Ошо: Билиг ухааны түүхүүд

Агнистын гэгээ 18

Гутал таарсан үед хөл мартагдана. Бүс таарсан үед гэдэс мартагдана. Түүнчлэн зүрх зүй ёсоороо байхад “төлөө” хийгээд “эсрэг” гэсэн хандлага бүхэн гээгдэх. 

Жуанз бол Будда, Есүсээс ч ховор цэцэг юм. Учир нь Будда, Есүс тэргүүтэн хүчин чармайлтыг онцолдог бол Жуанз хүчлэлгүйг онцолдог. Хүчилж бүтээсэн юмс түр зуурын, зохиомол шинжтэй. Хүчлэлгүй бүтсэн зүйл өнө мөнхийн, байгаль чанартай. “Өөрийгөө бүрмөсөн үйж гэмээ нь үнэн байгаль биелнэ” гэж Жуанз хэлдэг. Хүчлэл, тэр байтугай өөрийгөө үйх гэсэн хүчлэл ч садаа болдог. Хүчлэл бүхэн эгогоос үүсч, эргээд эго-г чангаруулдаг...

Энэ ертөнцийн хувьд өрсөл тэмцэл, хүчин чармайлт нь ололт амжилтын үндэс боловч чанад ертөнцийн хувьд үр дүнгүй, эцсийн эцэст чармайлтаа орхихоос аргагүй. Будда зургаан жил чармайсан. Тэрээр хатуу зоригт даяанч байлаа. Амь амьдралаа дэнчин тавьж, хүний хийж чадах бүхнийг хийсэн ч хүрч чадаагүй. Учир нь, түүний ард хүчилсэн эго байж. Ахуйн ертөнцөд эго шиг амжилттай нь үгүй боловч ухамсрын хэмжээсэнд эго шиг бүтэлгүйтдэг нь үгүй. Зургаан жилийн уйгагүй зүтгэлийн эцэст Будда цөхөрчээ. Түүнд цааш зүтгэх хүсэл зориг, итгэл найдвар үлдээгүй. Орон гүрэн, орд өргөө, өнгөт орчлонд хамаарах бүхнийг тэр хэдийн орхисон байв. Зургаан жилийн дараа нөгөө ертөнцөд хамаарах бүхнийг мартаж, хов хоосон болжээ. Тэр шөнийн нойр ер бусын байж. Идэвх чармайлт, эго үгүй учраас зүүд ч үгүй. 

Өдрийн дутууг шөнийн зүүд нөхдөг. Зүүд бол хүсэл шуналын сүүдэр юм. Тэр шөнө хаашаа ч зүглэх хүсэл үгүй, зүглэгч хэн нэгэн үгүйн агаарт нам гүм нойр нь үнэмлэхүй самади болжээ. Өглөө нүдээ нээж, сүүлчийн од агаар тэнгэрт уусахыг харахдаа эрж байсан бүхэн нь тэнд байгааг сэхээрчээ. Аль хэзээнээс байсаар атал адгуу хүсэлдээ хөтлөгдөн ирээдүй рүү даялсаар энд одоо-г харах сөхөөгүй явсан хэрэг. Хүсэл зоригоос ангижраад сая нэг өөрийгөө таньж, бодит ахуйг байгаагаар нь харжээ. 

“Хүчлэх хэрэггүй” гэж Жуанз анхнаас нь хэлдэг. Хэрэв хүчин чармайлтыг сонговол чи Будда шиг тултал нь явах хэрэгтэй. Итгэл найдвараа бүрмөсөн алдах тэр цэгт хүртлээ хөвчлөх ёстой. Эс бөгөөс олон төрлийн турш үлгэн салган сажилсаар байна. Урьд олон төрөлдөө тэгж явсан. Багшийн өмнө чи анх удаагаа суугаагүй. Үнэнийг таних гэж анх удаа замнаагүй. Өч төчнөөн амьдралдаа дутуу гуцуу хичээлээ давтсаар явна. Сэтгэл дутуу бүхнээ гүйцээх гэж дэнсэлдэг. Зөвхөн хүний сэтгэл биш, адгуус амьтных ч адилхан. Гүйцээгүй бүхэн сэтгэлд зовиур болдог. Инээх гээд инээж чадаагүй бол, уйлах гээд уйлж амжаагүй бол, уурлах гээд уурлаж зүрхлээгүй бол тэр бүхэн сэтгэлийн гүнд шарх болон үлддэг. Бүхий л үйл чинь дутуу гуцуу учраас чи ийм удаан өвдөж шаналж яваа юм. Хэзээ ч бүрэн төгс уйлж, инээж, уурлаж, хайрлаж үзээгүй, тиймдээ амар заяагүй тэнүүчилнэм. 

