ЯДУУРАЛ БА С.БАЯР


Манай орны хувьд 2008 оноос эхлэн “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-г явуулж, ядуурлын үзүүлэлтийг хоёр жил тутамд тооцох болсон. Хүн амын амьжиргааны түвшинг тогтоох, ядуурлын дүр төрхийг тодорхойлох 2018 оны дэлгэрэнгүй судалгааны дүнг Үндэсний Статистикийн Хорооноос саяхан гаргажээ. 

Энэ удаагийн судалгааны дүнгээс үзэхэд манай нийт хүн амын 28,4 хувь нь ядуурлын түвшинд буюу нэг хүнд ногдох сарын хэрэглээ нь 166 мянган төгрөгөөс доогуур буюу өдөрт 1,9 ам.доллараас бага орлогоор амьдарч байгаа ажээ. Ядуурлын түвшинг 25 хувиар өсгөн 208 мянган төгрөгөөр тооцоолон бодож үзэхэд ядуучуудын тоо даруй 474,8 мянган хүнээр нэмэгдэж, хүн амын 44,3 хувь нь ядууралд өртөх байдалтай харагдаж байна. 


Энэ нь сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн мэдээ байсан тул сүүлийн 10 жилийн ядуурлын түвшин, дундаж давхаргын хувийн жингийн хувьсал, хөдөлгөөнийг авч үзэж, дүн шинжилгээ хийхийг оролдлоо. 


Өнгөрсөн 10 жилийн судалгаануудыг харьцуулан үзэхэд эхэн үедээ буюу 2010 онд 38,8 хувийн ядууралтай байсан Монгол орон эдийн засгийн үр өгөөж арвинтай байж, нэг хүнд ногдох ДНБ 46,8 хувиар өссөн 2011-2014 оны хооронд ядуурлын түвшин 2012 онд 27,4 хувь, 2014 онд 21,6 хувьд хүрч огцом буурч ирсэн байдаг.


МУИС-ийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI)-гээс АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн IRIS төвтөй хамтран зургаан жилийн өмнө хийсэн судалгаанаас үзэхэд, хамгийн сул хэмжилтээр хэмжихэд Монгол Улсын дундаж давхарга 85 орчим хувь, орлогын босгыг өндөр хэмжүүрээр авч үзвэл 30 орчим хувь байна гэсэн дүн гарсан байдаг. Эдгээртоо өнөөдөр сонсоход худал мэт санагдаж болох ч тухайн үедээ үнэн зөв судалгаа байсан.

Тэгэснээ 2015 оноос эдийн засгийн өсөлт 2,3 хүртэл удааширч, улмаар 2016 онд 1,2 хувь хүртэл унаж, нийгмийн хортой үр дагавар үзүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ядуурлын түвшин 2016 онд 29,6, 2018 онд 28,4 хувь гэх мэтээр эргээд нэмэгдэх хандлагатай болов. 

http://gstat.mn/newsn/images/ck/2019/07/03/3-081430-125784844.png

Хүснэгт №1. Дэлхийн Банкны судалгаа 2019 он

Монголын ядуурлын түвшин буурч байснаа эргээд өсөн нэмэгдэхэд 2014-2015 онуудад Дэлхий дахиныг хамарсан эдийн эдийн засгийн хямрал нөлөөлсөн гэх байх л даа. Нөлөөлөх нь нөлөөлөлгүй л яахав, гэлээ гэхдээ хүний тэр дотроо улс төрчдийн буруу бодлого, алхам илүүтэй хортой нөлөөлсөн л болов уу! 

Тиймээс юунаас, хэнээс, юунаас болоод ядуурлын түвшин нэг буугаад, нэг нэмэгдээд, дундаж давхаргын тоо нэг нэмэгдээд, нэг хорогдоод байдаг, байгаа учир шалтгааныг олох нь чухал. 

Өнгөрсөн 2019 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эздээр ядуурлыг бууруулах шинэ аргачлалыг хамтран судалсан АНУ-ын Массачусетсийн Технологийн Институцийн эдийн засагч Абхижит Банержий (Abhijit Banerjee), тус сургуульд ажилладаг, түүний эхнэр Франц гаралтай эдийн засагч Эстер Дуфло (Esther Duflo) болон Харвардын их сургуульд багшилдаг Майкл Кремер (Michael Kremer) нар тодроод, “Ядуу бүлэгт туслахыг оролдож байгаа хүмүүс  “Юу тэдгээр хүмүүсийг ядуу болгоод байна вэ?” гэдэг үндсийг нь өөрсдөө ч ойлгодоггүй. Бид харин тэр шалтгааныг аль болох шинжлэх ухаанчаар харуулахыг зорьсон” гэж хэлсэн байдаг. 

