Aвсаархан Төр
Төр авсаархан байх хэрэгтэй гэдгийг монголчууд ярьдаг болсон, хүсдэг болсон, тэгэхдээ хэрхэн хэрэгжүүлэх арга барилаа олоогүй. Тэр 8.2 сая хүн амд 38 мянган төрийн албан хаагч ногддог гэсэн тоо манай 3 сая хүн ардад төдий орчим төрийн албан хаагч ногддог гэсэн хоёр тоон харьцуулалтыг хэргээр хийгээд үзээрэй. “38000:200000”–ямар харагдаж байна?
Монголд хэрэгтэй туршлага бичсэнгүй гэх гомдол санал их ирдэг. Бичье сурталчлая гэвэл маш их баримт гаргалгаа надад байна. Сингапурыг жишээлж баахан бичсэн бол одоо Швейцарийн Холбооны Улс (ШХУ) руу хараа бэлчээе. Хүлцэж уншина уу. Өөрийн биеэр хоёр ч удаа очиж туршлага судалсан тул худал гөрдөөгүй бичиж байна. Төвийг сахих туршлагыг нь би Монголдоо тусгая гэдэг дээрээ тууштай зогсож байгаагаа дахин өчье.
Зохиогч Швейцарийн парламент буюу Холбооны Ассамблейд
“Швейцарь”, “Нейтралитет” гэдэг хоёр үг амьдрал дээр яг синоним үгс мэт. Швейцарийн эрдэмтэн Эдгар Бонжурын хэлснээр швейцарийн нейтралитет гэдэг ойлголт швейцарь улс үндэстэн үүссэн цаг үетэй хамт буй болжээ. XIII-XIV зууны үед феодалын олон гүнлэгүүд өвөр хоорондоо ширүүн тулалдаж, цус их урсаж байх үед «stille zu sitzen» (үгчилбэл номхон хүлцэнгүй, дуугүй сууж бай) гэдэг ийм нэг хэлц үг гарсан нь хожим нейтралитет буюу төвийг сахих гэж хэвшсэн аж.
Одоо хагартлаа баяжчихаад төвийг сахиад болоод буй, харин ядуу буурай Монгол энэ цаг үед болохгүй гэдгийн эсрэг бичиж байна шүү. Швейцарьчууд үгээгүй ядуу, бүр нурах дээрээ тулчихсан үедээ төвийг сахисан юм шүү.
Швейцарь нь төвийг сахина гэдгээ тусгаар тогтнол, эв нэгдэл, Швейцарийн эрх ашгийг хамгаалах, өөрийн улс үндэстний онцлог төрхөө хадгалах гол хэрэгсэл, ялангуяа улс үндэстнээ нэгтгэх, зохион байгуулах нэгтгэгч үзэл суртал, конфедерацын төрийн шинэчлэлд тулгуур үзэл хэмээн үздэг юм билээ. Тус улс 2324 коммун, тэдгээрийг нэгтгэсэн 26 кантонтой. Тэр 26 муж улс нь нэгдэж нийлээд нэг конфедерац буюу“Холбооны Улс” болно. Үндсэн хүн ам нь 4 хэлээр ярина: 64.9 хувь нь германаар, 22.6 хувь нь францаар, 8.3 хувь нь италиар, 0.5 хувь нь романш хэлээр, үлдэх 21 хувь нь гадаад хэлтэнгүүд. Бас олон шашинтантай: 38.2 хувь нь роман католик, 26.9 хувь нь протестант, 4.9 хувь нь лал, 7.3 хувь нь бусад шашин, 21.4 хувь нь шашингүйчүүд. Ийм олон аймаг, сум, хэлтэн, шашинтны улсад төвийг сахисан байдлаар л улс төрдөө хандана.
