“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй” цувралын дөтгөөр

Энэ үгийг Конгрессын Номын Сангийн хананд хүндэтгэлтэйеэ залсан байдаг. Шотландын гүн ухаантан Томас Карлайлын хэлсэн үг л дээ. Халин одогсдын сүнс онгодыг дууддаг бөө олширч, ном унших нь багасаад буй өнөө үед бол учрыг нь ухан ойлговоос нэн хэрэгтэй үг. Их хаан маань эргэж ирээд ингэж хэллээ л гэнэ, Ринчен, Дамдинсүрэн байсан бол ингэх байсан л гэнэ, хэн мэдлээ. Гэтэл үнэн хэрэгтээ их эрдэмтэд маань үг сургаалаа хангалттай хэлээд, бичээд, ном судраа хэвлүүлээд үлдээчихсэн байгаа. Түүнийг нь харин унших хүн бараг үгүй. Энэ мэтийг бодож суутал харин орчин үеийн хойргодуухан уншигчдад их мэргэдийн ном сургаалыг хүргэх нэгэн арга байж болохоор санагдав.

“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү ном оршмуй” хэмээх уриан дор эрт эдүгээгийн эрдэмтэн мэргэдийн ном өгүүллээс түүвэрлэн, асуулт хариултын хэлбэрт оруулан залууст хүргэвэл яах сан бол? Угаас асуултаа зөв тавиад анхааралтай уншиж чадваас хариулт нь олдох л учиртай. 

Нөгөө талаас өнөөгийн хурдтай нийгэмд ард иргэд том том ном унших цаг зав үгүй болсон, хүүхэд залуус сэтгүүл зүйн “ярилцлага” хэмээх төрлийг л илүүтэй сонирхох болоод байгаа билээ. Тэгээд ч ингэж хэлжээ гэж тоочсоноос, асууж ярилцсан маягтай байвал хүнд илүү дотно сонстож, хэлсэн үгс нь олон жилийн өмнө бичээд үлдээсэн дурсгал гэхээсээ илүү, одоо ч үнэ цэнтэй, ухаж бодмоор санаа гэж бодогдох магадлалтай юм.  

Ингэж бодон явсаар их өтгөс Б. Ринчен, Ц. Дамдинсүрэн, Ж. Бадраа нартай миний бие “ярилцаад” авсан билээ. Энэ удаад зохиолч, сэтгүүлч, бичгийн их утгач Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн гуайг “урин” оруулж буйг болгооно уу? Монголын утга зохиолын түүхэнд хоёр Цэндийн Дамдинсүрэн буй, Да багшаас ялгахын тулд бидний энэхүү ярилцаж буй Дамдинсүрэнг Өвгөөдэй хэмээн нэрийдсээр энэ нэрээрээ олны дунд мөнхрөн үлджээ. Дундуур нь оруулсан асуултаас бусад нь чухам Өвгөөдэй Дамдинсүрэн агсны өөрийнх нь бичиж үлдээсэн дуртгал, өгүүлэл, бүтээлийн эшлэл учраас эрхэм уншигч та ч гэсэн миний адил, эгээ л Дамдинсүрэн гуай дүрээрээ суугаад сургаал зөвлөгөөгөө хайрлаж буй мэтээр сэтгэн уншаарай.


Нутаг ус, амьдрал намтар, ажил хөдөлмөрийнх нь тухайд ярилцсан нэгдүгээр бүлэг:

“Манайх угтаа Сэцэн хан аймгийн Хэрлэн голын эхний Намиад омгийн хаминигад айл”

М. С: Өвгөөдэй минь, та аль нутгийн хүн бэ?

Ц. Д: Дамдинсүрэн би Сэцэн хан аймгийн Далай дархан Тунгалаг бэйл Барайширын хошуу, шинэ нэрийдлээр Хан Хэнтий уулын хошуу, Хан Хэнтий сум, одоогоор Төв аймгийн Мөнгөнморьт сумын эзэмшил нутаг, Хэрлэн Тэнүүн Зүлэгтий голын Бага тохой гэдэг газар 17-р жарны эр модон буюу хөх хулгана жил (1912 онд) эцэг Цэндийн ууган хүү болон төржээ.

М. С: Эцэг Цэнд тань ямар ажил эрхэлдэг хүн байв?

Ц. Д: Төрийн албат хар хүн... угаас гэр ядуу... амьдрал, амь зуултдаа нөхвөр хийхийн тул хөвчийн хангайн анчин сайчуудыг дагаж, нэрд гарсан мэргэн бууч, сайн анчин нэршжээ. Мал маллах, нутаг бууц шилэн олох, отор нүүдэл хийх, жил жилийн зүг чигийг эс эндэх ажигч гярхай. Гэр тэрэг, хувин сав тэргүүтнийг үзэмж хийц нийлэмж бүхий бөх бат хийдэг гарын хийц ур дүйтэй сэн билээ. 

М. С: Ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?

Ц. Д: Эх Цэрэндулам маань ч гэсэн тарчиг татуу анч-малч амьдрал гаралт Балин гэгчийн ганц охин болж 1886 онд төржээ. Эцэгтэй маань нийлмэгц өрх гэрээ өөд татах, үр хүүхэд биднийгээ өсгөж өндийлгөн хүн зэрэгт хүргэлцэхийн тул өөр бусдын ба жас жавын мал маллах, сааль саах, оёдол үйл мэтгэх, утас ээрэх нийтгэх, дээс томох хийгээд, эцэгтэй маань хавсран арьс нэхий элдэх гарамгай, мөн мангир мэхээр, самар жимсгэнэ юухныг боловч цэвэр нямбай боловсруулан хэрэглэдэг ажилч нягт хүн байв. 

М. С: Эцэг эх тань таныг хэрхэн хүмүүжүүлж, юу захиж сургадаг байсан бэ?

