Ээж нь уйлмаар байна
Хөөрхий үр минь. Дөнгөж наймхан настай юм шүү гэж Хоролмаа шивгэнэтэл хамаг бие нь сув сул болчихов. Хамжаа болох хүний бараагүй зэлүүд нутгийн ганц гэрийн ядарсан эмэгтэй, түших тулах үрээ хараад хэсэг зуур ч атугай бие сэтгэлийнхээ хөвчийг сулруулсан нь тэр буй зээ.
Идэр есийн жавар хурууны өндөг час час чимчигнүүлж, хацар хорстол ороолгоно. Үхрийн халуун гэдэснээс дөнгөж сая газар унасан шинэхэн нойтон бааснаас хэсэг зуур уур савссанаа өнгөн тал бууралтан цанатаж төдөлгүй тагхийтэл товууцна. Хоролмаа үхрийн зэлэнд хөглөрөх хүйдэс, нойтон баас савардан шээзгийд шидэлнэ. Эзэгтэйн турьхан гарт савардсан хүнд хүйдэс даагдахгүй, тэр бээр савраа хоёр гардан өргөхчөө аядаж шээзгийд чулуудахад сайн хөлдөөгүй паглагар хүйдэс бургасан шээзгийг яйжигнуулан паг паг унана.
Уулын хажуугийн ташуу жалганд өвөлжиж буй ганц гэрийн өрх салхинд дэрвэж дотор нь нялх хүүхэд чарлах бөгөөд галгүй зуухны яндан хөсрийтөн зэвийж төмөр хоргондоо холхин торжигнох чихэнд чийртэй. Өвөлжөөний хойд хамрыг ирмэглэн хөр цас хот руу өнгийж хунгарласан нь дор нь буй ганц гэрийг бүр ч жиндүүлэх ажээ. Бэржээнтэн өрх хүчтэй салхинд тооноо зай завсаргүй пад пад алгадан балбах агаад нялх хүүхдийн уйлах чимээтэй дуу авалцаж нөөлөг улам хөгжөөнө.
Хоролмаа арагныхаа тэг дундуур хөлдүү нойтон хүйдэс хийгээд оосроос чирэх гэтэл хүч хүрсэнгүй. Хүйдэсний хүнд гэж хачин. Хар өглөөнөөс хойш энэ айлын гадаа гэр дэх явдалд гойгорсон Хоролмаагийн тамир мөхөстөж сэтгэл үймэрнэ. Тэгээд ч хөл хүндтэйг хэлэх үү. Бөөн үстэй зузаан дээлэндээ бүсгүй түүртэх агаад том эсгий гутал өтөг бууцанд зууралдаад тэнхээг улам барна. Арагтай хүйдсээ Хоролмаа үгтээн чирсээр томхон хөрзөнгийн дэргэд хүрлээ. Газраар чирэгдсэн лужир арагны мөр хөглөрөх бууцан дундуур сүрхий тод зам татуулсан нь хүндийн жинг илтгэнэ. Хоролмаа хэсэг амс гээд шээзгийгээ арай гэж газраас хөндийрүүлж мөнөөх томхон хөрзөн дээр гаргаж тавив. Тэгээд бохирч суугаад оосрыг хүзүүндээ углан саврынхаа ишээр газар тулан өндийх гээд даасангүй. Дахин нүдэндээ гал манартал зүтгээд дийлсэнгүй. Зориг дутна. Өглөөнөөс хойш тэр бээр арваад шээзгий хүйдэс хажуугийн өндөр хамар өөд мацан мацан зүтгэж асгасан билээ. Хөлдүү хүйдэстэй нүсэр араг хүүхний ууцан дээрээс тэсэхүй еэ дарахад нүд нь бүрэлзэж хөл нь гуйвж байсан нь санагдаж зүрх зоригийг мохоожээ. Иймээс Хоролмаа зүрхшээд энэ удаа арагтай ачаагаа дааж боссонгүй. Тэр эхлээд арагаа хүйдсээр дүүргэж байснаа зугуухан багасгасаар тэг дундуур зөөдөг болсон нь ийм учиртай юмсанж. Хоролмаа саврынхаа ишийг өтгөнд лав хатгаад түүнээс чангааж дахин зүтгэтэл хаалганы нь суларч ганхсан хавтас тар хийн онгойж гэрээс дөрөв таван насны охин толгой цухуйлган,
