Миний итгэл найдвар “Өдрийн сонин” З.Энхболдыг шүүмжилсэн анхны хараацай-ад болж яваа муу Э.Бат-Үүлийг амбаардаад З.Энхболд-улс төрийн үзэгдэл гэх том нийтлэл нэгдүгээр нүүрэндээ залжээ. Амбаардуулах дүү минь юу ч биш, С.Зоригийн араас ороогүй хойно. Аав чинь ингэж хэлэх байсан. Аавыгаа санагдуулсан нийтлэлүүд чинь хааны болон тайганы нууцыг хөндүүрлэтэл маажсан. Х.Баттулгын эзгүй талд бүтээсэн цочирдом сүрлэг эзэн хааны өмнө З.Энхболд алсыг ширтэх нь гадаадаас нөхдөө авчирч баривчлах зуулттай мэт. Оюутолгойн гэрээ хийсэн Ерөнхий сайд, Сангийн сайдаа, мөн Англи баруунаас татаад шоронд хорьсон элчингүүдээ суллаж, нүд ухах гэж хорхойссон хэрээнүүдээ гуагалуулаад удав. З.Энхболдын захиалга, сонины даалгавраар Л.Баттөр бичээгүй нь лав. Юу гэж вэ уншъя: УИХ-ын даргын сэнтийд суусан. Улс төрийн хамгийн том намын даргаар ажилласан. (Намаа сонгуульд унагасан гэж л арай буу халсангүй. Улстөрчдийн хор гардаг хоёр суудал гэнэ. Хор нь гараагүй шинэ хутгаар хуруугаа эсгэвэл хувилдаг гэх бүдүүлэг цагийн яриа байдаг. Харин хэдэн нөхрөө шоронд хатаавал улстөрчийн хор арилдаг бол?)... “хуулийн дор бүгдийг эмхлүүлэх гэсэн хахир тэмцэл... Хэзээ байтлаа монголын нийгэмд нэг өдрийн дотор 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлж, Шүүх засаглалтай дайн зарласан улстөрч байсан юм. (Чойбалсан энэ салбарт уг ньгологдомгүй тооцогдох ёстой маршал сан). Шүүх, Прокурор, хууль хүчний байгууллагууд чичирч байна. Эхнээсээ оргон зайлж байна... хонгилын хаалгаар орж, хана туургыг (З.Энхболд) улаан гараараа нурааж,..байна. Түүний телевизээр ярихыг нь хараад өмд нь нойтон оргих... луйварчид байна. УИХ-ын гишүүн гэх эрх дархтай зарим нөхдийг “өмдөндөө автал” нь сандаргаж байгаад их улс төрөө хийхээр дараагийн тэмцэлдээ гарлаа!” гэж Л.Баттөр бахдан бичжээ. 

Үхэх дөхөхөөр үр ач, цаашлаад ирээдүй хойч бодогдоод салахгүй юм. Залуусын тэмцэл хөгшин хүнд огт хүртээлгүй л дээ. Уучлаарай өвөөгөө Л.Баттөр өө. Зөвийг олох мэтгэлцээн унтрах ёсгүй байх. Арваад жилийн өмнө З.Энхболд өвгөн миний таашаалыг өгдөөж явлаа. Шинжлэх ухаанч сэтгэлгээ нь намайг татсан юм. Өдгөө түүнд миний урам хугарчээ. Бүр гомдсон учир би түүний тухай бичдэг. Миний мэргэжил бичих. Гомдол бол итгэлийн нөгөө тал. Итгэсэн нэгэндээ гомдоно уу гэхээс гомдлоо муу хүмүүст цацаад хүрэхгүй. Тиймээс би гомдомхой нялуун этгээд биш. З.Энхболдод би хэрхэн гомдсон бэ? Урьд бичсэнээ сийрүүлье:

