Өнө мөнхийн Монгол
АНУ ба Монгол хамтран ирэх 15 жилд 670 тэрбум төгрөгийн төслийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэхээ албан ёсоор баталгаажуулав.
Сүүлийн хэдхэн арван жилийн хугацаанд хүн гэдэг амьтан үүсэн цагаасаа хойш хамгийн их нөөцийг дэлхийгээс ашиглажээ. Үр дүнд нь саран дээр очсон ч байгалийн нөөц шавхагдах тал руу хэдийнэ оржээ. Иймээс хүн төрөлхтний үзүүлсэн нөлөөгөөр манай дэлхий Антропоцен (Anthropocene) хэмээх шинэ эринд шилжин орсон гэж эрдэмтэд үзэж байна. Өөрөөр хэлбэл, цаг уурын өөрчлөлт, хүн амын өсөлт ба хэрэглээ, далайн усны түвшин, хүлэмжийн хийн ялгарал, хуванцар болон химийн хог хаягдал, хөрсний элэгдэл, гол усны ширгэлт, ургамал, зэрлэг амьтдын мөхөл, цөмийн туршилтын цацраг идэвхит бодис зэрэг олон хүчин зүйл дэлхийн экосистем болон геологийн бүтцэд тод нөлөө үзүүлээд уджээ. Сүүлийн 12 мянган жилийн турш оршин тогтнож байсан дэлхий биш болж, мөстөлтийн дараах Холоцен эрин дуусгавар болов.
Дэлхийн насыг 4.6 тэрбум жил гэж тооцоолдог. Харин хүний төрөл үүсээд 200 мянган жил л болж байна. Орчин үеийн хүний төрөл зүйл дөнгөж 60 мянган жилийн өмнө үүссэн.
Харьцуулбал, дэлхийн насыг нэг өдөр буюу 24 цаг гэж жишвэл хүн үүсээд дөнгөж нэг секүнд болж байна гэсэн үг.
Улмаар хүн төрөлхтөн шинэ эринд буюу Антропоценд шилжсэн гэдгийг Нобелийн шагналт эрдэмтэн Пол гарган ирж, хүн гэдэг бодгалийн дэлхийд үзүүлж буй нөлөөг хэмжиж хүлээн зөвшөөрч шинэ эринг зарлах ёстой гэж мэтгэжээ. 1800 онд буюу ердөө 200 гаруй жилийн өмнө 1 тэрбум байсан та бид өнөөдөр бараг 8 тэрбумд хүрч, 2050 онд хавьцаа 10 тэрбумд хүрэхээр байна. 10 тэрбум хүний хэрэглээг өнөөдрөөр тооцвол бидэнд 3 дэлхий байж гэмээнэ хангахаар болжээ.
Хүний хязгааргүй хэрэглээг байгалийн хязгаарлагдмал нөөц баялгаар хангах ухааныг эдийн засаг гэж заадаг байсан логик, утга учир өөрчлөгдөхөөс өөр аргагүй болжээ. Хүний хэрэглээ хязгаартай байх ёстойгоос гадна хязгаарлагдмал байгалийн нөөцийг шавхахгүй, сэргээн бас ариг гамтай ашиглахаас өөр аргагүй болох нь. Харамсалтай нь Монголын хээр тал Ази тив дэх цагаан зээр, хулан, бөхөн зэрэг зэрлэг ан амьтдын амьдрах сүүлчийн хамгийн том орчин болж үлджээ. Эх орны маань энэ тал нутаг цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрт ордог бөгөөд нэг сая гаруй цагаан зээр нутагладаг. Энэ нутаг дахь цэнгэг усны экосистем нь байгалийн өвийн хувьд онцгой төдийгүй 78 төрлийн загастай. Зарим төрөл зүйлийн загас Монголоос өөр хаана ч байхгүй. Эдгээр гол мөрнөөс гадна талст нуур, хүлэрт намаг зэрэг нь Сибирийн ховордсон тул, хилэм загасаас гадна гоёмсог цагаан тогоруу зэрэг Монголын ховордсон шувуудийн 70 хувийнх нь өргөө гэр юмсанжээ.