-Ээж ээ! Дүү уйлаад намдахгүй байна аа гэж дуудав. Хүнд арагаа газраас хөндийрүүлэхээр зүтгэж суусан Хоролмаа охиныхоо гэнэтийн дуунд цочоод гэдрэг налан ойчиж, хүнд үүргээ газар суурилмагц,
-Юу болчоов? гэж хий ундууцав. Уцаарласны учир гэвээс охиныгоо дуудаж саатуулаагүй бол арагтай хүйдсээ аль хэдийнэ үүрээд хоёр хөл дээрээ босчихсон доо гэж харамссан юмсанж. Охины дуу дахин гарч “Дүү уйлаад болихгүй байна аа. Би бас даараад байна” гэв. Хүйтэн гэрт даарах нь ч аргагүй дээ гэж бодох зуур Хоролмаа,
-Гал нь бүр унтарчихсан уу? гэхэд охин,
-Аль түрүү унтарчихсаан гэнэ. Хоролмаа арагтай хүйдсээ зориг дутсанаас дааж босоогүйгээбагцаалаад охиноо дуудаж,
-Миний охин ээжийнхээ гараас татаарай. Ээж нь шээзгийгээ дааж босохгүй байна гэлээ.
Өрх дэрвэж гэрт хүүхэд орилно. Охин хүрч ирээд ээжийнхээ гараас чангаав. Хоролмаа охиныхоо угзрах дэмийг даган босохоор шүд зуун өндөлзтөл өрөөсөн цавь руу нь дуу алдтал хатгаад сөхрүүлчихлээ. Нүд нь эрээлжлэн хавийн уулс дайвалзан, оргилууд нь уруугаа хөнтөрчихөв. Тархи нь задрах мэт янгиналаа. Шээзгийгээ нуруугаараа налсаар буцаад суучихсан ээжийнхээ гараас охин зөөлөн дугтчиж,
-Ээж ээ. Та яачихав аа? хэмээн шулганав. Хоролмаагийн чихэнд юу ч сонсогдсонгүй, гагцхүү охин нь түүнд үг хэлж буй янзтай ам нь хөдлөхийг анзаараад дэмий л,
-Гайгүй ээ. Ээж нь зүгээр гэж дөнгөж өгүүллээ. Тэсэхийн аргагүй хатган өвдөж буй авч ёолж охиноо айлгахгүй дээ гэж шийдсэндээ тэр хөмхийгөө зуужээ. Уулсын торгон оргил салаалан чихэнд алс холын бөглүү нүргэлээн хүнгэнэж зүрх нь оволзов. Тэгтэл Хоролмаагийн хэвлийд бяцхан үр нь арваганан сарваганан тонгочлоо. Хүүхний дотор улам муухайрч огидос нь хүрэхэд яагаад ч юм галгүй хүйтэн хонгил гэрт аль түрүүнээс хойш орилох нялх хүүхдийн нь дуу тодров. “Үхэж болохгүй шүү” хэмээн Хоролмаа өөртөө захиад нүдээ анин уужрахыг хичээлээ. Таг дуугүй хэсэг суув. Хүйтэн гэрт бээрсэн нялх үр нь бархирна. Дэргэд нь дөрөв тав хэрийн насны охин нь ямар нэг үг шулганана. Энэ бүгд Хоролмаагийн чихэнд аажмаар бүдгэрэх нь олиггүй совин татуулав. Мөсөн хонгил шиг гэрт хар үүрээс авахуулаад бархирах бяцхан үрийн нь манцайж улайтлаа даарсан гар хөл, бөлцийтлөө уйлсан нүүр нүд Хоролмаад үзэгдэж байна. Тэр нүдээ нээлээ. Хажууд бээрсэн охин нь гайхсан янзтай зогсоно. Хоролмаа суларсан дуугаар,
-Охин минь гэртээ орж дүүгээ ав. Дулаан дээлэнд нь сайн хуч гэлээ. Охин,
-Та өөрөө яах юм бэ? гэж буй нь дуулдана.
