Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан дурсамж

1982 оны зун Дорноговь, Сүхбаатар аймгийн хилийн участкаар (Хилийн цэргийн 12 ба 17-р отрядын хариуцсан хэсэг) аялаж, Монгол-Хятадын хил хамтран шалгах их ажлыг нугалалцсан гавьяатай хүний нэг нь би. Өнөөгийн өндөрлөгөөс гавьяатай л гэхээс аргагүй, хийсэн амжуулснаа эргээд нэг харахад. Надад бол тэртээх зун, намрын өдрүүд үнэхээр үүлэн цоорхойн нар шиг гялалзаж олдсон ховорхон боломж, миний дипломат албаны анхны томхон дадлага минь байлаа.

Түүх сөхвөл Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын төлөөлөгчид Хятадад айлчлах үеэр хоёр орны хилийн гэрээнд Ю.Цэдэнбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар 1962.12.26-нд гарын үсэг зурж, гэрээний батламжийг 1963.03.25-нд Улаанбаатар хотноо солилцож, улмаар уг гэрээг 1975.10.05-нд НҮБ-д бүртгүүлснээр манай улсын өмнөд хил олон улсын хэмжээнд баталгаажсан байдаг.

Гэрээний дагуу хилийн шугамаа 1963 онд тогтоогоод дөнгөж дуустал Хятадын "Соёлын хувьсгал" дэгдээд хил манатай юм болоо биз. Тэгж тэгж 20 жилийн дараа хамтарч хилээ шалгах, тодотгох тохиролцоонд хүрч, Монгол-Хятадын хил шалгах ажил хийгдэх сураг 1982 оны хавар дуулдав.

Шалгах ажлын ихэнхийг хил дээр хийх хээрийн ажил эзэлнэ. Энэ ажилд дайчлах хүн хүч, техникийг бүртгэж бүрдүүлж байх үед юмдаг, үүнд оролцвол баараггүй хийгээд өгье гэж миний дотно нөхөр ахмад Л.Төмөрбаатар (цэргийн байр зүйн) хэллээ. Би ч явахын түүс. Жанжин штабын цэргийн байр зүйн албаны дарга дэд хурандаа Л.Лувсан гуай намайг дэмжиж БХЯ-наас тодорхойлж нэр оруулжээ.

Бид Хилийн ба дотоодын цэргийн штабт цугларч  хэд хоног семинардаж, хятад хэлний хичээл хийв. Ингээд намайг Монгол-Хятадын хил шалгах 6-р салбар комиссын 12-р  ажлын хэсгийн орчуулагчаар томилж, 1982.05.30-наас 1982.12.31-нийг хүртэл хүчинтэй тусгай үнэмлэх шийтгэн олгожээ. Хятадын талаар судалгаа, сөрөг сурталчилгааны өгүүлэл олныг бичсэн, тэгээд ч  Улаанбаатар дахь Хятадын ЭСЯ-ныханд нүдлэгдчихсэн тул овог нэрээ солиод яв гэсэн чиглэлийг НАХЯ-наас өгүүлжээ. Би тэр дор нь "Дарьсүрэнгийн Дэмбэрэл" нэрээр үнэмлэхээ хийлгэж аваад, 5 дугаар сарын 20-доор тэр нэрээрээ Сүхбаатар аймгийг зорив.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан дахь Хилийн цэргийн отрядад манай 6-р салбар комисс байрлах тул тийшээ очиж газар орон дээр семинардах юм гэнээ. Хаврын урь орж эхэлж байсан, гэвч задгай машин дээр хүйтэн, ядаж байхад хүйтэн ундаа аваад уучихсан чинь замдаа хоолой өвдөөд ханиад хүрээд хүндрээд очжээ. Семинартаа ч суусангүй отрядын эмнэлэгт хэвтэж эмчлүүлэв. Манайхан дахин 10-аад хоног семинарджээ. Би сум, отрядтай танилцаж, Чоно голын нүүрсний уурхайн цооногийг үзэж амарч  сэлгүүцэж өдрийг барах ажилтай. Отрядын улс төрийн хэлтсийн дарга Гончигдорж гэж айхтар идэвхтэй нөхөртэй танилцаж, бид хожим дотно болсон юм. Ингээд 5 дугаар сарын сүүлээр ажиллах участка руугаа салж явлаа. Биднийг авахаар Дорноговийн Улаан-Уул дахь Хилийн 12-р отрядаас ачааны бүрхүүлтэй ГАЗ-66 ирүүлжээ. Жолооч нь Ч.Эрдэнэчулуун гэж нэг улирсан ахлагч байна. Надтай чацуу юм.  12-р  ажлын хэсгийн дарга нь Ж.Нарангэрэл гэж хилийн цэргийн залуухан дэслэгч байна. Орлогч нь  М.Гончиг гэж геодезийн техникч, түүний туслах нь Д.Намхайдагва, хэсгийн нарийн бичгийн дарга нь Т.Цэрэндаш гэж ПДС-ийн оюутан, тэгээд би, бидэнд үйлчлэх тасаг цэргийн даргаар манай найз Т.Алдар нэмэгдээд бид нэг баг болов. Насаар эрэмбэлвэл  хамгийн ахмад нь Гончиг, жолооч бид гурав.  Бусад нь дүү залуус байна. Бид зууртаа Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн 17-р отрядад хоноглоод, цааш давхисаар Замын-Үүдэд ирлээ. Хил шалгах 6-р салбар комиссын дарга хошууч Гантөмөр гуай ч хамт ирлээ. Бидний ажлыг эхлүүлээд, зааварлаад буцах юм гэнэ.

