“Чөмөгний эрлэг”

Хүүхэд ахуйд чөмөг идвэл “нусан бурантаг” болчихно гэх мөртлөө томчуул өөрсдөө хүртчихдэг байсан нь тод санагдана. Харин эмээ, бид хоёр нам хуйвалддаг байсан учраас би чөмгөөр дутаагүй боловч нусгүй өссөн юм. Чөмгөнд дургүй монгол хүн олоход хэцүү биз. Гэтэл Ооч ёл чөмгөнд бас “нугасгүй” дуртай гэнэ. Чөмгөнөөс нус үүсдэгсэн бол ёл үргэлжийн мөнхөд “нусан бурантаг”-тай нисэж явах буйзаа. Учир нь ёл махчин нэртэй боловч булуу яс хаданд ташиж чөмөг зооглодог нь үнэн. Энэ тухай манай ардын дунд домог яриа цөөнгүй бий. Тэгтэл ёлын хувьд хамгийн амттай бялуу нь яст мэлхий аж. Түүний хуягны яс нь бас чөмөгтэй байж мэдэх. Үүнтэй холбогдох нэгэн домог хуваалцъя.

Эртний Грекийн эмгэнэлт жүжгийн нэрт зохиолч Эсхил гэрээсээ хулжиж, нэг хэсэг хөдөө гадаа гүйж суух болоод уджээ. Учир нь зохиолчийн толгой дээр хүнд зүйл унаж үхэлд хүргэнэ гэж мэргэн багш айлдсан санж. Эсхил нэгэн өдрийн жин үдэд гадаалж явтал мулзан толгойн дээр нь яст мэлхий унаж амь үрэгджээ. Ёлмань эрийн халзан толгойг ургаа хадтай андуурсан тухай домог чингэж үүссэн түүхтэй. Харин уг домогт нөгөө хэргийн эзэн ёл нь ташсан “бялуу”-гаа хэрхэсэн тухай эс өгүүлнэ.

Өндөр тэнгэрээс шумбан уруудах зуураа булуу ясыг хадан дээр шидэж бяцлаад үүрч бутарсан хэсгийг нь зооглож, чөмгөөр нь “даруулж” таашаадаг ховор ид шидийг нь олж үзэх хүслэнд миний бие автагдаад удсан юм. Говь гурвансайхан, Баянцагаан, Сэврэйн уулс болоод баруун Алтай өндөр хайрхадын ханан хавцлуудаарцөөнгүй жил бэдэрч Ооч сахалтыг эргүүлсэн боловч мөнөөх “шид”-ийг нь олж харах аз хараахан тохиогүй л явна. Гэсэн ч аяны богц минь ооч сахалтын фото зургаар дүүрсэнд урамшиж баясдаг. Тэгээд энэ сүрлэг жигүүртний ааш араншин, арга заль бөгөөд ид шидийг бага зэрэг гадарлах болжээ. 

Ооч ёл(Gypaetus barbatus) нь Харцагынхан овгийн шувуу. Тэд Европын өмнөд хэсэг, Африк, Ази, Энэтхэг, Түвд, Монголын сарьдаг уулсад жилийн дөрвөн улиралд нутагладаг. Түүний оноосон нэр болбоос нахайд нь ургасан торгомсог урт өдтэй холбоотой, тэр нь ооч сахалтай төстэй. 

“Ооч сахалт”

Гадаад төрхийн хувьд гэвэл толгой, хэвлий нь цайвар шаргал, насжих тусмаа илүү улаан шаргал болох бөгөөд нуруу, далавч, сүүлний дээд хэсэг нь хөх саарал зүстэй. Хөмсөг лугаа өргөн хар судал хошуу дагаж уруудсаар оочтой нийлсэн нь хээнцэр агаад зурмал юм шиг харагдах нь чамин. Нүднийх нь хурц улаан цагираг сэтгэл нь хөөрөх, уурлаж хилэгнэх тусам улам тодордог зуршилтай. 

“Хилэгнэсэн харц”

Элгэн хаданд хөнгөхөн сууж лухгар хүзүүгээ бүтэн эргүүлж, махир хошуугаа хөдөлгөн тамшаах нь нэн ихэмсэг. Нисэх зуураа хоромхон зуур доошилж бахим бүдүүн хөлөө жийж онилсон идшээ урт ясан савраараа базаж шүүрэх нь тун гайхалтай. 

Лунжгар “атаман” болох тусмаа илүү тод улаан шаргал зүстэй болж хувирдаг шидийг нь эрдэмтэн мэргэд “хал үзэж, хашир суусан”-ых гэлцдэг. Чингэхийн тулд хашир андгай бээр төмрийн исэлтэй сул хөрс олж, тэндээ “сэмхэн” очиж сууна. Тэгээд савраараа мөнөөх хөрснөөс атгаж өд рүүгээ цацах бөгөөд дараа нь бараг бүтэн нэг цагийн турш өд сөдөө самнаж түрхдэг байна. Ийнхүү будаж шунхдах үйлдлийг нь олж харах нэн амаргүй гэнэ, яагаад гэвэл бусдаасаа нуугдаж хийдэг зуршилтай аж. Ийм зүстэй нь бусдаасаа илүү сүр хүчтэй, илүү том нутаг дэвсгэртэй, илүү их амьдралын туршлагатай, илүү олон ид шидтэй нь ажиглагджээ. Ер нь ёл бол таван нас хүрч байж бие хаа гүйцэх агаад хорь гаруй насалдаг шувуу. Идэр бага настай нь бараандуу зүстэй.