-Ээж нь үү, ээж нь жаахан амарчаад хүйдсээ асгая.
-Та шээзгийгээ дааж босохгүй шүү дээ. Би таны гараас татаад босгочих уу?
-Охин минь гэртээ орж дүүгээ дулаацуул гэхэд охин дурамчхан холдлоо.
Хоролмаа хэсэг суугаад арагныхаа оосрыг хүзүүнээс мултлан босов. Савраа тулаад хэд гишиглээ. Үхрийнхээ зэлийг цэвэрлэж гүйцээх тэнхээгүй болсноо ухаарч шээзгийтэй хүйдсээ яадаг билээ гэж хэсэг бодов. Бие тун таагүй. Савраа тулан бөхийх завсар баруун уулын сархиа өөд бэлчсэн хонио харуулдлаа. Бэлчсэн хониныхоо хойноос найман настай хүү нь өглөө эрт явсан юм. Хулгавчилсан лоовуузаа Хоролмаа хойшлуулан чихээ гаргаад анирдав. Баруун сархианы гүнзгий нугачаануудын нэгэнд хониндоо хашгирах хүүгийн нь дуу бүдэгхэн сонсогдоход эхийн нь зовиур намдах шиг санагджээ. Хонь ямаа асга хадаар тарчихсан биз ээ. Явган явсан өөдсөн чинээ хүү асга байцаар бутарчихсан далай шиг сүргээ хумьж цуглуулж барахгүй эцэж цуцсандаа бухимдсан дуу хадаана. Хүүгийн нь дуу ганцаардсан ээждээ хань. Хороон дотор албин туссан нэг борлон үхэж өгөхгүй хавтгайгаараа дөрвөн хөлөө тэлчлэн шар өтөг манаргаж, хааяа өрөвдөм дорой дуугаар сулхан майлж, хүйтэн амнаасаа хөөс бурзайлгана. Хэд хоног ингэж тарчилж буй төмөр голтой амьтан. Амьдын там эдэлж буй бяцхан ишгэнд Хоролмаа нүд хальтраад хэдэн өдөр ойртож чадаагүй авч эмчилж эдгээх хувьгүйдээ биеэ буруутгана.
Тэгтэл өвөлжөөний адгаас нэг жаран ес машин давхин гарч ирлээ. Хоролмаа “Яадаг билээ. Ямар гээч дарга ирж байгаа юм бол оо. Гэрт галгүй уйлаан майлаантай зутруу. Ядаж хотонд үхэж хэвтээ муу борлонгоо нууж амжсангүй” хэмээн зүрх нь дэлсэхэд тэр бээр айсандаа өвдөж шаналж буйгаа ч умартаж гэр өөдөө хазганав. Биеэ дайчлан шүд зуун маажигнасаар машинаас өрсөн гэртээ орж ор дэрээ хам хум янзлах зуур охиндоо,
-Яадаг билээ. Цаана чинь машинтай том дарга айсуй. Манайх гэдэг айлын байж байгааг хараач. За охин минь шалавхан аяга шаазангаа далд хий. Ээждээ туслаарай гэхэд уйлж байсан нялх эхийгээ үзээд улам чанга бархирав. Хоролмаа,
-Ээ чааваас гэж дуу алдаад хог тоосоо хумихаар урагш хойшоо хазганаж, чухам юу хийхээ мэдэхгүй самгардлаа.
Балчир охин мойл шиг хар нүдээр сандарч тэвдсэн эхийгээ гайхан харангаа халтар аяга халбагаа нуухаар далд хийнэ. Хоролмаад юун түрүү орилж буй даарч бээрсэн жаахныгаа тайтгаруулж галаа түргэн асаая гэсэн бодол төрлөө. Тэгтэл ч машин гэрийн хаяа мөргөх шахам сүрхийн зогсов.
