Бурхан болоочид зодуулагсад (II)


ЗОРИГТОЙ “АЛАГДАГСАД”


“Талийгаач бол хамгийн аймшигтай өшөө авагч байдаг.

Учир нь түүнтэй хэлэлцэн тохирох арга байхгүй”

Судрын үг.

Төгсгөл. Түрүүч нь http://baabar.mn/article/burkhan-boloochid-zoduulagsad-i


...Бурхан багшийн номлолоор бол “Үйлийн үр нь хэнтэй ч хуваалцашгүй хувь хүний тавилан” ажгуу. Тэрээр “чиний үйлийн үрийг угааж цэвэрлэж, өөртөө авч чадахгүй. Харин үйлийн үрээсээ салах замд хөтлөн замчилна” гэдгээ хэлсэн байдаг. Эндээс “Талийгаачийн араас буян үйлдснээр түүний үйлийн үрийг өөрчлөх боломжгүй. Иймээс бурхан болоочийг сайн төрөл олоход хөндлөнгөөс нь туслах боломжгүй юм биш үү” гэсэн асуулт гарна. 

      Үүнийг эргэцүүлэхээр, “49 хоногийн буян”-ы талаар эмээгээсээ сонссон нэгэн тайлбар миний ой тойнд хадаатай үлдсэн нь сэргэж ирдэг. Нүүдэлчдийн сэтгэлгээ, үндэсний уламжлалт зүйлсийн нийтлэгийг өөрийн өнцгөөс тайлбарлахдаа эмээгээ ишлэх дуртай, би. Зарим хүний боддогчлон миний эмээ хүний дээд ухааны манлай, эсвэл би эмээгээ ойлгох тал дээр бусдаас тасарцан юм огт байгаагүй. Гол нь би эмээгээ нүүдэлчдийн уламжлалт философи, амьдралд хандах хандлагын алтан дундаж гэж хардаг юм. Тэрмаань бусдын эмээгээс илүү ч биш,бас дутуусаад ч байх юмгүй бөлгөө.

     Эмээ маань “Талийгаач бол өөрийн үйлийн үрээр олдог төрлөө л олно. Харин бүрлээчийн араас үйлдсэн буян чамд л үлдэнэ. Үхэл бол буяны шалтгаан. Энэ мэтээр төрөл арилжихаа санан сайн үр хураах үйлээ л арвижуулж байгаа юм” гэж тайлбарлаж билээ. Хүрээ хийд, лам хуврагатай цагт төрсөн эмээгийн маань ойлголт энэ. Үүнийг тэр бодож олоогүй, санаанаасаа зохиогоогүй. Мэдээ орохдоо, ухаан суухдаа, юмны учир ойлгож эхлэхдээ дуулж мэдсэн, ойлгож ухаарсан үнэн нь байж таарна.

      Энэ утгаараа, Буддистуудын хувьд үхэл бол нэгэн төрөлд олдсон бие махбодийн төгсгөлболовч үнэн хэрэгтээ амьдрал төгсгөлгүйн баталгаа ажгуу. Үхэл тохиолдсон мөч бүрийд хүмүүс үхлээр ч дуусахгүй төрлийн хэлхээнд яваагаа санаж, буян үйлдэх боломж, шалтгааныг санаж сэдэх учиртай бололтой.

     Ойр дотны нэгнээ төрөл арилжиж, хорвоогийн мөнх бус ба мөнхийг биеэр үлгэрлэн сануулсан үйл явцаар шалтгаацан үлдэгдсэд нь тодорхой хугацаанд буян хураах үйл явц ч гэж болно, 49 хоногийн буяныг. Талийгаачийн араас үйлдэх буян нь энэхүү бэрх үйл өөрт бас ирнэ гэдгийг сануулдаг. Ийм сэдлээр буянд шамдуулах менежмэнтийг хүрээ хийдийнхэн санаачилсан ч байж магадгүй. Үхэл бол өөрт шинэ төрөл олох шалтгаан, харин үлдэгсдийн хувьд хожим шинэ төрөл олоход хэрэгтэй буяныг хотол чуулган болгох сэдэл авай.

    Тухайн хүмүүн хорвоогийн мөнх бусыг үзүүлснээр энэ төрлийнх нь хэрэг явдал дуусах тул талийгаачтай холбогдох хорсол гомдлоо орхиж, уучлах нь хүн төрөлхтний суртлын нэгэн хэсэг бөлгөө. Хүний ертөнцөд түгээмэл байдаг “Талийгаачийг нэг бол сайнаар дурс, эсвэл март” хэмээх мораль нь “муу үйлийн үр байсан бол арилж, сайн нь үе дамжин дэлгэрээсэй” гэсэн санаа. Монголчууд ч тэр мэтээр бурхан болоочтой холбогдох аливаа гомдол, хэрүүл тэмцлийн үрийг мартаж, харин ч оронд нь ерөөл буян хураахын хичээдэг байв. Энэ насандаа тарьсан өш хонзон, гомдлын үрийгцааш төрөл дамжуулахгүйг хичээж буй хэрэг юм.