Түүхий нүүрс авдаг их газрын гүн дэх орон нутгийн чанартай ганц гангийн үйлдвэр бол Бугат. Өндөр уулан дээрээс Бугат бараг харагдах газар оршдог. Тийш нь Таван толгойн нүүрсийг зөөх 267 км төмөр замыг 10 гаруй жил бариулаагүйг-хугацаа хожсон орос геополитик гэж би бичдэг. Энэ геополитикийн Монгол дахь нууц атаман нь З.Энхболд гэх хардлага төрөх үндэстэй. Учир нь тэр бээр төмөр зам хэрэггүй, нүүрсээ машинаар зөөвөл маш олон жолооч ажилтай болж Монголд илүү ашиг өгнө гэж 10 гаруй жил зүтгэж санасандаа хүрсэн лидер. Түүнд хариу болгож нийтлэлч Баабар “Нүүрсээ төмпөнгөөр зөөвөл бүр олон хүн ажилтай болох юм биш үү” хэмээн ёжилж байв. Аварга даацын хорь орчим мянган самосвалиар олон жил онгон говио там болгож тээсэн нүүрснээсээ олсон орлогоос шатахуун, сэлбэг, зам засварт өм цөм залгиулдаг нь “танк их буу” гэх марзан зохиомжийн ид шид. Хамгийн эмгэнэлтэй нь150 жолооч осолдож үрэгдсэн нүгэл, бурхны номоор бол З.Энхболдод үсрэх учиртай. Хөрөнгө оруулагчид дэд бүтэц, ялангуяа төмөр замтай эсэхийг эн түрүү сонирхдог. Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам бол гадны хөрөнгө оруулагчдыг татах гол соронзон билээ.

2012 онд барьж дуусах 267 км төмөр замыг оросууд зогсоосныг хулчгар бид биш тэдний нийтлэлчид эгдүүцэн бичдэг. Эрдэс түүхий эд шингээх ходоодоор дэлхийд нэгд эрэмбэлэгдэх манайдаа далайн гарц-аварга захын хажууд коксжих нүүрсээр энгүй арвин Таван толгой орд маань азаар оршиж байдаг. 267 км төмөр замаа 7 жилийн өмнө тавьсан бол машинаар тонныг нь 34 доллараар тээвэрлэдэг нүүрсээ галт тэргээр тонныг нь 8 доллараар, тонн нь 70 доллар дөнгөж хүрдэг нүүрс маань тонн нь 150 долларт хүрэхийг эдийн засагчид сануулсаар. 30 тэрбум доллар олох азхүү буурай Монголд нүүрлэснийг хаачихсан. Хайран мөнгө. Багахан хэсгээр нь бүх айлаа орон сууцаар хангах мөнгө гэнэ. 30 тэрбум долларыг хааж чадсан комбинаци нь ерөөсөө л танк их буу онигоо. Хятад их бууны суманд өртөлгүй, хятад танкинд няц дайруулалгүй мэнд үлдсэн болохоор төмөр замын хэрэгцээ амилж, шинэ гацаанууд өрнөлөө: Тувагийн Арцсуурь, Хөвсгөлийн Овоот, Зүүнбаян, Восточный гэх үлгэр зохиов. Ерөнхийлөгчийн засаглалтай болж нэг жолоодогчийн гарт атгуулахын төлөө З.Энхболд зүтгээд муу нэрт УИХ аврав. 

Таван толгой ордыг 200 жил экскаваторын шанагаар халбагадаад, 200 жил самосвалиар зөөхөд олборлолт тээвэрлэлтийн зардлаа нөхөөд, цаана нь асар их цэвэр ашиг унаснаар 200 жил хүн амаа ногдол ашгаар хахаах гэнэ З.Энхболд. (“Өдрийн сонин”). Энэ бол 267 км төмөр замыг гацаах З.Энхболдын ээлжит үлгэр. Нүүрсээ борлуулах өрсөлдөөнд орос ахдаа давуу байдал олгож буй нялуурал. Хэндээ нялуурна-хүний эрх л дээ уг нь. Гагцхүү ард олноо 30 тэрбум доллароор хохироож долигонохыг тэвчих зөв үү? 200 байтугай 100 жил хүрэхгүй нөгөө нүүрсийг маань шинжлэх ухаан үнс болгочих гээд байдаг. Тиймээс цагийн зүүтэй уралдсан хурд, өндөр хүчин чадал бидэнд амин чухал. Экскаватор самосвалиас цааш үнэ хүрэх овор бага баяжуулсан нүүрс, ДЦС, төмөр зам мөрөөдөх нь богино хугацаанд ахиу ашиг олж, дав даруй дэд бүтэцтэй болох хэрэгцээ монголчуудыг яаруулж байна. Гацаад буй төмөр замаар Таван толгойн нүүрснээс гадна зэсийн баяжмал болон дорно өмнийн бүлэг ордуудын эрдэс баялгийг ихээр хямд тээвэрлэж далайд гаргах боломж бүрдэх юм. Тиймээс ад үзэгдэж буй зам.

