Чанадын билиг – Ялгуусан эх дор мөргөмү.

Дорнын судар бүхэн мөргөлөөр эхэлдэг нь учиртай.Хоосон хулс болсон цагт л биднээр цаглашгүй урсана. Цаглашгүйг урин дуудаж, түүнд хөлөг зэмсэг болохын тулд өөрийгөө дэлгэж өгөх нь мөргөл юм.


Чанадын билиг – Ялгуусан эх дор мөргөмү.

Эл мөргөл цомхон боловч үг бүр нь далд давхар утгатай. Пражнапарамита-г чанадын билиг гэжээ. Пражна нь билиг. Билгийг мэдлэгт хамаарах оюунтай андуурав аа. Мэдлэгийг гаднаас хүртдэг бол билиг дотроос тодордог. Дэлгүүрээс худалдаад авчихдаг хиймэл хуванцар цэцэг биш, дотоод байгалийн модноос ургадаг амьд цэцэг. Нэгэн цагт далд нуугдмал байвч зохист улирал тохиоход дэгжин цэцэглэж, анхилгаа түгээнэ. 

Пражна-г wisdom гэж хөрвүүлэх ч учир дутагдалтай. Англи хэлэнд knowledge гэдэг нь туршлагаас ангид мэдлэг, харин wisdom нь туршлагаар баяжсан мэдлэгийн утга заадаг. Тухайлбал, сургууль соёлд суралцаад мэдлэг хурааж болно. Тэр мэдлэг (кnowledge) нь ухаан (wisdom)болохын тулд амьдралын их туршлага хэрэгтэй. Тэгэхээр залуу хүн мэдлэгтэй (knowledgeable) байж болно, юм үзэж, нас ахисан хойноо л ухаантай (wise) болох боломжтой. Хэдий өөрийн туршлагаар хураасан ч ухаан нь мэдлэг буюу гаднаас агч хэвээр байна. 

Пражна – билиг бол ердийн хүрээнд ойлгодог мэдлэг, ухаан хоёрын аль нь ч биш. Энэ бол дотоод цэцэглэлт. Өрөөл бусадтай харьцаж, хорвоо ертөнцийг таних туршлагаар биш, гагцхүү дотоод нам гүмдээ уусч, нуугдмал түүнд тодрох боломжийг нь олгосноор биелдэг. Чи билгийн үрийг дотроо тээж яваа. Түүнд тэлж дэлгэрэх зөв хөрс л хэрэгтэй. Билиг нь зөвхөн өөрийнх юм. “Өөрийнх” гэж хэлэхдээ би эго-гийн утгаар хэлээгүй. Дотоод байгаль уугуул чанарыг л зааж байгаа. Эго өнгөн бодол сэтгэлийн хэсэг учраас дотоод нам гүмд хамаарахгүй. 

Парамита нь чанад буюу хил хязгаараас цаана гэсэн үг. Орон зай, цаг хугацааны тэртээх. Дотоод байгальдаа уусахад орон зай, цаг хугацаа гадна талд үлдэнэ. Хаана, хэдийд гэсэн хэмжээс бүхэн алдарна. 

Есүсээс нэг хүн “Бурханы орны талаар бидэнд хэлж өгөөч. Тэндхийн онцгой шинж чанар нь юу вэ?” гэж асуухад Есүс “Тэнд цаг байхгүй” гэж хариулсан байдаг. Тэнд зөвхөн тэртээх л бий. Цаггүй хором, оронгүй огторгуй бий. Чамайг хашиж хязгаарлах хаалт нэгээхэн ч үгүй. 

Би өөрийгөө энд байна гэж хэлж чадахгүй. Би тэнд ч байгаа учраас. Би Энэтхэгт байна гэж хэлж чадахгүй. Хятадад ч байгаа учраас. Энэ гараг дээр байна гэж хэлж чадахгүй. Би байхгүй учраас. Эго замхрахад хүн бүхэлтэй нэгддэг. Хаа сайгүй мөртлөө хаа ч үгүй болно. Тусгаар нэгэн байхаа больж, арилсан оршихуй болно. 