Хэмхэрхий хаалганы хүнд банзан хавтас хархийн нээгдэж, дэлгэгдсэн үүдээр хүйтэн гэрийн бүрэнхийг өглөөний нарны хурц тусгал цацран гялбууллаа. Гэрэл гэгээний араас нүүгэлтсэн хоёр аварга хүн үүдний намхан тотгоор түвэгтэй еө янцаглан бөхийсөөр арай гэж шурган орж багтав. Хоёр аварга хүн тохь тухгүй зэврүүн айлд сандайлчихаар цэвэрхэн суудал нүдээ эргэлдүүлэн хайлаа. Хоёр лужраас бишүүрхэж айсан нялх улам бархирав. Хоролмаа майжигнахгүйг хичээсээр орон дороос хоёр явган сандал гаргаж хоймор тавиад айж мэгдсэндээ сууцгаа ч гэж хэлж чадсангүй. Ирсэн хоёрын нэг аймгийн төлөөлөгч тэмээний хавирга аятай урт махир хүн, нөгөө нь нэгдлийн дарга халуун хятай шиг уур савссан мулигар хүрэн бор эр байв. Тэр хоёр Хоролмаагийн зэхэж өгсөн сандлын тавцанг цэвэр эсэхийг сэжиглэнгүй шинжиж хэсэг зуур зогслоо. Тэгснээ арга буюу хэт намхан сандалд цүндгэр гүзээгээ шахсаар түвэгтэйхэн нугарч суухчаа аядав.
Гал олигтой ноцож өгөхгүй бас хажууд нь хүүхэд уйлаад Хоролмаа чухам яая даа байз гэж сандарна. Хоёр дарга төдөлгүй жихүүцэж, сандайлахад эвгүй жижиг явган сандалд бөгсөө үрчин хавчигнаснаа хүйтэн гэр хүүхдийн уйлаанд удаан тавгүйтэж тэвчсэнгүй тэмээний Хавирга хөрсөн гарынхаа алга руу үлээгээд тарган Хятайдаа,
-Базар дарга аа эднийд цай цүү гэж ёсорхоод хэрэггүй биз дээ. Гарч өвөлжилтийн нь бэлтгэлтэй танилцаад хөдлөх үү? гэлээ.
Нэгдлийн дарга ч сум орныхоо лоймол малчны бохир заваан хүйтэн оромжинд удахаас бэргэж, хормойгоо чирсэн хүүхэн, эхийнхээ өвөр дээр эрхлэн уйлах халтар нусгай хоёрыг эгдүүцэн хялайгаад,
-Хоролмаа! Чиний наад гал чинь мөд асахгүй эд шиг байна. Харин чи гарч аймгийн төлөөлөгчид өвөлжөө өтгөө шалгуул! Хот хороогоо үзүүл! Ажил төрлөө танилцуул! гэж тушаахдаа идсэн уусандаа зогьсох гулгихыг зэрэгцүүлэн чихэлдэв.
Мэхийсэн олигор хар хүн нуруу үүрсээр хот руу орсноо хэвтээгээрээ татганан тийчлэх албинтай борлонг үзмэгц үхрийнх шиг дүрэлгэр эрээн нүдэндээ ёжлолын оч гялалзуулаад,
-Энэ юу вэ? гэж Хоролмаагаас хорсолтой асуулаа.
Хоролмаа юу ч гэж хариулж зүрхлэхгүй дэмий л өтөг бууцанд халтартсан банхар эсгий гутлынхаа хоншоороор газар зурах маяг үзүүлэв.
-Энэ амьтан юу вэ? гэж чамаас би асууж байна гэж аймгийн төлөөлөгч тэмээний Хавирга дуугаа чангаллаа.
Хоролмаа бүр барьц алдаж сандарсандаа нусаа шурхийтэл татахад сэжиг нь хүрсэн тэмээний Хавирга ярвайснаа нэгдлийн дарга халуун Хятайд шаардангуйгаар,
-Базар дарга аа, та наад малчнаа дуугаргаад өгөөч гээд уурандаа дороо дэвхрэв. Халуун Хятай Хоролмаагаас,
-Энэ тэлчлээд үхэж байгаа амьтан чинь нохой юм уу, шувуу юм уу? Хэлээд өгөөч! гэж шарлахав. Хоролмаа хэрхэх эсэхээ мэдэхээ болилоо. “Ишиг” гэж хэлбэл “Ишиг гэдгийг бид муухан гадарлаж байна” гээд л загнаж гарах нь илэрхий. Дарга нарын тиймэрхүү дээрэлхүү аашийг хэдэн жил нэгдлийн мал дагасан Хоролмаа андахгүй. Цөхөрсөн тэмээний Хавирга,
-Энэ ямар өвчтэй юм бэ? гэхэд Хоролмаа сая ам нээж,
-Албинтай юм гэлээ. Тэмээний Хавирга,
-Хараач хөөе бас их оношилдог хүүхэн байх нь. Оношилдог хүн эмчилдэг байж таарна даа. Чи үүнд ямар эм өгсөн бэ? гэхэд Хоролмаа мөн л дуугарсангүй. Хүүхний бие зарзалзаж, чих нь шуугив. Гэдсэн дэх хүүхэд аягүйцэж, эхийнхээ дотрыг балартуулан тонгочлоо.
