Яанаа, Ерөнхий сайд “Тавантолгой”-г “таг мартчиж”!!!
-Гадны хөрөнгө оруулагчид “ЭТТ”-н ТУЗ-ийг голоод байна-
Засгийн газар энэ долоо хоногийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас 20 дахийг нь “хаячихсан”-ыг та бүхэн анзаарав уу. Энэ “азгүй” асуудал нь “Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” гэх даруухан нэртэй боловч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үндсэн том зориултуудын нэг, “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO-г босгох тухай асуудал байсан юм.
Хэтэрхий олон жил хүлээсэн энэ ажлын биелэлтийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүлээсэн ч саад бартаагаа туулж гүйцэх яагаа ч үгүй бололтой. Өнгөрсөн хавар “ҮАБЗ-өөс Тавантолгойн хувьцааг гаргах шаардлагагүй гэж үзсэн” гэх мэдээлэл түймэр шиг ассан боловч тэр хэрээр МАН-д итгэх итгэл цурманд орж “Эндээс иргэн бүр ашиг хүртэх ёстой” гэх сүүлчийн итгэл нь эдийн засагч Л.Наранбаатар руу “нүүсэн” юм.
Гэтэл Л.Наранбаатар биш МАН амласан шүү дээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайдаар томилогдонгуут “Зорьсноо хийж хэлсэндээ хүрдэг Ерөнхий сайд байна” гэж хэлсэн. Сарын дараа, 2017 оны арваннэгдүгээр сарын 3-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Тавантолгойн ордод түшиглэсэн олборлон баяжуулах үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах төслийн хэлэлцээрийг эцэслэн, гэрээг байгуулж, хөрөнгө оруулалт орж ирэх нөхцлийг бүрдүүлэх ажлын явц хангалтгүй байна” гэж шүүмжилсэн.
Хамгийн харамсалтай нь ингэж хэлснээс нь хойш 19 сар өнгөрлөө. Хаана байна, хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл? Яагаад Тавантолгойн IPO буюу гадаад зах зээлээс хөрөнгө босгохтой холбоотой бэлтгэл бүрэн хангагдаад, Засгийн газрын хуралдаанаар оруулахаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байтал гэнэт хасагдав? Нүүрсний үнэ ханшийн “алтан үе”-д гацаасан буруутан нь хэн бэ? Нэг өдрийн өмнө ч гэсэн шийдвэр гаргавал Засгийн газрын ажил урагш ахих бус уу? Засгийн газрын дээр хоёр том институци бий. Тэгж байж ҮАБЗ бүрддэг байх аа. Гэтэл салбарын яам Тавантолгойн IPO хийх “даалгавраа” гүйцэтгээд Засгийн газрын хуралдаанаар оруулахаар “Юун Тавантолгойн IPO” гээд хасчихаар цаанаа учиртай байгаа биз?
Энд нэг зөрчил анзаарагдсан. Үүний өмнө энэ оны гуравдугаар сарын 28-нд “ҮАБЗ Тавантолгойд PO гаргах шаардлагагүй” гэх мэдээ тархсны маргааш нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн IPO-г би хийх болно” гэсэн гарчигтайгаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Түүний байр суурь дотор хөрөнгө оруулахыг сонирхож буй талууд ямар шаардлага тавиад байгааг тодотгосон нь анхаарал татсан. Өөрөөр хэлбэл “ЭТТ”-д бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа юм байна. Гүйцэтгэх захирал нь олон улсын стандартад нийцсэн, санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийг өндөр түвшинд эзэмшсэн, өргөн мэдлэг, туршлагатай, англи хэлээр шууд ярьж ойлголцдог хүн байхыг хөрөнгө оруулагчид шаардах нь ойлгомжтой. Түүнээс биш Ерөнхий сайдтай хэр ойр байх нь огт чухал шалгуур биш ээ. Үүгээрээ монголчуудын ажлаа явуулж ирсэн гажиг уламжлалаас өөр.
“ЭТТ” компанийн ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, англиар чөлөөтэй ярьж ойлголцдог, хөндлөнгийн гишүүд байх ёстой. Санхүү, маркетинг, борлуулалт, үйл ажиллагаа хариуцсан захирлууд нь дэлхийн түвшинд хүрсэн тийм залуусаар багаа бүрдүүлж байж олон улсын хөрөнгийн биржид "Эрдэнэс Тавантолгой"-н нийт хувьцааны 30 хүртэлх хувийг гаргана. Үүнийг л хөрөнгө оруулагчид нэхэж байна. Гэтэл Монголд, тодруулбал У.Хүрэлсүхийн Засгийн газар өөрөө “ЭТТ”-н ТУЗ-ийг улс төрөөс байтугай МАН-аас хараат байх томилгоо хийсэн.