Нүүрсний магнат-орос олигархиудын тулгалтыг маниас нуух гэж хөглөхийг-буурай орны эмгэнэл гэж эерүүлье. Якутад баяжуулахаа барьчихаад олборлолтоо эхэлж буй “Колмар” мэт хувийн компаний ашиг сонирхол Монголд хэрхэн тусдаг гээч? Төрөөс баримтлах төмөр замын бодлого гэж том дуугараад байгаа нь орос олигархиудын тулгалтыг нууж буй царай нь чааваас. Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол гэж жүжиглэнэ. Өдгөө төмөр замаар бус пуужингаар эзлэх байлгүй. Цаатантай ижил хэдхэн нүүдэлчний юунд шунах вэ? Биднийг тоож довтлох гүрэн гарахгүй. Тэгж нэрээ баастах улс үгүй болсон.

Байдгаа сэгсэрч эхлүүлсэн Зүүн баянгийн 415 км төмөр зам чинь бүтнэ. Харин нүүрсээ өндөр үнээр борлуулж мөнгө олох чинь эхнээсээ худал байсан нь хоног хоногоор тодорно. Энэ удаа овоолог шороо бус овоолог нүүрстэй л үлдэх вий. 280 сая долларын үнэтэй овоолог шороогоо зөвтгөсөн шигээ хоёр тэрбум долларын үнэтэй Зүүн баянгийн төмөр замаа магтахын тулд Ханги Бичигт Хөөт хүртэл 600-700 км төмөр зам тавьж, дорнын бүлэг ордынхоо эрдсийг донхойтол экспортолно гэж хаазлав. Донхойтол хонхойтол экспортлох нүүрс лав түүхий нүүрс биш байх хатуу хоригтой. 600-700 км төмөр зам хэзээ ч бүтээ билээ, мөнгө нь хаана ч байгаа юм. Ийм ойрхон залиар мэхэлж элбэг дөнгөөд байгаа нь масс-бидний тэнэгийнх. Өөр хэний ч буруу биш. Ард түмэн минь тэнэг духаа шаа. Би ч гэсэн юм ухаардаггүй маанаг духаа шаангаа энэ нийтлэлийг бичиж сууна. Шулуулдгаа ухаардаггүй маанагууд шулаачаа магтсаар өлсөж үхэх тавилантай.

Зүүн баянгийн 415 км төмөр замд баясахын хамт лавхан хар. Энэ замаар тээвэрлэсэн нүүрснээсээ цэвэр ашиг хэдийг хүртэв гэх эцсийн үр дүн Монголд наалдах хөгжил. Ийш тийш зам тавина гэж хуурталгүй эхлээд юун түрүү суурь бүтцийн ихэнхийг 280 сая доллароор овоолчихсон 267 км-ыг 2019 ондоо ЭТТ-н ашиг 800 тэрбумаар түрүүлж барьснаар багсайтал мөнгө олоод 2020 онд Зүүн баянгийн тухай яримаар. Эцсийн тооцоо мөнгө олж нүүрсээ угаавал гарын ая даахаар бэлжинэ. Үнэ өндөр, тээвэрлэхэд хөнгөн. Энэ хожилыг хаасан гол тоглогч бол З.Энхболд. 65 суудалтай МАН төслөө хөдөлгөх бүү хэл эрх мэдлийн төлөө 4 жил харилцан бөгсөө ухалцаж бохиртойгоо холилдон балиартав. Монгол нүүрсээ баяжуулаад төмөр замаар зөөхийг хүлээвэл илжгэнд эвэр, эмгэнд сахал ургана. Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд хоёрын төмөр зам хойд мөсөн далай өөд алсран сунайж буй зэрэглээ.

“Өдрийн сонин” цааш нь “Таван толгойг танд үлдээсэн З.Энхболд энгийн биш их адармаатай улс төрийн үзэгдэл!” гэж дүгнэжээ. М.Энхсайханы ахалж боловсруулсан Таван толгой төслийг УИХ-ын 76 гишүүн сайжруулаад батлах вий гэж З.Энхболд айж замд нь тас цохьсон. Айсныг бодоход энэ төсөл батлагдсан бол тэр загнуулаад зогсохгүй балрах байв уу. Гэрээний ноорог Таван толгой ордоо үнэхээр 100 жил зүгээр өгсөн бол чуулганаар 76 талаас нь илчлээд М.Энхсайханыг шоронд хийхээс З.Энхболд аварсан хэрэг үү? З.Энхболд М.Энхсайханыг урвагч гэж дуулиантуулдаг болохоос Таван толгой ордыг 100 жил харийханд зүгээр өгснийг баримтаар өнөөг хүртэл нотлоогүй. Нотлохоос бултдаг. Гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй бултуулсан нь аварга ордоо харьд зүгээр өгсөн гэх гүтгэлгээ баталж чадахгүйд оршино. Таван толгой гэх аварга ордоо харьд 100 жилээр зүгээр өгөх хүн байх уу? М.Энхсайханыг би өмөөрөөгүй. “Зүгээр өгсөн”-ийг нотлоод эргэлзээ тайлаад өгөөч З.Энхболд оо. Ард түмний өмч аварга ордоо зүгээр өгсөн Энхсайханыг, бусдын агуу их баялгийг үнэгүй авсан Шинхуаг шившиглэе. 