Ц. Д: Манай уг удам (угтаа Сэцэн хан аймгийн Хэрлэн голын эхний Намиад омгийн хаминигад) бусдад тусчийг эрхэмлэж, хэлсэндээ эзэн, идсэндээ сав болж ирсэн заншил хэвшилтэй юм шүү. Хулгай хийх, худал хэлэх бүрнээ цээртэй. Архи уухыг тэвч, тамхи татахыг жигш. Гэрийн дотор эвтэй, олны дотор найртай яваарай. Сэтгэл цагаан, явдал шулуунаас сайхан юм та нарт байхгүй гэж манай эцэг эх хоёр энх тунх ахуйдаа үр хүүхэд бидэндээ байн байн сурган захисныг сэтгэлдээ хадгалж явдаг билээ.

М. С: Монгол бичгийг хэрхэн сурав?

Ц. Д: Найм естэйдөө нутгийн эрхэм зэрэг монголч Балган бичээчид шавь орж, монгол бичиг үсэг овоо төсөөлсөн билээ. 

М. С: Албан ёсны ямар ямар сургуульд элсэн орж, суралцан төгссөн бэ?

Ц. Д: Чухамхүү арван хоёртойдоо 1924 онд Хан Хэнтий уулын аймгийн яамны дэргэдэх бага (одоогийн Хэнтий аймгийн төв Өндөрхаан хотын бүрэн дундад) сургуулийн танхимын анхных нь хорин таван хүүхдийн нэгэнд багтаж суралцав. Манай сургууль 1926 онд тавин сурагчтай болж өргөжсөн юм.

Дамдинсүрэн би, бага сургуулийг 1928 оны хавар төгсгөв. 1928 оны намар Улаанбаатар хотын Багшийн сургуульд ирж суралцав. 1929 оны хавар Нийслэлийн гуравдугаар хорооны Аравдугаар хорин (арвын клуб ч гэнэ)-ы үсэг бичгийн дугуйланд багшилж дадлага хийв. Мөн оны зун, нам эвлэлийн гишүүдийг бичиг үсэг сургах багшид томилогдож... тэр үеийн Хантайшир, одоогийн Завхан аймагт очсон юм.

М. С: Багшийн сургуульд гурван жил суралцаж төгсдөг атал та яаж 28 онд элсээд 29 онд төгсөж багш болсон юм бэ?

Ц. Д: Тус сургуулийн хичээллэх хугацаа гурван жил. Гэвч багш ажилтан шаардлагатайг харгалзан, гурван анги зохион байгуулахад төгсөх 3-р ангид тэнцэж хичээллэсэн юм. 

М. С: Гучаас дөчин онд эрхэлж байсан ажлаа танилцуулахгүй юу?

Ц. Д: [29 оны зун хөдөө ажиллаад] намар нь ирмэгц Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу, одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын бага (одоо дунд) сургуулийн захирал багшаар тохоогдон очиж ажилласан юм. 1930 оны хавар зун, сургууль хичээллэлтийн завсарлага болов. Тэгтэл тус хошуун дахь Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн товчлох хорооны нарийн бичгийн даргад сонгон ажиллуулав. 1931 оны эхээр хошуудыг татан буулгаж, аймгууд зохион байгуулагдахад Өмнөговь аймгийн Эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүнд сонгогдож, Дэлгэрцогтоос шууд тийшээ шилжин очив. 1933 оны 9 сард Улаанбаатар хотноо шилжиж, МАХН-ын Төв хороонд ажиллав. 1935 оны 9 дүгээр сарын сүүлчээр Дорнод аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдон ажиллав. 1937 оны 9 дүгээр сарын сүүлээр намын “Үнэн” сонинд хариуцлагатай эрхлэгчээр томилогдов. 1938 оны 9 дүгээр сарын сүүлчээр БНМАУ-ын Мал тариалангийн яамны дэд сайдад тохоогдон ажиллав. Мал тариалангийн яамны дэд сайд байж, 1939 оны 10 дугаар сарын таванд Дотоод явдлын яаманд гэнэт баривчлагдав. Улс төрийн хэрэгт хилс тулгагдаж, хатуу харгис мөрдөн байцаалт, хүнд хүчир хөдөлмөрт бүтэн зургаан жил хоригдон туйлдаж, 1945 онд суллагдсан юм. 

М. С: Хэлмэгдлийн аймшигт он жилүүдийн тухай тусгай бүлэг болгон дэлгэрэнгүй ярилцах санаатай. Энэ удаад шоронгоос гараад тэтгэвэрт суутлаа өөр ямар ямар ажил эрхэлснийг тань сонсъё.

Ц. Д: Дамдинсүрэн би, 1945 оны намраас залгаж Улсын хэвлэлд монгол үсгийн номын редактор болов. Дараа нь “Үнэн” сонины сурвалжлагч, утга зохиолын ажилтан, “Хөдөлмөр” сонины тасгийн эрхлэгч, эргээд Хэвлэлийн үйлдвэрт хянагч байв. 1956 оноос Зохиолчдын хорооны “Утга зохиол” сонин гаргагч, мөн сонины “Цог” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, мэргэжлийн зохиолчоор ажилласан юм. 1969 оны 5 дугаар сараас нааш нам засгийнхаа ивээлээр байнгын тэтгэвэр хүртэн суусан.

Эвлэл пионер, нам засаг, зохиолчдын эвлэлийн сонгуульт ажлынх нь талаар ярилцсан дэд бүлэг:

“Намайг Зохиолчдын эвлэлд элсүүлсэн ачтан бол нөхөр Буяннэмэх”

М. С: Одоо танаас үндсэн ажлаас гадуур сонгуульт ажилд эх орныхоо төлөө зүтгэсэн талаар тань асуун ярилцъя. Эвлэлийн гишүүнд хэдэн онд элссэн билээ?

Ц. Д: 1922-23 оны өвөл манай хошуунд Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр нээн байгуулахад гишүүн элсэн оров. Тэгснээр ардын хувьсгалт нам, төр, залуучуудын эвлэлийн зорилго бодлогыг нутгийн олонд өөрийн ухаарсны хэрээр таниулж байв. 1923 оны намар сум, баг, арван гэрийн захиргаадыг ардын сонгуулиар шинэтгэхэд арван гэрийн дарга сонгогдсон эцэгтээ тусалж, хүн ам, хөрөнгө малын данс бүртгэл хийх, өрхийн тэргүүлэгчдийн хурлын хэрэг зүйлийг тэмдэглэн хөтлөх зэргийг бага ч гэсэн бичиг мэдэхийн хувьд гүйцэтгэж байв. 