Тэд хосолж амьдрах бөгөөд жилдээ ганцхан удаа ороо хөөцөлдөөнд ордог. Чингэж эвсэлцэх үедээ агаарт хослон бүжиж, сүлэлдэн наадаж, далавчаараа хөтлөлцөн огторгуй өөд эгц хөөрч, тэгснээ хэлхэлдсэн нандин биесээ эгэлгүй сул шидэж доошлохдоо газрын хөрс бараг шүргэх нь уран бөгөөд бишрэлтэй. Үр удмаа үлдээхийн төлөөх ийм чамин эвсэлцэл нь бурханаас хүртээсэн бэлэг буйзаа.

Тэгээд идэр есийн хүйтнийг эс ажран амаржиж гол төлөв ганц, заримдаа хоёр өндөг төрүүлдэг.Тавь гаруй хоногийн дараа ангаахай нь өндгөө цоолон гарч, үүрэндээ бараг дөрвөн сарын турш мөлхөж хөлхөж торнидог. Ихэр өндөглөсөн бол түрүүлж гарсан нэг нь тав, зургаан өдрийн зайтай төрсөн дүүгээ “цохичихдог” гэмтэй аж. Сонин араншин шүү, нэг эхийн тасархай гэхэд. 

“Бор гэртээ Богд…”

“Эрчлэх шид”

Энэ жигүүртэн үүрээ сарьдаг өндөр уулсын элгэн хадны хөмөгт харгана, эмгэлжин модны мөчрөөр засч, мал, амьтны үс ноосоор дулаалж, ялгадас, арьс зэргээр бэхэлж тогтоодог. Үр удмаа дулаан торниулах, дайснаас найдвартай хамгаалах арга нь энэ. Нэг удаа ёлын үүр рүү сэмхэн мацаж явсан мануул хальтирч ханан хад руу гулсаж одохыг дурангаар олж харсан удаатай. Ёлын ангаахай хулгайлж цохих гэсэн “муур багш”-ийн санаархал бүтэлгүйтсэн нь тэр.

“Харамлах мэдрэмж”

Ёлын бие нь 1 метр гаруй урт, алдласан далавч нь бараг 3 метр, жин нь 6-7 килограм гэж бичжээ. Энэ аварга том цогцосоо алдлан дэлгэж агаарт тухалж газар дэлхийг “дурандах”, эсвэл үүр рүүгээ халин ирж эвлэгхэн эвхэрч орох нь үгээр илэрхийлэх аргагүй эрдэм. 

“Тухлах агшин”

Их тэнгэрийг эзэгнэх энэ сүрлэг жигүүртэн болбоос далайн түвшнээс 1000 метрийн өндөрт дүүлж, өдөрт 2000-3000 метр нисч идэш эрдэг. Эвэрэст уулын ёл бүр 7000 метрийн өндөрт нисдэг тухай ч тэмдэглэгджээ. Гол төлөв чоно, ирвэс, шилүүс, мөн бүргэд зэрэг махчин шувууд ангуучладаг газар орныг барааддаг аж. Цаадуулынхаа мөлжиж үлдээсэн сэг зэмийн ясыг л харуулддаг нь тэр биз.

Ооч ёл бээр ихэнх ясыг хошуугаараа буталж, цөмөлж иддэг.Том булуу ясыг тусгайлан сонгосон хадан дээр шидэж бяцлан хүртдэг. Тийм хадыг ёлын “дөш” гэх. Түүнийхээ эргэн тойронд идэшний ясаа нөөцлөдөг ч юм шиг. 

Гэхдээ бүхэл ясыг ч шууд залгин хайлуулж зооглодог онцлогтой. Шүлтлэг бөгөөд идэмхий шингэнтэй ходоодных нь ид шид. 

Амьтан, малын атгаал чөмөг, богтос чөмөг, бугалаг чөмөг, дунд чөмөг, шагайт чөмөг бол Ооч сахалтын тансаг зоог. Гэхдээ ёл бээр амьд мал, зэрлэг амьтан руу халдаггүй нь өвөрмөц. Харин ч тансаглахын тулд байгаль орчныг сэг зэмээс цэвэрлэж хүмүүнд тус дэм үзүүлдэг цөөхөн жигүүртний нэг.

Улаан номонд бүртгэлтэй боловч улам бүр ховордсоор буй Ооч ёлын цаашдын хувь заяа хүмүүний нинжин сэтгэлээс ихээхэн хамааралтай. Ёлын мах, ходоод, ялгадас зэргийг “олборлож” тав арван төгрөгөөр зардаг хууль бус наймааг эс цэгцлэвэл Монгол орон даяар, түүний дотор Говь Гурвансайханы алдарт “Ёлын ам” ч хоосон үлдэх цаг ойртож байж мэднэ. Нийтлэлээс минь хонхны дуу хангинах болтугай гэж залбирмой.


“Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас
2019-04-21