн засгийн газарт орж ирэн Хууль зүйн дэд сайд хэмээх өндөр албан тушаалыг аваад хэд хонож буй Э.Эрдэнэжамъянгийн  амнаас албан тушаалаараа далайлгасан эрэлхүү өнгөтэй үгс пэд пэд үсрэн унаж байгаа нь гайхаш төрүүлж байна. 
 
Яагаад АТГ-ын ажилтан Хууль зүйн дэд сайдын өрөөнд орж ирээд ийм үйлдэл гаргасныг гайхаж байна. Хууль зүйн дэд сайдыг хүндэлдэггүй юм гэхэд хуулиа хүндлэх учиртай. Урьд нь Н.Энхбаярыг хорихын өрөөнд байцааж байсан. Одоо дэд сайдын өрөөнд байцаах гэж байна.... Түүний хийсэн эдгээр мэдэгдлээс албан тушаалын аархал, улс төржилтын хэнээрхэл хоёр ханхалж байна гэхэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй биз ээ.  

Манайхны дунд нэг үзэгдэл газар авлаа. Бүх зүйлийг улс төрийн нүдээр хардаг. Бүх асуудлыг улс төржүүлж саармагжуулдаг. Бүх хүсэл зорилгоо улс төржүүлж хангах гэдэг. Тэрнийхээ төлөө хуульт ёс, төрт ёс, улсынхаа нэр хүнд, дотоод асуудлуудыг юу ч биш болгож байгаадаа эмзэглэдэггүй. Тухайн үеийн зорилгоо л биелүүлж байвал юуг ч хөлдөө чирэхээс сийхгүй үзэгдэл үнэхээр хөгжиж байна.  Өөр нэг муухай жишиг тогтлоо. Гадныхнаар өөрийнхнийгөө сүрдүүлэх гэдэг. Жишээлбэл, Хууль зүйн дэд сайд   “Японы Элчин сайдын яамнаас манай улсын ГХЯ-д дөрвөн удаа хандсан . Тэд амаар болон бичгээр асуух, шаардах хэлбэрээр тус улсын газар нутагт ямар нэгэн гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан уу хэмээн тодруулга авахыг хүсч байгаа юм.  Гэвч манай улсын талаас өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй тул  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр ГХЯ-ны төлөөллийг дуудаад уг бичигт нь хариу өгөхийг хүссэн. Тэгтэл АТГ-аас энэ асуултад ямар ч хариулт өгөхгүй байна гэж мэдэгдлээ. Энэ бол бас л нэг жижиг далайлгалт.

Шүүхийн шатанд яваа хэргийг улам л ээдрээнтүүлэхийг манай зарим хуульчдын зүгээс хийгээд байна. Энэ зорилгод нь улс төрийн албан тушаалтнууд, парламентын гишүүд нь ч татагдан орж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхэллээ. Төрт ёсныхоо дор ирж мөргөн, төрийн тамгыг гардсан эдгээр нөхдүүд нэг хүн, нэг намын эрх ашгийн төлөө улайран дайрч нийгмийг бужигнуулан хөдөлж эхлэх нь энэ. Гэвч Төр эзэнгүй мэт дүлий. Засгаас чинь гарч гүйнэ шүү гэсэн байнгын түгшүүрээр гороолохын ялдамд, дур зоргоороо авирлахыг үзүүлэхийн цаагуур үзүүлж өгч байгаа энэ “улирал” хэзээ солигдох юм бол.    
  
Үнэн хэрэгтэй юу болоод, юуны учраас Хууль зүйн дэд сайдыг шалгах шаардлага гарсан юм бэ. Уг нь энэ асуудлаар хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад холбогдох байгууллагууд заавал олон нийтэд тайлан тавих шаардлагагүй. Гэвч манайхан сайд, гишүүн, юутай хээтэйгээ бойкотлож байгаад л   АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргыг нийтэд хандан долоон булчирхай, найман найлзуураа дэлгэхэд хүргэлээ.  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хөөсөрсөн улс төржилтөөс болоод ахин хэвлэлийнхний өмнө гарч ирэв.

Түүний мэдэгдсэнээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэгт хэд хэдэн хүнийг шалгаж байгаа юм байна. Тэдний зарим нь гадаадад гараад бүгчихсэн тул мөрдөн байцаах ажиллагаанд саад бэрхшээл учирчээ.  Тиймээс Н.Энхбаяр нарын хэрэгт сэжигтэн холбогдогчоор шалгагдаж  байгаа түүний дүү Н.Энхтуяа, мөн холбогдогч Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн байна. Гэтэл Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян тэрхүү ажиллагааг зогсоох хүсэлтийг дур мэдэн Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлжээ. Энэ бол ноцтой хэрэг. Үнэхээр дэд сайд өөрөө энэ бичгийг үйлдсэн үү, эсвэл түүний өмнөөс өөр хүн явуулсан уу гэдгийг нэн түрүүн шалгаж тогтоох шаардлага гарч ирсэн нь тодорхой. Ийм ноцтой, ийм тодорхой шаардлага үүссэн байхад харин тэр яагаад улс төржүүлэн мушгиж, жинхэнэ далд хэрэг явдал руу биш өөр зүйл рүү хөөсрүүлэхийг оролдоно вэ. 

