Юнител олон нийтийн компани болно
Синдикат ярилцлага – Эксклюсив 14 дэх дугаараар телкогийн старт ап компаниас цахим үйлчилгээг цогцоор нь үзүүлэгч мэдээлэл, харилцаа холбоо, технологийн групп компани болон өргөжиж, богино хугацаанд салбарынхаа түүчээ нь болсон нэгэн компанийг онцолж байна. Манай энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор Юнител группын гүйцэтгэх захирал Д.Энхбат уригдлаа. Манай ярилцлагыг та бүхэн видео болон текст хувилбараар хүлээн авна уу.
В.Ганзориг: Та хэзээ Юнител группт ажлын гараагаа эхэлж байсан бэ?
Д.Энхбат: Би холбооны инженер хүн. Энэ чиглэлээр бакалаврын зэргээ хамгаалаад дараа нь бизнесийн удирдлагаар сурсан. 2004 онд хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлдэг Орбитнет компанид анх ажилд орж байлаа. Манай салбарынхны хувьд тухайн үед үүрэн холбоо хамгийн ирээдүйтэй хэсэг нь байсан. Одоо ч тийм байгаа.
- Хэдэн жилийн өмнөх явдлыг ярьж байна вэ?
- 15 жилийн өмнө гэсэн үг. Яг 15 жилийн өмнө Юнител групп дөнгөж байгуулагдан гуравдагч оператороор зарлагдаад, хүний нөөцөө бүрдүүлж эхлэхэд зах зээл, манай салбарынхан нэг хэсэг бужигнасан. Энд тэндэхийн бүх хүн очиж шалгалт өгч байлаа.
- Уул уурхайн салбар моданд ордог шиг юм болжээ дээ?
- Тийм. Миний санахын МУИС дээр долоо хоногийн дотор бараг 2000 хүн очиж шалгалт өгсөн. Оюутнууд курс курсээрээ очиж байсан. Эдгээр хүмүүстэй цуг шалгалт өгч тэнцээд ажилд орж байсан. Юнителд компанид инженерээр анх ажилд ороод 15 жил болжээ. Ажлын гараагаа эхлэснээс хойш шат ахиж ажилласаар одоо гүйцэтгэх захирлын албыг тав дахь жилдээ хашиж байна.
НЭВТРҮҮЛГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХИЙГ ХҮСВЭЛ ТА ДООРХИ ХОЛБООСЫГ ДАРНА УУ!
- Миний санаж байгаагаар Юнител компани үүрэн операторууд дундаас хамгийн анх өөрсдийгөө ICT буюу Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн групп компани гэж зарласан. Ийм группын бүтэц рүү орсон зорилго, утга учир нь юу байсан бэ?
- Өнөөдөр дэлхий дээр 800 орчим үүрэн холбооны оператор компаниуд ажиллаж байна. Улс болгонд багадаа хоёроос гурван компани бий. Эдгээр компаниуд хөгжлийн дараах шатуудыг туулж ирсэн. Эхний шатанд бүгд цэвэр телеком компаниар эхэлсэн. Үүний дараа ICT transformation буюу мэдээлэл, харилцаа холбоо, технологийн шилжилтийн шатыг туулсан. Эндээс эхлээд зөвхөн үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэхээ больж, мэдээлэл, технологийн салбарын цогц үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ шат одоогийн бидний ярьдаг Digital transformation буюу Цахим шилжилтийн эхний суурь болсон. Тэр үед буюу 2011 онд Юнител группийн өнөөдрийн стратеги бий болсон юм.
Бид 2006-2011 оны хооронд старт ап телко компани байсан. Учир нь бидний урд 10 жилийн өмнө анхны, таван жилийн өмнө хоёр дахь оператор гарчихсан байв. Манайх гурав дахь оператор болж гарч ирээд ирээдүйд телко буюу үүрэн холбооны л стратегитай байх юм уу, эсвэл мэдээлэл, харилцаа холбоо, технологийн шилжилт хийх стратеги сонгох уу гэдэг шийдвэр гаргах ёстой болсон. Ямар шийдвэр гарсныг та бүхэн одоо харж байгаа байх. Өнөөдрийн Юнивишн, ДДиш, Орбитнет, Номадиа пикчерс ингэж үүссэн. Бүтээгдэхүүн үйлчилгээгээр бол IPTV, интернэт, кино контентууд, LookTV бий болсон. Энэ шилжилтийг бид 2016, 2017 онд хийгээд дараагийн стратегиа томъёолсон. Тэр нь олон улсын түвшинд явж байгаа Digital transformation буюу цахим шилжилт. Товчхондоо, бид телкогоос мэдээлэл, харилцаа холбоо, технологийн провайдер компани болсон. Харин одоо цахим үйлчилгээ үзүүлдэг компани болно. Энэ урт хугацааны ажил.
- Би салбарын хүн биш болохоор бүдүүлэг асуулт санагдаж магадгүй шүү. Жижиг зах зээл дээр гуравдагч оператор болж гарч ирсэн та нарын хувьд энэ бүх шилжилт өрсөлдөөнд амьд үлдэхийн тулд хийж буй үйлдэл үү, эсвэл үндсэн бизнесээ амжилтай хөгжүүлэхийн сацуу бусад цахим шилжилтийг утгаар нь хийхийг зорьж байна уу?
