Гадаад харилцааны яам “галзуурчихаж”!!!
Гадаад харилцааны яам “галзуурчихаж”!!!
Гадаад харилцааны яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 14-нд бүх ДТГ-уудад нэгэн “галзуу зар” тараав. Үүнийг албан бичиг хэлбэрээр явуулсан улсаа шившиглэсэн хэрэг гэвэл зохино. Учир нь уг бичигт “Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр өгсөн үүргийн дагуу дараах хоёр асуудлыг суугаа улсынхаа Гадаад яаманд албан ёсоор ноот бичгээр тавьж хариу ноот бичгийг 18-ны дотор ирүүлнэ үү. Үүнд: ДТГ-т ажиллахаар дипломат ажилтны болон үйлчилгээ, техникийн ажилтны үнэмлэх авсан ажилтнуудын нэрс, үнэмлэхний дугаарыг, тэдний нэр дээр бүртгэлтэй автомашины мэдээллийг гаргаж ирүүлэхийг даалгажээ. Өөрөөр хэлбэл энэхүү бичгийг хүлээн авсан ДТГ-ууд тухайн улсынхаа Гадаад яаманд “Монголын хэдэн дипломат ажилтан танай улсад байдаг вэ? Нэрсийг нь гаргаж өгөөч. Тэдний нэр дээр бүртгэлтэй хэдэн автомашин байдаг юм бол, хэлж өгөөч” гэсэн агуулгатай ноот бичиг гардуулж, “хариуг нь 18-ны дотор өгөх тул хурдан тоолоод гаргаад өгөөрэй” гэж гуйх нь л дээ.
Арай л ичгэвтэр биш үү. Монгол Улс “малаа тоолж чаддаг хэрнээ хүнээ бүрэн тоолж чаддаггүй. Хэд нь гадаадын иргэншилтэй байгааг ч хэлдэггүй. Нууц уу, тоолж чаддаггүй юу. Саяхан тэмбүүтэй хүнээ тоолж чадаагүй байж аян зарлаад түүнийг нь дэлхийн хэвлэлүүд нийтэлсэн. Харин одоо дипломат ажилтан хар тамхи тээвэрлэж яваад баригдсанаас үүдэж бөмбөрцөг дэлхийн хаана нь хэдэн дипломат ажилтан илгээсэн, тэдний хэрэглээнд хэдэн автомашины зөвшөөрөл авснаа гадныхнаас асуух гэж байна. Товчхондоо, Монгол Улсын Гадаад харилцааны яам бүртгэлжүүлэлт, хариуцлага, хяналт муутайгаа бусад улс орнуудаараа баталгаажуулж авч байгаа хэрэг.
Маш хариуцлагагүй энэ албан бичгийг Гадаад харилцааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан “үйлджээ”. Түүний баз нь Турк улсын Истанбул дахь Монголын консулын газрын дэд консул Б.Баттүшиг гэдгийг хэвлэлүүд мэдээлсэн. Харин Б.Баярсайханыг энэ албанд томилоход нөлөөлж дэмжсэн хүнээр УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярыг нэрлэдэг. Магадгүй Б.Баярсайханыг Говь-Алтайнх, бас гадаадад сургуульд сурахад нь төлбөрийг нь дааж байсан гэх зэрэг шалтгаанаас үүдэж тийнхүү харддаг байж мэднэ. Түүний дүү Б.Баярмагнай Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, МАСОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар 2000 оны эхнээс МАН-д зүтгэж яваа, “Сэлбэ голын урсацыг сайжруулах,сэргээх төслөөс зургаан тэрбум, УИХ-ын гишүүн Сү.Батболд тойрогт нь хуваарилсан нэг тэрбум төгрөгийн зарцуулалтаар “асуудалд орж” байсан удаатай.
Б.Баярсайхан МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны даргаас эхлээд ШЕЗ-ийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга, “Алтай констракшн” ХХК-ийн захирлын зөвлөхөөс УИХ-ын гишүүний зөвлөх хүртэл ажиллаж байв. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байснаар нь олон нийт мэдэх байх. Мөн Д.Цогтбаатарыг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад ТЗУГ-ын даргаар ажиллаж байгаад Гадаад харилцааны сайдаар томилогдоход нь Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллах болсон, аль ч намд тал алддаггүй, албан тушаалын “тэнгэртэй” нэгэн.
Гэтэл энэ удаад Б.Баярсайханы баз Б.Батүшиг хар тамхи зөөвөрлөж яваад баригдаж дипломат албаны нэр хүндийг унагаасан хэрэг гарлаа. Гэтэл Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Баярсайхан өнгөрсөн нэгдүгээр сард тус улс дахь консулын газарт шалгалт хийсэн байдаг. Үүнээс хойш тавхан сарын дараа урьдчилсан мэдүүлгээр долоон удаагийн үйлдлээр 521 кг-ыг зөөвөрлөсөн болох Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар мэдүүлэгтээ өчсөн гэдгээс харахад Б.Баярсайхан даргын хяналт шалгалтын чанар, ажлын хандлага, хариуцлага ямар байсныг хэлээд өглөө. Харин 2011 онд Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд Б.Баттүшигийг Тайландад консулаар томилсон байдаг. Хэдийгээр түүнээс хойш найман жил өнгөрсөн ч Р.Болдыг Турк улсад суугаа Элчин сайдаар ажиллах үед Б.Баттүшиг ийм хэрэг үйлдсэнээрээ анх дипломат албанд илгээж байсан экс даргынхаа урмыг хугалсан харамсалтай тохиолдол боллоо.