М. С: Аав тань арван гэрийн дарга сонгогдож, та тусалжээ. Тэр ямар учиртай албан тушаал, захиргааны нэгж сэн билээ?

Ц.Д: Монгол ардын хувьсгалын тулгар мандсаны гурван жилийн нүүр үзсэн даруй буюу 1923 оны 1 дүгээр сарын 5-нд Ардын засгийн газар, хурлын олон гишүүд хуралдаж зөвлөлдөн баталсан “Монгол улсын нутгийн захиргааны дүрэм” төдхөн орон нутагт зарлагдаж, бичигтэй бүхний унших, чихтэй бүхний сонсох нэгэн зүйл сод ном болсон билээ. Тэргүүн бүлгийн нэгдүгээр зүйлд: “Бидний Монгол улс нэгэнт ардын эрхтэй хэмжээт цаазат улсын засгийг байгуулсны тул арван гэрээс дээш баг, сум, хошуу, аймаг, улсын засгийн газар хүртэл тус тусын ардын төлөөлөгчдийг сонгон хуралдуулж, дэс дараалан хурал байгуулан, элдэв хэрэг зүйлийг шүүмжлэн хэлэлцүүлж, олонхын саналаар таслан тогтоож, ардын эрхийг хүндэтгэвэл зохино” гэж тунхагласан бий. Тэгээд нутгийн захиргаа байгуулах анх бүхий явц нь арван гэрийн захиргааг сонгон байгуулснаар эхэлсэн билээ. 

М. С: Дилав хутагт ардын хувьсгалын анхны зорилго нь чухам ардын эрх, ардчиллын төлөө байсан, хожим хориод оны дундаас мушгин гуйвуулж, огт өөр утгатай болсон хэмээн өгүүлдэг нь үнэн ажээ. Үнэхээр олонхын санал, ардын зоригоор асуудлыг шийдэж эхэлсэн юм байна. Ингэхэд пионерийн гишүүнээр хэдэн онд элсэв?

Ц. Д: Манай сургуульд 1925 оны намар пионерийн байгууллага байгуулагдав. Түүнд мөн гишүүн хавсран элсэв. 

М. С: Эхлээд Эвлэлд элссэн атлаа яагаад дараа нь пионерт бас элссэн юм бэ? Хожим бол эхлээд заавал пионерт, дараа нь Эвлэлд элсдэг болсон шүү дээ.

Ц. Д: Тэр үеийн журам дагаж, арван таваас доош насныхан бол эвлэлийн гишүүн байгаа ч гэсэн пионерийн гишүүн давхарлаж явах заавартай. Тийм учраас миний ижил гурван сурагч пионерийн гишүүн давхар элссэн юм. Эвлэлийн гишүүний хувиар намайг пионерийн бүлгэмийн нарийн бичгийн дарга сонгов. 

М. С: Пионерын гишүүн байх нь үүрэг хариуцлага, ухамсар сахилга батын хувьд бусад сурагчаас ямар ялгаатай байв даа?

Ц. Д: Пионерын гишүүн, сургуулийн сурагчийн дагаж явах дүрэм, дотоод журам, сахилга батыг нарийн чанд үлгэр жишээч сахих хэвшил тогтоон мөрдөж байлаа. ... Архи амсах, тамхи сорохыг хамгийн булай зүйл гэж жигшдэг байлаа. Манай сургуулийн ууган сурагчдаас нийслэл Улаанбаатар хотноо өдгөө арваад өвгөн байна. Бидний дотор архи уудаг хүн байхгүй. Харин хоёр маань тамхи татаж үзэгддэгийг нуух явдал байхгүй. Энэ бол мөнөөхөн сурагч пионер ахуйд архи уухыг цээрлэхийн учир таньсных гэж бодоход үнэхээр таатай.

М. С: 1931 онд та намд элсжээ. Тэр үеийн намын гишүүн манлайлагч байсан байх ёстой. Ямар ажилд манлайлан оролцов?

Ц. Д: 1931 оны хавар, зун Өмнөговь аймгийн баруун өмнөд Хүрмэн, Баяндалай сумдад Алагнамнан, Өндөр бөөгийн дэгдээсэн оргодол нүүдэл, тэдний муу сүр, худал цуурхал, үймүүлгэ нөлөөнд нутгийн олон түмнийг эс автаахын тул өмнөд хилийн Баян-Овоо суманд байнга шахам байж, нам, эвлэлийн суртал таниулгын ажлаас гадна тусгай даалгавар гүйцэтгэж явав... Говь аймаг, хил хязгаарын ард олон, оргодол нүүдэл, эсэргүүгийн хөл хөдөлгөөнөөс нэгмөсөн ангижирч, амар жимэр аж төрөв. 

М. С: Нам эвлэлээс гадна тэр цагт элсэхэд хамгийн амаргүй, өндөр босго бүхий байгууллага Монголын Зохиолчдын Эвлэл байлаа. Зохиолчдын эвлэлийн гишүүнд хэрхэн элссэнээ дурсахгүй юу?

Ц. Д: Нэгэн өдөр нөхөр Буяннэмэх: “Дамдинсүрэн чи шүлэг уран зохиол уншдаг уу?” гэж асууж, би: “Та бүхний зохиолоос сонин хэвлэлд юу л гарнав, цөмийг тун ч их сонирхон уншдаг” хэмээн хариу өчсөн юм. Тэгтэл нөхөр Буяннэмэх: “Чамд тийм сонирхол бийгээр барахгүй, хэрэв оролдвол бичих зохиохын аяс ил байна. Уран зохиолчдын гишүүнд одоохон элс. Манай нөхөд чамд лавтайяа тусална” гэв. Би ийм үг сонсоод “Еэ! Горьгүй л болов уу. Зохиол бичнэ гэдэг амаргүй даваа бололтой” гэж хэлсэн сэн. “Бүү зүрхшээ хө. Оролдож, туршиж, сорьж үзэх олон арга бий” гэж нөхөр Буяннэмэх нэлээд тулгуухан хэлсэн юм. Тийнхүү намайг бичиг зохиол оролдохын авьяас хандлагатай гэж тоож, тэр жил, 1934 онд Уран зохиолчдын эвлэлийн өндөр босго алхуулж, гишүүнд элсүүлсэн ачтан маань нөхөр Буяннэмэх билээ. 