“Энэ хяслант тойргийг ухаарч, эхнээсээ бүү ор” гэж Жуанз хэлдэг. Тэр өөрөө тусгай дадал бясалгал үйлдэж, дүрэм ёс мөрдөөгүй, зүгээр л ухаарч сэхээрсэн нэгэн. “Бодит байдлыг сэхээрвэл болоо шүү дээ” гэж хэлдэг. Чи энэ ертөнцөд мэндэлсэн байна. Мэндлэхийн тулд яаж хичээж зүтгэсэн юм бэ? Чи амьсгалж байна. Амьсгалахын тулд ямар чармайлт гаргана вэ? Бүх зүйл жамаараа орчиж, амьдрал аясаараа хөвөрнөм биш үү? Урсгал сөрж, эсвэл урсгалыг залах гэж бүү хүчил. Зүгээр түүнтэй нэгдэн хөв. Аясын салхинд бүжих хурмастын цагаан үүл шиг бай. Урсах, хөвөх нь өөрөө зам мөр.

Жуанз болон түүний өвгөн багш Лаоз байгалийг шүтэгчид байсан. Модод, шувууд, гол мөрөнд сүлжилдэх загаснууд та нараас илүү амьдлаг. Байгалийн айзамд бүждэг учраас тэр. Та нар уугуул байгалиа мартсан. Язгуур үндсээ гутаан доромжилсон. Байгалийг доромжилъё гэвэл эхлээд сексийг доромжлох нь зүй. Учир нь, бүх байгаль хурьцлаас үүддэг. Шувууд жиргэх, модод цэцэглэх цөм амраг хайрын дуулал. Байгалиас тасаръя гэвэл амраглал янаглалыг буруушааж, амьдралыг ёсзүйн хана хэрмээр хашаал. Тэр хэрэм чинь үзэмж төгс харагдавч гантиг чулуун бунхан шиг дотроо амьд хүнийг эс агуулах. Танай ёсзүй, үзэл сурлын нийгэм та нарыг үхлээс чинь өмнө үхдэл болгодог. “Байгалийг хүлээн зөвшөөр” гэсэн Жуанзын илгээлт нийгмийн хувьд хамгийн аюултай, хувьсгал өдөөгч юм. Байгальд зорилго үгүй, хүчлэл үгүй. Сарнай аясаараа дэлгэрч, хөхөө зөнгөөрөө донгодном. Буга согоо дүүлэн давхихыг хар даа. Будда ч атаархам цог заль цацраастай. Байгальд бүх зүйл төгс төгөлдөр. Гагцхүү хүн зам мөрөөс хадуурчээ. Сарнай байгаагаараа л төгс атал, буга согоо Патанжалийн иог сударгүйгээр тийм жавхаалаг атал хүн гэдэг амьтан яачихсан юм бэ? “Зүгээр энгүүн бай, тэгвэл чи цэцэглэнэ” гэж Жуанз хэлдэг. Энэ ухааралд нэвтрэх тусам идэвхийлэл утгагүй болно. Энэ агшин л чиний амьдрал болно. Цэцэг ирээдүйг төлөвлөдөггүй,энд одоодоо байдаг. Цэцэг шиг бай, шувуу шиг бай, мод шиг бай, гол мөрөн, далай тэнгис шиг бай. Хүн шиг байх хэрэггүй. Учир нь, хүн л байгалиас хадуурдаг юм. 

За одоо судартаа оръё. Үг бүрийг нь гүнзгий анирд. Сэтгэхүй чинь түүнд садаа болох вий. Нийгэм та нарын гадна төдийгүй дотор гүнд нэвчсэн. Байгалийг анирдахад хамгийн том тээг болдог. Бодол сэтгэхүйд авталгүй анирдах нь бясалгал юм шүү. 

Чү зураач гортигоор зурснаас илүү төгс тойргийг гараараа зурж чаддаг байв. 