Юуг хэлж байнав гэхлээр төр–засгийн бүтэц нь нэн энгийн, авсаархан, бүх төр, засаг нь нэг байшинд төвлөрсөн, холбооны улсын гүйцэтгэх засаглал нь Холбооны Зөвлөл, хууль тогтоох засаглал нь Холбооны Ассамблей, шүүх засаглал нь Холбооны Дээд Шүүх. Холбооны Зөвлөл буюу Засгийн газар нь 7-хон гишүүнтэй, 8 дахь гишүүн нь Холбооны канцлер. Тэр нь ЗГХЭГ-ын дарга нь бололтой. Ерөнхийлөгч гэж нэрлэгдээд байгаа хүн нь тэр улсын Төрийн тэргүүн биш, тэр хүнийг нь ард түмнээс сонгохгүй, парламентаас нэг жилээр сонгоно гэхчлэн. Ерөнхийлөгч нь төр тэргүүлдэггүй цорын ганц улс л тэр байна.
Авсаархан, цомхон төр гэдгийг ШХУ нь байнгын Ерөнхийлөгчгүй, Ерөнхийлөгчийн институцигүй, аппаратгүй, орон тооны нүсэр Засгийн газаргүй, байнгын бус гишүүд бүхий парламенттай гэдгээр хэлж буй хэрэг. Тус улсын Ерөнхийлөгч нь аль нэг яамны сайд байхын сацуу Засгийн газраа нэг жилээр тэргүүлнэ. Ерөнхийлөгч бол нэг жилийн настай танхимын тэргүүн. Танхимын дараагийн нэг сайд нь хойтон жил Ерөнхийлөгч болно. Тэр сайд нь Дэд ерөнхийлөгчийг ганц жил давхар хашина. Энэ мэт 7 хүн ээлжлээд байна. Намайг тэнд очиж байх үед Ерөнхийлөгч нь 2010 оноос Холбооны Эдийн засгийн яамыг толгойлж байсан ноён Йоханн Шнайдер-Амманн гэгч байсан. Тэрээр 2015 онд Дэд ерөнхийлөгчөөр хавсран ажиллаад 2016 онд Ерөнхийлөгч болж байсан. Тэнд Холбооны Засгийн газрын яам нь “яам” гэж нэрлэгдэхгүй, Холбооны Департамент гэнэ, сайдыг нь “сайд” гэж нэрлэдэггүй, Холбооны зөвлөх гэнэ. Энэ нь сайд дарга гэж онцгой эрх дархтай, нэр хүндтэй эрхмүүд байдаггүй, өөрөөр хэлбэл улс төрдөө төвийг сахиж буй хэлбэр нь тэр болно.
Парламент нь хоёр танхимтай. 1. Үндэсний Зөвлөлд нь 200 гишүүнийг 8.2 сая ард түмнээсээ пропорциональ санал хураалтаар 4 жилээр сонгоно. 2. Төрийн Зөвлөлийн 46 гишүүнийг засаг захиргааны нэгж-кантонуудаас (муж улс) сонгоно. Хоёр танхим нь нийлээд Нэгдсэн Холбооны Ассамблей гэж нэрлэгддэг, дэлхий нийтийн жишгээр бол парламент нь. Парламент дахь суудлын тоогоор намуудаас нөгөө 7 яамны сайд нь тодорно.
Швейцарийн Төрийн том 7 эрхмийг танилцуулж байна
Гэхдээ их хурлын 246 гишүүнийг улс тэжээж, цалинжуулж, тэднээр хууль тогтоолгож суугаа гэсэн үг биш. Бүгд дор бүрнээ хийдэг үндсэн ажлаа (багш нь багшаа, эмч нь эмчээ, хуульч нь хуульчаа гэх мэтээр инженер, банкир, фермер, төрийн албан хаагч, шинжлэх ухаан, урлаг соёлын зүтгэлтэн нь үндсэн ажлаа хийнэ) хийгээд явна, чуулгандаа ирж оролцоно. Эндээс ажвал төр–засаг нь ч төвийг сахих нэрэндээ яг тохирсон мэт. Үнэндээ тэнд албан тушаал сонин биш. Төр-засгийг хэн ч сонирхохгүй. Энгийнээр тайлбарлавал манайд моод болсон тэр гишүүн, сайд, даргад мөчөөрхөх, үхэлдэх явдал тэр улсад огтоос байхгүй.