П.Очирбат ярилцлагадаа “Дубайн гэрээ гэж ярьж, мэдээлэх нь буруу. Гэрээ, төлөвлөгөө гэх хоёр ойлголт чадамжийн хувьд огт өөр. УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр гэрээ байгууллаа, эрхээ хэтрүүллээ гээд байгаа... энэ бол гэрээ биш төлөвлөгөө. Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн нэмэлт арга хэмжээ авъя л гэсэн. Хэрвээ тийм арга хэмжээ аваагүй бол байдал хэцүүдэх байсан. Дубайн төлөвлөгөө бол цаг хожсон, хүндрэлийг газар авахуулж гүнзгийрэхээс сэргийлсэн үйл ажиллагаа. Тийм хүнд үед олон улсын банк санхүүгийнхэн Монголын Засгийн газарт итгэл үзүүлсэн нь өөрөө маш том өгөөж. Тухайн үеийн Засгийн газар зөв юм хийсэн. Гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн хүмүүсийг шоронд хийх бус харин шагнах хэрэгтэй. Энэ шийдвэрийн ачаар хоёрдугаар босоо амаа ашиглалтад орууллаа. Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Тиймээс Дубайн төлөвлөгөө бол Оюу толгойг аварсан төлөвлөгөө. Тухайн үед Засгийн газар төлөвлөгөөний төсөл боловсруулж УИХ-аар батлуулах гэж явсан бол лав хагас жилийн ажил болох байсан. Өнөөхийг нь батлаа ч уу, үгүй ч үү. Дахин онцлоход Засгийн газар цаг хожиж эрсдэлийг өөр дээрээ авч Засгийн газар шиг ажиллаж чадсан. Би хувьдаа Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд шиг ажилласан гэж хэлнэ” гэж геологи уул уурхайн инженер анхны Ерөнхийлөгч маань сануулжээ. 

Эрдэнэтийн 49 хувийг оруулж ирснээр Монголд ямар хохирол учирсан юм бэ З.Энхболдоо? Уурхайн төмөр замаа 10 гаруй жил гацаасны уршгаар хэдэн тэрбум доллараа алдаж, хэдэн жолоочоо хөнөөлөө? Ардын дайсан Америкийн тагнуул Элбэгдорж, Сайханбилэг, Энхсайхан, Баяр, Баярцогт гээд хүүхэд үүхэдгүй үзэн ядах эвгүй совин татнам. Гайгүй байгаа даа Гомбогүр минь, Эрдэнэзуу минь. Андуудаа намнах гэж хорхойсох, зохиолчдыг цочирдуулсан түүхтэй сэдэв шүү. Энэ тухай удахгүй гарах “Бид хэн бэ?” номынхоо оршлыг толилуулъя: залхуу хүргэвэл бүү уншаарай.

... ЗХУ-аар толгойлуулсан социалист лагерийн орнуудаас хамгийн буурай, хамгийн бөглүү Монголд 1990 оны өвөл ардчилсан давалгаа хуйларсныг гадныхан байтугай бид өөрсдөө анх талбай дээр очоод нүд чихэндээ итгээгүй. Арга ч үгүй. Тэр үед монгол хүн Улс төрийн товчоог огцор, МАХН-ыг тарааж, хөрөнгийг хураая гэсэн лоозон мандуулаад Ордон өөдөө хашгиралдах бүү хэл байгууллагынхаа хурал дээр даргыгаа нэр цохож шүүмжлэх осолтой байв. Ихээхэн хуцвал нам засаг Ц.Лоохууз, Л.Цэнд нарын замаар цөлөх буюу даварвал Д.Төмөр-Очир шиг төгсгөнө гэдэгт эргэлзэхээ больсон айдастай, эзэрхэг түрэмгий хэмжээгүй эрх дархтай нэг нам нэг хүн жанжилсан баргар нийгэм гээд бодчих.