Хэлмэгдлийн гайт жилүүдийн тухайд ярилцсан гутгаар бүлэг:


Чойбалсангийн царай харлан, ёозгүй инээх завдаж: “Бүгдийг баривчил, хайр найргүй устга” гэж би тушаасан

М. С: Хамгийн анх та хэлмэгдэл гээчтэй хэрхэн нүүр тулав? Ойр орчны тань хүмүүсээс хэн эхэлж баривчлагдсан бэ?

Ц. Д: 1937 оны намар цаг. Дорнод аймгийн намын хорооны 1-р нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөгдөж, “Үнэн” сонины хариуцлагатай эрхлэгчээр томилно гэсэн ам шийдвэр авав. Би ганцаараа ч биш, манай Дорнод аймгийн дарга байж байгаад Тагна Тува Ард Улсад суух элчнээр томилогдсон Оргийн Шагдар, эхнэр Баясгалан, жолооч Дагвасамбуутай нь цуг [Улаанбаатар луу] гарсан юм. Тарвага зурам хараахан ичээгүй үе... Шагдар маань тарвагаа боох сон гэж үглэсээр явсан юм... Наран шингэхтэй уралдан Туулын дээд гүүрээр гатлав. Хужирбулангийн дэнжид нэг хүрэн “найм” [машин] харагдана. Дотоод явдлын яамны бүдүүн Жадамбаа, Очирхуяг зэрэг хэдэн дарга байна. Мэнд солилцов. Хотын сонин асуув. Онц гойд юмгүй гэнэ. Хаана зорьсныг лавлавал зүүн тийш дохив. Тэд Шагдартай нэлээд шимтэнгүй ярилцана. Очирхуяг Шагдар хоёр бол нэг нутаг, Матадынхан. Хааяа хааяа уулзвал хонон өнжин хуучилдгийг нь би мэднэ. Тийм учраас тэдний яриа баахан сунжирна гэж бодоод “Шагдар гуай! Би хөдөлье дөө. Орой ч боллоо” гэж хэлээд “Тэг ээ, тэг!” гэсэн үг сонсмогц гэртээ шууд явж ирэв... Маргаашийн есөн цаг арваад минутын багцаанд Төв Хорооны үүдэнд иртэл Шагдарын маань жолооч жигтэйхэн зэвхий даасан амьтан элгээ эвхэн зогсож харагдана... Бусдын хөлөөс зайлж: “Цаад хоёр чинь сайн уу? Машин тэрэг гэмтэж осолдоогүй биз?” гэж асуув.

-Машин тэрэг гэмтэлгүй. Харин нөгөөх дарга нар таныг нааш хөдөлсний дараахан Шагдар даргыг баривчлан авч одсон. Баясгалан гуай “Тантай уулзах юмсан” гээд уйлж сууна гэж хэлсэн жолооч Дагвасамбуугийн нүдэнд нулимс гүйлгэнэв. 

М. С: Хмм, хонон өнжин хуучилдаг нэг нутгийн найзаа баривчлаад аваад явна гэхээр бас л итгэл алдарсан, сэтгэл эмтэрмээр үе байж дээ. Та тэр өдрөө маршал Чойбалсантай уулзсан гэдэг? Тэр тухайгаа?

Ц. Д: Би тэндээсээ Засгийн газар очлоо. Чойбалсангийн нарийн бичгийн дарга нөхөр Батхишиг надтай мэнд солиут: “За одоохон яваад ор. Цаадах чинь чамайг ирэв үү, үгүй юу гэж байн байн асууж сууна. Та хоёр хэдийдээ ийм сүжирхэг болцгоосон юм бэ? гэжёжлонгуй өгүүлэв. Би ч ингэж Чойбалсантай уулзсан юм.

М. С: Чойбалсан танаас юу асуув?

Ц. Д: Дамдинсүрээн! Самбуу ямаршүү янзтай явж байсан бэ? гэсэн шуудхан асуулттай тулгарав.

М. С: Самбуу гэж хэн билээ?

Ц. Д: Самбуу бол Ерөнхий сайдын 2-р орлогч. Түүний өмнөхөн Зөвлөлтөд элчин байсан юм... Мөнөөхөн биднийг Улаанбаатарт ирэхээс нэлээд хэд хоногийн өмнө юм сан. “Нөхөр Самбуу Корпусын дарга Дамбынд ирж гэнэ ээ... Хоёул уулзъя” гэж нөхөр Шагдарын хэлснээр тэднийд очсон юм. “Жанжин Дэмид нас барсан явдал даанч хайран аа. Мөн ч их мэдлэг, зориг шийдэмгий болоод цэрэг дарга олныг эцгийнх нь адил сурган боловсруулж, халамжлан хайрлагч хүн сэн...” гэлцэж асан үгсийг бид дөрөв ч юуны түрүүнд давтан ярьцгаасан юм.

М. С: Тэгээд та Чойбалсанд юу гэж хариулав?

Ц. Д: Би ч гэсэн Чойбалсангийн дээрх асуултад Самбуу бидний сайхь ярилцсан үгээр хариу өгсөн юм. Самбуугийн тухай чингэж асуусны чухам учрыг ойлгоогүй. Тэгтэл Чойбалсан ширээнийхээ дунд нүднээс хоёр гурван хуудас машиндмал зүйл гаргаж надад сарвайв. Авч үзвэл хувьсгалын эсэргүү хэрэгт баривчлагдсан гэх манай сайд дарга дөчөөд хүний нэрс нүдэнд шууд тусав. Хирдхийн цочсондоо хагас хугас уншсан болоод буцааж өгөв. Самбуугийн нэр харагдсан шиг санагдана. Хэн ч байлаа гэсэн цөм л миний таньдаг мэддэг, итгэдэг хүндэлдэг ахас ихэс нөхөд маань байлаа. 

М. С: Тэр хүмүүсийн тухай Чойбалсан өөрөө юу гэх юм бэ?

