Миний муу, сайн найз нар буюу нүгэл хураагчид
“Фэйсбүүк” буюу махчлан орчуулбал “Нүүр ном” хэмээх цахим сүлжээнд ороод нэлээд уджээ.
Олны дунд үгээ шинж
Ганцаар байхдаа сэтгэлээ шинж
Ардын үг
“Фэйсбүүк” буюу махчлан орчуулбал “Нүүр ном” хэмээх цахим сүлжээнд ороод нэлээд уджээ.
Эхэндээ сайн мэдэхгүй байсан болоод хүсэлт явуулсан болгоныг авсаар найзын тоо 5000 хүрчих шинжтэй болоод ирэв. Таван мянга хүрчхээрээ пэйж болчихдог, тэр пэйж нь ямар ч хариу үйлдэлгүй дүлий годил болчихдог болохоор арай ч хүргэчихгүй барьсаар л авч одоо ч гэсэн өдөр бүр хүсэлтүүд ирсээр л...
Жинхэнээсээ найз нараа ч заримдаа хүсэлт явуулсныг ч анзаарахгүй өнгөрөөж жинхэнэ найзаа ч гомдоосоор удав. Дагагч гэж байх ч бас яаж дагадгыг нь мэдэхгүй хүн олон байх. Би ч өөрөө мэдэхгүй. Мэддэг нэг нь дагасаар тоо 5000 аасаа бараг гурав дахин олон болчихов.
Дараа нь “Монголын түүх гэрэл зурагт”… гэх мэт олон группүүд бий болж мунхаг би баясан гүйж орсоор элдэв юм уншиж өдрийг барах боллоо.
Өчүүхэн бичээч би бээр өглөөнөөс орой хүртэл комьпютерийн ард өдрийг өнгөрөөж болсон, болоогүй юм бичиж суудаг гэрийн буг болоод ч тэр үү бичгийн ажлаа завсарлахдаа нүүр ном уншиж өөрөө ч бас элдэв юм бичиж суудаг хүн л дээ. Гэхдээ болбол гайгүй гэгээтэй юм бичхийг хичээнэ.
Нэг ёсондоо ажлын минь газар энэ дөрвөлжин шил гэсэн үг.
Ер нь ч тэгээд дөрвөлжин байшинд амьдарч, дөрвөлжин цонхоор харж, дөрвөлжин хаалгаар гарч орж мөн л дөрвөлжин зам талбайгаар алхаж бас л нэг дөрвөлжин юманд орж дөрвөлжин шатаар эсвэл тэг дөрвөлжин цахилгаан шатаар гарч мөн л дөрвөлжин хаалгаар орж дөрвөлжин ширээний ард сууж , орой нь мөн л дөрвөлжин орон дээр унтдаг олны л нэг.
Би энэ дөрвөлжин нүүр номонд байх олон ч группд байдгаас хамгийн хэрүүл хийж нүгэл хураадаггүй нь “Пянз цуглуулагчдын клуб” болон “Монголын випасяна бясалгагчдын клуб” хоёр.
Эхэндээ ч нэг их юм бодсонгүй өөрийнхөө нүүрийг цэвэр байлгаж, нүгэл хураасан зүйлс ирвэл устгаж, нүүрээ сайтар угааж суувал барав гэж боддог байлаа.
Гэтэл энэ надад харагдаад уншигдаад байгаа бүх хүн миний найз нар гэдгийг гэнэт мэдрэв. Эсвэл намайг тоож дагадаг хүмүүс байх аж.
- САЙХАН МЭДЭЭ -
ГИННЕСИЙН НОМОНД БИЧИГДЭХЭЭР БОЛЛОО
Энэ сарын 5-наас 9-ний хооронд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдсон 100.000$-ын шагналын сантай тэмцээнд нийт 320 тамирчид 10 төрлөөр өрсөлдлөө.
Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид болох Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр, Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр, Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам, Дэлхийн чансааны #22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар насанд хүрэгчид болон өсвөр насны ангилалд тус тус амжилттай өрсөлдөж дэлхийн 5 дээд амжилтыг шинэчилснээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо…гэсэн мэдээ тавьсан 16 хан хүнд таалагдаж лайк хэмээн хуруугаа хөдөлгөжээ.
Бусад миний муу, сайн найз нарын бичвэрүүдээс ажхул хэрүүл хараал, нүгэл хураасан бүхэн хэдэн зуу хэдэн мянган лайктай байх нь бүр ч гайхмаар.
Гэнэт юу билээ гэж бодов. Миний муу, сайн найз нар гэж ийм хүний муугаар хооллож, нүгэл хураах донтой өөдгүй улс юм болов уу? гэж бодоод эхнээс нь хэрүүлч нэгнийг устгаж блоклож эхлэв. Барагдах шинж алгаа…
За гэтэл сонгууль боллоо. Нүгэл хураах хөдөлгөөн улс орон даяар идэвхжив. Бүр үнэнээсээ виртуал биш махан биеэрээ жинхэнэ найз нар маань ч гэсэн хараалаар бөөлжиж нүглийг чадлын хирээр хураах ажээ. Устгаад л байлаа, устгаад л байлаа. Тоо нь цөөрөөд гавьсан ч юм алга.
Бас нэг нийтлэлч санаатай тэгээд ч болоогүй “Шилдэг нийтлэлчдийн клубт” багтдаг нэгэн байж бүгдийг блоклоод ганцаар үлдэлтэй ч биш...
Эй хөөрхий миний муу, сайн найз нар минь дээ. Би л ийм нүгэлт нэгэн болохоор миний муу , сайн найз нар ийм байдаг байх гэж өөртөө л гомдож хоцров.
Мэдээж ихэнх нь сайн хүмүүс төдийгүй сайн сайхны тухай ярьдаг,бичдэг улс олон гэдэгтэйогт маргахгүй ч үндсэн дүнгээрээ бол нэг л бишээ…
“Сайн нь миний сайных муу нь миний муугийнх” гэсэн эртний үгтэй. Тэхээр одоо өөрийгөө л өөдгүй нэгэн гэсэн дүгнэлтэд хүрэхээс ч яах билээ дээ…
Ай хөөрхий миний муу , сайн найз нараа гэж…