90 оны өвөл яасан ч айхтар хүйтэрсэн юм. Уухилсан жагсагчдын халуурал идэр есийн жаврыг уятуулж дийлэхгүй, булгилсан зүрхний буцлам уриа хөлдүү орчлонд хэсэг зуур уур унтуу савсуулаад замхарна. Гэлээ гэвч тийм их хилэн, тийм их нягтрал 70 жил зүрхээ зүсүүлсэн аймхай монголчуудын хаана нь бүгж байв аа? Овоо доо муу тэнэг ард түмэн минь! Дор бүрнээ ингэж бахархсан. Цуглаан ганц удаа болоод унтраагүй. Цааш юунд ч хоригдохооргүй өрнөсөн нь нийт олонд горьдлого бүү хэл итгэл төрүүлж, эх орноо, ард түмнээ гэсэн омогшил аяндаа амилан дүрэлзэв. Зөвлөлт империйн мөхөл, социалист системийн нуралтад адгийн муу Монгол хүртэл зоригжсонд адгуус хэлд орсон мэт гайхсан, дургүйцэж ад нь хөдөлсөн зэвүүцэгч дотоод гадаадад бишгүй уурласан. Ядмагт дээрэлхдэг нууц дэлбэрсэн нь тэр. Их задралыг далимдуулан эх орноо гадны дарамтаас салгаж, өөрсдийн хүсэл, өөрсдийн үзлээр өөд татъя гэх зорилгод бүгд нэгдсэнээс бус ардчилал зах зээлийг дэвших баяжихад ашиглая гэх аминч санаа хараахан төрөөгүй, нилэнхүйдээ эх оронч хөөрлийн зурвас агшин байлаа.

Нам засгийнхаа эсрэг ухуулах хуудас наах амиа хорлохтой дүйж байсан цаг. Намайг эсэргүү хуудас наа гэвэл эр зориггүй хулчгар би бээр айхдаа “за” гэхчихээд НАХ-д сэм матаж магад. Ухуулах хуудас нааж хэн хэн тэнэгтэв ээ гэвэл Бат-Үүл, Сосорбарам, Амарсанаа гэх зулдрайнууд тодорлоо. Тэднийг яах бол? Шоронд бол бат. Арай буудчихгүй байгаа. Цус урсгасан 70 жилээрээ хүн зоныг чичрүүлсэн коммунист араатны өөдөөс амиа анх дэнсэлсэн Бат-үүл, Сосорбарам, Амарсанаа гэх жаалуудыг тэнэг мангар гэж дотроо битүү оношилж, хумсаа нууж асан мань мэт Зөвлөлт импер сэхэмгүй нурмагц ханцуй шамласнаа нуугаад яах билээ. Аюул суларсанд зарим нь анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан даа.

Индэр дээр заларч үг хэлэх Брежнев Цэдэнбал хоёрт оногдсон тусгай хувь заяа гэх хатуу ойлголттой цаг. Юугаар ч хамаагүй овойлгосон индэр маягийн юман дээр бээрчихсэн хэдэн жаал дэлхийд дийлдээгүй аюумшигт хэрцгий коммунизмыг устгая гэж уухайлах нь инээдэмтэй ч юм шиг, өрөвдөлтэй ч юм шиг харагдаж билээ. Хэлмэгдүүлж гаршсан харгис коммунист оронд индэр дээр гарч эсэргүү үг донгосох бүү хэл эхнэртээ хөнжилдөө цуурах осолтой үе. Гэтэл аймаар тэрс үг тэр хэдэн бөөдгөр жаалаас бүлтэрснийг би хувьдаа Монголын бахархал гэж хэзээ ч үнэлнэ. Өдгөө хараал зүхлийн бай болсон жаалууддаа би мэхийж явдаг. Тийм эр зориг тэр үед социализмыг амьхандаа битүү егөх нууц санаа тээгч шог зохиолчид байгаагүй юм шүү. Үүрээр үстэй дээл өмссөн Баабар цуглаанд оролцох замдаа манайхыг дайрав. Ачигдвал үстэй дээл хэрэгтэй гэж аав нь захьсан гэнэ.

Хоёр улаан хацар нь холцруутсан ч юм уу гэмээр малчин маркын Ц.Элбэгдорж явил биедээ дэндүү ахадсан, империалист америк л хэлдэг эсэргүү үг индэр дээрээс цуурч соц. нийгмийн нүдийг орой дээр нь гаргав. Илтгэгч Элбэгдоржийн ард индэрт зогссон Зориг Галсандорж Батсүх нарын залуусыг өөрсдийгөө их жолоодогчдын зиндаанд тавилаа гэж шоолсон. Цуглааныг дэмжигч, ажиглагч, эсэргүүцэгч нар алаглаж байв. Голдуу КПСС-ын курс Москвад төгссөн Дарханы нэхий дээл, орос булган малгайгаар гангарагч илүүдэл жинтэй идэрмэг албан хаагчид дооглох өө сэв хайж цуглааны араар хямсагнана. Хачирхалтай нь тэд ардчиллын үр шимийг өдгөөг хүртэл хүртэж, индэрт гарч адлагдсан анхны хараацай нараас лав л миний дурдсан гурвын нэг алуулаад хоёр нь наслаагүй.