Ц. Д: Чойбалсан миний бие, манай Дотоод явдлын яам, Японы тагнуул төлөөлөгч болж эх орноосоо урван тэрсэлсэн ардын дайсан, хорлон сүйтгэгч ийм л этгээдүүдийг баривчилж гартаа атгалаа. Дорнод аймгийн хоршоодын холбооны дарга Баяр (хар) –аас гадна аймгийн дарга Шагдарыг баривчилсан. Дамдинсүрэн чи юу гэж бодож байна? гэж Чойбалсан асуугаад духайсхийн ажив. “Ердөө ч үнэмшиж итгэмгүй юм байна. Өчигдөр уржигдархан үг зааврыг нь биелүүлж явсан ийм улсыг өнөөдөр эсэргүү тэсэргүү дайсан болжээ гэхэд гоомой санагдана” гэж хэлэв. Миний тэр үгийг сонссон Чойбалсангийн царай харлан барайж, өнөөх л эгдүү нь хөдөлж, шүд зуухаараа үзэгддэг ёозгүй аягаараа хуурамчхан инээх завдаж, нүд нь гурвалжлан, үл мэдэг нулимс гүйлгэнэж: “Эргэлзэх явдалгүй, Чойбалсан миний бие бүгдийг мэдэж байна.... Бүгдийг баривчил. Хайр найргүй мөрдөж хатуу чанга шийтгэж устга гэж би Дотоод явдлын яамныхандаа чандлан тушаасан. За за, Дамдинсүрэн чи одоо явж ажил албаа хүлээн авч хий”. Чойбалсангийн ийм үг сонссон би тэр нэгэн удаа тэндээс гарч одсон юм. Үүднийх нь өрөөнд дахин тааралдсан нөхөр Батхишиг: “За хө, юу гэж оволзож, хүрэлзэж сууна вэ? Хачин юм ч сонсоо л биз дээ?” гэж хэлээд үлдэв.

М. С: Маршалын нарийн бичгийн дарга Батхишиг Чойбалсанг “цаадах чинь” гэж дууддаг, “оволзож хүрэлзэж” суугааг нь хэлчихдэг, хэлмэгдлийн тухай “хачин юм сонсоо л биз дээ” гэх зэргээр ил тод ярьчихдаг хүн байжээ дээ?

Ц. Д: Батхишиг бол Чойбалсангийн дэргэд олон жил алба хаасан бөгөөд монгол, орос хэл бичигт боловсронгуй чадварлаг сэхээтэн сэн. Тэгээд ч тэр үү, Чойбалсанг “сайд, маршал” гэж дууддаггүй, нүүр ил бол гуайлж, далд бол “цаадах чинь, мань эр” гэх зэргээр нэрлэж заншсан нэгэн билээ. 

М. С: Тэр хүний хувь заяа хэрхсэн бол?

Ц. Д: Нөхөр Батхишигийн тухайд бол өөрийгөө хорлосон гэсэн эргэлзээтэй байдалд нас барсан юм.

М. С: Нөгөө тантай хамт явсан аймгийн дарга Шагдар гуай юу болов?

Ц. Д: Түүнээс хойш гуч хүрэхгүй хоногийн дараа улс төрд тэрсэлсэн гэгдэж, Дээд Шүүхээр шийтгэсэн 14 хүний нэгэндШагдар маань оролцож, Улсын бага хурлын тэргүүлэгч Багададын Ламжавтай хоёул тус бүр арван жил хоригдох хугацаа заагдан амьд гарч, нөгөө арван хоёр нь шороонд булуулсныг хэн бүхэн мэднэ. 

М. С: Та өөрөө хэзээ баригдаж хэлмэгдэв?

Ц. Д: 1938 оны 9 дүгээр сард би Мал ба газар тариалангийн яамны дэд сайд тохоогдов. Тэргүүн сайд маань Пүрэвдорж... Сайд Пүрэвдорж 1939 оны 7-р сарын 9-нд баривчлагдан, ор сураггүй алга болов. Дамдинсүрэн би, мөн оны 10-р сарын 5-ны шөнө баривчлагдав.

М. С: Аймшигт тэр шөнийн тухай дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

Ц. Д: Эхнэр хүүхэд хөдөө гэрт очсон учир эзгүй, эцэг Цэнд надад хань болж ирсэн байв. Тэр өдрийн албанаас оройтосхийн гэртээ ирж цай хоол ууж идэж базаагаад ор дэрээ засаж тавлав. Дуг нойронд гэрийн хаалга хэмхлэх нь холгүй хүчтэй дэлдэв. Хаалгаа нээлээ. Дотоод явдлын яамны буу зэвсэг агссан хоёр гурван ажилтан сүр үзүүлэх байдалтай орж ирэв... Нөгөөдүүл авдар сав, ор дэр онгичин нэгжив. Аль л өнгөтэй өөдтэй хувцас хунар, эд өлөг, ээмэг бөгж, аяга таваг, шүр сувд, төгрөг мөнгө, ном судар, тэмдэглэл дэвтэр, хүүхдийн шинэ тоглоомыг хүртэл хуу хаман хурааж, авдарлаж хайрцаглав. Тэгээд үүдэн зүг зааж: “Явъя!” гэж ширүүн дориун өгүүлэв. “Байз хө” гэж хэлсэн би галаа сэргээв. Данх цай буцалгав. Эцэгтээ аяга дүүрэн цай хийж барив. Өөрөө нэг аягыг уув. “За аав минь, хүүгээ хэрэг хийж баригдлаа гэж бүү бодоорой. Миний өмнөх явдал ариун, зам мөр цагаан. Гэвч хүний гарт орсон хүүгээ амьд мэнд гарч ирнэ гэж тэгтлээ битгий горьдоорой. Миний адил аавын олон хөвгүүд сүйдэж байгаа юм шүү. Бэр, ач хүүхдээ сайнаар тэтгэж байгаарай. Баяртай аав минь” гэж хэлээд түлхүүлж туугдан гэрээсээ гарсан юм.

М. С: Шууд аваачаад шоронд хийв үү?

Ц. Д: Дотоод явдлын яамны Мөрдөн байцаах хэлтэсийн дарга Мангас Доржийн өрөөнд аваачив. Малгай бүс, дээл, өмд гутал тайчиж нэгжин энгэрийн цаг, үзэг зэргийг хураан авав. Дотуур дан цагаан өмд цамцтай үлдэв. “Овог нэр хэн бэ? Хаанахын ямар албан тушаалтайгаа хэл!” гэж Мангас Дорж хямсалзав. 

