Бурхан болоочид зодуулагсад (I)


Талийгаач бол хамгийн аймшигтай өшөө авагч байдаг.

Учир нь түүнтэй хэлэлцэн тохирох арга байхгүй”

Судрын үг.

Нэг. Буяны өв

2020 оны хавар ХХ зууны монголын үндэстний сэхээтний нэг Л.Түдэв гуай бурхан болов. Амьдрал, уран бүтээл нь ХХ зуун монголын нийгэм соёлын амьдрал, хөгжил дэвшлийн толь болсонтүүнийг нэгэн үеийн сэхээтнүүд хүндэтгэн дурслаа. 

    Хатуу чанд үзэл суртлыг хэрэгжүүлэх амаргүй үүрэг, шинэ цагийн соёл боловсролыг дэлгэрүүлэх сэхээтний замнал, залуу үеэ өөд татах замаар үндэстнээ гэгээрүүлэх эрмэлзэл аль алиныг төлөөлөх хувь тавилан түүнд ногджээ. Ийм учраас өнгөрсний шүүмж, бахархал хоёрыг тэгш хүртэх одонд төрсөн нэгэн ч гэж болно. 

   Гэхдээ тэрээр, залуустай ажиллах сонирхолтойгоороо бусдаасаа ялгарч байлаа. Ерийн нэгэн бэртэгчингүүд өөртөө хал балгүй дэгжин дээшлэх замыг сонгодог бол тэр огт өөр. Өөрийгөө хөгжүүлэх, шавар намгаас ч хамаагүй биеэ татаж гаргах эрмэлзэлтэй болгоныг сайн муу, сайхан муухай ялгаагүй ялгаагүй дэмжих дуртай. Архи дарснаас болоод сургууль соёлоос хасагдсан зохиолч уран бүтээлчид, араншингаасаа болоод хүнтэй таардаггүй зарим сэхээтэн гээд олон амьтныг янз бүрээр өөд татах гэж оролддог хүн байлаа. Үүнийгээ ч зоригтой хийнэ. Тэрээр, залхуу хүнд л их дургүй, бараг л залхуучууд архичингаас дор гэж үзнэ. Жаахан ч гэсэн юм хийх гэж оролдож буй хүн, өөрийгээ шинэчлэх, боловсролоо бие даан дээшлүүлэх санаачилга олж харах бүрийдээ хачин их урамшдаг хүн байсныг мэдэх юм.

    Чухам энэ эрмэлзэл, зориг нь түүнийгхатуу чанд үеийн үзэл суртлын удирдагч, алдаа оноотой үеийн дарга албатны тухай дүгнэлтээс чөлөөлж үндэстнийхээ шинэ үеийн хөтөчийн хүндэт сууринд авчирч байна. 

    Тэрээр өөрт аятай суудлын төлөө явсан хуучин үеийн дарга нар, олдсон бүхий л боломжийг зөвхөн өөрийн гэр бүлдээ зориулсан бэртэгчин удирдагчдаас үүгээрээ ялгарч байгаа юм. Шууд болон шууд бус дэмээр нь өндийн бойжсон дараа үеийнхэнтэй байна гэдэг бол хүний төрлийг олсны хэргийг бүтээсэн нэгэнд олдох хувь. Энэ хувь бол түүний өөртөө бүтээсэн хойтын буян. Буян өөрийгээ арвижуулж байдаг гэгчээр ийм үлгэр нь утга учиртай амьдрах, хожмын өдөр хүндлэл хүлээх санаа сэдлийг бусдадаа үлдээж байгаа нь юу юунаас ч эрхэм. 

   Л.Түдэвийн гараар дамжигсад гэгдэх гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяраас эхлээд манай үеийнхэн авъяаслаг, уран бүтээлч сэтгэлгээтэй, туурвих эрмэлзэлтэй хүүхэд залуусыг дэмжихийн бөөн эрмэлзэлтэй хүрээлэл болон үлдэж байна. Энэ бол түүний хойч үедээ үлдээж байгаа өв, шашны ойголтоор бол буяны үр бөлгөө.