Энэ бүхний дүнд Б.Баттүшигийн баз Б.Баярсайхан дарга ч хяналт шалгалтын ажилд хайнга хандсанаа харуулаад зогсохгүй “нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэгчээр Монгол Улсын Засгийн газрыг, Гадаад харилцааны Яамны өмнөөс “Манай хэдэн хүн, хэдэн машин танайд бүртгэлтэй байгааг хэлж өгөөч” гээд хоног товлож явуулна гэдэг бол “бөмбөрцгийн шившиг” бус уу! Угтаа ГХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын хэдийнэ цэгцэлчихсэн, арван хуруу шигээ мэдэж байх ёстой ажил байтал “Би хяналтаа алдчихлаа. Надад тусал” гэсэн бичиг явуулчихаад үнэн бодит хариу ирнэ гэж хүлээж сууна гэдэг дэндүү хариуцлагагүй үйлдэл боллоо.
Нөгөөтэйгүүр өмнө нь улсаа төлөөлүүлээд “Шилдэг” гээд илгээсэн бүх ДТГ-ын тэргүүнүүддээ эргэлзсэн, итгэхгүй байгаагаа ГХЯ нь илэрхийлж үүгээрээ зөвтэй, буруутай бүгдийг нь гутаан доромжилж байгаа хэрэг биш гэж үү! Энэ нөхцөлд дараа нь тухайн улс оронтой хэрхэн харилцах болж байна? Жилд ДТГ-ууддаа шалгалт хийхээр дор хаяж хоёр удаа яваад байдаг ажлын хэсгийн шалгалтын дүнг хүчингүйд тооцох уу. “Зугаалж” яваа мэт ажлаа хийсэн бол ядаж зардлыг нь төлүүлэх, амжилттай шалгагдсан ДТГ-ын ажлын амжилт ололтыг үгүйсгэх зэргээр дээрх бичгийн сөрөг үр нөлөө хэтэрхий өргөн цар хүрээг хамаарахаар байна. Харин үүний оронд дипломат паспортыг хэд хэдээр нь эзэмших явдал ч энэ даргын үүрэг хариуцлагад хамаатай байж таарна. Яагаад дипломат паспортоо хураалгасан тохиолдолд дахиад өөр дипломат паспорт ашиглаад цаашаа яваад байдаг юм бэ? Зөвхөн ГХ-ны сайд, Төрийн нарийн бичгийн даргын цохолтоор л олгодог болохоор энэ завхралын эзнийг олох, алдааг засах, хариуцлага хүлээлгэх амархан биш гэж үү. Гадаад харилцааны дэд сайд асан, УИХ-ын гишүүн Н.Оюундариас энэ талаар лавлахад “Надад дипломат паспорт хоёр бий. Хоёуланг нь ашигладаг” гэв. Өмнөхөө хурааж аваагүй гэдэг шалтгаанаар тэр. Гэхдээ энэ нь ямар нэг хууль, дүрэм журам зөрчдөггүй” гэнэ. Сонин байгаа биз Наад захын хэрэглээ жолооны үнэмлэхтэй харьцуулаад үз дээ. Замын цагдаа зөрчил гаргахаар нь жолооны үнэмлэхийг хураахад дараагийн үнэмлэхээ гаргаад яваад байж болдог бил үү.
Энэ бол Б.Баярсайхан даргын эн тэргүүнд хийх ёстой ажил. Засгийн газрын 2018 оны 260 дугаар тогтооын хавсралтад Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, худагалах журам бий. Хамгийн эхний заалт нь дипломат, албан паспортыг олгох, эзэмших, хадгалах, хүчингүй болгох, устгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна гэсэн байдаг. Гэтэл дүрэм, журам зөрчөөгүй гээд давхар паспорттой яваад байж болохгүй. Энэ байдал нь даамжраад “байдаг л юм” болохыг хууль завхруулах гэдэг. Үүний төлөө ДТГ-уудаас паспортын тоо асууна гэдэг нь Монгол Улсын дипломат паспортод бүү итгэ гэсэнтэй мөн л агаар нэг хэрэг юм.
Ажлаа ингэж хийж байгаа Б.Баярсайхан даргыг улсаа төлөөлүүлж Унгар улсад суух Элчин сайдаар нэр дэвшүүлсэн нь мөн л “нүдээ олоогүй шагнал” болж таарна. Улсынхаа дипломат паспортод, ДТГ-уудад итгэхгүй мөртлөө улсаа төлөөлсөн Элчин сайд болохдоо өөртөө эргэлзсэнгүй гэж үү.