-Дорж оо, ухаан санаа эрүүл үү? Нэр зүс мэдэлцэхийн тухайд хэдийний танил. Өчигдөр уржигдархан ширээний бөмбөг тоглож, инээж ханиаж байгаагүй сэн бил үү? гэв. 

-“Муу хар эсэргүүтэй олон үг ярихгүй ээ” гэж Мангас Дорж хэлээд биеийн байцаалт хэдэн үг тэмдэглэж, “үүнийг одоохон чангалан хорионд хий” гэж хажуугийн нэгэнд тушаав. Хорин хэд ч билээ нэг өрөөнд аваачиж түгжив. Яс арьсандаа тулсан хоёр хүн унтаж байна. Нэг нь Намын төв хорооны тэргүүлэгч бөлгөө, Сангийн яамны сайд асан Довчин гуайг мөн үү биш үү гэж эргэлзэв. Нөгөөгий нь эс танив.

М. С: Баривчлахад эрхбиш шалтаг хэрэгтэй. Ямар хэрэг хийсэн хэмээн буруутган гүтгэсэн хэрэг вэ?

Ц. Д: [Мангас Дорж] чамайг Японы тагнуул мөн үү биш үү, хэнд элссэн, хэнийг элсүүлсэн, хань хамсаатан хэн хэн бэ гэж асуухгүй. Бид бүгдийг мэднэ. Нам, улсын байгууллагад хэчнээн их хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан чинь бүр ч тодорхой болоод хэмжээ хязгааргүй... Дамдинсүрэн чиний хийсэн өдүүлсэн хэргийн цаасан баримт миний ширээ шүүгээний нүдээр дүүрэн, махан баримт гэвэл миний мөрдөнгийн шоронгоор дүүрэн, багтаж цөхөж байна гэж хэлээд шүдээ тас зуун занав.

М. С: Махан баримт гэдэг нь юу сан билээ?

Ц. Д: Махан баримт, махан баримт! Тэр бол хүн. Хүнтэй л нүүрэлдүүлнэ гэсэн үг. 

М. С: Тийм “махан баримт” нь хэн хэн байв?

Ц. Д: Чингэж намайг Дорнод аймгийн Намын хорооны дарга ахуйд Дотоод явдлын яамны аймгийн хэлтэсийн удаа дараагийн дарга байсан Гомбо, Лосол нартай дараалан нүүрэлдүүлж, Дамдинсүрэнг бид манай эсэргүү байгууллагын гишүүн гэж Намын төв хорооны дарга асан Лувсаншараваас сонссон юм аа гэж бараг үгний зөрүүгүй гүтгүүлэв.

М. С: Ингэж хилс хэрэгт гүтгэн байцааж байхдаа ногоон малгайтнууд тантай хэрхэн харьцдаг байв даа?

Ц. Д: Шороо, хайрга, чулуу нь ил, ус нэвчсэн газар дорх нүх, шоронгийн төмөр чулуун шалтай өрөөнд гурав, долоо хоног, хагас сараар хоригдож тарчлахыг байн байн үзэв. Зодолт нүдэлтээр хавирга нуруу бэртэн, бичгийн чулуун даруулгаар шүдээ үйртэл яйртал хэд хэдэнтээ дэлсүүлж, эрүүнд гэм олсон явдал ч бий. Тамхины галаар энд тэнд хайрч түлж, модон ишт үзэгний төмөр хошуугаар хуйхаа сэглүүлэхийг бараг байцаалт тутамд үзэв. Түүнээс өдөгдөн насан турш эс эдгэх үрэвсэл олсны согогийг одоо ч гэсэн толгойдоо тээн эмзэглэж явна. Намайг тийнхүү тамлахыг Жамбалдорж тушаан, Мангас Дорж өөрөөн буюу зодооч нүдээчиндээ турхирч хийлгэсэн хэрэг.

М. С: Энэ их тарчлалын эцэст хэзээ нэг Шүүх хурлаар орж, Бүгд Найрамдахаа уншуулав даа?

Ц. Д: 1941 оны тэргүүн улирлын нэгэн өдөр. Мөрдөн байцаах хэлтэсийн Даваажав дуудаж, “За одоо чамайг эрхлүүлж тоглодог тоглоомоо эцэслэе” гэж хэлээд “Ялын төлөвлөгөө сонс!” гэж олон хуудас зүйл уншив. “Амьд гарна гэхийн горьдлогогүй хүнд ял тулгажээ, над. За яршиг. Мөрдөнгийн хатуу ширүүн харгислалт, шоронгийн зовоолт шаналгалтаас бушуухан л хоёр яс хагацах сан” гэж бодлоо. Түүнээс хойш удсан ч үгүй нэг өглөө Дотоод явдлын яамны Улаан буланд туугдаж очив. Найман хүний дундтай суулгав. Тэдний зассанаар бол “хэрэгтний суудал” ажгуу... Хурлын дарга ам нээж, ардын дайсан Баасанжавын толгойлсон “Улаанбаатарын төв” хэмээх эсэргүү бүлгэмийн хэргийг таслан шийтгэнэ гэв.

М. С: Тэгэхээр таныг өөр найман хүний хамт “Улаанбаатарын төв” хэмээх эсэргүү бүлгэмийн гишүүн хэмээн яллажээ дээ?Нөгөө найман хүн чинь хэн хэн байв?

Ц. Д: Дотоод явдлын яамны сайд, Чойбалсангийн баруун гарын итгэмжит хүн байсан Лосол, Улсын прокурор Пунцагдорж, Шүүх яамны сайд Цэрэндорж, Мал ба газар тариалангийн яамны сайд Ширнэн, мөн яамны сайд ч явсан, Улаанбаатар хотын Намын хорооны дарга Эрэнцэн... МХЗЭ-ин Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга Сэнгэдорж, Завхан аймгийн Намын хорооны дарга Цогтзана, Дотоод явдлын яамны ажилтан Гомбо.

М. С: Шүүх хурал дээр таныг хэрхэн байцаав?

