МОНГОЛ УЛС-НЭГ ТОЙРОГ ГЭДЭГ ХУВИЛБАР БҮТЭШГҮЙ БОДЛОГО
-Хэрэв энэ хувилбараар хууль батлагдвал өнөөгийн МАН-ын дарга У.ХүрэлсүхэдМАН-аас нэр дэвших 76 кандидатын нэрийг жагсаах гэдэг хариу нь амархан гарчихгүй хүнд бодлого тулгарна-
УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жилд парламент Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шинэ төсөл оруулж ирж хэлэлцдэг нь уламжлал болжээ. Уламжлал ёсоор энэ удаагийн парламент ч сонгуулийн дүрмийг орвонгоор нь өөрчилж, Монгол Улс бүхэлдээ нэг тойрог байх, намууд 76 нэр бүхий жагсаалт гаргаж байгаад пропорциональ системээр сонгуулийг явуулах төслийг УИХ-д өргөн бариад байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн сүр дуулианд дарагдаад анхаарал татах, ажил хэрэгч шүүмж мэтгэлцээн өрнөх боломжгүй нөхцөл байдал дунд Сонгуулийн тухай хуулийг баталж болзошгүй байгаа нь энэ удаагийн онцлог. Магадгүй эрх баригчид үүнийг хүсч байж ч болох юм. Учир нь өмнөх туршлагуудаас харахад Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг батлахдаа үргэлж гарцаагүй байдал руу буюу ёстой л нөгөө “цаг хугацааны хайчин гал” руу оруулж байгаад эцсийн кноп дардаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүрмийг өөрчлөх хориотой сонгуулийн өмнөх зургаан сар хэмээх цаг хугацааны хязгаарлалт руу шахаж байгаад баталчихдаг гэмтэй. Бүх л зүйл эрх баригчдын санаснаар, эсвэл тэнд суудалтай хоёр намын тохиролцсоноор цаг хугацааны шахалтан дунд бандан тас болдог. Энэ удаад ч уг технологийг хэрэгжүүлэх магадлал бий.
Гэхдээ яг өнөөдрийн ярьж байгаа шигээ Монгол Улс нэг тойрог хувилбараар хуулийг эцэслэж чадахгүй л болов уу. Энэ бол эрх барьж буй төдийгүй бусад намуудад ч маш хүнд бодлогыг тулгах хувилбар юм.Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт хэзээ батлагдах нь тийм ч чухал биш. Харин ямар хууль батлагдах вэ гэдэг л анхаарал татахуйц, басхүү ажил хэрэгч шүүмжлэл өрнүүлэх ёстой сэдэв юм.
Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг дээр дэмжигдээд байгаа Монгол Улс нэг тойрог болж намууд ердөө 76 нэр дэвшигч зарлана гэдэг хуулийн хувилбар яагаад хүнд бодлого вэ, яагаад энэ хэвээр батлагдах магадлал бага вэ гэдгийг тайлбарлахыг оролдьё.
ОЛОН ХУВЬСАГЧТАЙ ТЭГШИТГЭЛ ба НЭГ ТОЙРОГ
УИХ хэмээх төрийн эрх барих дээд байгууллагыг сонгуулийн үр дүнгээр байгуулдаг нь гарцаагүй зарчим гэж үзвэл парламент Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлах нь хамгийн их ашиг сонирхлын зөрчил бүхий алхам гэж хэлэхэд хилсдэхгүй. Нэг үгээр бол УИХ хэрхэн байгуулагдах вэ, хэн түүнд сонгогдох вэ гэдэг дүрмийг “зохиохдоо” УИХ дахь намууд болон гишүүд юун түрүүн өөрийн эрх ашиг, ашиг сонирхлыг яаж тусгах вэ гэдгээ нэгдүгээр тавьдаг гэсэн үг.
Энэ утгаар нь аваад үзвэл эрх барьж буй нам яаж дахин олуулаа сонгогдох вэ гэдэг дээр сонгуулийн дүрмийн гол тохируулгыг хийдэг нь зүй тогтол юм. Тийм ч учраас Монголын парламент МАН ба АН гэсэн хоёр намаас голлон бүрдэж, дайварт нь аль нэг Х хүчин хавчуулагдах төдий орж ирдэг сонгуулийн тогтолцоо ноёлсоор ирсэн. Гуравдагч буюу Х нь аль нам, хэн байх нь нөгөө хоёр том намд сонин биш. Хоорондоо тохиролцох маягаар ээлжит сонгууль бүрийн өмнө өөрсдөд ашигтай хувилбараар сонгуулийн хуулийг өөрчилдөг.