Даварсан гэхэд дэндсэн том санаатай хэдэн бацааныг Санжаасүрэнгийн Зориг хэмээх монгол орос холимог цустай хүү толгойлж буй нь тэгсгээд илрэв. Орос ахаас угшилтай коммунизм гэгч ландрамыг тонилгох том санаа монгол оросын эрлийз хүүд төрсөн нь хувь тавилангийн хоржоон гэлтэй. Далан жил нар харалгүй гудайсан ард түмэндээ монгол орос эцэг эх учиртай хүү хайрлажээ гээд далдуур залбирсан хүн надаас эхлээд цөөнгүй. Социалист лагерьт ардчилал цунами мэт давалгаалав. Манай хэдэн жаал хоцорсонгүй өлсгөлөн зарлаж үр дүнд нь Улс Төрийн Товчоо ухаалаг алхам хийж огцорлоо. Үүнд сайд дарга нар болон тойрон хүрээлэгч явсан хуучинсгууд хорсоод бүтэж үхэх шахав. Зуйрган генерал Ж.Жамъян 1990 онд АИХ-ын чуулган дээр “Монголд өлсгөлөн зарлах гэдэг адал муухай явдлыг одоо үзэж байна. Ийм балмад этгээдүүдийг зэвгийн хүчээр дарах байсан юм” гэж бачимдаж байв. Гэтэл тэр ёсоор мөнөөх учиртай хүү-С.Зоригийгоо хутгаар сийчээд алчихав. Юутай аймшиг. Юутай гутамшиг. Ийм өөдгүй монголчуудын нэг болж төрсөндөө гутарнам. Эрх чөлөөгүй дарлагдсан дорой бидэнд монгол орос эцэг эх дундаасаа илгээсэн учиртай-дан биш давхар хүү байсан гэж харамсах мухар сүсэгтний зөв гэлтэй.

Бурхнаас хайрласан эрлийз хүүдээ монголчууд гашуудаж сүйрэв. Гэтэл олны өмөрсөн сэтгэлийг дөрөөлж С.Зоригийг хөнөөсөн алуурчийг илрүүлнэ хэмээн андгайлж, сонгуулиар санал хамдаг өөдгүй новшнууд үүсэв. Хөнөөчихөөд нэр алдраар нь өөртөө сэнтий хождог муухай яа. Монголд төрсөн нярай ардчилал ингэж өвчилсөн юм. Эмч жүжигчин сайхан орос эхийн Монголд бэлэглэсэн хайран хүү. Орост хайртай гэх нөгөө хийрхэл чинь хаачив. Монгол хүн алчихав уу, гаднаас хөнөөчихөв үү? Эрдэнэтээс болов уу, Эгийн голоос шалтгаалав уу гэж халаглаад л мухардсан. 

Муу эр дайнд хөөрдөг. Урьд хувьсгалын (ялангуяа нугалааны) түйрэнгээр өндөр албанд хамгийн өөдгүй хүн хүрч түйвээдэг байв. Одоо ч ижил шив дээ. Аллагын халуун мөрийг түүчээлж мөшгөсөн тушаалд донтой Мөрөн гэгч цагдаа намайг УИХ-ын гишүүнээр сонговол би Зоригийг хөнөөсөн алуурчдыг олно гэж телевизээр олонтаа амласаар гишүүн болсон. Тэгээд андгай тангаргаа таг мартсан. Түүнийг яагаад худал амлав гэж сонгогчид нь ч хариуцлага нэхээгүй. Харин нам нь насаар нь том дарга болгож хүслийг хангасан нь сэжигтэй. Ямар гавъяаны хариу төлөөс юм бол? Өдгөө худалч хулгайч суга дэвшдэг шившгээ нуухаа болиод бүр ил задгай хавтгайрч бараг гангараа болох шив. Үүний төлөө цуглаж жагслуу? 