Өөрөөр хэлбэл, Банержий болон түүний нөхөд ард түмний амьдралыг дээшлүүлэхэд Засгийн газрын хөтөлбөрүүдээс эхлээд аливаа үйлдэл бүхний үр ашиг, өгөөжийг зөв хэмжиж, тогтоохыг зорьж тодорхой амжилтад хүрчээ. 

Нобелийн шагналтуудын дээр хэлснийг бодоод байхад Монголчууд бид ядуурлынхаа учир шалтгаан, ядууралд нөлөөлж буй хүчин зүйлс, түүнийг арилгах талаар авч хэрэгжүүлж буй алхам бүхнээ зөв тооцож, үр өгөөжийг нь олж харж байгаа бил үү?! 


Томоор бодож үзвэл, эдийн засгийн өсөлт, уналт болон нийгмийн давхараажилтын хөгжлийн харилцан хамаарлын талаар дутуу бодож, сэтгэсээр өнөө хүрч байгаа юм биш бизээ.


Иймд бид Нобелийн шагналтнуудын зааж сургаж байгаачилан Монгол орны ДНБ болон ядуурлын түвшний харилцан хамаарлыг дахин нэг сайн бодож үзэх хэрэгтэй болж байна. 

Монгол Улсын ДНБ өсөх үед ядуурал буурч, эргээд ДНБ буурах үед ядуурал өсч байсан шууд бөгөөд урвуу хамаарлыг дахин нэг сөхөж, ухаармаар байна.

Тиймээ! Ядуурлын түвшин 17,2 хувиар огцом буурч, ард түмний амьдралд гэрэл гэгээ нэмж байсан үе бол 2011-2014 он байсан. 

Нийгмийн нааштай энэ өөрчлөлтийн учир шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй ойлгоё гэвэл, 2009-2010 оны үед Засгийн газрын явуулсан эдийн засгийн бодлоготой уялдуулан авч үзэж, ойлгох нь шударга ёсонд нийцнэ.

2001 оноос хойш найман жил гацчихаад байсан Оюу толгойн төслийг хэн хэдэн онд хөдөлгөөнд оруулсан билээ. Одоо үүнийг эргээд нэг санацгаая.

Өнөөдөр бидний “харааж, ерөөгөөд” байгаа “Оюу толгойн” төслийг 2009 онд С.Баярын Засгийн газар улс төрийн зориг гарган хүлээн зөвшөөрч, Монгол орны эдийн засагт аугаа их үсрэлтийг хийсэн төдийгүй, Ерөнхий сайдын эдийн засгийн нээлттэй бодлогын хаялага ядуучуудад бодитойгоор хүрч чадсныг эргэн санахад илүүдэхгүй. 

2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, ИБУИНВУ-ын Лондон хотод бүртгэлтэй "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед" компани, Монгол Улсад үүсгэн байгуулагдсан "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК, Канад Улсад бүртгэлтэй “Айвенхоу Майнз Лимитед”-ын хооронд 30 жилийн хугацаатай Хөрөнгө оруулалтын гэрээ (ХоГ)-г байгуулсан. Энэ бол түүхэн үйл явдал байв.

Энэ Гэрээг боловсронгуй болгох, дахин хянаж үзэх шаардлага өнөөдөр байгааг үгүйсгэх аргагүй ч уг Гэрээний Монгол орны хөгжилд гүйцэтгэсэн, гүйцэтгэж буй эерэг үүргийг үгүйсгэх боломжгүй юм. 

Гэрээний хүрээнд “Оюу толгой” ХХК нийт 10 орчим тэрбум ам.долларыг 2010 оноос өнөөг хүртэл Монголд зарцуулсан нь бодитой тоо баримт. 

“Оюу толгой” төслийн зүгээс төлсөн татвар, хураамж, үндэсний болон орон нутгийн хэмжээн дэх худалдан авалт, цалин, хөлс болон нийгэм, орон нутагт бүтээсэн бүтээн байгуулалт, хандив дэмжлэгээрээ улс орны эдийн засгийн хөгжилд тасралтгүй хувь нэмрээ оруулж, Монгол Улсын иргэдэд ч хаялагатай байж ирсэн. Ганцхан жишээ авахад, зарцуулсан мөнгөн хөрөнгийн дийлэнхи буюу 76 хувь нь дотоодын олон зуун ханган нийлүүлэгчдээсээ худалдан авсан бараа, үйлчилгээнд зарцуулагдсан байдаг. 

Ялангуяа бүтээн байгууулалтын эхний жилүүдэд 4 хүртэл Тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт нэг жилд орж байсныг мартах учиргүй.

