Өнөөдөр хэн хамгийн бухимдалтай вэ?
Улс төрч хүнд хүссэн ч хүсээгүй ч бүхнийг зөвөөр хийх сонголт угаасаа байдаггүй, гэхдээ тодорхой сэдвүүдийг зөвөөр явуулах боломж бол бий. Буцалсан усанд чанахад өндөг, лууван, кофе яаж өөрчлөгдөх вэ гэдэг жишээ авсан хэлбэр нь хүмүүст шоолуулсанаас биш асуудал үнэндээ яг л тийм юм.
Сүүлийн арван жил нэн шинэ төрлийн, шинэ схем, шинэ технологийн гурван хулгайтай монголчууд шинээр танилцав. Эхнийх нь Эрдэнэтийн “хувьчлал”. Офиссын ганц өрөөнөөс өөр юу ч үгүй цаасан дээрхи компани гэнэт 450 сая долларын хөрөнгөтэй Монголын хамгийн баян компани болов. “Сахал нь ч хамаагүй, хулгайлаад ч хамаагүй Эрдэнэтийг хувийн хэвшил аваад явбал ядаж дээр” гэсэн олон хүний хандлага анзаарагддаг юм, төрийн цавчаа намчдаас залхсан хар зөн л дөө. Даанч нэгийг хулгайлсан хүн хоёрыг, гурвыг дөрвийг л нэмж хулгайлахаа бодохоос биш монголд чөлөөт бизнес хөгжүүлэхгүйг ойлгов. ОТ, ТТ гарч ирэхээс өмнө Эрдэнэтийн захирал гэдэг улсын төсөвтэй паралелаар төсвөөсөө ч том мөнгө захирдаг, Ерөнхий сайд нараа огцруулж суудаг том далд хүчин байдаг байж билээ. Харин Эрдэнэтийн дараа улсын төсөвтэй паралель бас нэг том мөнгө гараад ирчихсэн нь Хөгжлийн банк. Авлига хулгайн “2G технологи” ч юмуудаа. “Бонд” гэж үгтэй 2012 оноос шинээр танилцаж, гадаадаас их мөнгө зээлж, дотроо тарааж үрэх нь бидэнд нэн шинэ төрлийн зүйл байлаа. Даанч ихэнхи зээлдэгч нар нь Портууны хэлдгээр нээрээ л “өр биш өглөг” гэж ойлгосон уу яасан, буцааж ер нь төлөхгүй гэсэн бодолтой явсан шиг харагддаг юм.“Өрөө төлж” буй хэсэг бүлэг өнөөдөр ард түмнээс ч илүү бухимдалтай, айдастай яваа.
Гурав дахь буюу хамгийн том нь “3G технологи”-ийн хулгай нь нүүрс, түүнийг тойрсон хулгайн сүлжээ юм. Шинэ зүйл ч биш, Сайхансамбуугийн “Би ч эдний хажууд ТҮЦ ажиллуулдаг юм байна” гэсэн алдарт үг нэг жишээ нь. Ер нь манай улсын сүүлийн арван жилийн улс төрийн бүх үзэгдэл, Засгийн газрын огцролт, бүх томоохон жагсаал цуглаанууд явж явж нүүрс тойрсон хэрүүл л байдаг. Гучин УИХ гишүүн ЭТТ захирлыг нь битгий солиочээ гэж ЕС-ын өрөөнд орж гуйж, шаардахын дундуур юм болсон л гэх. Засгийн газартайгаа паралель, Засгийн газрын төсвөөсөө ч их мөнгөтэй нэг том хар сүлжээ яах аргагүй байх шиг. Нүүрсний хулгай бол “хэлц үг”. Нүүрс тойрсон тэр их хулгайн мөнгө, тэр авлига хулгайг л ерөнхийд нь хэлээд байгаа “хэлц үг”. Зөвхөн хэлц үгэн дээр нь дөрөөлж “Нүүрс хаана хулгайлагдаад байгаа юм?”, “Нүүрсний хулгайч гэдэг хий үзэгдэлтэй тулалдаж байна..” гэх мэтээр зорилготой, зорилгогүй сэдвээ замхруулах гэвэл харамсалтай болно. Асуудлын язгуур нь энэ их өмч тэр чигээрээ төрийн мэдлийн байгаад оршино. Төрийн өмч гэдэг үнэндээ төрд гарсан намчидын л өмч юм. 2018-2019 онуудад ЭТТ-г ил тод, хяналттай болгох, IPO хийх маш их хүчин чармайлт гарсан ч улс төрөө даалгүй хойшлогдож билээ. ХонгКонгийн хөрөнгийн бирж дээр ЭТТ-н 30 хувийг гаргаж 3 – 5 тэрбум долларын хөрөнгө босгох төлөвлөгөөтэй, гадныхантай хамаг юмаа тохирчихсон, IPO -с орж ирсэн мөнгөөр төмөр зам, цахилгаан станцаа санхүүжүүлэх төлөвлөгөөтэй. Яг тэрүүхэн мөчийг бас л алдагдуулж, шантаажны жагсагч тэмцэгчид цугларч, учир нь олдохгүй будилаан үүсгэж, улс төржсөөр IPO зогсоосон. Алтан мөчийг алдаад, араас нь ковид залгаад тэгээд асуудал замхарч билээ. Тухайн үед юу болж байсан, хэн нь IPO будлиулж, хэн нь урагшлуулах гэж үзэж байсныг одоо нэг харвал бас л сонин.