Шулуухан хэлэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан хоёрт таалагдсан ТУЗ гадны хөрөнгө оруулагчдын шалгуурт нийцэхгүй байна гэдгийг л ойлгоод өгвөл У.Хүрэлсүх “Зорьсноо хийж хэлсэндээ хүрдэг Ерөнхий сайд” болчих гээд байна л даа. Дээрх ТУЗ-ийнхөн зорьсон ажлаа явуулахад бэлтгэгдээгүй, бэлэн бус учраас томилсон дарга нартайгаа л харилцаад улс төрөөс бүрэн хараат байна. Энэ л хөрөнгө оруулагчдыг үргээгээд байгаа юм.
Аргагүй шүү дээ, оруулсан хөрөнгийг нь захиран зарцуулах эрх бүхий этгээд буюу “ЭТТ”компанийн захирал нэг цент зарцуулахдаа ч хөрөнгө оруулагчаасаа бус намын дарга, Ерөнхий сайдаасаа асуугаад байвал хэн хөрөнгө оруулахыг хүсэх вэ. Өнөөдрийг хүртэлх тус компанийн үрэлгэн зардал, тансаглал ихэсч ажлын үр дүн багассаныг дэлхий харж байна. Алдаа гаргавал хариуцлага тооцож суртал нь, албан тушаалаар гоёх бус ажлаа хийж чаддаг болтол хүлээх гэхээр Монгол хохирох гээд байна. Хохирсоор ч байгаа. Яаж вэ гэвэл өнөөх л хэдэн жил ярьсан гажуудал хэвээрээ, уурхайн амнаас хятадууд өөрсдөө зөөж, дөнгөж хилийн цаана боловсруулаад үнэд хүргэж алдарт “Винсвэй” хожиж, тэдний захирал гэх нүнжиг дүүрэн авхай Монголчуудын хүртэх байсан Монголын баялгаар “Форбс”-ын шилдэгт шалгарсаар, ашиг орлого нь нэмэгдсээр байна. “Винсвэй” буюу шинэ нэрээрээ “E-Commodities”-г ашигтай байлгах уу, “Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай байлгах уу гэдгээс “ориг ба хулхи” эх орончид танигдаж байна. Тэднийг таних нь “угаасан ба түүхий” нүүрс ялгахаас амархан болжээ.
Хувь тавилангийн тохуурхал ч гэх үү, бид нүүрс “идэж” амьдрахад хүрээд байгаагаа хүлээн зөвшөөрсөн. Мал аж ахуй, аялал жуулчлал хөгжүүлэх гоё фантаз ажил хэрэг болтол үүнээс өөр гарц харагдахгүй байна. Гэтэл нүүрсээ доллар болгож хувиргах менежмент дээр “шинэ хүмүүс”, хатуухан хэлэхэд МАСЗХ-ны ерөнхийлөгч, Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Оюутны холбооны ерөнхийлөгч гурвыг томилчихоод байна шүү дээ. Нүүрсний менежмент гэдэг чинь дарга нарын болон бидний ойлгодгоос тэс өөр. Ялангуяа дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзах тэр цагтай уралдаж борлуулж ашиг олох, үнэ ханшийн савлагаа, геополитикийн өрөг дээр цэргийн бага дарга, аварга бөх, сайн дурын ажилтан гурвыг тавьчихаад хүлээж суугаа нь бидний л заяа гэхээс. АН-ын Засгийн газрын үед хүний нөөцөөрөө гайхуулж шоолж суусан МАН-ынхан үнэн хэрэгтээ хөгжүүлье гэх бус хөлжье гэсэндээ мэргэжлийн бус хүмүүс томилов уу ч гэж хааяа харуусах. Ядаж “Эрдэнэс Тавантолгойн” захирлаар мэргэжлийн хүн, жишээ нь “нүүрсний тоглолт” мэддэг Л.Наранбаатарыг томилсон бол гадны хөрөнгө оруулагчдаас сайд нь, Ерөнхий сайд нь ичихгүйгээр төрийн хэлцэл хийх байсан болов уу. Гэтэл ямар ч томилгоонд тохирдог “эрх зүйч, улс төр судлаач” чинь Намын даргад таалагдах, олон нийтэд сайхан ярихаас өөр юу хийж чадах юм бэ. Хар л даа, хориод жилийн өмнө МҮХАҮТ-ийн ажилтан байж байгаад хуучин МАХН-ынхан хулжаад эзгүйрсэн тэр үед Оюутны холбоог удирдаж “бурхангүй газрын бумба” болсон цагаасаа хойшх намтарт нь дандаа зөвлөх, дэд дарга, дарга. Юун нүүрс?! Энэ арай биш шүү, МАН-ынхан! Ийм даргатайгаар нүүрсний алтан үеийг дэмий өнгөрөөж Монголыг хохироолоо, У.