Яаж би хүн шиг амьдарч, Яаж бид улс шиг улс болох вэ?
Яаж бид ажилтай болох вэ? Ажилгүй хүн мөнгөгүй. Мөнгөгүй хүн хийморьгүй, мөнгөгүй хүн өвчний үүр болдог нь хамгийн эхний үнэн. Биохими хэмээх бүрэн цусны шинжилгээ хийлгэхэд 400 000 төгрөг юм байна.
Ард түмэн өнөөдөр юу хүсэж байна вэ?
Ажилтай орлоготой. Амар тайван айх аюулгүй л аж төрөх гагц хүсэлтэй.
Яаж бид ажилтай болох вэ? Ажилгүй хүн мөнгөгүй. Мөнгөгүй хүн хийморьгүй, мөнгөгүй хүн өвчний үүр болдог нь хамгийн эхний үнэн. Биохими хэмээх бүрэн цусны шинжилгээ хийлгэхэд 400 000 төгрөг юм байна.
Яаж сарынхаа цалингаар шинжилгээ хийлгэх вэ?
Шинжилгээ хийлгээд орхивол мэдээж өвчин гарна, эмчлүүлэхэд түүнээсээ 5 дахин их мөнгө хэрэгтэй.
Яаж бид бүгд ажилтай орлоготой болох вэ?
Ажилгүй хүн архиар л сэтгэлээ хуурдаг. Ажилгүй хүн ажилгүй нэгэнтэйгээ л гэрлэдэг. Тэгээд хамтаараа архи ууж хамт сэтгэлээ зогооно. Архи нь асар хямдхан. Нэг ч төгрөггүй байсан ч олдоод байдаг адын ундаа. Архиндаа солиороод үр хүүхдээ хүчирхийлэх нь холгүй гэмт хэрэг хийнэ. Ийм бузар хэрэг хийсэн хүн захаас аваад олдоно. Төрийн цагдаа ч гэлүү нэгэн үрээ шинэ эхнэртэйгээ нийлээд алчихлаа гээд ноднинхон ард түмэн талбай дүүрэн зул асаагаад байсан биз дээ?
Яаж ийм амархан юм мартдаг болох вэ?
Гэтэл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид албан бичгээр хүргүүлжээ.
Гэтэл энэрэнгүй зарчмаас ухарлаа. Хүн алдаг ерөнхийлөгчтэй болмооргүй байна … гээд эсэргүүцээд уналаа.
Яаж би ийм яргачинг энэрдэг, энэрэнгүй нэгэн болох вэ?
Хэнийг энэрэх гээд байгаа билээ? Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагыг үйлдсэн гэмт этгээдүүдийг л энэрэх гээд байгаа биз дээ? Эсвэл ингэж бичээд байгаа улс өөрсдөө ийм балмад хэрэг хийх магадлалтай хүмүүс юм уу? Монголчууд цөөхүүлээ шүү гэж бас бичих юм. Алуурчид, хүүхэд яргалдаг хүнийг хүний тоонд тоолох ёстой юм уу? Тэд тийм олон юм уу?
Таны ч үр хүүхэд , ах дүү, найз нөхдийн хүүхэд ч алагдах магадлал ойрхон байгаа юм биш үү?
Бүр хэн нэгэн солиот буу барьж гарч ирээд үй олноор нь хядвал бас тэр алуурчинг энэрэх ёстой болноо доо?
Өнөөдөр баячуудыг үгээгүйчүүд алах дэрээ туллаа. Гэр бүлээр нь шатаагаад алчихлаа гэсэн хэрэг зөндөө дуулддаг бус уу? Зоригийг алсан гэж шийтгэгдээд байгаа нэгэн 25 жилтэй л юм чинь яаж нэмэх юм гэсэн шиг бас нэг гэр бүлийг шатаагаад хүйс тэмтэрсэн гэх?
УИХ-ын хуралдаанаар хоорондоо хэрэлдэж буй баячуудыг бараг бүх телевизээр гаргаад, түүнээс ч болдог уу төрийг дээдлэх үзэл бүрэн устсан хэрнээ С.Зориг агсныг алсан хэргээс эхлээд өчнөөн хэрэг ард олонд бол нууц.
Яаж Ардчиллын эцэг гэгдэх нэгнээ алуулсан хэргийг ард түмнээсээ бараг 20 жил нууж чаддаг болох вэ?
Социализмын үед (ч гэж дээ Ц.Элбэгдоржийн үеэс өмнө) хэдхэн л онц аюултай гэмт хэрэгт алах ял байсан юм. Гэхдээ эмэгтэй хүнийг цаазалдаггүй, насанд хүрээгүй хүүхдийг ч цаазалдаггүй байсан бөгөөд хэдийгээр бусад хүн гэрчилж, нотлох баримтаар нотлогдсон ч гэлээ өөрөө хэргээ хүлээгээгүй тохиолдолд тулгаж тасалбал цаазаар авдаггүй байсан юм шүү дээ.