- Энэ бол өрсөлдөөнд амьд үлдэхтэй огт хамаагүй. Энэ манай компанийн ДНК-тай шууд хамаатай. Хүний ДНК гэдэг шиг манай компанид соёлын ДНК гэж байдаг. Манай соёл залуу, инновацлаг, асуудлыг аль болох боломж гэж хардаг. Энэ соёл аяндаа биднийг ийм юм хийх ёстой, ингэдэг юм байна, олон улсын тийм сайн жишиг байна, энэ операторууд ингээд алджээ, тэгж оножээ, монголын нөхцөл ийм тул тийм боломж байна, иймээс бид энийг хийх ёстой гэдэг үйлдэлд түлхдэг. Шинэ санаа, санаачилга манай энэхүү соёлоос үүсдэг. Өрсөлдөөнд амьд үлдэж ялагдахгүйн тулд хийж байгаа зүйл биш. Ялахын тулд бас хийгээд байгаа юм биш. Бодит хэрэгцээг түрүүлж хараад, тэрэнд нийцсэн шийдлийг хүргэхийн төлөө бид ажилладаг. Иймээс дээрх бүх шилжилт, компанийн стратеги манай соёл, ДНК-аас шууд хамааралтай гэсэн үг.
- Дэлхий дээр телеком, медиа, дэд бүтцийн компаниудын нэгдэл нэлээд явж байх шиг байна. Үүнтэй холбоотой манай дөрвөн оператор сум болгон дээр тусдаа бааз станц байгуулж байснаас нэг нь бариад үлдсэн нь бусад суманд хөрөнгө оруулаад сүлжээ, дэд бүтцээ хоорондоо хуваалцаад явж болдоггүй юм уу? Мөн дугаар өмчлөх тухай нэлээд яригдаж байгаа таг болсон. Энэ дээр та бүхэн ямар байр суурьтай байдаг вэ?
- Сүлжээ, дэд бүтэц хуваалцах хоёр төрлийн практик байдаг. Дэд бүтцийг бид хангалттай хоорондоо хуваалцаж байгаа. Өөрөөр хэлбэл дамжуулах шугам, цамхаг, тэжээл, суурь дэд бүтэц болох байшин, барилгаа бид хоорондоо хангалттай хуваалцаж байгаа гэсэн үг. Гэвч сүлжээний ачаалал гэдэг зүйл байдаг. Миний хэрэглэж буй, өөрийн чинь хэрэглэж буй ачаалал харилцан адилгүй. Оператор болгон ялгаатай хэмжээний ачаалал үүсгэдэг. Ачаалал операторууд дээр зэрэг зэрэг үүсдэг. Нүдэнд нэг антеныг хуваалцаж хэрэглэж буй мэт харагдаж байгаа ч тэр нь нийт зардлын дөнгөж 10 хувь нь байдаг. Гэтэл цаанаа энэ бол нөгөө оюуны салбар шүү дээ. Программ хангамж, лицензийн асуудлууд тусдаа явдаг. Энэ бүхнийг тооцвол эцэст нь гарах өгөөж эсвэл эрсдэл, нэгдсэн удирдлага, хооронд нь тохируулах гээд зөндөө асуудал гарч ирдэг. Шийдэхэд хэцүү, төвөгтэй зүйлүүд ч нэлээд бий. Гэхдээ л манайд дэд бүтцийг дундаа хангалттай сайн ашиглаж байгаа. Дэлхийд тэргүүлэх AT&T, Verizon зэрэг компаниуд манайхан шиг ингэж дэд бүтцээ хуваалцдаггүй.
Хоёр дахь асуулт Mobile number portability байсан. Энэ дэлхий даяар нэлээд хэрэгжсэн, бас яригдсан санаа. Гэхдээ ингэж хэрэгжсэн үндсэн суурь нь тухайн улсуудын засгийн газрын албадлага байсан юм. Яагаад засгийн газрууд ингэж хүчилсэн бэ гэвэл бас учиртай. Үүрэн холбоо 1992, 1993 оноос эхлэлтэй. Улмаар 1995, 1996 оны хавьцаа тэр үеийнхээ оргил хөгжил рүүгээ тэмүүлж 2005 он хүртэл буюу 10 жилийн хугацаанд маш хүчтэй салбар байж, асар хурдтай хөгжсөн. Энэ хэрээр улс орнууд энэ салбарыг хөгжүүлэхийн хүссэн. Ийм том эрэлт үүссэн байхад нөгөө талд нийлүүлэлт нь хомс хэвээр байв. Жишээ нь, тоног төхөөрөмжүүдээ үйлдвэрлэн нийлүүлж дийлэхгүй, инженерүүдийн нөөц хомсдолтой, салбарын эксперт, нийлүүлэгч брэнд болсон дөрөв тавхан компани байсан.