Тиймээ! Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом өсч, ДНБ дөрөв дахин нэмэгдэж, улсын төсвийн орлого эерэг болох эдийн засгийн хөрс суурийг Ерөнхий сайд С.Баярын Засгийн газар ийнхүү 2009 онд тавьсан. 

Оюу толгойн төсөл хэрэгжиж эхэлснээр 2011-2013 онуудад эдийн засаг жилд 11,6-аас 17,3 хүртэл хувиар тэлж байсан нь бодит үнэн. 

Гэтэл дараа нь юу болов? Манай улс төрчдийн туйлбаргүй, залгамж чанаргүй, харалган бодлогын нөлөө эдийн засагт улмаар нийгэмдээ нөлөөлсөн гэж шууд хэлмээр байна. 

Өмнөх хүнийхээ зөв зүйтэй бодлого, үйл ажиллагааг үгүйсгэн, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хааж боох, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг царцаах, стратегийн томоохон түнш рүүгээ дайрч довтлох ажиллагаа 2012-2016 онд эхэлсэн биш бил үү?! 

Улмаар уул уурхайн үндсэрхэг үзэл /mining nationalism/, хөрөнгө хураах хүртэл популист амлалтууд улам газар авах болсон нь гадаад, дотоодын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг сааруулж, валютын урсгалыг хааж, эдийн засгийн тэлэлтийг хумисан. Энэ нь ядуурлын түвшин эргээд 28-29 хувь хүрч өсөхөд хүргэсэн бус уу?! 

Өнөөдөр Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын аюул 2020 оноос хойш Монголын ядуурлын түвшинг хаа хүргэж өсгөж хаяхыг хэлэхэд эрт, бас бэрх байна. COVID-19 цар тахлын нөлөөгөөр Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг 2020 онд дор хаяж 4 нэгж хувиар бууран, Азийн эдийн засаг хямралын төлөвт шилжиж, ойролцоогоор 11 сая хүн ядуурлын эгнээнд шилжих тооцоог Дэлхийн Банкнаас 4-р сарын 1-нд гаргажээ. 

Өөр нэг үнэн бол манай статистикчдын яриад байгаагаар хүн амын 44,3 хувь нь ядууралд өртөх магадлалтай болсон нь бодит аюулын дохио яах аргагүй мөн.

http://gstat.mn/newsn/images/ck/2019/07/03/2_PTxSSVY-081407-837077439.png

Хүснэгт №2. Дэлхийн Банкны судалгаа 2019 он

Тэгвэл эдийн засгийн багахан савалгаанд өртөж, ядуурлын түвшин руу уначих гээд байгаа сул дорой дундчуудаа хэрхэн бэхжүүлэх вэ? Орлого, хэрэглээ нь харилцан адилгүй байгаа ядуу иргэдээ яаж өндийлгөж, дундчуудын эгнээ рүү чирч оруулах вэ? 

Юуны өмнө нэн ядуу иргэд рүү чиглэсэн халамжийн бодлого явуулахаас өөр аргагүй нь ойлгомжтой. Гэтэл Нобелийн шинэхэн шагналтнуудын хувьд ядуурлыг буруулахын тулд ядууст эмх замбараагүй, бодлогогүй өглөг өгөх, туслах нь ядуурлын эсрэг тэмцлийн үр өгөөжийг бууруулдаг болохыг нотолжээ. 

Харин төр, засгийн нэгдмэл бодлоготой, хяналттай, ялгавартай, чиглэл зорилготой ядуурлын эсрэг үйл ажиллагаа л амжилтад хүрэхэд нөлөөлдөг гэдгийг тэд олон улс оронд хэрэгжүүлж буй бичил зээл, тусламжийн хүрээнд нотлон харуулж чадсан байна. Тиймээс бид ч гэсэн ядууст чиглэсэн нийгмийн хамгааллын алхмуудаас илүүтэй тэднийг хийж, бүтээх, мөнгө олох, хуримтлуулан арвижуулах, хөдөлмөрийн үр өгөөжийг мэдрүүлэхэд чиглэгдсэн бодитой алхмуудыг хийхийг биднээс шаардаж байна. 

Харин ядууралд өртөх эрсдэлтэй бүлгийг ажил орлоготой болгохын тулд ур чадвар олгох сургалтад хамруулах, ажлын байраар хангах,тогтвортой орлогын эх үүсвэртэй болгох шаардлага илүү их байна. 

Монголд өнөөдөр ажилгүйдлийн түвшин 8,1 хувь болж, буурч байгаа ч, 120 мянган иргэн ажилгүй хэвээр байгаа нь ядуурлын гол шалтгаан хэвээр байгааг мартаж боломгүй байна. Ковид-19 цар тахлын хор уршгаар энэ тоо хэр их өсөх бол гэдгийг бид бодолцох учиртай. Эхний байдлаар 10 гаруй мянган ажлын байр хаагдсныг МҮХАҮТ мэдэгдэж байгаа. 