     Бурхан болоочийн нэрийн өмнөөс өш хонзон авах, түүний хэрүүл заргыг үргэлжлүүлэхийг монголчууд “бүрлээчийн ясыг өндөлдүүлж” үйлийн үр хураасан нүгэл хилинц гэж үзэж байв. (Хууль цаазын хүрээнд өрнөж буй үйл явцыг энд хэлээгүй) Тийм ч учраас хэрсүү өвгөд,ухаалаг ахмад үеийнхэн энэ насны проблемуудаа боломжоороо цэгцэлж, энэ төрлийн элдэв тооцоог нь үргэлжлүүлэхгүй байхыг захиж гэрээсэлсээр иржээ.Насан өтөл болохын цагт үр хүүхэддээ “Тэр хүн бид хоёрын сайдаж муудаж явсан нь хожмын та нарт огт хамаагүй шүү. Үр хүүхэдтэй эв найртай яваарай” гэхчлэнгээр захиж сургаж байдаг.

дөрөв. Хувьсгалч хойлго, пролетарийн тахилга.

     Монголчуудын энэхүү утга төгөлдөр уламжлал ардын хувьсгалаар тасалдсан ажгуу. Хувьсгалчид зөвхөн шашныг хориглон, сүм хийдийг нураагаад зогссон юм биш. Тэд монголчуудын уламжлалт сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзлийг хамтад нь үгүйсгэх болов.

   Үгүйсгээд зогссонгүй, түүнийг орлох аймшигт ёс, хилинцит үйлийг санаачлан хэрэгжүүлжээ. Хэлмэгдүүлэлт нь нэг талаасаа талийгаач болсон коммунист удирдагч нарын араас үйлдэж буй “пролетарийн буян” байв. Ленинийг буудаж шархдуулсан эсэрүүдийг, Сүхбаатарт хор өгч алсан гэх лам нарыг алж гэсгээж байсан нь ихэсийн араас үйлдэж буй хойлго тахилгатай төсөөтэй. 

    Талийгаачийн шарил дээр түүний дайснуудыг алж хядаж дуусгах, өшөө хонзонг өргөн дэлгэр авахыг авахыг андгайлдаг хувьсгалч ёсон ХХ зууны эхээр үүслээ. ХХ зууны бүхий хядлага, хэлмэгдүүлэлт нь пролетарийн хувьсгалын удирдагч нарын хийж амжаагүйг гүйцээх, гэрээслэлийг биелүүлэх уриан дор өрнөсөн юм. 

    Тэдний удирдагчиднь хувьсгалын эсэргүү нарыг дарж амжаагүй, ангийн дайснуудыг устгаж гүйцээгүй үхцгээжээ. Иймээс түүний албан тушаалыг нь залгамжлагчийн удирдлагаар үйл хэргийг нь үргэлжлүүлж буй дагалдагч нар нь нударганыг устгаж, өмчийг хурааж байгаа ажгуу.

  Коммунист ёс суртлаар бол талийгаач нас барснаар энэ төрлийнх нь сайн ба муу үйлийн үр дуусахгүй аж. Пролетарчууд талийгаач багшийнхаа талаар “Ленин жив, живее всех живых” гэсэн хувьсгалч тарни зохиосон юм. Энэ бол “Ленин амьд, амьд юм болгоноос ч амьд” гэсэн утга. 

    Буддист хүнд энэ үг “үхсэн атлаа үхэж өгдөггүй ад тийрэн”-гийн төсөөлөл төрүүлнэ. Үнэхээр ч шавь нар нь Ленин багшийгаа үхэж өгдөггүй ад тийрэн, нэрийг нь бариад өшөө авч болдог хилинцэт сахиус, цусан тахилгын эзэн болгож орхисон. Монголын шилдэг хөвүүд, үндэсний сэхээтнүүд, алтан ургийнхан, лам хуврагууд маань хувьсгалын хүчирхийллийн золиос болон зуурдаар алагдсан явдал нь тодорхой утгаараа “үхсэн ч үхдэггүй Ленин багш”-ийн тайлгад явчихсан хэрэг.

     Улмаар, дайсны талын этгээдийг хөнөөгөөд зогсохгүй, холбоотон, найз нөхдийг нь ангуучлах ёс үүдэв. Үүнийгээ “эсэргүүний үр ач, хамсаатныг илрүүлэх” хэмээн гоёмсгоор нэрлэнэ.

   Төрөл арилжих процессийг өршөөл уучлал, буянч үйл дагалдуулж, мөнх бусыг бясалган амьдралынхаа хэв маягийг засварладаг Монголчуудын уламжлал ийнхүү эсрэгээрээ эргэв. Нас барах нь буян үйлдэх шалтгаан бус харин ч өс хонзон авах сэдэл маягтай болоод нэгэн зууныг туулав.