Тэд улмаар дэлхийн зах зээлийг том хэмжээгээр нь хянаж эхэлсэн. За ингээд эхлэхээр нэг хүн дээр очиж байгаа үйлчилгээний үнэ, тариф өндөр болно. Одоо манай дунджаар бол сарын 3, 4 ам.доллар төлөөд л үйлчилгээ авч байгаа. Тэр үед үүрэн үйлчилгээг 80, 90, 100 ам.доллар төлж авдаг байсан. Энэ үнийг буулгах, шинэ өрсөлдөөн үүсгэх ямар боломж байна вэ гээд үзэхээр дугаараа өөрөө эзэмших буюу Mobile number portability үйлчилгээ гарсан байдаг. Гэвч дээр дурдсан зах зээлийн нийлүүлэлт ихсээд ирэхээр энэ давалгаа өөрөө эрчгүй болчихсон. 2005 оноос хойш энэ төслийг хийсэн улс дэлхий дээр бараг байхгүй. Учир нь ийм хэрэгцээ байхгүй болсон. Байгаа цөөхөн нь Африк, Латин Америкийн хэдхэн орнууд байдаг. Тэр тоног төхөөрөмжийг нь зохион бүтээсэн улсууд тэрийгээ зарахын тулд энд тэнд очоод лобби хийж явдаг үзэгдэл үлдчихсэн. Монголд энэ төслийг хэрэгжүүлэхэд төр 40-50 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргах, нэмээд үүрэн оператор болгон 10-30 сая ам.долларын хөрөнгө оруулалт нэмж оруулахаар байв. Ингээд нийтдээ 100-аас 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт төр, хувийн хэвшил хамт хийгээд энэ төслөөс ямар өгөөж авах вэ гээд эргээд харахад юм харагдаагүй.
- Тэрний оронд энэ мөнгөө 5G рүү оруулах ёстой юм биш үү?
- Яг зөв. Бид одоо урагшаа харна уу гэхээс 10 жилийн өмнөх хоцрогдсон, тэр үеийн зах зээлийн зохицуулалтыг хийх гэж оролдож байсан зүйл өнөөдөр манайд хэрэггүй. Хайран мөнгийг үргүй зарцуулах гэж буйтай адил хэрэг. Манайх хамгийн либерал салбар тулдаа ингэж хурдтай хөгжиж байгаа юм. Үүний цөм нь зах зээлийн хэрэгцээг маш их харж ажилладаг. Зүгээр л хийх ёстой зүйл гэж биш харин бодит хэрэгцээг сайтар харж хөрөнгө оруулалт хийдэг. Мэдээж иргэн, хэрэглэгч дээр буулгаад харахаар нэг өмчтэй болох гээд ч байгаа юм шиг, тэрийгээ аваад нэг оператороос нөгөө руу орчих нь гоё ч юм шиг санагдаж байгаа. Үүнийг салбарын үнэ цэнийн гинжин хэлхээтэй харьцуулбал хийх ёстой ажлын 80 дахь асуудал болж хувирдаг.
- 8888 дугаараа өөр дээрээ өмчилж авч чадахгүй юм байна л даа. Тийм үү?
- 8888 бид нарын ч өмч биш шүү дээ. Энэ чинь улсын өмч.Үүрэн операторуудын бүх дугаар төрийн өмч, тухайн компаниудын өмч биш. Бид энэ дугаарыг зөвхөн ашиглах эрхтэй байдаг. 8-аар эхэлсэн дугаарыг бид Юнителийг сонгож ирсэн хэрэглэгчдэд ашиглуулах л үүрэгтэй. Бид эдгээр дугаарыг улсаас худалдаж аваад халаасалсан хэрэг биш шүү. Бүх дугаар улсын өмч.
- Танай салбарын глобал хөгжлийн трэнд яг хаашаа яваад байна вэ? Энэ хурдтай орчилтой та хэд хөл нийлүүлж алхаж чадаж байна уу?
- Мэдээж чадаж байгаа. Хамгийн өндөр хөгжилтэй орноос хэр хугацаанд хоцорч байна вэ л гэдэг асуудал бий. Монголынхоо нийгэм, эдийн засгийн хэрэгцээтэй уялдаж чадаж байгаа. Илон Маскийн хиймэл дагуулын цаана маш том технологийн хөгжил явж байна. Гэхдээ аливаа зүйл үнэ цэн үүсгэж байж л цаашаа явдаг. Манай ДДиш хиймэл дагуулын нэг хэсгийг эзэмшдэг. Хиймэл дагуулаа анх хөөрөхөд очиж байсан. Солонгосын KT SAT хиймэл дагуулын аравны нэг байна уу, магадгүй наймны нэг хэсэг нь манай өмч. Тэр хэсгийг нь бид урт хугацаанд ашиглах гэрээтэй. Энэ чинь өмчлөлийн нэг хэлбэр шүү дээ. Заавал бүх юмыг өөрөө барьж хийгээд дээшээ хөөргөх албагүй.
Салбарын хөгжлийг телеком талаас харвал 5G, connectivity (орч.шүтэлцээ)-ийн шинэ суурь бий болж байна. Одоо бид 4G буюу хөдөлгөөнт, утасгүй сүлжээг ашиглаад юмсыг, хүмүүсийг хооронд нь холбодог тэр хөгжлийн дөрөв дэх үе шат дээр нь явж байна. Одоо тав дахь шат руу орно. Тав нь дөрвөөсөө юугаараа илүү юм, яагаад тэр рүү яаран орох ёстой гэж, хэзээ орох ёстой, хэдэн төгрөг хийх ёстой юм, ингэснээр интернэтийн хурд хэр нэмэгдээд улс орны хөгжилд, дотоодын нийт бүтээгдэхүүнд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг асуултууд гарч ирнэ. 5G бол салбар хоорондын интернэт буюу бусад салбарын хөгжлийг хурдасгах хурдасгуурын эхлэл болно. Цөөхөн хүн амтай, том газар нутагтай Монголд одоогийн 4G технологи зохиж байгаа. Жишээ нь, Улаанбаатар хотоос жаахан зайтай байгаа өрхөд интернэт хүргэхэд магадгүй 4G амьдралд нийцэхүйц, эдийн засгийн өгөөж нь тэр хүний худалдан авах чадварт илүү тохирч байгаа. Харин 5G технологийг эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, тээвэр, тэр дундаа хотын тээвэр, Улаанбаатар хотын хөгжлийг одоогийн байгаагаас нь хоёр, гурав дахин илүү өгөөжтэй байлгахаар нэвтрүүлэх нь бид нарын зорилго гэж үзэж байгаа.