Хүрэлсүх ээ, Д.Амарбаясгалаан! Та нарын нам доторх үерхэл нөхөрлөл хэдэн тонн нүүрс, хэдэн тэрбумын ашиг орлогоор хэмжигдэх юм бэ. “Нэг литрийн саванд хоёр литр ус багтдаггүй”-н адилаар энэ гурван хүн хоёр жил гаруй ажиллахдаа ярихаас илүүг хийж чадсангүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Та “Тавантолгойн IPO-г би хийх болно” гэсэн амлалтдаа хүрээч ээ! “Улстөрчид Тавантолгойгоос савраа тат” гэснээрээ тэр “саврыг” тасчиж хая!. Энэ л эрх мэдэл буюу “шүдгүй арсланг шүдтэй болгож”, давхар дээл өмсүүлсний төлөөс болох ёстой. Эр хүнд “За”-ийн андгай байдгийн ёсоор, “Авлигачидтай эвлэрэн хуйвалдах хүн биш” гэж итгэхийг хичээе. Танхимын зарчим алдагдсан хэдий ч У.Хүрэлсүхийн Засгийн газарт нэр тань хадаатай явах учраас Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Та яагаад Тавантолгойн IPO босгож, ААН, иргэдийн санхүүд хүчтэй нөлөөлөх цорын ганц том боломжийн төлөө зүтгэхээ, тэмцэхээ больчихов оо. Тоглож хэлээгүй л бол хуйвалдлаа, амаа үдүүллээ гэж ойлгохоос өөр арга алга. Тэр учир битүүлэг саврын чинь эзэд хэн болохыг зарлачихаад “Газрын ойр, гарзын бага дээр” ажлаа өгнө үү.
Эсвэл хэн ажил хийлгэхгүй, ашиг хонжоо хараад байгааг хэлээд аль. “ЭТТ”-н тэр чадвар нь, боловсрол нь, туршлага нь, хэлний мэдлэг нь гологдоод байгаа нөхөд тэнгэрээс унаж, газраас ургаагүй нь лавтай. Хэн, ямар замаар, яаж “шахсан” бэ? Төрийн өмчит компанийн хөрөнгийг яаж үрэн таран хийж, хэрхэн хөлжиж буйг илчил!Тэгвэл та МАН-ын хүү биш Монголын хүү гэдгээ харуулна гэдэг сүүлчийн гарц гэдгийг сануулъя!
Энэ бол манай дотоод “зовлон”. Гаднах саад мэдээж хавьгүй том. Тэр бол бараг “давагдашгүй хүчин зүйл” мэт зовлон билээ. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ ханш, их гүрнүүдийн бодлого, ялангуяа хойд хөршийн зүгээс зөвхөн Монгол Улсын ҮАБЗ-ийн л нүдэнд харагддаг тэр дарамт...
Засгийн газрын хуралдаан дээр зургаан удаа унасан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” гэх азгүй асуудлын хэлэлцэхээр товлосон тэр өдөр ОХУ-ын Уфа хотноо ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар уулзаж байв. Хэдийгээр жил бүр болдог уулзалтад оролцохоор очсон ч “алдсан хүн арван тамтай” гэгчээр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлаас Тавантолгой хасагдсан болохоор, уг уулзалт ба Засгийн газрын хуралдааны огноо, цагийн дараалал, үр дүн ингэж таарсан нь тохиолдол ч байж болно. Гэхдээ ҮАБЗ-ийн байр суурь, түүний гишүүн Х.Баттулга, А.Гансүх нар дараалан Зам, тээврийн салбарыг удирдахдаа баримталж ирсэн бодлогоос нь үүдэн хардах эрхээ эдлэхэд болохгүй юмгүй. Энэ бол таамаглал.