Ц. Д: Тус хурлын гишүүн ч гэсэн үү, тэргүүлэгч ч гэсэн үү, Цэргийн шүүхийн дарга Махцэнд гэгчийн “Дамдинсүрэн чи, Мал ба газар тариалангийн яамыг эсэргүү зэвсэгт бослогод бэлдэж байсныгаа тодорхой мэдүүл” гэсэн үгэнд зэвүү хүрсэн би “Тэр яам чинь эсэргүү зэвсэгт бослогод бэлдэх байтугай манаандаа барих буугүй газар шүү” гэж хэлэв.

М. С: “Улаанбаатарын төв” гэж зохиомлоор нийлүүлсэн бүлгэмд олон өөр хүн багтжээ. Өөрөө хэлмэгдлийг зохион байгуулалцаж, гэм зэмгүй улсыг цаазалж явсан ДЯЯ-ны орлогч сайд Бүргэдийн Лосол, Шүүх яамны сайд Цэрэндорж хоёроос гадна зарим нь цөхөрсөндөө хилс хэргээ хүлээсэн улс, зарим нь буруугүй гэдэгтээ бат зогссон ч улс байна.

Ц. Д: Таслан шийтгэх хурлын тогтоол үйлдэнэ гэж түр завсарлав. Шоронгийн нэгэн өрөөнд хамт түгжигдсэн Цэрэндорж, Эрэнцэн бид гурав өөр зуураа хэдэн үг солив. “Улсын албан үүрэг гүйцэтгэн, зүв зүгээр мөрөөрөө явж яваад ингэж муугаа үзнэ гэж зүүдэлсэнгүй. Гучин хэдэн сарын мөдөн хорио, хатуу ширүүн байцаалт, зодуур нүдүүр, өлсөх ундаасахын хэлшгүй бэрхийг эдлэв. Арга барж цөхөрсөндөө Японы тагнуул туршуул, ардын дайсан, хорлон сүйтгэгч, эсэргүү тэрсэлгүү гэж тулгасан бүгдийг цөм хүлээсээн, би ч магад амьд гарахгүй биз дээ” гэж Эрэнцэнгийн ярьсныг сонсоод “надтай бараг л ойролцоо юм үзэж дээ, хөөрхий” гэж бодлоо. [Тэгтэл нөхөр Цэрэндорж] “Би бол урвасан тэрсэлсэн, энэ тэр хэрэг хийгээгүйн хувьд та нөхдийн адил аа. Гэхдээ хачин их нүгэлтэн юм шүү. Лувсаншарав бид хоёр тусгай комиссын орлогч дарга байлаа. Дарга Чойбалсангийн далайлгалт тушаалаар гэм зэмгүй мянга мянган сайхан хүнд буудан алах, удаан хугацаагаар хорих ял зааж хэлмэгдүүлсэн буруутан билээ. [Чойбалсан, Лувсаншарав] бид гурав тэр булай хэргийнхээ төлөө амьд үхсэн ялгаагүй, нам, ард түмний өмнө хүлээх ялтай этгээд мөн. Намайг өнөөдөр буудлаа ч гэсэн тэр хэрэгтээ цаазлагдлаа гэж санана” гэж хэлснийг сонсоод “машид оносон шударга үг” гэж бодсоноо одоо ч тодхон санаж явдаг билээ.

М. С: Ингээд ялыг уншиж танилцуулахад та бүхний 9 хүнийг хэрхэн шийтгэв?

Ц. Д: Тэр таслан шийтгэх хурлаас Цогтзана, Гомбо, бид гурвыг тус бүр 10 жил хорих ялд унагаж, нөгөө зургаад буудан алах ял оноож, цөмийг маань хилс хэлмэгдүүлсэн юм. Энд бид бүхэн үнэхээр хөөрхийлөлтэй. Тэр тусмаа буудан алагдагсад, тэдний дотроос нөхөр Сэнгэдоржийг би эвлэлийн байгууллагын ажилтан явсны хувьд одоо ч сэтгэл шимшрэн өрөвддөг юм. Учир нь биднийг бодвол Сэнгэдоржид зохиомол хэрэг бараг байгаагүй болов уу. Өөрөө ч гэсэн мөрдөн байцаагчдын тулгасан асуултад ямар ч гэмт хэрэг явдал өдүүлээгүй гэдэг эрс туйлбартай хариу өгч, зоримог шийдмэг зогссон нэгэн билээ. 

М. С: Өөрөөр нь заавал хэргийг нь хүлээлгэж байж шийтгэдэг ёстой байсан байх аа? Сэнгэдорж тийм шийдмэг зогссон атал яагаад цаазаар авхуулсан юм бол?

Ц. Д: Таслан шийтгэх хурлын дарга: “Улс төрд тэрсэлснээ үнэн шударга эс мэдүүлэн, мөчөөрхсөөр өдий хүрсэн хэрэгтэн Сэнгэдорж чамайг хууль хэрхэвч өршөөхгүй шүү. Гэвч бид чамайг залуу хүн, эцэг хүн гэж амь насны чинь тухайд ээлтэйг санаж байна. Түүний дээр эхээсээ өлгийтэй нялх өнчрөн хоцорсон чиний охинд аюулт хүнд өвчин тусаж, амьсгал хураалты нь эмч нар цаг мөч тоолон хүлээж байна. Сэнгэдорж чи эцэг нь мөн юм бол тус хурлын өмнө нэгийг хэлж, хайрт охиныхоо барааг амьдад нь харж, хошуу хүргэх сэн гэж боддогүй юм уу?” гэж хэлэв. Тэгмэгц нөхөр Сэнгэдорж: “За би та бүхний над юу тулгах гэж санасан бүгдийг гүйцээе. Намайг амьд үлдээж охинтой минь уулзуулахыг гуйя” гэж хэлсэн юм. Таслан шийтгэх даргын дээр хэлсэн үг, ээлтэйнх биш, эргүүлж тонгорсон хууралт байжээ.

Сэтгүүл зүй, хэл найруулгын тухайд хөөрсөн дөтгөөр бүлэг: Ногооноор гарсан бүжинг ногоолай, намар орой гарсныг нь давиалай гэнэ

М. С: МЗЭ-ийн ахмад гишүүн, манай анхны сэтгүүлч нарын нэг учраас танаас одоо бичиж найруулах чадварын тухай асууя. Өнөөгийн зохиолч сэтгүүлч нарт юу чухал болж байна вэ?