Манай хэсгийн үүрэг бол энэ 17, 12-р отрядын хариуцдаг 397 км 47 метр урт хилийн шугамын дагуухи 344-403 дугаар хилийн тэмдэгтүүдийг баруунаас зүүн тийш ажиллах дэс дарааллаар шалгаж геодезийн үүднээс баталгаажуулж, шинээр нэмэлт тэмдэгт зоох, тэдгээрт холбоос авах, холбоосуудыг шалгах, хуучин 1960-аад оны тэр тэмдэгтүүдийг сэлбэх, хилийн шугамыг тодотгон, зарим газар тогтоох явдал байлаа. Энэ лут үүргийг нэр бүхий хэдэн залуу хийж гүйцэтгэх ажээ.

Амны нь салиа арилаагүй хэдэн бандид ийм хүндтэй үүрэг ногдуулсныг бодохул нэг бол бидэнд хэт итгэсэн байх, эсвэл боловсон хүчин олдоогүй байх, бүр муугаар бодвол "Муусайн хятадтай яасан ч яадаг юм" хэмээн хайнга хандсан ч тал байх шиг.

Анхны уулзалт Эрээнд болох тул бид айхтар шахуу ажиллав. Гантөмөр дарга дэргэдээс салдаггүй. Мөн 12-р отрядын тагнуулын дарга, отрядын сургагч орос хурандаа ирчихсэн зааварлаж байнаа. Ингээд ахмад туршлагатай Жүкээ гэдэг ахлагчаар УАЗ 469-өө жолоодуулаад 6 дугаар сарын 3-ны нэг бүрхэг өглөө улсын хил давав аа. Манай Гантөмөр даргын зааварлах нь дэндээд маш ноцтой ажлыг надад даатгачихжээ.

-    Очоод хэрэг бишэдвэл шууд хэрэглээрэй, хэрэг болж магадгүй гэж ятгасаар байгаад сумлачихсан Макаров гар буу бичгийн цүнхэнд хийгээд Хятадын хил давуулчихжээ.

Тэгээд насаар ахмад нь, цэргийн хүн гээд надад нөгөөхөө бариулчихав. Байтагийн тулалдааны үед бичиг хүргэхээр явсан Бадамыг хасагууд барьж үлдээд алдаг үйл явдал давтагдана гэж хилийн цэргийн ахмад дайчин Гантөмөр бодож л дээ. Төсөөлбөөс би Эрээнд очоод нөгөө гар буугаа гаргаад хэдэн хятадыг буудаж алаад эцэст нь өөрөө алуулж "БНМАУ-ын Баатар" цолоор нэхэн шагнуулах ухааны юм толгойд нь орж ирснээс гарцаагүй боллоо.  
   
Бид ч БНХАУ-ын нутаг хөл тавилаа даа. Жүкээ нь хилийн уулзалтаар өмнө нь ирж байсан тул биднийг бодоход юм үзэж нүд тайлсан. Бид нэг том навсгар тосгон руу яваад орлоо. Тэр үеийн Эрээн нь уртаашаа 10 гаруй мянган хүнтэй, ганцхан буудалтай, нэг өндөр хоршоотой, км хүрэхгүй нэг өргөн чөлөөтэй, хүмүүс нь давсны үйлдвэр, төмөр замд ажилладаг, бараг балгас болох шахсан тосгон байв. “Гадаад Монгол”-оос хааяа нэг очих албаны хүмүүсийг эвэртэй туулай үзсэн мэт дагаж хуйлардаг (“Сэрэлт” киноны орос эмчийг нутгийнхан хэрхэн хүлээн авдаг тэр дүр зураг) байж билээ.