Ийм олон аймаг, сум, хэлтэн, шашинтны улс гэхэд нийслэлд нь болон төр-засгийн төв ордонд нь эл хуль, нам гүм, төр засаг, сайд түшмэд, түшээд гэж харагдахгүй, тэд нь сонирхол үл татах тийм газар. Нийт 8.2 сая ард түмэнд үйлчлэх үүрэгтэй Холбооны засаг захиргаа нь уртаашаа 38 мянган албан хаагчтай, түүнийгээ “38 000 strong federal staff” буюу дархлагдсан 38 мянган холбооны албан хаагч гэж нэрлэнэ.
Тэгвэл харьцуулаад үзэж болно. Манай төрийн албанд 200 мянга давсан тооны хүн ажилладаг. Нийт ажиллагсдын 70 хувь нь төрийн үйлчилгээний албан хаагчид. Харьцуулахад 38 мянга гэдэг бол манай улсын дэргэд дэндүү бага үзүүлэлт. Тэнд 8.2 сая хүнд 38 000, энд Монголд 3 сая хүнд 200 000 ногдож байна.
Харин швейцарьчуудын байнга хийдэг, залхвал залхмаар нэг айхтар ажил байнаа. Тэнд байн байн ард нийтийн санал хураалт явуулна. Барилга байшин барих, зам тавих, гүүр барих нураахаас эхлээд НҮБ-д элсэх хүртэл бүх асуудлаар ард түмнээр шат шатандсанал хураалгаж байна. Консенсус ба компромисс гэдэг синоним үгс нийгэмд хэвшсэн. Нийтийн тохиролцоо ба буулт хийлт гэж буулгаж болно. Энэ нь ч төвийг сахисных нь бэлгэдэл, үр дүн ажээ.
Монгол руу татаж авчран хэвшүүлэх тэргүүн туршлагын тухай дээр өгүүллээ. Төр авсаархан байх хэрэгтэй гэдгийг монголчууд ярьдаг болсон, хүсдэг болсон, тэгэхдээ хэрхэн хэрэгжүүлэх арга барилаа олоогүй. Тэр 8.2 сая хүн амд 38 мянган төрийн албан хаагч ногддог гэсэн тоо манай 3 сая хүн ардад төдий орчим төрийн албан хаагч ногддог гэсэн хоёр тоон харьцуулалтыг хэргээр хийгээд үзээрэй. “38000:200000”–ямар харагдаж байна?
Тэнд улс төрийн намын тогтолцоо нь хэр байдгийг үнэхээр мэдэхгүй. Бидэнд түүнийгээ үзүүлэх юм биш. Бодвоос тав гурван нөхөр суудаг контор, зарим орой шар айрагны газар цугладаг клуб л байж таар аа. Манайд бол ялсан нам нь үнэнч боловсон хүчнүүдээ байршуулах цорын ганц боломжит талбар нь Төрийн алба учраас данхайлгахаас өөр арга байхгүй. Бараг гурав дахин бага хүн амтай хэрнээ бид төрөө хэт данхайлгаад байгаагийн ганц зөвтгөл нь энэ юм. Харин Төр хэт данхайсны хор уршиг (үргүй зардал, хүнд суртал, авилга, найраа гэх мэт) гэвэл манайхан ам шүдээ билүүдэхэд яг бэлхэн.
Тийм учраас авсаархан төр хэмээн дээр ухуулж уриалж бичлээ. Дотоод улс төрдөө төвийг сахих тухай монголчуудад анхны мэдлэг өгсөн бол би энэ нийтлэлээ бичсэний хэрэг бүтэх нь тэр.
Миний нийтлэлийг боорлох бэлэн зэлэн үгсийг чинь би мэдэж байна. Тэр улс гэж хагартлаа баяжчихсан, дэлхийн банкнуудын төв болчихсон, барагдахгүй их мөнгөтэй (манайхны нүдэнд бөөн мөнгө харагдана!), тэгвэл бид гэж энд ядуу дорой, төр-засаг нь буруу тавилттай гэх биз. Швейцарь хүн гэж ертөнцөд ирэхдээ бидэнтэй яг адилхан ирсэн, монголчуудаас илүү гарах юм нэг ч байхгүй, илүү ухаан, илүү гар хөл тэдэнд заяагаагүй. Бид яачихсан болоод туршлагыг нь авч хуулбарлаж болохгүй гэж?
Тийм төсөөллийг буулгах гэж энэхэн нийтлэлээ толилуулав. Хүлээн авах эсэх нь Таны эрх!