Хэрэв дэд сайд Э.Эрдэнэжамъян Интерполд захиа илгээсэн бол түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэргээр буруутгах нь зүйн хэрэг. Буруутгаад зогсохгүй албан тушаалаас нь огцруулах ёстой. Бүр өөрөө сайн дураараа огцрох ёстой. Соёлт нийгэмд бол алдаа гаргасан улстөрчид өөрсдөө буудаг. Буулгадаг жишиг үйлчилдэг учраас буух соёл төлөвшсөн байдаг.

Хамгийн сүүлд Японы хууль зүйн сайд Кейшү Танака 30 жилийн өмнө якузагийн хуримд оролцож, гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авсныхаа төлөө уучлал хүсч огцорсон. Тэрээр уг хуримын эзэд якуза нартай холбоотойг бүр хожим мэдсэн гэдэг.

Өнгөрсөн оны есдүгээр сард Японы Худалдааны сайд Ёшио Хачиро газар хөдлөлтийн улмаас осол гарсан Фүкүшимад айлчилсныхаа дараа тус бүс нутгийг “Үхлийн хот” гэж хэлснийхээ төлөө огцорч байсан. Зүгээр санаагаа хүчтэй хүргэхийн тулд ашигласан үгнээсээ болоод л тэр огцорсон. ”Үхлийн хот” гэх энэ нэр утга зохиолын утгаараа бол тийм ч оновчгүй нэршил биш. Гэвч японы олон нийтийн зовлонгийн дараах эмзэглэл нь арилаагүй сэтгэл зүйд таагүй туссан учраас Ёшио Хачиро огцорсон. Манай дэд сайдын үйлдэл хэрвээ батлагдвал эднийхтэй зүйрлэх аргагүй том хонх дуугарах ёстой. Албан тушаалаа урвуулан ашигласан тул ёс зүйн хувьд цаашид энэ албыг үргэлжлүүлэн хаших бололцоогүй болно гэсэн үг. Гол нь үүнийгээ өөрөө ухамсарлаж, монголын олон нийтээс уучлал гуйн буух ёстой.   

Нью-Йоркоос сонгогдсон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын (парламентын доод танхим) гишүүн Крис Ли гэр бүлтэй хэрнээ өөрийн цээж нүцгэн, булчингаа харуулсан зургийг нэгэн эмэгтэй рүү илгээсэн дуулиан дэлхий даяар дэгдсэнийг санаж байгаа байх. Крис Ли энэ үйлдлийнхээ  дараа гишүүнээсээ огцорсон. Уг нь ардчилсан нийгэмд хүсэмжит нэгэн бүсгүй рүүгээ  цээж, булчингаа харуулсан зурагаа илгээж бяцхан өдөөн хатгах нь тийм ч гаж үйлдэл биш. Эр эм улсуудын хооронд байж болдог л хэвийн үйл явдал. Гэвч тэр огцорсон. Нийгэм нь өөрөө улстөрчдөөсөө ийм өндөр ёс зүй нэхэж байдаг юм байна. 2008 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Ардчилсан намын сенатч Жон Эдвардс жүжигчин, продюссер эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэсэн нь шуугиан тарьж, сенатчийн суудлаасаа буусан. Иймэрхүү тохиолдол АНУ-д гэхэд маш олон гарч байсан. Гол нь  тэдгээр огцорсон шалтгаанууд нь цэвэр хувийн, сэтгэлийн шинжтэй асуудлууд байгаа нь анхаарал татахгүй байна гэж үү. Ийм зүйл дээр ч тийм хатуу “шийтгэл” ногддог тогтсон соёлтой нийгэм манайх шиг авилга, албан тушаалын хэргүүд дээр хэрхэн хандах нь тодорхой. Өмнөд Солонгосын нэг Ерөнхий сайд Засгийн газрынхаа нэг том хөтөлбөрийг парламентаар батлуулж чадаагүйнхээ төлөө өөрийгөө буруутгаж, огцрох хүсэлт гаргаж байжээ. Бас охин нь гадаад хэргийн яаманд ажилладгийн төлөө Гадаад хэргийн сайд нь огцорсон жишээ ч бий. Ийм өндөр төвшний соёл тээдэг улс орнуудын улстөрчидтэй өөрийнхнөө зүйрлэх аргагүй ч тийм жишигтэй, тийм гоо зүйтэй нийгэмд үр хүүхдээ амьдруулах хүсэл бидэнд бас байна. Бид тэднээс ёс суртахуун шаардах эрхээ хөгжүүлж, нутагшуулмаар байна. Эс тэгвээс хүсэх мөрөөдөх эрхээ ч энэ бохир  давалгаанд алдчихаж мэдэхээр байна шүү.