Амны нь салиа арилаагүй шахуу 5 банди наанаас нь яваад очиж байдаг, гэтэл цаана нь хэн угтсан гээч. Хятадын талын дарга нь Өвөр Монголын Сөнөд Зүүн хошууны засаг дарга Ли Бао (Үүрийнэрдэнэ ) гэж 46 настай кадр байна. Өвөрмонгол хүн гэнэ. Орлогч нь Хятадын хилийн цэргийн ахлах офицер Раашдаваа гэж 49 настай ахимаг эр байна. Тэр үед хятадын арми цэргийн цолоо устгачихсан, цэрэг офицергүй адилхан формтой байсан тул цэргийн хүн л гэхээс цолыг нь ёстой бүү мэд. Тэрээр Эрээн дэх Хилийн ерөнхий өртөөний хилийн төлөөлөгчийн орлогч, Эрээнд насыг барж байгаа хүн гэнэ. Геодези-техникийн асуудлыг Ли Зүньчи (36 настай, хятад) хариуцахаар Бээжингээс иржээ. Гишүүдэд Шилийн гол аймгийн гадаад харилцааны ажилтан Журамт (46 настай), Эрээний Ерөнхий өртөөний хилийн төлөөлөгч Гао Вэньбү буюу Гомбо (40 гарсан), Эрээний Ерөнхий өртөөний хилийн офицер Хасбаатар (30 настай), Хөх-хотоос Засгийн ордноос ирсэн Ван Чуанжин (39 настай хятад, хальт орос хэлтэй), комиссын нарийн бичгийн дарга нь Эрээний олон улсын зочид буудлын гадаад харилцааны ажилтан Лю Симин (40 настай, хятад), хожим миний найз болсон Ли Фэнхуа (Тэгшдүүрэн, 30 настай), Байху (Цагаанбарс, 36 настай) гээд өвөрмонгол хэлмэрч нар, тэдний дундаж нас нь 40 орчим, цаана нь Лю Гуйцай, Ли Боган, Шэн Зянвэн гээд техникийн 3-4 хүн, нийлээд арван хэдүүлээ угтдаг байна шүү. Үнэхээр их бэлтгэж, их ч ач холбогдол өгчээ.

Хэлэлцээ хоёр өдөр дараалан Эрээний хилийн цэргийн байранд явагдлаа. Хоёр өдөр дайлууллаа. Нөгөө золигийн гар буу эхний өдөр намайг ихээхэн зовоож өнжлөө. Цүнхээ чангахан тавьчихад л буун дуу тас. Юу болж таарах вэ? Орой нь очоод нөгөө буугаа  Гантөмөр даргыг ятган ятган байж буцааж өглөө.

-    Ер нь энэ тэнэг ажлаа зогсоо, Хятадын нутагт орж буудалцана гэх наад тэнэг бодлоо сэтгэхүйгээсээ гаргаж хая гэж хэлж байж болиулж байгаа юм.

Миний орчуулга гологдож байна. Анх удаа хил гарч, анх удаа хятад хүмүүсийн дунд орж байгаа юм хойно арга ч үгүй. Ойр зуур яриад, голыг нь манай Ли Фэнхуа, Байху нар, хоёр дахь өдөр манай талаас Хилийн цэргийн хэлмэрч ахмад Минжүүр нэмэгдэж нугаллаа. Харин бичиг баримтан дээр би бол ажилласан. Би чинь гайгүй сайн уйгаржин бичигтэй тул хятадаар ойлгохгүйгээ тэдний таталснаас гаргаж уншаад хамтарсан баримт бичгийн төсөл (Анхдугаар хуралдааны протокол) гаргаад ирлээ. Хамтарсан хэсгийн хүлээх үүрэг, ерөнхий зарчим, ажлын журам, хийх ажлын дэс дараа гээд 6 бүлэг бүхий протоколд гарын үсэг зурав. Ингээд  зуны 3 сард хилийн шугам дээр хийх ажлаа тохирч чадлаа.

Сониноос анх удаа тэнд дипломат хүлээн авалтад орж үзлээ. Бидэнд зориулж суугаа хүлээн авалт, бараг л дайллага хийлээ. Лав 20-30 төрлийн халуун хүйтэн хоолоор дайлж, нөгөө алдартай "Моутай” хэмээх тансаг ундаагаа сөгнөжээ. Хятадын Гуйжоу  мужийн “Моутайжин” хэмээх худгийн усаар нэрдэг энэ архи эдүгээ дэлхийн хамгийн сайхан умдааны нэг гэдгийг би тэртээ 1982 онд ийнхүү мэдэж, амсаж, дурласан юм. Дайлуулсан биш эргээд хариу барих арга тактикаа ч давхар боловсрууллаа.