Бас нэг сонирхолтой нь Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Одоогоос дөрвөн сарын өмнө буюу 2019 оны нэгдүгээр сарын 15-нд Европын орнуудад суугаа Монголын ЭСЯ-дад чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна. Манайхыг хүсэлтээ тавихтай зэрэгцээд холбогдох байгууллагууд олон улсын сүлжээ байгууллагуудтай хамтарч аль хэдийнэ тусгай шалгалтын ажлаа эхэлсэн байсан. Хэн зориглож хар тамхины асуудлыг гаргаж, хэн манай дипломат албыг шалгаач” гэж холбогдох байгууллагуудад бичиг явуулж хөөцөлдөж байсан юм бэ” гэж ярьсан.
Үүгээр Гадаад харилцааны сайд нь Элчин сайд нартаа эргэлзэж байгаагаа илэрхийлээд “Шалгаад өгөөч” гэсэн байна. Цаашид Монгол Улс бусад улс оронтой яаж харилцах гэж Элчин сайдын Яамдаа “сэжиглэж” гутаан доромжилж байгаа нь энэ вэ?
Д.Цогтбаатар 2008 онд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод Б.Баярсайханыг авчирч Тамгын газрын даргаар ажиллуулсан. Ажил үүргийн хуваарийн дагуу тэр хоёрын гарт хамгийн түрүүнд бүх жагсаалт орж ирдэг байсан. Одоо фэйсбүүкээр дуулиан тариад байгаа Польшийн интерполоос эрэн сурвалжилж байгаа тамхины хэрэгт холбогдсон Монголын дарга, дипломатчдын жагсаалт ч мөн адил хамгийн түрүүнд тэр хоёрын гар дээр очсон.
Гэтэл яагаад 2008 оны жагсаалтад байсан нэрс 2012 оны жагсаалтаас хасагдсан байна вэ? Хэн, хэнийг, ямар зорилгоор сугалав. Хамгийн гол нь Польшийн интерполоос уг жагсаалтыг ирүүлэхдээ “Энд нэр дурьдагдсан хүмүүстэй холбоотой хувийн мэдээллийг зөвхөн дотоодын цагдаагийн ажиллагаанд ашиглаж болох бөгөөд эд мөрийн баримт болгон ашиглаж болохгүй, гэмт хэрэг үйлдэн олж авсан эд хөрөнгийн талаарх мэдээллийг холбогдох эрх бүхий шүүх байгууллагад ашиглуулж болно. Эд мөрийн баримт авах хүсэлтэй бол танай улсын шүүх байгууллага эрх зүйн туслалцаа авах хүсэлтээ манай улсын эрх бүхий шүүх байгууллагад тавьж болно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл нууцын зэрэглэлтэй, зөвхөн цагдаа, шүүх байгууллагад эд мөрийн баримт болгохгүйгээр ашиглах ёстой байтал олон нийтэд задраад зогсохгүй зарим нэр нь архивт байгаа боловч энэ жагсаалтаас хасагдсан байгаа нь хачирхалтай.
Тиймээс энэ бол Д.Цогтбаатар сайд Европ дахь ЭСЯ-даас тусламж хүсэх бус өнгөрсөн хугацаанд ажилласан өөрийнхөө ажилд дүгнэлт хийх нь зөв болов уу. Хэрэв улс төрийн шоу хийх гэж байгаа бол хэтэрхий эрсдэлтэй, хэт өндөр үнэтэй “шоу” болчихлоо. Монгол Улсын гадаад нэр хүндээр дэнчин тавьж “баатар” болж болохгүй.
“Өчигдөр” Эрүүл мэндийн сайдын хэлсэн тэмбүүний тархалт, “өнөөдөр” Д.Цогтбаатар сайдынЕвроп дахь ЭСЯ-дад болон Б.Баярсайхан даргын ДТГ-тай оруудад явуулсан дипломат паспорттой ажилтныг маань, унадаг унаатай нь тоолоод өгөөч” гэсэн ноот бичиг дэлхий дахинд Монгол Улсын Засгийн газрыг муухай харагдууллаа. “Чадах бүхнээ хийж шуурхай арга хэмжээ авчихлаа” гэж шоудахаасаа илүү уг албан бичиг, ноотуудыг хүлээн авч буй улс орны зүгээс Монгол Улс гадаад харилцааныхаа салбарт сахилга бат, эмх цэгц, хяналт хариуцлагатай үйл ажиллагаа, менежментээр хол хоцрогдсон сул талаа дэлхий даяар зарлан тунхаглав. “Монголын Элч төлөөлөгчид бүү итгэ” гэсэн шошготой Элчин сайдыг, ДТТ-ын ажилтнуудыг хэн, хаана, хэрхэн хүндэтгэн хүлээн авах вэ? Гадаад харилцааны Яам “галзуурсан” байх аа!