хоёр. Талийгаачаар зодуулагсад

Талийгаачийн буянтай зэрэгцүүлэн “Л.Түдэв гуайтай тааруу байсан байж болох” гэх хүмүүсийг бүрлээчийн өмнөөс үзэн ядах хөдөлгөөн өрнөв. Үнэн хэрэгтээ бүрлээчийн дайсныг гэхээсээ илүү өөрийн дайснуудыг талийгаачаар зодуулах гэвэл зохистой. 

     Хамгийн түрүүнд 1993 онд түүнтэй сонгуульд өрсөлдөөд ялсан П.Очирбатыг зүхэж эхлэв.Хэрвээ Очирбат гуай ялагдаад өгсөн бол тэрээр нь нас барахгүй учиртай байсан юм уу, гэмээр. Бурхан болоочийг нэр дэвшүүлээгүй нам, түүнийг дэмжин санал өгөөгүй сонгогчдийн гэмийг ухааруулах маягийн кампани өрнөв. 

    П.Очирбатаас эхлээд ялсан болгоныг долоололцож, унахаар нь өшиглөлцөж явсан заримууд хүртэл, хэрвээ Л.Түдэв гуай ерөнхийлөгч болсонсон бол өдийд жаргаж үхэх байсан тухай хээв нэг бичиж сууна. 

    Сайнаар дурсагдаж буй талийгаачаар дамжуулан, өөрийгээ талийгаачаас ялгаагүй буянтан болгон харуулах санаа юм биз дээ. Хэн нэгэн алдартан нас барахыг анаад сууж байдаг шиг байгаа юм, дараа дараагийн талийгаач нараар хэн хэнийг зодуулахаа төлөвлөөд л. 

   Бурхан болоочийн ажил явдал нь буяны шалтгаан, уучлал хүлцлийн ёсон байсан бол өдгөө адгийн шааруудын өшөө авах, өөрийгээ талийгаачийн зиндаанд дөвийлгэх боломж болоод талийж байна. Амьдчуудын дунд шовойх арга барагдахаар л талийгаачийн зиндаанд сайрхахдаа тулдаг байх даа.

    Бидний нандин дурсгал, хайртай бүхний нэрийг энэ шаарууд бузарлаад дууслаа. Эх оронч гэж ямар нандин эрхэмсэг үг байлаа.Улс үндэстнийхээ төлөө өөртөө байгаа бүхнээ, амиа хүртэл зориулсан баатруудын нэр байв. Одоо зүгээр л захын сүрдүүлэгч, луйварчны хоч болоод дуусав. Өнөө цагийн “эх оронч” нар ард түмний буянг өөртөө булааж, биеэ жаргаах ба юу яасны чинь  эх орны төлөө үхэх вэ, харин ч эх орноо хохироон урт насалж байх шив. Хуучин цагт эх орончийн нэгдүгээр шалгуур нь “эх орныхоо төлөө үхсэн байх” үзүүлэлт байсан нь ер нь шударга ч юм шиг.


гурав. 49 ба хязгааргүй төрөл

Бурхан болоочоор хүн зодох арга бол ХХ зууны монголын нийгмийн үзэл суртлын салшгүй хэсэг болж нийгэмшсэн үзэгдэл билээ.

   XVII зуунд Монголд Бурханы шашин дэлгэрснээр талийгаачийн араас мал амьтан төдийгүй хүний амийг таслан хойлголдог, заримдаа нялхсыг хүртэл егүүтгэж асан бурангуй ёс халагджээ.

    Түүний оронд бүрлээч нарынхаа араас буян үйлдэх болсон ба амьтны амь таслах, хэрүүл цуугиан өдөөхийг “төрөл олох 49 хоног” дотор хатуу тэвчинэ. Бурханы шашны номлолоор бол орчлонгийн хүрдэнд эргэлдэж байгаа амьтай бүхэн нирваанд хүртлээ нэг төрлөөс нөгөө төрөл шилжсээр явах аж. Нэг амьдралыг дуусгаад нөгөөд хүртэл хүлээх хугацаа 49 хоног гэж үздэг ба энэ зуурт үр хойч, ах дүүс, ойр дотныхон нь буяны үйлд онцгойлон шамддаг билээ. 