Ухаалаг, аюулгүй хот гэдэг концепцын хүрээнд ямар ажлууд хийгдэх ёстой вэ? Магадгүй камерын ахисан шатны систем тавигдана, жолоочгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож эхлэнэ. Энэ бүхнийг бодит ажил хэрэг болгоход 5G туслана. Учир нь тэр их хэмжээний камерыг суурилуулаад эхлэхэд бид тэр бүхнийг шилэн кабель татаж холбох боломжгүй болно. Шилэн кабель газар доогуур урсах ёстой, эсвэл газар дээгүүр явах ёстой шугам. Энэ дэд бүтцийн асуудал нь маш төвөгтэй. Хэрвээ бид замаа зөв шийдээд, Улаанбаатар хотынхоо замыг зөв тойрог замд оруулаад нэгдүгээр эгнээг нь зөвхөн тусгай зориулалтын замд чөлөөлж өгвөл тэр автобус заавал жолоочтой байх албагүй. Бүх машин жолоочгүй болдоггүй юм гэхэд эхний шатанд автобусыг ингэж хийхэд зайлшгүй 5G орж ирэх ёстой болно.
- 5G сүлжээний туршилт хийж үзэв үү?
- Туршилтаа хийчихсэн. Бид 5G оруулж ирээд бусад салбаруудыг холбох ёстой. Үүнийг хамтарч хийх ёстой. Энэ ажил бусад салбарын хөгжлөөс шууд хамаарна. Өмнө нь бид өөрсдөө бодож байгаад хэрэглэгчдийн сонголтод тулгуурлаад сүлжээ байгуулаад, үйлчилгээгээ за май гээд зөвхөн өөрийнхөө салбарын хүрээнд л сэтгэж хийгээд аваачаад өгдөг байсан. Харин 5G сүлжээний аж үйлдвэр, үйлчилгээ, нийгмийн бүхий л салбарыг холбосон интернэт гараад ирвэл бид зөвхөн энэ сүлжээг байгуулаад зогсохгүй цаана нь ажиллах програм хангамж, системийн зохилдолгоо, нийцлийг иж бүрнээр нь хийнэ. Ингэхдээ тухай салбарын хүсэл эрмэлзлэл, цаашдын хөгжлийг системдээ зайлшгүй тусган, хамтдаа эцсийн хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэнэ гэсэн үг. Бизнесийн загвар ийм өөр болно. Тэгэхээр одоо аль нэг компани бид 5G хийчихлээ гэх нь маркетингийн арга биш болсон. 5G сүлжээг бодит амьдрал дээр амжилттай нэвтрүүлэхийн тулд засгийн газар, бусад салбаруудын дэмжлэг, дундын хүсэл эрмэлзэл, хамтарсан хөрөнгө оруулалт шаардагдана. Ингэж байж хамтдаа Сo-Сreative байдлаар хамтын үнэ цэнийг бүтээнэ. Энэ үнэ цэнийг хэрэглэгчид хүргэх замаар урт хугацааны хамтын ажиллагаа, салбар хоорондын түншлэлийг бий болгох учиртай.
- Таны харж байгаагаар хэдэн сар, жилийн дараа яг энэ яриад байгаа 5G сүлжээг утгаар нь Монголд байгуулах боломжтой вэ?
- Гайгүй байх аа. Нэг жил, жил хагасын дараа хийчихнэ. Бид энэ чиглэлээр хэд хэдэн судалгаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл, бусад салбарын хөгжлийг хүлээлгүйгээр технологийн дэд бүтцийг нь түрүүлж хийн, үүнтэй холбоотой бүх эрсдлийг нь өөрсдөд дээрээ авч байгаа. Энэ шийдлээ дуусгаад бусад салбарынхандаа танилцуулж цаашаа хамтдаа хол явъя гэдэг санал тавихаар бэлдэж байна.
- Энэ жил Харилцаа холбоо, мэдээлэл, технологийн салбарын 100 жилийн ой. Салбарынхаа өнгөрсөн 100 жилийн алдаа, оноог товч дүгнэвэл?
- Өөрийн мэдэх түүхээ хуваалцъя. Ардын хувьсгалаас хойш 1990 он хүртэл энэ салбарт маш сайн хөрөнгө оруулалт татаж байсан юм билээ. Ялангуяа 70, 80 оны үед Оросоос гэсэн үг. Түүнээс гадна Монгол Улс өөрөө багагүй хэмжээний хөрөнгийг энэ салбарт оруулж байсан. Мөн хүний нөөцийг сайн бэлдэж чадсан учраас суурь сайтай салбарт яах аргагүй ордог. Уулын орой дээгүүр харагдаад байдаг релений станцууд бол өнгөрсөн 100 жилийн 75 жилд нь хийсэн ажил гэж хэлж болох байх. Сүүлийн 25 жилтэй нь би илүү ойрхон. Яагаад гэвэл энэ хугацаанд манай үүрэн холбоо гарч ирсэн шүү дээ.