Нүүрсний хулгайч нараа илчил гэж олон нийт шаардаж байна. Гэхдээ бодит нэг факт бол олон нийт биш, ард түмэн ч биш нам нь, УИХ нь Оюун-эрдэнийг дэмжсэн учир тэр ерөнхий сайд болсон юм. Одоо өөрийг нь дэмжиж дээш нь гаргасан зарим хүмүүстэйгээ эргээд тооцоо бодох сорилт явж байгаа. Энэ тийм амар ажил биш. Тэгээд ч нүүрсний хулгайч нар гэхээрээ шууд хар цагаан өнгөөр хоёр ялгарч хуваагдаад л тэр нь хулгайч, тэр нь хулгайч биш гэж ангилах асар төвөгтэй. Юуны өмнө системээ янзлах хэрэгтэй, аяндаа хэн нь хэн бэ гэдэг нь ялгараад эхэлнэ. Улс төрч хүнд хүссэн ч хүсээгүй ч бүхнийг зөвөөр хийх сонголт угаасаа байдаггүй, гэхдээ тодорхой сэдвүүдийг зөвөөр явуулах боломж бол бий. Буцалсан усанд чанахад өндөг, лууван, кофе яаж өөрчлөгдөх вэ гэдэг жишээ авсан хэлбэр нь хүмүүст шоолуулсанаас биш асуудал үнэндээ яг л тийм юм.
Хавар залуус “ажлаа хий” гэж жагсахад Ерөнхий сайд гарч ирээд “хамтдаа тэмцье” гэж уриалсан нь үнэндээ жирийн нэг поп үг, аргаа барсан хэрэг биш байсан юм шүү. Ерөнхий сайд өөрийгөө нэг том юмны эсрэг үзэж байгаа, түүнийг нь залуус хамт дэмжиж байгаа л гэж бодсон, тэрийгээ л хэлсэн хэрэг. Уг нь үнэхээр л нүүрсний асуудалд үүрлэсэн том жижиг олон янзын хулгайн схемийг арилгахад л, орлого татвар нь бүрэн бүтэн ороод ирэхэд л долларын ханш буурч, цалин тэтгэвэр нэмэгдэж, жагсагчдын шаардаад байгаа тэр бүх шаардлага биелчих юм.
Хөгжлийн банкны асуудал бүтэн жил үргэлжилж одоо л нэг зүгширч, цэгцрэх гээд найдлага төрүүлж байна. Одоо нүүрсний хулгайн асуудал ч хэдхэн хүн цовдлоод шийдэгдэхгүй, дахиад ч нэг том процесс явах болов уу. Цаг өөр болж буйд эвлэрч өгөхгүй байгаа, МАН, АН ялгаагүй хуучны олон том хулгайч нар “өмнө нь ингээд болоод л байсан юм, би яахаараа ганцаараа золиос болдог юм..” гэсэн ууртай яваа. Тэр уураа яаж ч гаргаж мэднэ. Олон нийт, ард түмэн өнөө цагт Засгийн газарт угаасаа л маш их уур бухимдалтай байгаа. Аан гэхдээ сахалынхан, “нүүрсний хулгайч” нар, Хөгжлийн банкны хулгайч нар ч бас Засгийн газарт ард түмнээс илүү бухимдалтай байгааг санахад гэмгүй.