Жуанз нэгэн зураачийг жишээ болгожээ. Тойрог зурахын тулд хүмүүс гортиг хэрэглэдэг. Харин тэр зураач гортиг хэрэглэхгүйгээр төгс тойргийг зурдаг байж. Байгальд бүх зүйл тойрог замаар орчдог. Тойрог бол байгалийн хамгийн эгэл үзэгдэл. Од эрхэс орчихдоо газрын зураг, луужин, гортиг хэрэглэдэггүй. Тийм багаж хэрэгсэл өгөх юм бол тэд замаа алдах биз. 

Нэгэн философич мэлхий жаран хөлтийг ажиглаад хүнд бодлогошролд автжээ. 

“Дөрөвхөн хөлөөр явахад ийм хэцүү байхад энэ амьтан жаран хөлөөр явж байна. Ямар гайхалтай юм бэ? Аль хөлөө түрүүлж тавиад, дараа нь аль хөлөө зөөх вэ? Түүний дараа бас алийгаа зөөхөө яаж шийддэг байна? Жарын жаран хөл шүү дээ”

Тэгээд мэлхий жаран хөлтийг зогсоож:

- Уучлаарай, би бол философич. Чамайг хараад шийдэж чадахгүй асуудалд уначихлаа. Чи яаж ийм олон хөлийг зохицуулж алхдаг юм бэ? Үнэхээр боломжгүй санагдах юм гэхэд жаран хөлт:

- Би насан туршдаа алхаж ирсэн, харин энэ тухай бодож явсангүй. Одоо л та асууж байна. Жаахан бодож байгаад хэлье гэв.

Тийнхүү жаран хөлт яаж явдаг тухайгаа анх удаа эргэцүүлэв. “Нээрээ мэлхийн зөв шүү. Аль хөлөө эхэлж тавих ёстой вэ?” гэж хэсэг зуур түдгэлзэн зогссоноо хөдөлж чадалгүй гуйвж унажээ. 

- Наад асуултаа өөр жаран хөлтөд битгий тавиарай. Би насаараа ямар ч төвөггүй алхаж явсан. Гэтэл одоо хөдөлж чадахгүй байна. Та намайг баллаж орхилоо. Жаран хөлөө би яаж зохицуулах вэ...


Амьдрал тойрог замаар ямар ч асуудалгүй орчдог. Амьдралын дотоод хүчинд итгэдэггүй учраас та нарт Библи, Куран, Гита хэрэг болох. Гэвч мэлхий жаран хөлтийг төвөгт унагасан шиг тэдгээр нь та нарыг самууруулж орхидог. Үнэн хэрэгтээ чөтгөр биш, танай номлогч нар та нарыг төөрүүлдэг. “Бурхан ч үгүй, чөтгөр ч үгүй. Зөвхөн амьдрал бий” гэж Жуанз хэлдэг нь учиртай. Бурхан, чөтгөр, буян нүглээр ялгаварлах үзэл сэтгэлд нэвчсэн цагт хүн гэм зэмээс хэлтрэх цаггүй. Үргэлжийн зовнил дунд яаж амар амгалан байх вэ. Амар амгалангүй сэтгэлээс яаж зөв зүйтэй нь гарах вэ. 

Чү зураач гортигоор зурснаас илүү төгс тойргийг гараараа зурж чаддаг байв. Түүний хуруу хоосноос хэлбэрийг зөнгөөрөө ургуулдаг. Сэтгэл нь үйлэнд уягдахгүй, хамааралд автахгүй цэлмүүн тунгалаг.

Хоосноос хэлбэрийг зөнгөөрөө ургуулдаг... Хоосон нь хаа сайгүй гэсэн үг. Тэр бол амьдралын эх сурвалж. Чиний амьсгал яаж ийм төгс хөвөрнө вэ? “Чи амьсгалж байгаа юм биш, тэр чамайг амьсгалуулж байгаа юм” гэж Жуанз хэлдэг. Тэр цаглашгүй чанар, хязгааргүй байгаль Дао үйлдэж буй. Амраг хайрын агаарт ч, уур хилэнгийн галд ч чи биш тэр оршин буй. “Би” гэгчийн утга учиргүйг ухаарсан хүн бол Дао-г дагагч хүн. Би-г орхиж хаялтгүй. Би үгүйг олж харсан сэхээрэл чинь өөрөө ангижрал болно. Тэгснээр идэж ууж, унтах, амраглах зэргээр энгүүн амьдрал үргэлжлэвч “би” биш, тэр л амьдраастай. Тийм хойно ямар ч ачаа дарамт, зовлон зүдгүүр үгүй, хүүхэд шиг ариухан болно.


НЭПКО хэвлэлийн газар