Монголын харилцаа холбооны салбарт 1996 онд Япон, 1999 онд Солонгосын хөрөнгө оруулалт орж ирсэн. Тэгээд 2010 хүртэл буюу 14 жилийн турш гадны хөрөнгө оруулалт давамгайлсан салбар, өгөөж нь гадагшаа урсдаг зах зээл байсан. Энд яриад байгаа 100 жилийн хөгжлийн сүүлийн 10 жилд нь буюу 2011 онд Юнител үндэсний үүрэн оператор болж гарч ирсэн. Үүнтэй зэрэгцээд Скайтел, Жи Мобайл компаниуд ч үндэсний хөрөнгө оруулалттай болж чадсан. Одоо энэ салбарын өгөөжийн 70-аас 80 хувь нь Монголдоо үлддэг болсон. Энэ салбарт бий болж байгаа өгөөж, хүмүүсийн ур чадвар, нөү хау эх оронд минь үлдэхийн хэрээр энэ салбарын дараагийн хөгжлийн шатыг бид бүрдүүлж байгаа. Энэ тал дээр манай хамт олон өөрсдийнхөө хувь нэмэр, бодит үнэ цэнийг оруулж чадсан гэж хардаг.
Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Монгол Улс, тухайн үеийн засгийн газар их дэмжсэн юм билээ. Хамгийн анхны мобайл оператор гарч ирж байхад эхний таван жил татваргүй, дараагийн таван жил татварын 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан. Нэмээд 10 жилийн хугацаанд ижил технологийн операторыг гаргаж ирэхийг нь хориглож өгсөн байдаг. Бид яагаад 10 жилийн дараа зах зээлд гарч ирсэн нь ийм учиртай. Энэ салбарт гадны хөрөнгө оруулагчид анх орж ирэхдээ засгийн газартай хэлэлцээр хийж, өрсөлдөөнийг тодорхой хугацаанд хааж, хөрөнгө оруулалтуудаа хамгаалуулж байж орж ирсэн түүхтэй.
Олон улсад 15-хан жилийн түүхтэй компани гуравдагч оператор болж гарч ирээд зах зээл дээрээ Total Solution буюу мэдээлэл, харилцаа холбоо, технологийн цогц үйлчилгээ үзүүлж сайн өрсөлдөн, зах зээлд давамгай байр суурь эзэлсэн тохиолдол их ховор байдаг. Бид энэ түүхээрээ бахархдаг. Энэ түүхийг маань олон улсад их сонирхдог. Эргээд харахаар манай салбар маш либерал байжээ. Анх энэ салбарын хуулийг хийж байсан хүмүүс, Дэд бүтцийн яамнаас салган гаргаж байсан тэр үеийн удирдлагууд, төрийн болон хувийн хэвшлийн пионерууд зөв ажиллаж, хууль эрх зүй, бодлого зохицуулалтын либерал орчныг бий болгож, өрсөлдөөнийг нээлттэй болгож өгсөн. Энэ орчинг бизнес хийж байгаа бид мэдрээд хурдтай ажиллаж чадсан. Дээр хэлсэнчлэн хэрэгцээ хаана байгааг урьдчилж хараад зоригтой хөрөнгө оруулалтууд хийж, хүн хүч, бусад нөөц, чадавхиудаа сайн төлөвлөсний үр дүнд өнөөдрийн амжилтанд хүрсэн. Монголчууд маань сүүлийн үед бизнесийн орчинд байгаа аливаа зүйлийг хар бараанаар харах гээд байдаг болсон. Гэхдээ болох талаас нь хараад явбал бас болдог юм шүү.
- Дотоодын өрсөлдөөний талаар таниас асуумаар байна.
- Өрсөлдөөний тухай хууль гэж байгаа. Энэ хууль зөвхөн харилцаа холбооны салбарт бус бүх салбарт нөлөөлж үйлчилдэг. Энэ хуульд монополь, давамгай тоглогчдын тухай заасан байдаг. Аж ахуйн нэгжүүд тодорхой зах зээл дээр ажиллаад тухайн зах зээлийнхээ гучаас дээш хувийг эзлээд, хийж байгаа үйл ажиллагаа нь өрсөлдөөнд нөлөөлөхүйц болоод эхэлбэл давамгай гэж томъёолдог.
Учир нь салбар болгонд шинэ, хуучин, том, жижиг тоглогчид байдаг. Энэ хууль тэр дундаас нь шинээр гарч ирж байгаа болон зах зээлд бага хувьтай тоглогчдыг хамгаалах зорилготой. Харин үүнийг төрийн байгууллагынхан нэг дайсантай харьцаж байгаа юм шиг яриад байдаг. Амжилттай бизнесийн цаана хүн хүч, ур чадвар, мөнгө, мэдлэг, олон жилийн хөдөлмөр байдаг.
- Танай салбарын өрсөлдөөний гол шалгуур хэмжүүрүүд юу вэ?