Хүннүгийн үеэс хүзүүгийн үе хүртэл Монгол улс цаазын ялтай л орон байсан.
Одоо ч 58 орон цаазын ялтайн дотор өнөөх бидний дуурайдаг ардчилсан АНУ цаазын ялтай л орон шүү дээ. Олон улсыг конвенци зөрчинө ч гэх шиг ... Монгол иргэдийг монголын хууль л хамгаалах ёстой бишүү? Миний цагдаа намайг хамгаална гэдэг сайхан урамтай үг байдаг байж билээ…
Хууль гэдэг ёс суртахууны доод хязгаар юм шүү дээ.
Яаж хуулаар өөрсдийгөө хамгааллуулдаг болох вэ?
Яаж ядуурлаас гарах вэ?
МАН сөрөг хүчин байхад Ж.Мөнхбат гишүүн боодол төгрөг барьчхаад нэг доллартой харьцуулж байсан бол одоо тэд 65 уулаа болсон.
Яаж ийм поп болох вэ?
Юу өөрчлөгдөв? Нэг сая төгрөгийг өнөөдрийн ханшаар еврод шилжүүлэхэд 340 евро л болж байгаа. Европын орнуудын дундаж цалин 1800 евро гэсэн судалгаа олж харсан санагдана. Энэ бол таван сая гаруй төгрөг гэсэн үг. Манайд одоо бизнес хийх гэхээр дийлдэшгүй банкны хүүтэй, жижиг дунд бизнес гэж өчнөөн ярьсан ч тэр нь огт яваагүй бараг үгүй болсон, гаднын тэр дундаа Хятадын л компанийн охин компани болохгүй бол өөдлөх арга ч байхгүй болоод уджээ.
Тэгээд иргэд төрийн албанд орж тогтмол цалинтай болох хүсэл илт өсч өнөөдөр 180.000 төрийн албан хаагчтай болсон гэсэн тоо явдаг. Швейцар улс 8 сая хүнтэй атлаа 35000 төрийн албан хаагчтай гэж бичсэнийг олж харлаа.
Монголчууд залхуу гэдэг яриа худал болохыг Солонгост ажиллах гэж үхэлдэж байгаагаар харж болно. Нэг ч монгол тэнд жуулчлах гэж бус ажиллаж гэр орноо өөд татах гэж , хар ажил хийх гэж л явдаг шүү дээ.
Өнөөдрийн хүмүүсийн ганц мөрөөдөл бол нам дагаж улс төрд орж баяжих л хүсэл болохоор улс төрчдийн л хулгай зэлгийг нүүрэн дээрээ үзэн ядавч яаж ч чадахгүй болохоороо дотроо бол яаж ийм болох вэ гэсэн л ганц хүсэл баттай оршсоор байгаа болохоор бүгд улс төржнө.
Яаж би тэдэн шиг болох вэ гэсэн хэлц үг тоогоо алдсан болоод би бас тэр өнгөөр бичээд байна л даа.
Яаж би… гээд сэтгүүлч Б.Отгоны бичдэгийг жагсаавал бараг ном болох байх.
Өчүүхэн эх оронч, мунхаг миний бодлоор бол одоо манайд улс төрийн хямрал дээд цэгтээ хүрчээ. Хоёр намд итгэж байгаа хүн ч алга.
Өнөөдөр ганцхан хүчтэй лидерийг л хүсэж хүлээж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга илтэд ганцаардаж эхэллээ.
Уг нь бол ард олны талаас илүү нь дэмжсэн лидер мөн юм шүү дээ.
Өч төчнөөн төсөл хийснийг би мэдэхийн цаагуур мэднэ. Засгийн газар л энэ бүгдийг гүйцэтгэх ёстой бусуу?
Ерөнхийлөгч Х.Баттулга Ү.Хүрэлсүхтэй хамт түймэр унтраахаар явахад ард олны итгэлийн гал асаж энэ хоёр нийлээд Монголоо өөд татнаа гэж байсан ч өнөөдөр ерөнхий сайд Ү.Хүрэлсүх ард олонд хандаж нэг ч дорвитой үг хэлээгүй л байна.
Яаж бид энэ намчихрал, талцлыг даван туулах вэ?
Төрийн гурван өндөрлөг гэгдэх улс бөх үзэхэд л хамт сууж харагдахаас бус хамтдаа гар нийлж ажиллаж байхыг огт хараагүй санагдах юм?
Дээрх зургийг зориуд би орууллаа. Сайхан зураг муухан үгээс ч хүчтэй хүрдэг дээ. Асар олон хүнд итгэл өгсөн сайхан зураг.
Ард олон ийм л юм хүсэж байгаа.
Гэвч яаж…
2017 оны 12 сарын 5