90 оны цуглаанаас дэвшүүлж асан үнэт үгнүүдийг хэлсэн эзэдтэй нь хамт булшилж орхиод авилга хулгайн замд оржээ. Анхны цуглаануудад ардчилагч нарын амнаас гарсан халуун амьсгаа 90 оны идэр есийн тэсгим жаврыг уятуулж чадалгүй хэсэг зуур цайран савсаад замхарч байсан нь тэр үед ёргүй санагдсан билээ. Бөмбөрцгийн хөлдүү мухар гэссэнгүй. Уг нь жагсаал цуглааны цуурай, уур амьсгал итгэл төрүүлэм хийморьтой өрнөсөн юмсан. Иргэн баян бол өрх баян. Өрх баян бол улс баян. Хувийн бизнес, хувийн худалдааг дэмжинэ. Хэнд овсгоо байна, түүнд баяжих зам нээлттэй. Шинжлэх ухаанч үнэмшилтэй уриа, ардчиллын өлгий гүрнүүдийн онол, хэрэглэсэн туршлага итгэл төрүүлсэн.

Гэвч хөгжилд хүргэсэн хүн төрөлхтөний туршлага онолтойгоо хамт Монголд ардчилсан маскаар нүүрээ нуусан пости коммунистуудад дийлдсээр үнэ цэнээ алдав. Хуучинсгуудыг ялалтад хүргэсэн хөгжөөн дэмжигч дэндүү олон байлаа. Тэд бол зуун дамнасан төөрөгдөл нь сэтгэцийн эмгэг болсон харанхуй масс юм. Цагаан морин жилийн анхны алтан хараацай С.Зориг хөнөөгдөж, буриад хөвгүүн Э.Бат-Үүлийг буриад оросын эрлийз журмын анд С.Зоригийгоо алсан болгох гэж журамлаг хүний амнаас унамгүй бузар гүтгэлэг цацаж шоронд хориод нотолж чадалгүй аргаа барсандаа суллав. Баабар, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Д.Ганболд, С.Цогтсайхан, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар хужаа, эрлийз, хурлийз, барууны гар хөл гэгдэн адлагдаж, АН-д шургалсан хил дамжиж “гахай” чирэгсэд гадны оронд ханилж яваа нутаг нэгтнээ хулхиддаг ганзагын сэтгэхүйгээр Төр Засгийг жолоодов. Ашигт малтмалын агуу орд булаацалдсан ганзгач угшилтай булчинлаг лидерүүдэд ардчиллын оюунлаг партизанууд ялагдаад гонгүй болжээ. Тэднийг Бодоо Данзан Лосол Догсом Гэндэн Дэмид Амар Лхүмбэ нар шиг хэлмэгдүүлэхгүй өнгөрвөл золын заяа гэж залбирах үлдэв. Сталин Чойбалсан нарыг санагдуулагч нар хүчижлээ. Буудан хороохыг Монголд өрнөсөн ардчилал түдгэлзүүлсэн нь хилсээр үрэгдэх халуун амийг аврах буй зээ гэж мөргөе. Партизанууд хоцрогдож болох ч 90 оны өвлийн тэсгим жаварт цуурайтаж асан үзэл баримтлал ялагдсанд өвгөн зохиолч харамснам. Тиймээ, ардчиллын үнэт зүйлс замхарсанд энэхүү навтаргыг эрээчив.

Монголын нийгэм Баабар Бат-Үүл Элбэгдорж Энхсайхан нарыг 30 жил зүхлээ. С.Зориг амьд бол түүний зүрхэнд хараалын сум бүр ч олон тусаа. Зүхэл нь ой гутам. Хүзүүгүй тарвага, салга, хужаагийн бөгс долоогч гэх мэт магадлах ямар ч үндэсгүй хоосон хараал. Хүзүүгүй тарвага шиг галбираас ямар гай оргилох вэ? Салга эмгэг хөгжил гацаах уу? Хужаагийн бөгсийг долоох муухай оросын бөгсийг долоох сайхан гэх гээд байна уу? Жагсаж цуглаж өлсөж явсан хөвгүүд охидоо тэгж зүхэх надад эвгүй. Сэжиг хүрэм хараалын давалгааг уухайлан түрэх шившиг. Тэд хүн алаагүй. Харин нэгийгээ алуулсан. Монголыг тэд яачихсан юм бэ? Бие даалгах, ардчилах, чөлөөт зах зээлд оруулах, иргэдээ эрх, өмчтэй болгох гэж мунгинаа биз дээ. Цоо шинэ замаар Улс удирдахад бишгүй л алдаа. Гадна дотны шахаа гацаанд дээрэлхүүлж лусаас заяасан боломжоо ашиглаж чадаагүй. Гэвч эх орноо хар. Ямар болж? Хоол, хувцас, сууц, хот, замаа шинж. Дэлгүүр, захын лангуугаа 80-90 оныхтой харьцуул. Ололт бүхнийг тэдэнд өмчлүүлэх гэсэнгүй. 

