Гүйцэтгэх засаглалын тэргүүний гүйцээх ажлын жагсаалт хөршүүдийн төлөвлөгөөтэй “хөг нийлэв”
-“Эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх эхлэлийг тавина” гэж тэр амлалаа
Он солигдохын өмнө Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ард түмэндээ хандаж хэлэх үгнээс ямар нэг “бэлэг” хүлээгээд сурчихаж. Энэ жил тэд “бэлэг өгсөнгүй”. Харин түүний амлалтууд бэлгээс дутахгүй итгэл сэргээж чадсан гэж бодож байна.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын шинэ жилийн мэндчилгээний үгийн нийтлэг хэв шинж нь байгалийн баялаг эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсч, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига бүх шатанд гүнзгийрснийг хүлээн зөвшөөрөв.
Үүнээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “шударга бусын төвлөрөл”-үүдтэйгээ тэмцэж, үүнийгээ олон нийтийн өмнө харуулсан, дэмжүүлснээрээ давуу талтайгаар 2022 оныг үдэж, энэ ажлаа үргэлжлүүлэх иргэдийн хүлээлтээр шинэ оноо угтаж байгаа билээ. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний хулгайн” гэх албан тушаалтнуудаар “овоглосон”, тэдний давуу байдлаа ашигласан, нөлөөллийн гэмт хэргүүд түүний Засгийн газрын үед хаяглах эзэнтэй, хариуцлага тооцох хуультайгаа мэдрүүлж эхлээд байна. Энэ бол маш их мөнгөтэй, маш нарийн зохион байгуулалттай, ул мөрөө чадварлагаар нууцалсан, ужгирсан гэмт хэрэг. Гэвч хуулийн дээр биш дор амьдрах ёстойг үзүүлэх хуулиуд хэрэгжиж эхэлсэн.
2022 оны сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн мөнгөний оролцоотойгоор “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьдаа завшсан хулгайг таслан зогсоож, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг эргүүлэн авч, энэхүү хэргийг шүүхэд шилжүүлж чадлаа. Ард түмэнтэйгээ хамт баялгаа ашиглуулсны эцэст 22 тэрбум ам.долларын өрөнд оруулсан Дубайн хулгайг таслан зогсоож, Монголын талд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, гацсан байсан Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа. Хөгжлийн банкны хулгайг илчилж, нэг их наяд гаруй төгрөгийн чанаргүй зээлийг эргэн төлүүлж, хулгайн асуудлыг шүүхэд шилжүүлж чадлаа” гэдгээ давтан хэлээд байгаа юм. Мөн "Эрдэнэс ТаванТолгой" ХК-ний удирдлага зохион байгуулалтын бүтэц, сахилга хариуцлагыг сайжруулах, чиг үүргийн давхардал арилгах ажлуудын 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс хойш шат дараатай хийж эхлэсэн. Энэ ажлын хүрээнд тус компанийн нийт 14 алба нэгжийг татан буулгаж, нийт 52 хүнийг ажлаас чөлөөлсөн байна. Үүнээс сахилга хариуцлага алдсан 13 албан тушаалтныг ажлаас чөлөөлж, бүтэц сайжруулах ажлын хүрээнд 25 хүнийг чөлөөлөөд байгаа билээ.
Шинэ оныг угтах мэндчилгээндээ ч үүнийгээ л хэллээ. Энэ бол чамлахаар ажил биш, чанга хашгирч хэлэх ажил мөн. Мэдээж хэрэг, хоёр оны зааг дээр хулгайгаа зарлаад суух мөч биш учраас хийсэн ажлынхаа ололт, амжилтуудаас дурдсан.
Үүнд “Цар тахлын оргил үед 14.5 хувиар тасарч байсан улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарсан, экспортын нийт орлого анх удаа 11 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх түвшинд хүрснээр -4.6 хувиар агшсан эдийн засаг өнөөдөр 4 хувь болж сэргэлээ” гэсэн нь ойрын хоёр жилд сонсоогүй сайн мэдээ байсныг үгүйсгэх аргагүй юм.
Монгол Улсын валютын нөөц энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2.8 тэрбум ам.доллар болж буураад байсан бол “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноос хойш 500 сая ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болж, валютын ханш тогтворжиж эхэлсэн нь “Нүүрсний хулгай”-тай тэмцэх ажлынх нь гарааны үр дүн мөн.
2022 он цар тахлыг даван туулж, эдийн засгийг тогтворжуулахад бүхэлдээ чиглэсэн бол 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд иргэддээ итгэл төгс мэдэгдсэн.
Олон нийтийн зүгээс хүлээн зөвшөөрсөн бодлогуудаас “Шинэ сэргэлтийн бодлого”, боомтуудын хилийн боомтуудын бүрэн нээгдсэн зэрэг нь эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах үнийн өсөлт, бүтээгдэхүүний хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд дөхөмтэй байх биз ээ. Сонирхолтой нь он солигдох өдөр хоёр хөршийн Төрийн тэргүүнүүдийн хийсэн цахим уулзалтууд, Ерөнхий сайд нар харилцан мэндчилгээний агуулгаас харахад мөн л боомтуудын дэд бүтэц болон эрчим хүчний төслүүдэд гол анхаарлаа хандуулсан байв. Урд хөршийн хувьд манай оронтой хийсэн худалдааны хэмжээ цар тахлын хүнд үед анх удаагаа 10 тэрбум ам.долларыг давсан бөгөөд энэ хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьснаа мэдээлсэн.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний гүйцээж хийх ажлууд олон нийтэд тодорхой хэмжээнд алга ташуулдаггүй юмаа гэхэд толгой дохиход хүргэсэн биз ээ. Үүнд:
-2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно.
-2023 онд нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шинэчилнэ. Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Хөшигийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт эхэлнэ.
-2023 онд Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлнэ. Амгалангийн ДЦС, Эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, “Эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх эхлэл тавигдана” гэсэн амлалтуудыг дурдаж болно