Ц. Д: Аливаа зохиол бүтээлийг улам чанар чансаатай, нягт хичээнгүй бичихийн хамт хэл найруулгыг тун ч сүрхий анхаармаар байна. Өөр өөрийн хэлний боловсролыг өөд татаж, түүнийг өгүүлэх арвин баян санг эзэмшиж, дэлгэр баян хэл найруулгатай болохыг хүн бүхэн хичээмээр байна... Тэгтэл манайхан наад зах нь адууных ч төл, үхрийнх ч төл, хонь ямааных ч төл, тэмээнийхийг ч төл гэж бичих болсон нь зонхилон үзэгдэнэ. Ишиг, хурга, унага, тугал, ботго гэж нэрлэхийг мартсан буюу санахгүй яваа байдал үзэгдэнэ. Тэр ч байтугай ишиг хурганд дахлай, нялх, хэнз гэж гурван янз буйг бодууштай. Тэгэхдээ дахлай гэж цаг алдаж, эрт хургалсан, малчны хэлээр бол хөг алдсанаас хавар эрт гарсан хурга ишгийг хэлнэ. Нялх гэж харин цаг алдалгүй гарсан хурга ишиг байна. Хэнз гэж нийлүүлэг оройтож, хожуу хээл авснаас намар орой гарсан хурга ишиг гэж юун эс андах...

Юмыг нэрлэж бичих тун ярвигтай байнав шүү. Ялимгүй нэг жишээ өгүүлэхүл: туулайн бөжинг хүртэл гурван анги нэрлэдэг юм байна. Үүнд туулай (зэрлэг нь) жилд гурав төрдөг амьтан. Ногооноор гарсан бөжинг “ногоолай”, навч нахиа цэцэглэсэн буюу зун оройхон гарсан бөжинг “давиалай”, намар орой, хяруу унах үед төрсөн бөжинг “хяруулай” гэж нэрлэдэг ялгаа байна. 

М. С: Та болбоос баримтат найрууллаараа алдартай хүн. Ийм төрлөөр бичихэд анхаарах зүйлс юу байна?

Ц. Д: Найруулал бол уран зохиолын нэн хожуу гарсан төрөл зүйл гэж хэлэлцдэг. Харин найрууллын гол багана нь үнэн явдал, тодорхой баримт сэлт байна. Энэ нь түүний бичлэгийн үндэс нь мөн гэсэн үг.

М. С: Баримтыг баахан гажуудуулсан жишээ сэлт юу байна даа?

Ц. Д: Манай уншигч түмэн үнэхээр өндөр боловсролтой боллоо. Юмыг эргэцүүлж нягталж, сүрхий хянадаг болжээ. Хиагтад бүгж байсан нэг түм, зарим мэдээнд нэг түм хоёр гурван мянган гэмин байсан. Түүнийг манай ардын журамт цэргийн дөрвөн зуугаадхан партизан дайчин устган, хөөн цэвэрлэсэн билээ. Тэгж ялсан сөнөөсөн нь бол маргаангүй билээ. Тэгтэл нэгэн өвгөн партизаны үгээр үзвэл, тэрбээр ардын журамт цэргийн дуртгал, өөр бусад ном, найруулал, тэмдэглэл зэрэгт манайхны Хиагтад сөнөөсөн гэминг сампиндаж суудаг гэнэ. Тэгээд устгасан гэмин таван түм хүрлээ, энэ бол чухам үнэнд нийцэх үү үгүй юу гэж ярьж байсан. Энэ үгийг тэр өвгөн дэврүүлж хэлсэн байж болно. Гэхдээ л дайн тулааны буюу эрэлхэг баатарлаг явдлын тухай ер нь түүхэн явдлыг гажуудуулахгүй, түүхэн баримт сэлтэд тулгуурлаж, чухам үнэн зөвөөр бичиж байвал зохих юм гэж би хувьдаа санасан. 

М. С: Баримт нь зөв боловч үгийн дэс дараа, найруулга буруугаас ойлгохын аргагүй зүйл бас манай сонинуудад гардаг болжээ.

Ц. Д: “Таван зуун нэг наст мал хариулж байна” гэж бичсэн, ярьсан тохиолдох юм. Энэ тухайд тэрхүү хариулагч мал нь “таван зуун нэг наслах” тийм цаглашгүй урт настай ч юм уу, эсхүл таван зуун хурга ишиг ч юм уу, ердөө нэг наслаад “эцэслэх” таван зуун хөөрхий амьтан ч юм уу, бүү мэд гэлтэй. Сонин хэвлэлд нийтлэх зүйлийг ингэж хоёрдмол, гуравдмал холион бантан хийж хэрхэвч болохгүй. 

хэмээсэн энэхүү “ЯРИЛЦЛАГА”-ыг бэлдэхэд миний өөрийн нэмж оруулсан, зохиосон өгүүлбэр байхгүй, бүгд Өвгөөдэйн чухам өөрийнх нь хэлж бичсэн зүйл болох бөгөөд бөө нар онгод сүнсийг дууддаг бол миний бие бичсэн өгүүлэл ном судрыг нь уншин, их эрдэмтний хэлж үлдээсэн гэрээс санааг гаргасан бөлгөө. Үүнд, эрдэмтэн зохиолч Дожоогийн Цэдэв, Өвгөөдэйн шавь, зохиолч Ж. Саруулбуян, хүү Д. Энхсайхан нарын эмхтгэн хэвлүүлсэн “Өвгөөдэй Цэндийн Дамдинсүрэн”, УБ 2012 гурван боть бүтээлийг ашигласан болно.Гурван цэг хатгасан нь товчлон, утгыг нь алдагдалгүйгээр дундаас нь багахан хассан гэсэн үг, дөрвөлжин хаалтанд харин утгын холбоос болгон нэмсэн үг буй.

“Өнгөрсөн бүх цаг үеийн сүнс гагцхүү номд оршмуй” хэмээх мэргэн үгийг ахин давтаад өндөрлөсү.