Хар л даа. Өглөө эртнавчис дээр шүүдрийн дусал ургах нарны гэрэлд гялтганаж байсан. Тэгээд сэмхэн ууршсаар эх далайдаа шингэжээ. Навчин дээр байхдаа тэр дусал орон зай, цаг хугацаан дотор байсан. Хувийн шинж чанар, нэр тэмдэгтэй байсан. Далайд ууссан хойно чи түүнийг хайгаад олохгүй. Оршихоо больсон болохоор тэр үү? Үгүй ээ. Одоо тэр хаа сайгүй байгаа. Тийм учир хаанаас ч олдохгүй. Бүхлээс тусдаа оршихоо больсон цагт пражнапарамита – чанадын билиг ургадаг юм. 


Чанадын билиг – Ялгуусан эх дор мөргөмү.

Сатъяам, шивам, сүндэрам: үнэн ариун, эрхэм дээд, гоо сайхан. “Ялгуусан” хэмээх үгэнд энэ гурван утга шингээстэй. 

Ариун гэхийн учир нь Будда бүхэн түүнээс мэндэлдэг. Тэр бол Будда нарыг эснүүлэгч эх хэвлий. Чанадын билгийг нээх агшинд, шүүдэрхэн дусал далайд уусах хоромд чи Будда болно. Дахиж байгалийг сөрөхгүй, бүхэлтэй тулалдахгүй бууж өгнө. Байгалийг бүү сөр гэж би та нарт дахин давтан хэлдэг. Хэсэг нь бүхлийг дийлэх цаггүй учир та нарын тэмцэл үргэлж бүтэлгүйтнэ. Түүндээ болж цөхрөл гасланд унаастай. 

Чин зүрхнээсээ байгаль оршихуйд бууж өгөх юм бол ялагдлын гутамшиг амсахгүй, ялалтын цэнгэл эдэлнэ. Бурханыг сөрж биш, Бурхантай хамт байж л ялдаг. Бурхан чамайг дийлэх гэж хичээдэггүйг санаарай. Чиний ялагдал өөрөөс чинь үүддэг. Тэмцэл тулаанаасаа болж хүн ялагдал амсдаг. Бүхэлтэй нэгдсэн цагт ялгуусан болно. Түүнтэй хамт долгилж, хамт дуулна. Аясын салхинаа бүжих навч мэт байж, амин хувийн хүсэл зориг үгүй, зүгээр л оршихуйн айзмаар бүжин цэнгэнэ. 


Чанадын билиг – Ялгуусан эх дор мөргөмү.

Ялгуусан гэдгийг уг сударт Бхагавати гэсэн үгээр хэлжээ. Энэ бол Бхагаван-ы эм хүйсийг заадаг үг. Арга биш билиг, эцэг биш эх гэсэн үг.

Бурханыг эцэг мэтээр төсөөлдөг Христиан үзэл онцгүй. Тэр нь эр хүний л эго. Эрэгтэй эго Бурханыг She гэхгүй, He гэхийг хүсдэг. Загалмайтны ариун гурвалыг хар. Бурхан эцэг, Есүс хүү, Ариун сүнс нь бүгд эрэгтэй. Эмэгтэй хүнийг гадуурхсан, дан эрчүүдийн клуб. Гэтэл амьдрал дээр эмэгтэй хүн эрэгтэйгээс хавьгүй илүү үндэс язгуурлаг. Учир нь, эмэгтэй хүн шинэ амьдралыг тээж төрүүлэх эх хэвлийтэй. Амьдрал эм чанараас төрдөг. Энэ нь санамсаргүй тохиол биш. Эр чанар түрэмгий бол эм чанар хүлцэнгүй, хүлээн авагч, уусган шингээгч юм. Сударт Бхагаван (Ялгуусан эцэг) гэлгүй, Бхагавати (Ялгуусан эх) гэсэн нь зүйрлэшгүй нандин утга учиртай. Бүх Буддаг төрүүлэгч чанадын билиг Эх байхаас аргагүй. 