Парламентад ялсан нам яаж дахин ялахаа энэ удаад ч бодож байгаа гэж үзвэл томсгосон нэг тойрогт пропорциональ системээр сонгуулийг явуулах нь МАН-д ашигтай хувилбар гэж тооцсон бололтой. Хэрэв энэ хувилбараар хууль батлагдвал өнөөгийн МАН-ын дарга У.ХүрэлсүхэдМАН-аас нэр дэвших 76 кандидатын нэрийг жагсаах гэдэг хариу нь амархан гарчихгүй хүнд бодлого тулгарна. Өнөөдөр УИХ дахь намын бүлэг нь хоёр хуваагдаж Х ба У гэсэн хоёр хувьсагчтай тэгшитгэл мэт болчихоод байгаа зовлон дээр 76 хувьсагчтай бодлого бодно гэдэг тун амаргүй нөхцөл. МАН-ын бүлгийн 64 нөхөд дунд хэдэн Х, хэдэн У байхаас хамаарч асуудал нь шийдэгдэж байгаа шүү дээ.
МАН-ын бүлгийн хуваагдал М.Энхболдын/Х/ тал ба У.Хүрэлсүхийн /У/ тал гэх хоёрхон хувьсагчтай. Тэгвэл МАН гэдэг ердөө Х, У гэх хоёрхон хувьсагчтай парламентын бүлэг биш. Тэнд Z, K, Q гээд өөр хэд хэдэн хувьсагч бий. Тэгэхээр тэр бүхний эрх ашгийг 76-хан хүнтэй жагсаалт дотор багтаах болно шүү дээ. Хэдэн Х, хэчнээн У байх вэ гэдэг дэргэд нь хамаагүй хялбар. Гэтэл эдгээр дээр дахиад хэдэн Z, хэчнээн К-г багтаах вэ гэдэг ёстой цусгүй тулаан болно.
МАН-ын дарга У.Хүрэлсүхийн МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцэлд тулах ташуур нь болсон парламент дахь өөрийнх нь талын нөхөд жагсаалтад лавтайяа багтана гэсэн хүлээлт төдийгүй тохироотой байх нь гарцаагүй л болов уу.Тэгж байж бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа парламентад тэдний дэмжлэгийг авч, үлдээсэн ажлуудаа гүйцэлдүүлэх биз. Ядахад тэдгээр нь ЖДҮ-чид гэсэн нэр хочтой байж байдаг.
Нэг тойрогт 76 нэр дэвшигчийн жагсаалтад нэлээд хувийг нь ЖДҮ-чид эзэлчих нь бас хаашаа ч юм бэ дээ?! Сонгуулийн сурталчилгааны үеэр баалж, ноолох барьцтай сэдэв нь өнөөхөндөө ЖДҮ байгааг яалтай ч билээ. Энэ нэрнээс айгаад тэдний тоог цөөлөх гэхээр Х хувьсагчийн болоод Z, K, Q... хувьсагчийнхны тоо нэмэгдэх магадлалтай болно. Тийм учраас У.Хүрэлсүх жагсаалтын 76 дотортийм олон хувьсагчтай бодлого бодож амжих эсэх эргэлзээтэй.
Хоёрдугаарт, олон хувьсагчтай тэгшитгэл бодох даалгавраас илүү том нэг аюул бий. Тэр нь НЭГ ТОМ ТОЙРОГ. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулийн зарчмаас ямар ч ялгаагүй шахам хувилбар юм. Сүүлийн сонгуульд МАН ялагдсан нь М.Энхболд муудаа ч бас биш. Ард түмэнд ердөө гуравхан хувилбар өгсөнд л хэргийн учир нь байсан. Тэр үед ч өнөөдөр ч ард түмэн МАН, АН-д хангалттай дургүй байгаа шүү дээ. Ийм үед санал хураалтын үр дүн яаж савлахыг Ерөнхийлөгчийн сонгуульд босоо Ганбаагийн авсан саналын тоон дээр төсөөлөөд үз дээ. Өрсөлдөөн ердөө М.Энхболд, Х.Баттулга хоёрын дунд өрнөж байна гэж харагдаж байтал С.Ганбаатар ямар өндөр санал авлаа, цагаан хуудсын хувь хэмжээ хэд байлаа? Энэ бол аюулын дохио мөн.
Сүүлийн 30 жил төрийн эрхийг ээлжлэн барьсаар зажилсан бохь шиг залхаасан хоёр намаас иргэд нүүр буруулаад гуравдагч руу эргэхийг үгүйсгэх аргагүй байгааг судалгааны дүнгүүд харуулсаар буй. Нийгмийн ийм сэтгэл зүй, нөхцөл байдал дунд НЭГ ТОЙРОГТ: МАН+АН+Х гэсэн гурван сонголтыг өгвөл хандлага хаашаа ч эргэж мэдэхийг хамгийн сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгууль харуулсан шүү дээ.
Сонгуулийн тухай хуулийг ямраар яаж батлах вэ гэдгийг шийдэх өнөөдрийн гол хүчин нь МАН. Тэгэхээр МАН-ын даргын хувьд өнөөдөр хамгийн ихээр бодож буй бодлого нь ч энэ хууль. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэж үг бий. Бидэнд туршиж үзээгүй шинэ хувилбар гэж байхгүй юм биш үү?!
СҮХЗАНДАНТУЛГА
СҮХЗАНДАНТУЛГА
СҮХЗАНДАНТУЛГА
СҮХЗАНДАНТУЛГА
Bataa
Bata'a
Zochin
үхэр халх
Дука