- Монголд 4.7 сая гар утасны хэрэглэгч бий гэдэг тоо явдаг. Гэхдээ үүнийг ямар хугацаанд тоолж буй гэдгээс хамаарна. Энгийнээр хэлбэл, Монголын нийт хүн амын 80 хувь нь буюу 6-аас 80 хүртэлх насны иргэд гар утас барих хэрэгцээтэй, боломжтойд тооцогддог. Энэ гарч байгаа зөрүү давхар хэрэглээнээс үүдэлтэй. Сүүлийн үед олон хүн хувийн дугаараа ажлаасаа салгадаг болж байгаа. Ажлын дугаараа амралтын өдөр унтраадаг, зөвхөн ажлын зориулалтаар ашигладаг. Энэ зөвхөн Монголд байдаг зүйл биш.
- Дундаж монгол хүний гар утас болон интернэтийн хэрэглээ дэлхийн дунджаас дээгүүр явдаг уу?
- Гар утасны интернэтийн хэрэглээгээр Монгол дэлхийн топ 20-аас 30 улстай ижил түвшинд явдаг. Өрхийн интернэтийн хэрэглээгээр мөн адил. Кино контентын үзэлтийн хувьд зүүн европ болон азийн улсуудаас өндөр байна. Энэ мэдээж олон юмнаас шалтгаалдаг. Нэгдүгээрт контент, түүний чанар. Хоёрт, үнэ тариф. Гол нь үнэ тарифаас шалтгаалдаг. Жишээ нь, манай гурвалсан IPTV үйлчилгээний сарын хураамж 36 мянган төгрөг буюу дунджаар 12 ам.доллар. Монгол Улсын ДНБ ойролцоогоор 4300 ам.доллар байгаа. Тэрний 12 ам. доллар гэсэн үг. Яг ийм төрлийн үйлчилгээг Сингапурт 80, АНУ-д 100 ам.доллар, Германд 50 орчим еврогоор авна. Ингээд бодохоор манай үнэ тав, зургаа дахин бага гэсэн үг. Тэгэхээр манайд хэрэглээний боломж нь байна гэсэн үг.
Нөгөө талдаа гадаадын өндөр хөгжилтэй орнуудын оператор компаниудын хэрэглэж байгаатай яг ижилхэн тоног төхөөрөмжүүдийг бид худалдаж авдаг. Бараг өндөр үнээр шахуу авдаг шүү. Учир нь манай худалдаж авч байгаа хэмжээ нь бага байдаг учраас үнийн хөнгөлөлт авч чаддаггүй. Эндээс юу харагдаж байна гэхээр бид нар зөвхөн бэлэн юм худалдаж аваад нутагшуулаад яваад байна. Гэтэл бид ийм зүйлийг өөрсдөө зохион бүтээх орон зайгаа үүсгээгүй. Нөгөө нөхдүүд тэнд зохион бүтээдэг орон. Тэгэхээр бид энэ орон зайгаа дотооддоо үүсгэх чиглэл рүү явах ёстой. Олон улсын түвшинд өрсөлдөхүйц хэмжээний юм зохион бүтээхийн тулд бид дотооддоо нөөц, мэдлэг, ур чадвар үүсгэх ёстой. Эдгээрийг бий болгохын тулд зардал гаргах ёстой. Гэтэл бид нарын олж байгаа маань зарцуулж буйнхаа хажууд ийм бага байхад яаж тэд нартай өрсөлдөх билээ гэдэг зовлон бий. Гэхдээ бид гарц гаргалгаа яаж ийгээд олох л ёстой.
- Хэрэглэгчдийн хэрэглээ, зан төлөв хэр их өөрчлөгдөж байна? Үүнийг дагаад үүсч байгаа эрсдэл, боломжийг та нар хэрхэн харж байгаа бол?
- Хүний хэрэглээг ярихын тулд бидний яриа дата, контент руу шилжих ёстой болно. Энэ хэсгийг би Юнивишн болон LookTV-тэй холбож яримаар байна. Манай үндэстэн, нийгэм шинэ зүйлийг өөртөө шингээж авахдаа үнэхээр сайн гэдэг нь дата хэрэглээнээс шууд харагддаг. Гэхдээ хүн өөрөө хэрэгтэй зүйлээ олж авч тэрэндээ их цаг зарцуулахаас илүү сошиал, энтертаймент дээр хамаг цагаа зарцуулаад байна. Энэ шилжилтийг зөв бодлогоор хийж чадвал шал өөр болно. Жишээлбэл, хөдөө байгаа хүүхэд тэртээ тэргүй интернэт ашиглаж байгаа. Тэр хүүхэд фэйсбүүк орж байснаас уг нь ютүбээс юм сурч байвал зүгээр гэдэг ч юм уу. Мал аж ахуй, фермтэй холбоотой контент үзээд аав, ээжийнхээ аж ахуйд нь тусалж байвал уг нь зүгээр. Энэ соёлыг бий болгож чадвал өнөөдөр хөгжлийн бүх суурь бэлэн байна. Энэ маш чухал асуудал шүү.