    Дашрамд өгүүлэхэд, төрөл дамжин сансрын хүрдэнд эргэлдэх учир болон үхлийн тухай бясалгал нь Буддизмд суралцаагүй хүмүүст сонин санагддаг. Тухайлбал, Загалмай мөргөлтэй хүмүүсийн энэ талаархи яльгүй марзан төсөөлөл Я.Хашекийн “ Эрэлхэг цэрэг Швейк” дээр их тод харагдана. Тэнд нэг хүний сүнс нь (шууд үхэх төрөхийг дамжихгүйгээр) үнээ, гахай руу шилжээд явсан хэсэг бий. Энэ бол Библи судар дээр Ийсус Христ муу ёрын сүнсийг хүнээс зайлуулан өөр амьтан руу шилжүүлдгээр баримжаалсан төсөөлөл бололтой харагддаг. Буддын ойлголтоор бол сүнс нэг биеэс нөгөөд шилжихдээ заавал “үхэх-төрөх” хэмээх үүдээр дамждаг хэмээн үздэг билээ. 

    Нөгөө талаас нь үхлийн тухай бясалгалыг “Амьдралын баяр хөөрийг үгүйсгэсэн зүйл. Өдөр бүр үхэхээ бодож амьдрана гэдэг бол утга учиргүй” хэмээн буруушаадаг. Буддын сургаалыг судлаачид үүнийг харин ч эсрэгээр нь “амьдрал төгсгөлгүй урт болох тухай сургаал” хэмээн тайлбарладаг.Тэд “Үхлийн тухай бясалгал бол амьдралд итгэх итгэл найдварыг нэмсэн гүн ухаан. Учир нь, үхснээр амьдрал дуусахгүй. Иймээс ганц амьдрах юм шиг утгагүй битгий яв. Цаана нь чилийсэн урт дуусашгүй замнал хүлээж байгааг сануулан итгэл ухаарал нэмсэн зүйл” гэж учирлаж байна. 

     Өөрөөр хэлбэл, амьдралыг хэмжих нэгж нь бусдаасаа ондоо. Зарим нь “Доржийн амьдрал бол төрөх цэгээс үхэх хүртэл татсан шугам” гэж тооцно. Харин Буддистууд “Доржийн төрөл, үхэл хоёр бол хязгааргүй урт амьдралын зөвхөн нэг хэрчим” гэж үзнэ. Ерийн ойлголттой хүн өнөө маргаашаа төлөвлөж амьдардаг бол Бурханы шашинтнууд дуусашгүй амьдралыг төлөвлөж зөв үйлийг үрийг хөгжүүлэх ёстой гэсэн үг. Энэ төрлийн бяцхан жаргал, ялихгүй гоморхол, хувийн хонзон зэрэг нь үлэмж агуу ирээдүйн сайхныг хөнөөх шалтгаан болж таарахгүй. Иймээс гомдол, муу санаа, хувийн атгаг тооцоог ооуучлал, өршөөлөөр цэглээд, тухай тухайн цэг дээр нь орхиж хаях ёстой гэсэн ч болно.

   Өөр хоорондоо “үхэх-төрөх” хэмээх уулзвараар холбогдсон тасралтгүй амьдралынхувь заяа нь чиний бүтээж байгаа үйлийн сайн ба муу үрээс хамаарна. Монголчууд “Сайн явах санааны, сайхан төрөх заяаных” хэмээн ярьдаг. Нарийн яривал сайхан төрөх ч санааных ажгуу.

    Энэ өнцгөөс харвал, талийгаачийн буяны 49 хоногт анхаарал татсан зүйлс гарч ирдэг. Өнгөц ажваас, сайн муу явснаас үл хамаараад хойтохын буяныг нь сайн үйлдвэл төрөл дээшлээд явчих юм шиг санагдаж болох юм. Улмаар, хангалттай буян үйлдэх хөрөнгө, түүнийг гүйцэлдүүлэх хүн хоёрыг сайн бэлдэж аваад ахиухан хилинцийг айж ичихгүйгээр үйлдэж болмоор ч юм шиг...

Үргэлжлэл бий.