Яг энэ эрсдэлт бүлгийнхэнд ЖДҮ хэрэгтэй болно. “ЖДҮ-ийг дэмжих сан”-г эрх мэдэлтнүүдэд биш харин өнөөдөр ядууралд өртөх магадлалтай тэр л бүлэгт, манай статистикчдын тооцоолж байгаагаар ядууралд өртөж болзошгүй 474,8 мянган хүндээ хүргэх хэрэгтэй байна.

Өнөөдөр “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын хүн амын 59 хувь нь дундаж давхаргад амьдарч байгаа хэмээн стастикчид маань тун ойлгомжтой тайлбарлаж байгаа. 

Тиймээс ч УИХ-аар 2016 онд баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангасны үндсэн дээр ядуурлын бүх төрлийг эцэс болгон, орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байх” зорилтыг дэвшүүлсэн байдаг. 

Тэгвэл одоо УИХ-д өргөн баригдаад байгаа “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалын Эрхэм 9 зорилгын нэг нь “Амьдралын чанар ба дундаж давхарга”-ын асуудал болж, энэ зорилгынхоо хүрээнд “Сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхаргыг 2050 он гэхэд нийт хүн амын 80 хувьд хүргэнэ.” гэсэн зорилт дэвшүүлж байгаа. 

Энэ л цаг үед яг л С.Баяр 2009 онд зориглож байсан шиг улс орны эрх ашгийн төлөө, урт хугацааны зорилго, зорилтдоо хүрэхийн төлөө, эдийн засгийн нийгэмд үзүүлэх эерэг үр дүнгийн төлөө, олон нийтэд тэр бүр таалагдахгүй байж болох ч удирдагч хүний ухаалаг, сийрэг улс төрийн шийдэл, шийдвэрийг гаргахыг цаг үе Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсэмжилж байна. 

Тиймээ! Авилгатай тэмцэх, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх талаар баримталж буй байр сууринаасаа ухар гэж байгаа юм биш, харин Монголын хөгжилд өөрийн үүргийг гүйцэтгэж ирсэн С.Баяр мэтийн ахмад улстөрчдийнхээ хийсэн бүтээсэнд бодитой дүгнэлт эн тэргүүн өгөөсэй.

Мөн нийгмийн үр дагаварыг нь хүртэл олж харж, ядуурлыг тогтоон барьж устгах, дундаж давхаргын хувийн жинг нэмэгдүүлэхийн тулд улс орны эдийн засгийн чадавхийг огцом нэмэгдүүлэх Эгийн голын УЦС, Шивээ овоогийн Цахилгаан станц, Таван толгойн Нүүрс-Химийн үйлдвэрийн цогцолбор, Нүүрс экспортын тээвэр, үйлчилгээний дэд бүтэц зэрэг тоймтой, томоохон бүтээн байгуулалт, төслийг зоригтой дэмжиж, шийдэх, ХАА болон ЖДҮ-ийг хөхиүлэн дэмжих ажилтай зөв зүйтэй хослуулан хэрэгжүүлэхийг эрх баригчдад цаг үе сануулж байна. Ингэж хэмээн нь улс төрийн бусад өрсөлдөгчөөсөө давуутай гэдгээ нотлох болно.

Өнөө цагт дэлхийн түүхэнд гавъяа байгуулж, улс орондоо төдийгүй хүн төрөлхтөнд сайн сайхан, хөгжил дэвшлийг өгсөн удирдагчид IQ өндөртэй байхаас гадна зүрх сэтгэлийн чадамж өндөр HQ (Heart intelligence)-тэй байх ёстой гэж судлаачид үзэх болжээ. 

Тиймээс зүрх сэтгэлээрээ хамт олон, ард түмэндээ нөлөөлөхүйц зоригтой шийдэл гаргаж чаддаг хүнийг олон нийт жинхэнэ удирдагч гэж үздэг байна. 

Монгол орны ардчилсан хөгжлийн 30 жилийн хугацаанд ажилласан Ерөнхий сайд бүхэн улс орны хувь заяа, ард түмний аж амьдралд өөрийн өөрийн хувь, оролцоотой байж ирсэн ч Монгол орны эдийн засгийн үсрэнгүй өсөлтийг хангаж, ядууралд шийдэмгий эргэлт гарахуйц зоримог шийдвэр гаргаж чадсан хүн бол Ерөнхий сайд С.Баяр байсан болой.

Дараачийнх нь...?!



ОББЭЭ, Доктор Б.Энхмандах

2020 оны 4 дүгээр сарын 7