Хоёрт, том дэлгэцээс жижиг дэлгэц рүү хийгдэж буй шилжилт. Гэртээ байгаа ганц ТВ дээр нь аав ээж, өвөө эмээ нь контент үзэх зуур хүүхдүүд мэдээлэл авахын тулд гар утсан дээрээ юм үздэг болсон. Энэ бол OTT гэсэн үг. Бид үүнийг олон жил ярьж бас хийж байгаа. Гэсэн ч нэмж хийх ажил маш их байна. Үүнийг дагаад орижинал контент буюу Нетфликс шиг өөрсдөө хийгээд өөрсдийн платформ дээрээ тавьдаг шилжилт рүү нэлээд явж байна. ОТТ олон жил яригдаж байгаа ч бидний хувьд маш мөлжүүртэй сэдэв. Удахгүй бид LookTV 2.0 хувилбараа гаргана. Аппликэйшн шинэчлэгдэж, үнэ тарифын бодлого илүү хялбар болно. Мөн хэрэглээний интерпэйс эрс сайжирч байгаа. Хамгийн гол нь бид өөрсдөө маш их контентыг энэ салбарынхантай нийлж хийдэг болно. Ийм бодлого явж байгаа. Мэдээж энэ бодлого Юнившинтэй уялдана. Медиа тал дээр нэлээн өөрчлөлтүүд хийхээр төлөвлөж байна.
Дараагийн өөрчлөлт жижиг дунд үйлдвэрлэгч, бизнесүүд рүү чиглэнэ. Ковидын улмаас энэ салбар онлайн руу нэлээд сайн шилжлээ. Энэ шилжилт дараагийн хөгжил рүү хөтөлж байна. Тэр нь эдгээр байгууллагууд үйлчилгээгээ хэрэглэгчдэд онлайнаар өгдөг болно. Онлайнаар үйлчилгээ хүргэнэ гэдэг нь чатбот гэсэн үг. Ирээдүйд хэрэглэгчид байгууллагуудаас чатботоор л үйлчилгээгээ авдаг болно. Энэ шилжилт эхэлсэн. Үүнтэй холбоотой чатбот суурьтай үйлчилгээ үзүүлдэг Toki гэдэг апп бид хийсэн. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг энэ апп рүү бүгд ороосой гэж хүсч байна. Энэ төслийн концепц болон технологийн хөгжлийн шат дуусаад одоо зах зээл дээрх нийцлийн үе шатан дээрээ явж байгаа. Бидний дунд хугацааны буюу ирэх гурваас таван жилийн зорилт бол Toki-г нэг саяас нэг сая таван зуун мянган хэрэглэгч тасралтгүй ашигладаг, цаана нь дөрвөөс найман мянган байнгын үйлчилгээтэй болгох юм. ЖДҮ эрхлэгчид энэ дэд бүтцээс нэмүү үнэ цэн, илүү том өгөөж авдаг болгохын төлөө ажиллаж байна.
Харилцаа холбооны салбар бидний үндсэн бизнес хэвээрээ байх болно. Гэхдээ энэ салбарт шилжилт хийгдээд цахим үйлчилгээ рүү хөрвөж байна. Энэ шилжилттэй уялдаатай хийгдэж буй ажлуудын нэг Toki төсөл. Манай MCS групп дээр бас тодорхой хэмжээний ажлууд явагдаж байгаа. Энэ бүгдийг нийлүүлбэл цахим үйлчилгээ үзүүлэгч, тэрхүү экосистемийг цогцоор нь бүрдүүлсэн 3000 шижигнэсэн залуус бүхий хамт олон гэж бид ирээдүйд харагдана.
- Контентын бизнес рүү эргэлт буцалтгүй орсон юм байна. Орижинал контентийн тал дээр та бүхний зорилго юу байна вэ?
- Контентыг бид гадаад болон орижинал гээд хоёр хувааж байгаа. Манай хэрэглэгчид аль болох их кино тавиач гэж хүсдэг. Гэтэл энэ хүсэлтийг бид нөгөө их кино хийдэг Холливүүдын түвшинд нөлөөлж шийдэж чадахгүй. Ковид гарсантай холбоотой кино үйлдвэрлэл улам бүр буурч байна. Холливүүдэд магадгүй хүчтэй ажилладаг 20-с дээш тооны студи байгаа байх. Гэхдээ тэнд гарч байгаа киноны 70, 80 хувийг хийдэг зургаан студи л байдаг. Тэр зургаан студитэй манайх албан ёсны гэрээтэй ажиллаж, киног нь Юнивишн, LookTV дээрээ тавьдаг. Бид оюуны өмчийн эрхийг дээдэлж, хуулийн дагуу заавал ажилладаг. Холливүүдэд хийгдсэн кино эхлээд кинотеатрт нээлтээ хийгээд тодорхой хугацааны дарааа IPTV рүү ордог. Энэ хугацаа зургаан сараас нэг жил байдаг. Харин хүмүүс нээлтээ хиймэгц IPTV орох ёстой гээд буруу ойлгоод байдаг.
Хоёрт, биднийг олон кино хийгээч гэдэг. Хараад байхад Холливүүдын кино контентуудын үзэлтүүд нь тогтчихлоо. Монголчуудын маань бас нэг сонирхол байна аа. Тэр нь монгол контентоо үзэх. 2011, 2012 оны үед бол манай кинонууд чанар, жүжиглэлт, зохиолын хувьд хангалтгүй байсан. Тэр үеийн кино уран бүтээлчид ярьдаг байсан юм. Кино хийж байгаа 10 хүн тутмын нэг ес нь шатдаг юм аа гээд. Цаг үе тийм л байсан. Улмаар кинонууд IPTV дээр тавигдаж, хүмүүс кинотеатр биш гэртээ ТВ-ээр үзээд эхлэхээр үзэгчдийн шаардлага өндөрссөн. Шаардлага өндөр болохын сацуу уран бүтээлчдийн амбиц хөдөлж, зохиол, технологи, найруулга, агуулга, жүжиглэлт, уран бүтээлийн түвшинд маш хурдтай чанаржиж байна.