Бурханыг эцэг шигээр төсөөлж байхдаа та нар яагаад тэгж байгаагаа анзаардаггүй. Эцэг бол байгалийн бус инстүүц. Эцгийн эрх ёс хэдхэн мянган жилийн настай. Хувийн өмчөөс улбаалж дэлхийд үүссэн. Хувийн өмч устах юм бол энэ дэлхийгээс эцэг ч арилна. Ээж харин хэзээд үлдэнэ. Эцэггүй дэлхийг бид хялбархан төсөөлж чадна. Ээжгүй дэлхий л санаа саванд багташгүй. 

Анзаарч байсан уу? Дайнч улсууд эх орноо эцэг орон (Fatherland) гэж дууддаг. Энд түрэмгий чанар нуугдаастай. Дийлэнх улс түмэн “эх орон” гэдэг үгийг хэрэглэдэг. Энэ нь зүй ёс. Хэрэв та нар улс орноо “эцэг орон” гэж дуудах юм бол эрт, орой нэгэн цагт бусад руу довтлох, халдан түрэмгийлэх дайн дажны үрийг суулгах болно. 

Бурханыг эцэг мэтээр боддог бүх шашин түрэмгий хандлагатай. Христос түрэмгий, Лал түрэмгий. Жүүдийн Бурхан ямар хартай догшин болохыг та нар мэднэ. “Намайг л шүтэхгүй бол ниргэнэ шүү, та нарыг!” гэдэг. Бурханыг эхээр төсөөлдөг хүмүүс өр зөөлөн хүмүүс. Буддистууд шашны нэрээр дайн хийсэн удаагүй. Тэд нэг ч улс үндэстнийг албадаж эрхшээгээгүй. Мусульманчууд ард түмнийг илд мэсээр айлган сүрдүүлж, хүчлэн дагуулсан. Христианчууд олон хүнийг загалмайтан болгохын тулд түмэн зүйлийн мэх гох хэрэглэж ирсэн. Гагцхүү Буддизм хүнд итгэл үнэмшлийг хүчээр тулгадаггүй. Үнэмлэхүй үнэнийг эм чанар, эх билгээр бэлгэддэг элбэрэл журмын шашин билээ.

Чанадын билиг – Ялгуусан эх дор мөргөмү.

Ялгуусан-д эрхэм сайхан гэсэн утга бийг санаарай. Үнэн бол эрхэм сайхан. Муу муухай зүйл үнэн байх боломжгүй, хуурмаг үзэгдэл байж таарна. Муу муухай хүнтэй учирвал түүний муу муухайд битгий хуурт. Илүү гүнзгий эрэн сурвалжилж, түүний цаана нуугдаастай эрхэм сайхан хүнийг илрүүл. Муу муухай нь зөвхөн чиний тайлбарт бий. Амьдрал сайхан, Үнэн сайхан, Оршихуй сайхан. Тэрбээр муу муухайг мэдэхгүй. Ялгуусан эх – бүсгүй чанар учраас төгөлдөр сайхан юм. 

Эл сайхныг энэ хорвоотой эсрэгцэх нөгөө ертөнцийн утгаар ойлгох хэрэггүй. Бүх ертөнц нэгэн чанарт болсны эрхээр сайхан билээ. Энэ оршихуйд зөвхөн бодь хутагтнууд бий. Бодь модод, бодь шувууд, бодь эрэгтэй, бодь эмэгтэй... бүгд Будда нар. Хүн бол нурж сүйдсэн бурхан биш, урган цэцэглэж яваа бурхан юм шүү...


- Ошо “Зүрхэн судар” (Агнистын гэгээ цуврал - 16)