-Малын эмч дуудсан уу? гэж буйг Хоролмаа бүүр түүр сонсоод толгой сэгсрэв.
Нэг мэдэхнээ Хоролмаагийн хормойноос нэг юм татах шиг боллоо. Тэгтэл охин нь хүрч ирээд дарга нарт загнуулж буй эхийнхээ хормойноос зуурч, айсан нүдээр бүгдийг гайхан ширтэж харагдана. Хоролмаа охиныгоо айчих вий гэсэндээ толгойг илбэв. Төлөөлөгчийн ууртай догшин дуу дахин хадаж,
-Чи ямар санаатай нийгмийн мал өвчлөөд үхэж байхад малын эмч дуудаагүйв? гэхэд охин ээжийнхээ уйлах гэж буй царайг анзаарч амаа өмөлзүүллээ. Хоролмаа охиндоо “зүгээр зүгээр, миний охин уйлж болохгүй” гэсэн харц илгээв. Охин ч ээжийнхээ харцыг ойлгож нулимсаа татлаа. Эх охин хоёрыг төлөөлөгч ямар муу үгээр утъя даа гэж байж цөхөөд,
-Чи хэдэн хүүхэдтэйв? гэхэд Хоролмаа,
-Гурав гээд “дөрөв дэх нь гэдсэнд байгааг энэ даргаанзаарч намайг өрөвдөх бол уу?”гэж горьдлоо. Тэмээний Хавирга,
-Гурвуулаа нэг хүний хүүхэд үү, эсвэл гурван өөр эцэгтэй юм уу? гэж тохуурхав. Хүүхэн арчаагүйгээр,
-Гурвуулаа нэг эцэгтэй гэж дөнгөж бувтнав.
-Нэг хүүхэд чинь хаана байна?
-Хонь хариулж яваа гэхэд халуун Хятай ярианд оролцож,
-Хонинд явсан тэр хүүгээ энэ жил сургууль завсардуулаад байгаа айл гэж ховлов.
-Үгүй ер, иймэрхүү хүмүүстэй ажил яаж урагшаа ахих юм бэ гэж тэмээний Хавирга эх орончоор шүүрс алдаад, -Нөхөр гэж юм энүүнд байна уу? гэлээ. Халуун Хятай,
-Нөхөр нь аймгийн шоронд сууж байгаа юм.
-Тэгж л таарна. Тэр ямар хэрэг мандуулсан хулгайч вэ?
-Манай намын даргыг алгадчихсан эсэргүүн байгаа юм.
Гэрт чарлах хүүхдийнхээ дууг сая сонссон Хоролмаа охиныгоо “Гэртээ орж дүүгээ ав” гэлээ. Тэмээний Хавирга хороон дээгүүр урт нуруугаа матийлган тонгойж харснаа “үгүй ер” гэж дуу алдлаа. Хөрзөн хорооны ард нэг үхсэн төлөг байгаа юмсанж. Хоёр дарга хорооны араас тэр үхсэн төлгийг гаргаж хотон дотор шидээд,
-Чи бас хорогдуулсан малаа нуух санаатай юу? Мал үхүүлнэ, тэгээд бас тэр чигт нь арьс хөрстэй нь хаяна. Тэгнэ байх аа гайгүй гэж ам уралдан аашиллаа.