Дөрөв. С.Зоригтой “алагдагсад”

    Он жилүүд улирсаар, монгол орон хувьсгалт хүчирхийлэл,хүчирхийллийн тогтоцоосоо салаад гучаад жилийн нүүр үзжээ. Пролетарийн удирдагч нарын гэрээсийг биелүүлж, аллага хүчирийлэл үйлдэх хэрэгцээгүй болоод удав.

Харин нийгмийн ухамсарт талийгаачаар дамжуулан өшөө авдаг уламжлал үлдлээ. Төр засаглал, хууль цааз нь хувьсгалч тайлга тахилгаас ангижравч нийгмийн сэтгэлгээ нь тэгсэнгүй.

    Түүний нэг нь бурхан болооч С.Зориг. Түүний амийг хөнөөсөн алуурчныг хайх эрэл, мөрдөлт нь юу ч болоод явчихав даа. Сүүлдээ, алуурчныг илрүүлэлгүй хадгалж байгаад, харинч сөргөлдөгчдөө сэжигтний тогоонд чанасаар байх эрмэлзэл болон хувирав уу гэлтэй байна. 

    С.Зоригийн хэргийг илрүүлж байна гэж нэг хэсэг нь улс төр хийнэ. Нөгөөдүүл нь “Зоригийн хэрэг илрээгүй болохыг илрүүлж” нэр алдрын хожоо гаргана. Одоо ч үргэлжилсээр. Дараагийн ээлжинд хэн маань С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хутгалдан “шар махтайгаа хатах”-ыг төсөөлшгүй. Бас хэн гээч поп “С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй болохыг нотолж”  алдаршихийг тааварлашгүй.

   ХХ зууны дундуур, Америкчууд ерөнхийлөгч Ж.Кеннедигээ хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлыг хойшлуулж, холбогдох материалыг нууцалсан. БНМАУ-ын иргэдэд үүнийг “Капиталистууд ерөнхийлөгчөө өөрснөө нухчихаад, тэрийгээ мэдэгдүүлэхгүйн тулд хууль тогтоогчдийг мөнгөөр хахуульдан ийм шийдвэр гаргуулсан” хэмээн тайлбарлаж байв. Бид үнэмшин Америкийг улам жигшиж өссөн.

   Гэвч өнөөгийн өндөрлөгөөс харахад хэнийг ч өршөөлгүйгээр хэрэгт татаж болох, ард түмний уур хилинг хэн рүү ч эргүүлэн хонзонгоо тайлж мэдэх, нэгэн зүйл “Зоригийн хэрэг” гарахаас америкчууд сэргийлж чадсан юм шиг бодогдоод байх боллоо. Эндээс “нэг алуурчинд ял завшуулахгүйн тулд 99 гэмгүй хүнийг хэлмэгдүүлэхэд яах вэ” гэдэг социалист хууль цаазын уламжлал ба “Нэг ч болов хүнийг хэлмэгдүүлсэнд орвол бол 99 гэмтэн ял завшсан нь дээр” гэдэг ардчилсан ертөнцийн зарчим хоёрын зөрөө тодрох мэт. 

     С.Зоригийн гэрээс нь, итгэл найдвар нь “Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээх алдарт үг байжээ. Харамсалтай нь бид саруул ухаанаар гэрээсийг нь биелүүлэхийн оронд өшөө хорслын мананд умбаастай хориод жилийг үдлээ. 

   Бас “Амьддаа бие биенээ хайрла” хэмээх ялгуун шүлгээрээ алдартай О.Дашбалбар агсан байна. Гал цогтой, ил цагаан тэрээр хэнтэй муудахаас сийхгүй, бас сайдахдаа чамархан, бадранугй нэгэн байв. Үгийн эрдэмд төгс тэрээр муудалцсан, санаа зөрсөн нэгнээ үзгийн хатуугаар цээрлүүлж явж. Гэтэл нас барсных нь дараагаар түүний дургүй байсан гэх хүнийг намнаж дуусгах, хувьсгалч үүргийг зарим хүн өөрөө авсан юм. 

   Зарим нэгнийхээр бол, “Элбэгдорж Бат-үүл гээд ардчиллын удирдагчдийг өөрөө алах гээд арай амжаагүй, та нар минь гүйцээчихээрэй” гэж гэрээсэлсэн аятай харагдаж байна. Алдарт найрагчийг үнэхээр хайрладаг юм бол, жинхэнээсээ шүтэн бишрэгч нь юм бол гэрээсийг нь хүндэтгэ, дага! О.Дашбалбар бидэнд “Амьддаа бие биенээ хайрла” хэмээн захиад явсан билээ. 

...Хувьсгалт хүчирхийлэл, социалист дэглэм аль хэдийнэ биднийг орхин оджээ. Харин бид өнгөрсөн дэглэмийн үеийн үзэл санаа, туг хиураа толгой дээрээ тахисаар явнам. “Хүүхэн тосгоноосоо явсан ч тосгон нь хүүхнээсээ явсангүй” гэдэг шиг “Коммунизм биднээс явсан ч бид коммунист үзэл суртлаасаа явсангүй” аж. 

2020.04.21