Дашрамд дурдахад жил гаруйхны өмнө, 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын урилгаарМонгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Н.П.Патрушев, Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нар ганцаарчилсан уулзсан байдаг. А.Гансүхийг уг уулзалтаас буцаж ирснээс дөрөв хоногийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга “ЭТТ” компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал нарыг өрөөндөө дуудаж “Орон нутгийн өмчит жижиг Тавантолгой” компани 90 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байхад “ЭТТ” 46.1 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллачихаад ногдол ашиг нь “0” байна вэ” гэж шүүмжилсэн. Мөн иргэддээ 3000 биш 300 000 ногдол ашиг хуваарилах боломжийг эрэлхийлсэн өөрийн хувилбарыг дэвшүүлж үүнтэй холбоотой хуулийн төсөл санаачилснаа дуулгаж байв. Харин нэг жилийн дараа 2019 оны дөрөвдүгээр сарын 29-нд “Эрдэнэс Тавантолгой ТӨХК 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилахгүй” гэж Д.Ганхуяг захирал мэдэгдсэн.
Ингээд ҮАБЗ, ТУЗ хоёр нийлээд “ЭТТ”-н IPO-г босгохгүй гэдгээ мэдэгдчих нь тэр. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “том зорилго” хаачив. Төсвийн захиран зарцуулагч, энэ компанийн өчигдө, өнөөдөр, маргаашийг өөрийн эд эрхтэн шиг мэдэж байх ёстой Д.Ганхуягт байр суурь байна уу? Мэдлэг чадвараа байг гэхэд сэтгэл байна уу, мэдрэмж байна уу? Нүүрсний үнийн арван жил үргэлжилсэн уналтын дараах “алтан үе”-д нь нүүрсээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгоод өндөр үнээр худалдах уу. Өнөө маргаашаа аргацааж сорчилж хямдхан зарчихаад арилаад өгөх зорилготой хүн үү?
Үүний хариуг олохгүйгээр гаднаас, өөр намаас, хилийн цаанаас “зовлон” хайгаад хэрэггүй. Эхлээд олон олон “Ганхуягтнууд”-аас салж байж “ЭТТ” боловсруулах үйлдвэртэй болж эцсийн бүтээгдэхүүнээ экспортолсноор эдийн засгийн цөм хүч болж чадна.
Удирдаж байгаа компаниа хөгжүүлж, “олборлолт хийдэггүй, нүүрс боловсруулдаггүй, нүүрс борлуулдаггүй” мөнгөний шуудай гэж бодож ажилладаг, олон улсын байтугай Төрийн өмчит компанийн удирдлагын шаардлагыг хангахгүй зөвхөн Намын дарга, Ерөнхий сайдад таалагдах “бодлого”, “зорилттой” байхад Монголын санхүүгийн салбарын төлөөлөгч, эдийн засагч Ө.Ганзоригийн хэлсэнчлэн “Хэн ч зовж олсон хөрөнгөө Монгол шиг эрсдэлтэй улсад оруулж алдахгүй хүсэхгүй”.
ҮАБЗ-ийн бодлого тогтворгүй, Засгийн газрын шийдвэр ойлгомжгүй, “ЭТТ”-ийн ТУЗ чадваргүй дээр улс төрөөс хараат, өдөр тутам шахам нэг авлигачин хоригдож эсвэл суллагдаж байгаа мэдээ дэлхий дахины сонорт хүрч байхад хөрөнгө оруулагчдыг “ЭТТ”-д хөрөнгө оруулахыг уриалаад үз! Төрөөс азгүй шийдвэр гаргасан учраас түүнийхээ хариуд, том зорилгодоо хүрч чадаагүйнхээ төлөө иргэдийнхээ өмнө сөхрөх л болно, Ерөнхий сайд аа! Ямар ч шалтаг, шалтгаан заасан үүрэг хариуцлага нь таны толгой дээр бууна, Д.Сумъяабазар сайд аа! Наадамчин олноо төлөөлсөн бөх байхаас чинь дэмжиж, “намчин”, улстөрч болоход чинь ч итгэлээ буцаагаагүй ард түмнээ бодоорой!