Тэгээд явж байхад хооронд нэг хэсэг хошин шог нэлээд их мөнгө оллоо. Үүнийг дагаад богино хэмжээний хошин шогийн контентууд их гарлаа. Яг ингээд юмнууд бүтээгдээд байхаар дагаад оюун санаа өөрчлөгддөг юм байна. Гаднынхныг хараад гоёийг нь гайхаад өөрсдөө юм хийхгүй байвал бид ингэж ярьсан хэвээрээ л үлдэх болно.
Энэ богино хугацаанд манай уран бүтээлчид, контент бүтээж байгаа салбар огцом өөрчлөгдөж чадаж байгаа. Энэ өөрчлөлт дээр нь тулгуурлаад бид нарын хийж байгаа зүйл бол хөрөнгө оруулж, анхны суурийг нь тавилцахад нь оролцоотой байж чадаж байгаа. Тэр утгаараа орижинал контентуудыг хийж байна. Жилдээ бид кино контент бүтээхэд бараг 10 гаран тэрбум төгрөг зарцуулдаг. Бид энэ мөнгөөр өөрсдөө хийгээд байгаа юм биш, бид тэр мөнгөөр уран бүтээл хийж байгаа хүмүүст хөрөнгө оруулж, уран бүтээл нь бэлэн болсны дараа орлого, ашигтай ажиллахад нь оролцож, оруулсан хөрөнгөө буцаан авдаг гэсэн үг. Энэ бол маш энгийн бизнес загвар. Эндээс хамгийн хожиж байгаа нь контент үйлдвэрлэлийн салбар. Ийм учраас хурдтай хөгжиж байгаа юм. Тэрийгээ дагаад хамгийн гоё зүйл нь манай үзэгчдийн шаардлага өндөрсөөд, тэр хэмжээгээрээ улс орон, хүмүүс, нийгмийн соёл өөрчлөгдөж байгаа.
- Тун удахгүй танай групп үндсэн үйлчилгээ бус контентоосоо илүү орлого олдог болоход гайхах ёсгүй юм байна. Тийм үү?
- Ойрын хугацаанд хэцүү байх. Гэхдээ контентод хүмүүсийн төлж байгаа мөнгөн дүн, гаргаж байгаа зардлын харьцааг харахаар цаашаа хөгжих орон зай хангалттай байгаа. Хөгжил бүрийн цаана зардал, үнэ цэн бүтээсэн өртөг байдаг. Бид контент дамжуулах платформтой учраас контент руу хөрөнгө оруулах ёстой. Манай үзэгчид үзэх юмтай байх ёстой.
- MCS-ийн групп компаниудын соёлыг залуус магтаж үнэлдэг. Соёлыг дагаж компанийн засаглал явдаг. Засаглал гэдэг утгаараа та бүхэнд ойрын хугацаанд олон нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөө байгаа болов уу? Энэ бүх бүтээсэн баялаг, ирээдүйд бүтээх үнэ цэнээ олон нийттэй хуваалцах зорилго бий юу?
- Монголд хаалттай компанийн хэлбэр, засаглал нэлээд хөгжсөн. Цаашид таны хэлж байгаа нээлттэй компанийн бүтэц рүү явах ёстой. Манай компанийн ДНК-д суусан соёл боломжийг олж хараад цаашаа хөгжил рүү тэмүүлэх юм. Юнител группын өнөөдрийг хүртэл бий болгосон үнэ цэн, хүнийн нөөц, ур чадвар, төслийн менежмент, компанийн соёл, шинэ зүйл хийж бүтээх хүсэл эрмэлзэл, хөгжлийн тэмүүлэл энэ бүх зүйлийг бид нар хаа нэгэн газар илүүтэй ашиглая гэвэл нээлттэй хувьцаат компани болохоос өөр аргагүй. Энэ чиглэлээр судалгаа хийгдээд эхэлсэн. Яг одоогоор хэзээ олон нийтэд гарах хугацаа тодорхойгүй байгаа.
- Сонирхолтой ярилцлага өгсөн танд маш их баярлалаа! Таны ярианаас надад нэг зүйл маш их таалагдлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудтай яг адилхан чанартай тоног төхөөрөмжийг тэднээс өндөр үнээр худалдан авч хэрэглэж байгаа ч тэдэнтэй харьцуулахад тав дахин хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлж байна. Ийм учраас бид тоног төхөөрөмж худалдаж авах биш, тэрний цаана явагддаг бүхий л нөү хау, мэдлэг мэдээлэл, үнэ цэнийг дотоодоо бий болгодог, оюуны бүтээл туурвидаг ард түмэн болох ёстой юм байна. Энэ салбарт ийм бүтээлч түйвээлт хийх ёстой гэдэг үг маш их таалагдлаа. Танай хамт олныг энэ ажил руугээ хэдийнэ орсон гэдэгт итгэлтэй байна. Ажилд нь улам өндөр амжилт хүсье!
zochin
Оноч