-фельетон-
Ойрдоо манай томчууд мордох мордохгүй юман дээр мордож, тэрнээсээ болоод бэртэж, бэртээх боллоо. “Занг нь мэдэхгүй морь яс хугална, занг нь мэдэхгүй ор мах хугална” гэж эцэг өвөг сургасаар байтал ингэх юм.
Саяхны нэг наадмаар ерөнхийлөгч Н.Энхбаяр мориноос унаж билээ. Морь нь үхэнгээ алдсан гэсэн. Гэтэл хэд хоногийн өмнө ерөнхий сайд С.Баяр мориноос унажээ. Ялгаатай нь өөрөө үхэнгээ алдсан ба морины бие сайн байна. Ерөнхийлөгчийг унагаах гээд өөрөө бэртсэн морийг төрийн тэргүүн зүгээр орхиогүй гэдэг. Янз янзын л цуу гарсан байна. Хохирогч ажнайг Саудын Арабиин мал эмнэлэгт сар эмчлүүлээд, дараа нь Есөнтукид рашаанд оруулж сувилуулах зэргээр хохирлыг барагдуулаад “дуртай үедээ Их тэнгэрийн аманд бэлчих эрхтэй”-гээр сүрэгт нь тавьсан гэлцэнэ. Бас “Юун мал эмнэлэгт хэвтүүлэх, тэрнээс дор юм болсон “Хадгаламж банкны 14”-иин хэрэгт ороод уралдах эрхээ хасуулчихсан явахыг нь миний энэ хоёр циилгэр нүд харж нүгэл хураасан билээ” гэх хүн ч байна. Тэр байтугаа “худлаа худлаа, юун эрхээ хасуулах, саяхан л азарга адууныхаа генсек болчихсон хэдэн гүү хураасан шигээ явах чинь билээ” гэх хүн ч гарлаа. Бүү мэд дээ.

Харин мориноос унаад өөрөө бэртсэн С.Баяр Солонгост явж эмчлүүлжээ. Хийсэн гэмээ гүнээ ухамсарлсан морь уг нь “өөрийгээ унуулаад Сөүл хүргээд өгвөл өгье” гэсэн болтой юм билээ. Харин хариуцагч морины эзэн “ ...би ихэд бэлэгшээсэн” гэсэн ярилцлага сонинд өгчээ. Хүн хүн янз янзын юмнаас кайф авах юм даа. Уул нь гэрт орж байгаа хүн босгонд бүдэрч унавал тэр хүний амьдын жинтэй тэнцэх мах махан бүтээгдэхүүн олз болон ирдээг гэж ярихгүй биш ярьдаг байсаан. Одоо эдлэн газарт нь хүн мориноосоо унавал тэгдэг болсон юм байх. Бурхан минь, Зам засварын ангийнхан иймэрхүү сүсэгтэй болчихвол дүүрвээ.!!

Уул нь хэрзгэр чөргөр ерөнхий сайдад орвол тарган тавлаг ерөнхийлөгч хамаагүй өлзийтэй, өгөөжтэй гэдгийг сэтгээгүй л хэрэг байх даа.

Ер нь хүн идэр залуугаасаа унаж сурсан юмаа, мордож дадсан позицоороо хэрэглэх нь өлзийтэй гэж ахмад дайчид дэмий нэг сургаагүй байлтай. Энийг манай хоёр анзаарууштай байгаа юм. Та нар энэ их хурлын Дэмбэрэл даргыгаа хар. Унаж сурсан юмаа унаа л хичнээн сайхан, залуу хүн шиг гялалзаж явна. Буруу ойлгоод явчваа, энд Дэмбээ дарга бага залуугаасаа удирдах ажил хийж суудлын машин унасаар ирснийг л хэлж байна. Та юу гэж бодсон?....тэр асуудал нь тусдаа сэдэв.

Хүмүүс С.Баярт хэлж байна гэнэ. “Мориноос унаж хямруулсан биеэ эмчлүүлэх амархаан. Харин мориноосоо унаад эдийн засгийн хямралтай тэмцэх амаргүй” гэж. Бас ерөнхийлөгчид ч дуугүй байгаагүй гэнэ. “Морийг унагааж хямруулах амархаан. Харин улсаа унагааж хямруулах хэцүү” гэсэн болтой юм.

Нээрээ морь гэснээс иим явдал болоод өнгөрч. Сая гэгээн валентины өдрөөр эрчүүдийн дунд “хайртыгаа нэрлэх” сэдвээр санал асуулга явуулж. Нэг бус оролцогч “монгол эр хүн болохоороо моринд хайртай” гэж хариулсан байна. Судалгаа явуулсан гадаадынхан “Гүүнд хайртай гэх хүн ердөө гарсангүй. Танайхан ч сайхан гоомойрох юм аа” гэлцсэн байна.

Төрийн сүлдэнд морь байх яах вэ? Сүлдэндээ амьтантай улс ганц манайх биш. Ухаандаа Австралийн сүлдэнд имж байдаг. Гэхдээ тэд юм л бол имжээ барьж авч мордоод, хайртай болчлоо энээ тэрээ гээд байдаггүй болтой юм аа. Яг үнэндээ бол турьхан нэгийг нь дарж алчих гээд, эсвэл хэрээ мэдэхгүй томхоныг нь оролдож хэмхлүүлчих гээд байдаггүй гэж байгаа. Тэр бүү хэл өөрийнхээ имжэн дээр өөр эр хүн мордуулах нь бүү хэл хавьтуулдаггүй дуулдсан. Бодууштай л юм даа тээ.