Бяцхан Монголд өрнөсөн хэврэг тэмцэл хэрхэн төгсөх нь бүрхэг-эрсдэлтэй үед босогчдын араас ил гарч нүүрээ харуулаагүй Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар ардчиллын ховор ялалтын буянаар Төр Засаг жолоодож үзлээ. Коммунист дарангуйллын өөдөөс эсэргүү үг анх зориглож уухайлсан жаалуудаас гадна тухайн үед тэднийг няц дэвсэх гэж онголзсон Ч.Улаан, Ц.Нямдорж нар ч ардчилагчид гэгдэх ёстой гэнэ. Харааж байсан ардчиллаа булаацалдаад дундын өмч болгож санаа нь амрав. Намайг 50-тай хэнз өвгөн байхад тэмцэлд боссон залуус 20 гаруй насныхан байсан учир би тэднийг дүү нараа гэж хазайсан талаас нь түшихийг хичээж ирлээ. Нүүдэлчдийн коммунаас анх ардчилал соёолуулсан дүү нартаа мэхийдгийг минь зүхвэл зүх. Би бэлэн. Хараал эзнээ гутаах эрсдэлтэйг тооцоорой. Хорвоогоос тонилсон хойно ч надад монголчуудын минь нэр алдар хайран гэдгээ давтъя. Намайг зүхэгчид ч Монголын нүүр царай. Утгагүй зүхлээ хаяад ухаанаар уралд. Нүүдэлчдийн коммунаас ардчиллын үр соёолж баруун зүүнгүй магтагдаж дуулиантсан зул бүдгэрлээ. Бүрэн бөхөөчихгүй юмсан монголчууд аа.

Хувьчилсан өмчөө эргүүлэн хураахаар сэлэм эргүүлсэн Ерөнхий сайдаа уухайлан алдаршуулав. Баячуудын амины орон сууц, хаусуудыг булааж ядууст тараах Нам ч товойлоо. Мал сүргээ хуу нийгэмчилсэн баатарлаг туршлага ч уг нь бэлэн бий дээ. Оджаргалын хөрөнгө түүний өмч биш газрын баялаг учраас ард олон хувааж эзэмшихэд хуульгүй гэж З.Энхболд ятгаад байдаг. Оюунлаг чадварлаг журамлаг хөдөлмөрч орнуудыг хөгжилд хүргэсэн ардчилал Монголд эдийн засгийн алуурчаар хочлогдон гологдлоо. Чөлөөт зах зээлийг монголчууд дийлснээр орос ахын үнэнч коммунист хувирашгүй шавь гэдгээ нотлов. Мөнгөжсөн Хятадын хөрөнгө цутгавал ашигт малтмалаар арвин Монгол суга хөгжөөд сонгодог парламент, гурав дахь хөрш гэх мэтээр орос ахаа хилэгнүүлэх нигуртай. Мега төслүүд гацсан шалтгаан ердөө энэ. Энхрий хайрт ганц дарангуйлагч намаасаа гадна олон намтай болтол шинэ намууд дотроосоо өтөж путинчүүдийг баясгав. Гучин жил гичийний ноход шиг дээр дороо орсон уралцаанд аль ч нам 3 сая гаруй иргэнийхээ хань биш, зөвхөн эрх мэдэл мөнгөний төлөө зодолдсоноо таниуллаа. Хүрсэн ганц үзүүлэлт-90 оны ардчилал хулгайч намуудаас болж ад болов. Намууд гэдэг монгол хүмүүс. Ингэхэд бид хэн бэ? Өөр лүүгээ харахыг өвгөн зохиолч энэ номоороо уриаллаа. Хүн бүр шахам үглэж шаналдаг ул болсон цуурхлуудыг бүлэг, гарчигт цэгцлэн хумьж уншигч олноор шүүлгэе гэснээс аргисан тархиныхаа мунхаглалыг тулгаагүйгээ өчье. Гишигсэн мөрөө эргэж хар! Сүүдрээ ажиглаж биеэ зас! гэдэг монгол сургаал дор “БИД ХЭН БЭ?” номоо бүрдүүлэв. Худлаа муулах, худлаа магтах хоёул шившигтэй. Зөнөг өвгөн мэдээж бишгүй будилаа. Намайг залруулаад ардын сургаалаа баримтлаад залуус та нар “өөрсдийгөө хэн бэ” гэдгээ орчин үеийн шинжлэх ухааны аргаар шүүгээрэй. Уншигч та нарыг минь бурхан өршөөг.

2020-02-19