"Муусайн хятадтай яасан ч яадаг юм" хэмээн манайхан хайнга хандсан нь төсвөөс нь тодорхой боллоо. Бид 5-уул, тэд 10-уул, нийлээд 15-уулаа Монголд уулзаж таарна. Дараагийн уулзалт манай нутагт болох ёстой. Гэтэл Сангийн яамнаас 10 хүнээр бодоод  нэг хүний 30 төгрөг, нийт 300 төгрөг гэж нэг уулзалт, хүлээн авалтыг төсөвлөжээ. За байз, 1982 оны 30 төгрөгөөр чинь юу бүтээж болох билээ. Шил архи 26 төгрөг гэхээр их л мөнгө болж таарна. Нөгөө орос заншлаар 1-р хоол, 2-р хоол, салат, компот гээд гаргавал элбэг болох л доо. Эрээнд тэгж лут дайлуулчихсан улс чинь тиймхэн юм гаргах нүүр байсангүй. Ингээд би төсөв, ёслол, хүлээн авалтаа гартаа авлаа. Төсөв нөхөх элдэв аргыг ч сүвэгчиллээ.    

Хил шалгах ажил маань Дорноговийн өмнөд хил дээр 1982.06.06-ны өглөө 09.00 цагт хилийн 344 дүгээр багана дээрээс эхэллээ. Бид говийн их халуунаас халшраад өглөө 07.00 цагт хээрийн ажлаа эхлээд 11.00 цаг гэж завсарлаад 16.00 цагт эргэж цуглаад орой 20.00 цаг хүргэх хуваарь мөрдөв. Тасаг цэрэгтэйнх тэднийгээ зарчихна. Майхнаа бариулаад мануулчихна. Тогоогоо бариулна. Газар шорооны ажлаа хийлгэнэ. Заставуудыг бараадаж байрлаад л. Алдар бид хоёр оройжин гитардаж уйтгараа  тайлна. Би муу ВЭФ-ээ аваад явсных дэвэн дэлхийн мэдээ, FM сонсоод л. Говийн богино шөнө унтана гэж байхгүй шуугилдаад өнгөрдөгсөн. Бид Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх сумангийн байранд байрлаж байхдаа дандаа гадаа унтдаг байж билээ. Шөнө сар руу теодолит хэмээх геодезийн дурангаараа дурандчихна. Үнэхээр сонин. Элдвийн юм харагдана гээч.
Би хил дээр өдөр болгон тэмдэглэл хөтөлж, тэр үеийн 5 төгрөгний 2 дэвтрийг дуустал бичсэн юм. Өдрийн хийсэн ажил, хятадуудтай ярьсан ярианы тэмдэглэл, өдөр бүрийн Бээжингийн радиогийн дотоод мэдээ, хятад нэр томъёоны хичээл, ХКН-ын XII их хурлын хуралдааны тэмдэглэл, ажиглалт дүгнэлт гээд бичих юм мундахгүй. Одоо эргээд харж байхад түүхэн тэмдэглэлүүд гэж заримыг нь нэрлэж болохоор юм. Ялангуяа бидний хамтран шалгасан хилийн зурвасын дагуухи хилийн түүх тэр чигээрээ надад байна.    

Хилийн цэрэг биднийг хүнсээр хангах үүрэгтэй. Хонь, ямаа амьдаар нь өгнө, гурил, будаа, гоймон, давс, масло, элсэн чихэр, хуурай цай, энэ хэд дээр л эргэлдээд байх нь тэр дээ. Гурилаар замбаа гэж хоол цэргүүд хийдэг тул өглөө болгон иднэ. Гурил хайрахыг л хэлдэг юм билээ. Надад нэг адтай санаа төрлөө. Төсөв хүрэхгүй шараа болж байхаар гээд мөнгө нөөцлөх хэрэгтэй гэж бодлоо. Яаж нөөцлөх вэ? Хонь, ямаагаа алж идэж байхаар Замын-Үүдийн хөдөлмөрчдөд аваачиж заръя гэж шийдлээ. Говиор нэг бэлчиж яваа зээр байна. Түүгээр махны хэрэгцээгээ хангая гэж би санал гаргалаа.  Манайхан зөвшөөрч байна. Оройхон хэрд АК-нуудаа сумлаж аваад гарлаа даа. Нар шингэх үед хэдэн зуугаараа бэлчиж явдаг тул зээр намнахад тун хялбар. Ингээд л зээрийн махаар тансаглаж гарлаа. Хорхого хийж иднэ. Шарна, чанана, хоолонд хийнэ.

Тэр үед бид Замын-Үүдэд нэг хонийг 300 төгрөг, нэг ямааг 100 төгрөгөөр өгдөг байв. Ингээд 10 байтугай хүнийг хүлээн авах зардалтай болчихож байгаа юм. Хоёр дахь уулзалтыг бид хээр майхандаа авъя гэж шийдлээ. Замын-Үүдэд авахын тулд сайтар бэлтгэх хэрэгтэй тул хойшлууллаа...
 Үргэлжлэл бий