Хоролмаагийн бие айж цочирдсондоо улам аягүйцэж нүдийг нулимс бүрхээд хоолойг гомдлын гашуун шүлс хутгаар зүсэх адил зурлаа. Зогсож буй газраасаа хөдлөх гэтэл цавь руу нь дуу алдтал хатгаж, хөл нь мэдээ алдаад эгээтэй л суун туссангүй, хазганан дороо займчихад нэгдлийн дарга халуун Хятай,
-Чи наад хөлөө бас яачихсан нөхөр вэ гэж омогдлоо. Угийн бүрэг ядмаг бүсгүй бас л дуугарч зүрхэлсэнгүй. Чингэтэл тэмээний Хавирга Хоролмаагийн чихэн дэх хоёр алтан ээмгийг сая анзаарч,
-Нэгдлийн мал хиаруулаад л, тэгсэн мөртлөө алтан гархи ичих ч үгүй санжигнуулаад байгаа юм даа. Энүүний ариун цэврийг үзэх сэн. Лав бөөстэй байгаа даа гэснээ хүүхэнд ойртож очоод, -Чи долоо хоногт хэдэн удаа халуун усанд ордог вэ? гэж эрээн нүдээ аймшигтай эргэлдүүлэв.
-Нэг удаа гэж Хоролмаа айсандаа худал хэлчихлээ.
-Чи битгий залаад бай гэж тэмээний Хавирга орилоод, -Алтан ээмэгт худалч минь сонс. Чи энэ албинтай борлонгоо эмчилгээ тэжээлийн цэгт маргаашийн дотор хүргэж өг! Мэдэв үү? гэхэд Хоролмаа,
-Мэдлээ гэв. Хэсэг чимээгүй болсны дараа халуун Хятай Хоролмаад,
-Чи маргаашийн дотор энэ үхэж хэвтээ борлонгоо эмчилгээ тэжээлийн цэгт хүргэж өгч чадах юм уу? гэв.
Хоролмаа юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Халуун Хятай тэмээний Хавирга өөд царайчлангуй гөлөлзөөд,
-Цэг эндээс гучаад километр л дээ гэж тайлбарлав.
Тэмээний хавирга энэ удаа дарга малчин хоёрт хоёуланд нь дээрэлхэж,
-Тэглээ ч гэсэн маргаашийн дотор заавал хүргэж өгөг. Чирээд яваг! Үүрээд яваг! Энэ чинь та нарын мал биш нэгдлийн сүрэг. Малчин та харин өнөөдөр энэ үхсэн төлгөө өвч. Үхсэн ч гэсэн наадхийн чинь арьс социалист өмч. Боргыг нь шулж хатаа. Ясыг эвдээд чанаж тосло. Малаас хаях юм байдаггүйг мэдэх үү, чи? Ер нь хорогдсон малыг тэр чигт нь хаяж, хорхой шавьж, нохой шувууны хоол болгох ёсгүй. Энэ чинь маш үнэтэй капитал. Манай улс үхсэн малынхаа ясыг тослоод Японд худалдах гэж байгааг сонссон уу чи гэхэд бантсан Хоролмаа дэмий л толгой дохиж, тэсэхүй еэ шаналгах зовиураа шүд зуун тэсэж зогслоо.
Тэд явахдаа хүүхэнд,
-Бид өнөө орой буцаж ирнэ. Биднийг ирэхэд чи ямар ч гэсэн наад үхсэн төлгөө өвчсөн байгаарай. Бид гүйцэтгэлийн шалгалт хийнэ шүү гэж анхааруулаад давхин одлоо.
Дарга нарыг нүднээс далд ормогц Хоролмаа гэнэт дуу алдан ёолоод суухчихав. Янгинах өвчин дарга нарыг далд ормогц ингэж хурц мэдрэгдлээ. Түүний дотор юун түрүү гэртээ орж авъя гэсэн бодол зурс хийж үүд рүүгээ арай чамай гойгортол бяцхан охин нь “Ээж ээ!” хэмээн гүйж ирээд гараас нь хөтлөнгөө асгартал уйлав. Гэртээ орвол охин зуухаа улайстал гал өрджээ. Дарга нарт загнуулсан эхийгээ өрөвдсөн охин галаа ингэж ноцоож чадсан нь уйлмаар. Гэр дулаацаад орилж байсан нялх тэнхээ нь тасарсандаа юм уу тайвширсандаа юм уу хоёр хацар нь алим шиг улайгаад зүүрмэглэж эхэлжээ. Хоролмаа мөлхөх шахам мацсаар орон дээр суувал охин,
-Ээж ээ халуун цай уух уу? гэнэ. Хоролмаа хоолой чичрүүлэн,
-Ууя даа охин минь гэхэд нулимс нь бүрхээд нүд нь харанхуйлав.