Сайн мэдээ гэвэл 15 сая тонн нүүрстөрөгчийг шингээж чадах 30 сая га талбай буюу манай гарагийн хамгийн өргөн уудам, хөндөгдөөгүй, сэрүүн бүсийн энэхүү эрдэнэ мэт тал хээрийн бэлчээрийг хамгаалах зорилгоор “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Энэ хөтөлбөр 2030 он гэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 14.4 сая га талбайг шинээр улсын тусгай хамгаалалтанд авах, 2035 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг дэлхийн жишигт хүргэж тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болгох, 2040 он гэхэд 24 мянган малчин өрхийг хамруулсан байгалийн нөөцийг иж бүрэн менежментийг хэрэгжүүлэхээр зоринр. Энэ төсөл нийтдээ 15 жилийн туршид хэрэгжих бөгөөд 198 сая ам.долларын санхүүжилттэй аж.
Уг хөтөлбөрийн АНУ дахь нээлт өнгөрсөн долоо хоногт амжилттай болж, бүхий л оролцогч талуудыг хооронд нь уулзуулсан түүхэн үйл явдал боллоо.
АНУ ба Монгол хамтран ирэх 15 жилд 670 тэрбум төгрөгийн төслийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэхээ албан ёсоор баталгаажуулав.
Энэ чухал арга хэмжээ АНУ-ын нийслэл Вашингтон хотын хамгийн амин газар болох Russell Senate Office-ийн The Kennedy Caucus Room танхимд зохион байгуулагдлаа. Донор, олон улсын байгууллагууд, дипломатууд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, Америкийн улстөрчид гээд 200 гаруй хүн цугласан хүндтэй арга хэмжээ болж чадлаа. Улсынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэсэн ах дүү сенаторууд болох гурван Кеннидигийн нэрэмжит яг энэ танхимд намын бүлгүүд хуралдан мэтгэлцэж, улс орныг донсолгосон томоохон хэрэг, үйл явдлуудын олон нийтийн сонсголыг хийдэг. Тухайлбал, 1500 хүний амийг авч одсон Титаник хөлөг онгоцны сүйрлийн олон нийтийн сонсголыг 1912 онд энэ танхимд хийж байсан бол 1933 онд их хямралын үеэр Wall Street болон хөрөнгийн биржийн асуудлыг мөн л энэ танхимд Сенатын банкны байнгын хороо хуралдан хэлэлцэж байв. Цаашилбал Дэлхийн нэгдүгээр дайн, Япончууд Сувдан эргийг бөмбөгдөн сүйрүүлсэн хэрэг, Вьетнамын дайн гээд АНУ төдийгүй дэлхийн хувь заяа, ирээдүйг тодорхойлох олон шийдвэрүүд энэ танхимд гарч байжээ.
Энэ эрхэм танхимын хойморт Монгол төрийн албан соёмбот далбаа заларч, 198 сая ам.долларын “Өнө мөнхийн Монгол” төслийн Америк дахь нээлт ёслол төгөлдөр боллоо. Энэ мөнгөний 71 сая ам.доллар нь хэдийнэ АНУ, Сингапур, Хятад, Швейцар улсын хувь хандивлагчид болон сангууд, ХБНГУ-ын Засгийн газраас босч төслийг хэрэгжүүлэх тусгай сангийн дансанд цугларчээ. “Өнө мөнхийн Монгол” бол ач холбогдлоороо 2021 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын нийт усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 462 сая ам.доллар хүртэлх санхүүжилт бүхий Мянганы сорилтын корпорацын Компакт гэрээтэй дүйцэхүйц том төсөл бөгөөд Монгол Улс болон АНУ-ын хоорондын Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл юм гэж Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Ө.Батбаяр тодотголоо.
Байгаль эхээ хайрлан хамгаалж, амьтан ургамлаа дээдлэн амьдардаг нүүдлийн өвөрмөц соёлтой монголчууд 800 жилийн турш энэ талбарт дэлхийд манлайлж ирсэн бөгөөд Монгол Улс одоогоос 32 жилийн тэртээ буюу 1992 онд нийт газар нутгийнхаа 30%-ийг тусгай хамгаалалтад авах том зорилго дэвшүүлж, түүнийгээ дэлхий дахинд зарласнаар дэлхийн байгаль хамгаалах үүнийгээ тунхагласан дэлхийн хамгийн анхны улс болж чадсаныг “Дэ Нэйче Консерванси” байгууллагын гүйцэтгэх захирал хадагтай Женнифер Моррис нээлтийн үйл ажиллагааны үеэр онцлон дурдаж байв. “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр нь 2030 он гэхэд тэрхүү зорилгоо биелүүлэхэд Монгол Улсад шаардлагатай байнгын тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх, бодлого эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Монгол орны үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү төслийг бодит ажил хэрэг болгохын тулд “The Nature Conservancy” байгууллага төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагчид, малчид, орон нутгийн иргэд, бодлого боловсруулагчид, санхүүгийн институтууд, донор, олон улсын байгууллага, иргэний нийгэмтэй 20 гаруй жилийн турш Монголд тууштай ажиллажээ.
Хүн байгальтайгаа зохицон амьдарч, зэрэгцэн хөгжих дэлхий ертөнцийн төлөөх олон улсын, ашгийн бус байгаль хамгааллын байгууллага болох “Дэ Нэйче Консерванси” нь 1951 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан бөгөөд байгаль орчны доройтол, сорилтод байгальд суурилсан шийдлүүдийг бий болгох шинжлэх ухаанд тулгуурласан арга барилаар зургаан тивийн 77 улсад 400 гаруй эрдэмтэн судлаачид ажилладаг. Дэ Нэйче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар нь 2008 оноос хойш байгаль хамгаалах чиглэлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ байгууллагын Монгол дахь үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд нь газар нутаг, ус хамгаалах, малчдын оролцоотой байгаль хамгааллыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль хамгааллын байнгын санхүүжилтын механизмыг хөгжүүлэх ажээ.
Нүд алдам Монголын уудам хээр тал дэлхийн дээр үлдсэн сүүлчийн онгон амьтан, ургамлын экосистем болжээ. Үүнийг яг одоо л хамгаалахгүй бол дараа гэдэг боломж байхгүй болсон юм байна. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл АНУ-ын Калифорни мужаас том хэмжээний газар Монгол Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай болж, газар нутгийн дэд бүтэц болон менежментийн тогтолцооны үр нөлөөг эрс сайжруулан бэхжүүлж, уламжлалт мал аж ахуйн зохистой хэлбэр, тогтвортой аялал жуулчлалын замаар байгаль, цэнгэг усны нөөцийг хамгаалж, үнэ цэнийг нь батлан нотолж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр бусад улс оронд манлайлал үзүүлэх шинэ жишгийг тогтоох юм.
Бараг хагас ихнаяд төгрөгт тэмүүлэх энэхүү санхүүжилт нь нэг удаа хэрэгжээд дуусах төсөл биш бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой менежментээр хангаж, Монголын ард түмэнд өнөө болон ирээдүйд байгалиа хамгаалах тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгоно. Маш гоё дэд төслүүд яригдаж байна.
АНУ олон улсын хэмжээнд ажиллах байгаль хамгаалах тусгай сан байгуулж хуульчлан албажуулах ажил бараг дуусч байгаа бөгөөд энэ сангаас эхний санхүүжилтийг авах улсын тоонд Монгол дээгүүр явж буй мэдээлэл авав.
Зөв схемийг нь нутагшуулж чадвал малчид маань карбоны худалдаа, оффсетээс орлого олохын сацуу байгалиа хамгаалах том боломжуудын үүд ийнхүү нээгдэх нь.
Энэ ажлыг амжилттай хийж чадвал Монгол Улсыг утгаар нь дэлхийд тамгалах National Identity болно шүү! Учир нь Өнө мөнхийн Монгол хөтөлбөр нь нийт ард иргэдийн ирээдүйн сайн сайхны төлөөх санаачилга агаад Монголын өргөн уудам бэлчээр нутаг, 200,000 гаруй малчин өрхөд шууд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн ногоон эдийн засаг, байгальд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлж, хойч үедээ эрх тэгш, тогтвортой ирээдүйг бүтээхэд нь туслах зорилготой ажээ. Улмаар энэхүү хөтөлбөрийн хүрээнд нүүдэлчин ард иргэдийнхээ өвөрмөц соёлыг хадгалан бататгаж, газар нутаг, ард түмний бие махбодын болон оюун санааны харилцаа холбоог бий болгоход тусална. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн доройтлыг хамтад нь шийдвэрлэхийн тулд ийм том өргөн цар хүрээтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж, мөн нутгийн ард иргэд болон тэдний амьжиргааг чухалчлан авч үзэж буй дэлхийд жишиг болох том үйлийн шавыг тавьж чадсан баг хамт олонд гүнээ талархаж байна.
Sarnai
Зочин
Галуут
Tugs
Vinzo bravo gehdee
Зочин
чулуун
Зочин