Тэгтэл тэнгэр муухайран цас бударч манарсан шуурганд баруун уул бүдгэрсээр үүлсийн дунд алсарч үзэгдэхээ болив. Хүү нь хоньтойгоо бараа сураг алга. Хоролмаа түгшиж хүүгийнхээ араас явъя гэтэл алхаж чаддаггүй. Бас хэдэн үхрийн нь бараа туруу ч сураггүй. Шөнө гаднаа ирж хонодог мал уу үгүй юү. Юу ч гэхэв дээ. Уйлж ядарсан отгон нь дулаацсандаа нойрслоо. Аяга зэлгээн цай уугаад Хоролмаа хутгаа янданд хэд хавираад охиноо дагуулан үхсэн төлөг өвчихөөр гарав. Тэмээний хавирга Халуун хятай хоёрыг орой дайраад ирэхэд үхсэн төлгөө өвчихсөн байхгүй бол бас л элдвээр доромжлуулна. Цасны түрүүч лавсаж эхлэв. Хоролмаа төлөгний хөлийг ярахаар барьж авбал мөс шиг хөлдүү шилбэ алганаас хайрав. Тэр бээр яг хөлдүү төлөгний чулуу шиг шилбэний арьсыг ярах гэтэл хутганы ир хальтарлаа. Хөлдүү төлөгний арьсыг цоолох гэж оролдоод оролдоод хутганы ир чулуу төмөр огтлох мэт хальтчаад бүтсэнгүйд аргаа барсан Хоролмаа эцэст нь бухимдаж хутгаа газар шидчихээд дэргэдээ дэгийтэл чичирч зогссон охиндоо “Ээж нь орилмоор байна” хэмээн шүүрс алджээ. Охины царай барайснаа ээжийнхээ хүзүүгээр тас тэврээд орилчихлоо. Эргэн тойрны уулс шуурганд умбан харанхуйлжээ. Дотор нь балартсан Хоролмаа “Ухаан алдахгүй юм шүү!” гэж өөртөө захив. Тэгтэл дэргэдэх охин нь,
-Ээж ээ, ах хонь үхрээ туугаад ирлээ гэж баяртай мэдэгдлээ.
Хоролмаа нулимс дүүрсэн нүдээ хэд цавчлан онгойлгоод харвал баруунаас нүүрлэн айсуй харанхуй шуурганд хөөгдсөн хүү нь хонь үхрээ бөөгнүүлэн гэр өөдөө элдэж явна. Шуурганаас өрсөх гэж сандарч яваа нь тэр. Хоролмаа хүүгээ олон хонин дундаас оноож ялгасангүй. Дулаан өвөлжөө халуун хэвтэртээ тэмүүлсэн сүргийн сүүл хэрд хар ямаа шиг нэг жаахан бүдэг дүрс шуурган дунд бөртгөнөх нь лав хүү нь мөн биз ээ. Хөөрхий үр минь. Дөнгөж наймхан настай юм шүү гэж Хоролмаа шивгэнэтэл хамаг бие нь сув сул болчихов. Хамжаа болох хүний бараагүй зэлүүд нутгийн ганц гэрийн ядарсан эмэгтэй, түших тулах үрээ хараад хэсэг зуур ч атугай бие сэтгэлийнхээ хөвчийг сулруулсан нь тэр буй зээ.
Батсуурь
Зочин
Г.Гучин-Ес
Багш
Лувсан
зохиолч
зочин
Зочин
зочин
Onom
оссо
Уншдаг
Таны уншигч
Зочин
идэвхэтэн
Иргэн
Настан
Зочин
Зочин
Дготов таныг хүндлэгч
Уншигч
ТАНЫ ФЭН
соц үе
Зочин
зочин
Зочин
lucky
Зочин